Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ТӨҮГ-т холбогдох

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Зам тээвэр аялал жуулчлалын яамны тээврийн үйлчилгээний төвийн Ховд аймаг дахь салбарын даргын 2006 оны 9 сарын 1-ний өдрийн 9 дугаартай тушаалаар тус салбарт нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 сарын 8-ны өдрийн б/566 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй бөгөөд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга 2017 оны 9 сарын 11-ний өдөр “чамайг ажлаас халсан тушаал дээд байгууллагаас гаргасан, 2017 оны 9 сарын 14-ний өдрийн дотор ажил хүлээн авахыг аймгийн автотээврийн даргад үүрэг болгосон байна ажлаа хүлээлгэж өг” гэсний дагуу өнөөдрийг хүртэл Э.С эс ажил хүлээн авсан түхай комиссын дарга гишүүдийн гарын үсэг зурагдсан акт баримтыг өгөөгүй. Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээг аймгийн төвийн даргатай байгуүлсан бөгөөд нэг хүвь хийгээд аймгийн төвийн дарга авсан байдаг. Ховд аймгийн Автотээврийн төвийн удирдлагаас Автотээврийн үндэсний төвийн захирлын б/566 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь үзэхийг шаардахад хуулбар хувиас дахин хуулбарлаад хуулбар үнэн гэсэн дардсыг бичиг хэргийн ажилтан дарж өгсөн. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн авто тээврийн төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж дүгнэлт гаргасан. Уг шалгалтын дүгнэлтэд миний нэр заагдсан зөрчил байхгүй байсан бөгөөд няравын үйл ажиллагаатай холбогдуулан зарим нэг зөрчил бичигдсэн байсан нь хяналт сайн тавиагүй хариуцлага алдсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Энэхүү шалгалтыг бүх аймгуудын автотээврийн төвүүдэд явуулсан байдаг бөгөөд шалгалтын дүнг Үйлдвэрийн газрын захирлын зөвлөлийн 2017 оны 9 сарын 7-ны өдрийн 12-р хуралдаанаар хэлэлцэж улмаар намайг ажлаас халах б/566 дугаар бүхий тушаалыг 8-ны өдөр гаргасан байдаг. Уг хуралд нэгэнт миний асуудлыг хэлэлцэж ажлаас халж байгаа бол яагаад намайг өөрийн биеэр хуралд оролцуулж учрыг асууж тодруулахгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулдаг билээ. Хөдөлмөрийн хуулинд сахилгын олон төрлийн арга хэмжээ байдгийг шат дарааллаар нь авч болохгүй байсан юм болов уу. Би 1 нас 2 сартай хөхүүл хүүхэдтэй байдаг зэргийг харгалзан үзэж болоогүй юм болов уу . Намайг ажлаас халах болсон гол үндэслэлээ дээрх шалгалтын дүн гэж байгаа хэдий боловч аймгийн автотээврийн төвийн дарга Аймгийн засаг даргын эхнэрийн дүүг миний оронд ажилд авахын тулд хийсэн явуургүй санаа байсныг сүүлд мэдсэн. Тэрхүү засаг даргын эхнэрийнх нь дүү нь ажлаа хийж чадахгүй намайг буцаж дуудаж үндэсний төвөөс хүртэл “чи тайлан мэдээг нь хүн чанар гаргаад хийгээд өгчих гэх мэтээр гуйлгаснаар” би тайланг нь гаргаж өгч байсан. Гэвч тэр хүн нь ажлаа хийж чадахгүй болоод удахгүй ажлаасаа гарсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааны нэхэмжлэлийг хуүлинд заасан хугацаанд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 10 сарын 6-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасныг би эс зөвшөөрч гомдол гаргасныг 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “гомдол шилжүүлэх” захирамж гарган Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн тогтоол гаргаж гомдлыг хангахгүй орхисон. Ингээд хариуцагчийн байгаа хаягаар нэхэмжлэлийг гаргах ёстой юм байна гэдгийг мэдэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байгаа болно. Ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул харьяаллын дагуу тус шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хянан үзэж А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 сарын 8-ны өдрийн б/566 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 9 сарын 9-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны буюу нийт 127 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,964,487 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг А ТӨҮГ-т даалгаж, шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 2-т заасан 30 хоногийн хугацаанд гаргах ёстой. Гэтэл сахилгын шийтгэл хүлээлгэсэн 2018 оны 9 сарын 8-ны өдрийн б/566 дугаар 1 тушаалыг 2018 оны 9 сарын 11-ний өдөр гардан авсан бөгөөд 2017 оны 12 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хуулиар шүүхэд хандах хугацааг 30 хоногоор тогтоосоор байтал 3 сар 10 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. Ховд аймгийн Автотээврийн төвд тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийгдсэн бөгөөд шалгалтаар зөрчлүүд илэрч акт тавигдсан байдаг. Актад дурдагдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй боловч түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн хүрээнд тухайн зөрчлүүдийг гаргуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах ёстой байсан. Иймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад заасан “Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан”, 4.3.11 дахь заалтад заасан “үүрэг гүйцэтгэж байхдаа ... байгууллагад хохирол учруулсан” ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.С  нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.С  нь А ТӨҮГ-тай А ТӨҮГ-ын Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажлын байранд 2017 оны 1 сарын 1-ний өдөр  02 ХО17/12 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх-83,84 тал/-г байгуулан ажиллаж байгаад А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 сарын 8-ны өдрийн Б/566 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-82 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.

А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 сарын 8-ны өдрийн Б/566 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.11, 4.3.12 дахь заалтуудыг баримталсан байх ба Э.С  нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2017 оны 9 сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 153/ШЗ2017/02023 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-31-33 тал/-аар хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 28 дугаартай “Шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-39-41 тал/-оор шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/16434 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-43 тал/-аар хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч захирамжид заасан зөрчлийг арилган 2017 оны 12 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 сарын 8-ны өдрийн Б/566 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад “Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулсан”, 4.3.11 дахь заалтад “үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдаж байгууллагын эд хөрөнгийг алдаж үрэгдүүлж, байгууллагад хохирол учруулсан”, 4.3.12 дахь заалтад “Төвийн эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан” бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад заасан “Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан”, 4.3.11 дахь заалтад заасан “үүрэг гүйцэтгэж байхдаа ... байгууллагад хохирол учруулсан” ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарласан бөгөөд эдгээр зөрчлүүд нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 35/06/07, 2017 оны 6 сарын 16-ны өдрийн 35/06/76, 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 35/04/77 дугаартай акт, шаардлагуудаар тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 35/06/07 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /хх-72,73 тал/-аар Ховд аймгийн Автотээврийн төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 2016 онд худалдан шатахууны тооцоог цаг тухай бүрд хийгээгүй, жолооч замын хуудас хөтлөөгүй, жолоочийн тооцоог бодоогүй, орлого хураах эрх бүхий албан тушаалтнуудын тооцоог сар бүр бүрэн гүйцэд нарийн бодоогүй, тооцооны үлдэгдлийг бүрэн тооцоо нийлж баталгаажуулаагүй, орлогын мөнгийг хураасан тухай бүр байгууллагын харилцах дансанд бүрэн тушаадаггүй, зарим тээвэр зохицуулагч, тасалбар түгээгч нар зорчигчийн тасалбар болон тооцооны хуудсанд тусгагдсан үзүүлэлтийг бүрэн бичээгүй, засварладаг, тэдний тооцоог зарим саруудад бодоогүй, барилгын халаалтын системийг 12549,5 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байхад хөрөнгөнд бүртгэж аваагүй, санхүүгийн баримт, албан бичигт товъёог хөтөлж, стандартын дагуу үдээгүй гэсэн зөрчлүүд илэрсэн талаар дурдаж, зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайлан, албан шаардлагын биелэлтийг албан бичгээр ирүүлэхийг шаардсан, 2017 оны 6 сарын 16-ны өдрийн 35/06/76 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай” акт /хх-68,69 тал/-аар тасалбарын орлогын 358,400 төгрөгийг нярав П.Дариймаагаар төлүүлж, нягтлан бодох бүртгэлд авлага, өглөгөөр тусгахыг ахлах нягтлан бодогч Э.С д хариуцуулсан, 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 35/04/77 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” акт /хх-66,67 тал/-аар тээврийн хэрэгслийн оношлогооны төлбөрийн дутуу 9869530 төгрөгийг Ховд аймгийн Автотээврийн төвийн нярав, бичиг хэрэг ажилтай П.Дариймаагаар төлүүлж орон нутгийн төсөвт оруулахаар акт тогтоосон байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих бөгөөд хариуцагч нь Э.С-ийг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дахь заалтад заасан үндэслэлийг баримтлаагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад заасан “Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан”, 4.3.11 дахь заалтад заасан “үүрэг гүйцэтгэж байхдаа ... байгууллагад хохирол учруулсан” ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 6 сарын 15-ны өдрийн 35/06/07 дугаартай албан шаардлага, 2017 оны 6 сарын 16-ны өдрийн 35/06/76 дугаартай акт, 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 35/04/77 дугаартай актуудад Э.С-ийн гаргасан зөрчил, түүний буруугаас байгууллагад хохирол учирсан талаар дурдагдаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Э.С-ийн гаргасан гэх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч А ТӨҮГ нь Э.С-ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж, Э.С-ийг А ТӨҮГ-ын Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 сарын 9-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны буюу нийт 127 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,964,487 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж шаардлагын хэмжээг шүүх хуралдаанд тодруулсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу Э.С-ийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-14 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2017 оны 6 сарын цалин хөлс 1,012,500 төгрөг, 7 сарын цалин хөлс болох 1,352,500 төгрөг, 8 сарын цалин хөлс болох 1,623,516 төгрөг, нийт 3,988,516 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 1,329,505 төгрөг болж байна.

Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 61,837 төгрөг болж байна.

Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2017 оны 9 сарын 8-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 132 хоног байх боловч нэхэмжлэгч 127 хоногоор тооцон нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 127 хоногоор тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь /61837*127=/оор тооцоход 7,853,299 төгрөг болж байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,853,299 төгрөгийг хариуцагч А ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Э.С д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 111,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Э.С-ийн болон хариуцагч А ТӨҮГ-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг А ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан, уг шаардлагаа нотолж Ховд аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2017 оны 12 сарын 2-ны өдөр, 2017 оны 12 сарын 13-ны өдөр, 2018 оны 2 сарын 4-ний өдрүүдэд зорчих нийт 1977,700 төгрөгийн тасалбар /хх-62 тал/-ыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч уг зардал нь нэхэмжлэгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоос өмнөх хугацаанд хамааралтай, Увс аймгийн Улаангом дахь зочид буудлын 180,000 төгрөгийн тооцооны баримт нь шүүхэд иргэний хэрэг үүсэхээс өмнөх хугацааных байх ба баримтад нэхэмжлэгчийн нэр байхгүй, 2018 оны 2 сарын 5-ны өдрийн зочид буудлын тооцооны 30,000 төгрөгийн баримтад нэхэмжлэгчийн нэр байхгүй, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн нийт 10,900 төгрөгийн баримт нь ямар бичиг гэрчлүүлэхэд гарсан зардал болох нь баримтаас тодорхой харагдахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас  шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С-ийг А ТӨҮГ-ын Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,853,299 төгрөгийг хариуцагч А ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Э.С д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас 111,188 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Э.С-ийн болон хариуцагч А ТӨҮГ-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг А ТӨҮГ-т даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР