| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03878/И |
| Дугаар | 645 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК
Хариуцагч: Г.Г нарт холбогдох
29,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Батбаяр, Г.Энх-Амгалан, хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч О.Баяраа, хариуцагч Г.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч В ХХК нь Т ХХК-тай 2015 оны 9 сарын 10-ны өдөр 1509/01 дугаар бүхий “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2 ширхэг чирэгч толгой болон 1 ширхэг тэвштэй чиргүүл барьцаалж, 48 ширхэг 12.00R20 LХН10 18РR дугуйг тус бүрийг нь 450,000 төгрөгөөр тооцож, НӨАТ-тай нийт дүнгээр 23,670,000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч тал нь төлбөрийг гурав хуваан гэрээнд заасан төлбөрийн хуваарь, нөхцөлийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч Т ХХК нь гэрээний үнийн дүнгээс 4,000,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 4-ний өдөр шилжүүлсэн ба түүнээс хойш гэрээнд тохиролцсон ёсоор үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Нэхэмжлэгч тал нь Т ХХК-аас гэрээнд заасан үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч төлбөрийг төлөлгүй хохироосоор байна. Иймд “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан үлдэгдэл төлбөр болох 19,760,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалт, “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу алданги 9,880,000 төгрөгийг Т ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Г.Ганзоригийг хамтран хариуцагчаар татсан. Талууд эвлэрэн хэлэлцэх үүднээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж эвлэрлийн талаар ярилцсан. Г.Г нь 11,000,000 төгрөгт тооцон автомашин нэхэмжлэгч талд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2006 оны Волво экс си ар /Volvo XCR/ загварын автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул Г.Г-тхолбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Үлдэх 18,640,000 төгрөгийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 9,880,000 төгрөгийг хасч багасган 8,760,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас авахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулсан боловч Т ХХК-ийн захирал А.Батхуяг гэрээнд гарын үсэг зурж амжаагүй, шүүх хуралдаанд ирж амжаагүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, хариуцагч Т ХХК-аас 8,760,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Хариуцагч хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ХХК нь нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулахаар гэрээний төслийг бэлдсэн байсан боловч Т ХХК-ийн захирал гэрээнд гарын үсэг зурж амжаагүй, өмгөөлөгчид эвлэрэн хэлэлцэх эрх байхгүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй, өмгөөлөгчийн зүгээс шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд буюу 8,760,000 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж шийдвэрлэхэд маргах зүйлгүй” гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би Вагнер азийн нэхэмжилсэн 19,760,000 төгрөгийн 50 хувь болох 9,880,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа болно” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Т ХХК, Г.Г нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт гардуулснаас хойш хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжилж буй мөнгөний хүү, алдангийн хэмжээнд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, хэргийг эвлэрч шийдвэрлүүлэх болно гэсэн тайлбарыг, хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,880,000 төгрөгийг төлөхөд бэлэн гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч Г.Г нь 11,000,000 төгрөгт тооцон 2006 оны Волво экс си ар /Volvo XCR/ загварын автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул Г.Г-тхолбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа, үлдэх 18,640,000 төгрөгийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 9,880,000 төгрөгийг хасч багасган 8,760,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
В ХХК болон Т ХХК-ийн хооронд 2015 оны 9 сарын 10-ны өдөр SC-1509/01 дугаартай “Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хх-11-17 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр В ХХК нь нэг бүр нь 450,000 төгрөгийн үнэ бүхий 48 ширхэг дугуйг 21,600,000 төгрөгөөр Т ХХК-д худалдах, Т ХХК нь 21,600,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 9-ний өдөр 7,920,000 төгрөг, 2015 оны 11 сарын 9-ний өдөр 7,920,000 төгрөг, 2015 оны 12 сарын 9-ний өдөр 7,920,000 төгрөг төлөх байдлаар В ХХК-д төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэйгээр талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжилж буй мөнгөн дүнгээс үндсэн төлбөрийн хэмжээнд маргаагүй, хүү, алдангийг харилцан тохиролцож эвлэрлийн журмаар шийдвэрлүүлнэ гэсэн тайлбар гаргасан бөгөөд хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Т ХХК нь нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулахаар гэрээний төслийг бэлдсэн байсан боловч Т ХХК-ийн захирал гэрээнд гарын үсэг зурж амжаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй, өмгөөлөгчид эвлэрэн хэлэлцэх эрх байхгүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй, өмгөөлөгчийн зүгээс шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд буюу 8,760,000 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж шийдвэрлэхэд маргах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Т ХХК нэхэмжлэгчийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрийн талаар маргаагүй байх тул хариуцагч Т ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч Г.Г-т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 9,880,000 төгрөгөөр багасгасан тул багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтад зааснаар буцаан олгохгүй ба хариуцагч Т ХХК-аас 8,760,000 төгрөгт буюу нэхэмжлэгчийн багасгасан шаардлага 19,760,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 256,750 төгрөгийн 44.3 хувьтай тэнцэх хэмжээний буюу 113,740 төгрөгийг, хариуцагч Г.Г-оос 11,000,000 төгрөгт буюу буюу нэхэмжлэгчийн багасгасан шаардлага 19,760,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 256,750 төгрөгийн 55.7 хувьтай тэнцэх хэмжээний буюу 143,009 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгов.
Тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 19,760,000 төгрөгөөс хариуцагч нараас гаргуулсан мөнгөн дүнгийн хэмжээгээр тус тусад нь тооцож хувь тэнцүүлэн гаргасан шалтгаан нь хариуцагч нараас гаргуулж буй мөнгөн дүнгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад заасны дагуу бодож гаргуулахад нэхэмжлэгчийн 29,640,000 төгрөгийн шаардлагад анх төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнээс илүү гарч байгаатай холбоотой ба анх төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас илүү гарсан хэмжээгээр хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх үр дагавартай байгааг харгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР