Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0162/Э |
Дугаар | 2022/ШЦТ/138 |
Огноо | 2022-03-01 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
2022 3 01 2022/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Нямдэлэг, шүүгдэгч Ч.Б-, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Ч-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй ,бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа гоо сайханч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Ч-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Скюэр-ийн 1 давхарт байрлах Д дэлгүүрийн үнэт эдлэлийн лангуунаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 8,500,000 төгрөгийн үнэ бүхий Даймонд шигтгээтэй 52 кратын 9 граммын шар алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлан А.Бат-Өлзийд 7,869,932 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөрийгөө ийм хэрэгт холбогдсонд үнэхээр ичиж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.Бат-Өлзий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...манай худалдагч залгаад лангуунаас түмэн насан хээтэй, алмаазан шигтгээтэй шар алтан бөгжөө өөрөө авчихсан юм уу гэж асуухаар нь би аваагүй гэдгээ хэлсэн. ...Камерын бичлэг шүүж үзэхэд цагаан өнгийн куртик өмссөн эмэгтэй орж ирээд лангуун доороос бөгж хулгайлж байгаа дүрс харагдсан...” /хавтас хэргийн 230-31 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ч.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...Зайсан скүэр ороод ...шатны зүүн талд үнэт эдлэлийн дэлгүүр байхаар нь сонирхохоор орсон. Энэ үед худалдагч нь нэг настай эмэгтэйтэй юм яриад бараа үзүүлээд сууж байхаар нь намайг харахгүй гэж бодоод шилэн доогуур гараа оруулаад татаж үзэхэд наашаа гарч ирэхээр нь хамгийн захад байсан шар өнгийн алтан хээтэй бөгжийг дангаар нь аваад гартаа атгаад дэлгүүрээс гарсан...” /хавтас хэргийн 67-69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 1 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-12 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 15-16 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 46-49 дэх тал/,
- Шүүгдэгч Ч.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 73 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 74 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 84 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ч.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Скүэр-ийн 1 давхарт байрлах Д дэлгүүрийн үнэт эдлэлийн лангуунаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 8,500,000 төгрөгийн үнэ бүхий Даймонд шигтгээтэй 52 кратын 9 граммын шар алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Бат-Өлзийд 7,869,932 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Бат-Өлзийгийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...манай худалдагч залгаад лангуунаас түмэн насан хээтэй, алмаазан шигтгээтэй шар алтан бөгжөө өөрөө авчихсан юм уу гэж асуухаар нь би аваагүй гэдгээ хэлсэн. ..Камерын бичлэг шүүж үзэхэд цагаан өнгийн куртик өмссөн эмэгтэй орж ирээд лангуун доороос бөгж хулгайлж байгаа дүрс харагдсан...” /хавтас хэргийн 230-31 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ч.Б-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...Зайсан скүэр ороод ...шатны зүүн талд үнэт эдлэлийн дэлгүүр байхаар нь сонирхохоор орсон. Энэ үед худалдагч нь нэг настай эмэгтэй юм яриад бараа үзүүлээд сууж байхаар нь намайг харахгүй гэж бодоод шилэн доогуур гараа оруулаад татаж үзэхэд наашаа гарч ирэхээр нь хамгийн захад байсан шар өнгийн алтан хээтэй бөгжийг дангаар нь аваад гартаа атгаад дэлгүүрээс гарсан...” /хавтас хэргийн 67-69 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-12 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 15-16 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Шүүгдэгч Ч.Б- нь үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуунаас 8,500,000 төгрөгийн үнэ бүхий 52 кратын 9 граммын шар алтан бөгжийг нууцаар авсан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн боловч зориудаар хохирол учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч А.Бат-Өлзийгийн эд хөрөнгөд нарын өмчлөх эрхэд халдсаны улмаас 7,869,932 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Ч.Б- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Ч.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/, 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 /нэг/, 03 /гурав/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бат-Өлзийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 7,869,932 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эд хөрөнгийг хохирогчид биед байдлаар буцаан өгсөн, хохирогч А.Бат-Өлзий гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000048 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Бат-Өлзий гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ч-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/, 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн 1 /нэг/, 03 /гурав/ сарын хугацаанд шүүгдэгч Ч.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210000000048 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Бат-Өлзий гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хо ногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР