Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/348

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,    

хохирогч ******* ,      

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ийн Б  холбогдох эрүүгийн 2210000000319 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны .......дугаар сарын .........-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ........... менежер ажилтай, ам бүл ............ хамт, Хан-Уул дүүрэг ........ дүгээр хороо, .................. тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Н-ийн Б   /РД:................................/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ******* ******* хотхоны 236 байрны ******* тоот болон тухайн байрны орцонд хамтран амьдрагч, хохирогч ******* г “хүүхэд зовоогоод байна” гэх шалтгаанаар гар руу цохиж, түлхэж унагаан 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан  ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.      

  

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Валетины баяр” тул ажлаасаа эрт тарж ирээд байрны доод талын ресторанд *******  болон хүүхдийн хамт суусан. Зоогийн газар 50 грамм виски, 1 ширхэг пиво уусан. Харин *******  2 пиво уусан. Бид гэртээ орохдоо 2 пиво, “вино” аваад орсон. Дээрх согтууруулах ундааны ихэнхийг *******  уусан. Намайг мөрөөдлөө ярьж байхад *******  “биелэхээр мөрөөдөл ярь, битгий худлаа ярь” гэснээс болж маргалдсан. *******  над руу “чиний биелж байгаа мөрөөдөл чинь хаана байна” гээд ширээн дээрээс юм аваад хүүхэд бид хоёр руу шидсэн. Тэгээд би уурлаж маргаан эхэлсэн. *******  “би явлаа” гээд үүргэвчдээ хувцсаа хийгээд бэлдэж байх хооронд хүүхэд уйлаад байхаар нь “хүүхдээ хөхүүлээч” гэж гуйж хөхүүлэхээр нь буцааж аваад “явах гэж байгаа бол одоо яв” гэж хэлсэн. Гэтэл *******  явахгүй хэрүүл хийгээд байгаад байсан энэ үед хүүхэд дахин уйлахаар нь хөхүүлж байхад нь “одоо болно” гээд хүүхдээ булаалцалдсан. Би ******* г нэг ч удаа цохиогүй, өмнө нь цохиж байгаагүй. *******  надаас илүү согтолттой байсан. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Үүдэнд цүнхэнд хувцсаа хийгээд гарах байгаа бол хурдан гар бид хоёр амрах гэж байна гээд татахад хаалганы босгонд тээглэж унасан. Хажуу айлын хүн гарч ирээд “юу болж байна” гэхээр нь “ахаа юу ч болоогүй” гээд хувцсаа аваад орсон. Хүүхэд дахин уйлсан, хүүхдээ хөхүүлээд хэвтэхээр нь унтах гэж байна гэж бодоод гал тогооны өрөөнд сууж байхад хаалга дуугарахаар нь босоод харахад *******  цүнхтэй хувцсаа аваад гарсан. *******  гэрээс гарч яваад 8-9 хоног хүүхэд дээрээ нэг ч ирээгүй, залгаагүй. Өмнө нь муудалцахад хүүхдээ орхиж яваад маргааш ******* нь ирж байсан. ******* гийн эмээ нь “Дархан”-д байгаа хүн болсон асуудлын талаар яаж мэдэх юм. Мөн манай ээжийг оролцуулж худлаа мэдээлэл хийж энэ нь одоо болтол гэр бүлийн хэрүүл маргаанаас салахгүй байна. Янз бүрийн дугаараас янз бүрийн мессеж, дуудлага ирж байна гэв.     

 

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ” 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Валентин”-ны баярыг тэмдэглэж гэрийн ойролцоо ресторанд орж хоол идээд гарсан. ******* “пиво авна” гээд дэлгүүр орсон. Дэлгүүрээс авсан пиво гэртээ ороод ******* уусан. *******  ыг ресторанаас бараг хүчээр гаргасан, “хүүхэд уйлаад байна, хоолыг нь хийж өгье” гээд гарсан. Гэрт ороод хүүхдэдээ хоол хийж өгч байхад ******* хажууд пиво уугаад сууж байсан. Тэгээд ажлынхаа талаар ярихаар нь “цагийн менежменттэй бай, төлөвлө” гэж хэлсэн. Тэгэхэд “чи намайг доош хийлээ, дээш татахгүй яасан юм” гэж байсан. Би анх удаа хүүхэд төрүүлж, ээж болсон. Надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгаа гэхдээ би муу ээж биш. Тэгтэл “чи муу ээж, чи зайл яв” гээд орц руу хамаг хувцас шидээд түлхэж унагаасан. Энэ асуудлаас өмнө “би чамтай хэрүүл хийхгүй, зүгээр унт” гээд хүүхдээ аваад нөгөө өрөөнд ороход хаалга савж орж ирээд “чи хүүхдэд хор өгч байна уу, намайг байхгүйд хүүхдийг зовоогоод байдаг юм байна, чи яв” гээд хүү Хабулыг булааж авсан. Би хэрүүл хийхгүй шүү гээд 00 өрөө ороод хаалгаа хаагаад тайвширч байгаа гаръя гэж бодоод сууж байхад 00 өрөөний гэрэл унтрааж асаагаад “чи зайлаач” гэж хэлсэн. Хүүхдийг нь гаргасан хүнийг чи  тэгж хэлж болох юм уу. ******* архи согтууруулах ундаа уухаараа араатан шиг болдог. Би түүнийг согтуу орж ирэхээр айдаг. Одоо согтуу хүн харахаар айдастай болсон байсан. ******* миний гарын шуунаас бариад “чи зайлаач” гэж араатан шиг түлхэж дайрсан. ******* нь гэртээ үүрээр орж ирдэг, байнга уудаг. Энэ хүнтэй хэзээ ч таарахгүй юм байна лээ. Би хүнтэй муудалцаж хэрэлдээд байдаггүй. ******* уугаад байна болиулмаар байна гэж ээжид нь хэлэхээр хүүгийнхээ талд орж өмөөрдөг. ******* намайг зайл гэж хөөхөөр би вагонд сууж эмээ рүүгээ очсон гэв.

  

Хоёр. Эрүүгийн 2210000000319 дугаартай хэргээс:

Хохирогч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Гэрч Ю.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “...дунд...” /хавтаст хэргийн 64 дэх тал/

Шүүгдэгч *******  ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ******* ******* хотхоны 236 байрны ******* тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч ******* тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар гар руу цохиж, түлхэж унагаан 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  

  Хохирогч ******* гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “… 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 120 мянгатын ******* ******* 236 блок байрны ******* тоотод ...өөрийн хүү 7 сартай Хабулыг хөхүүлээд байхад ******* над дээр ирээд “чи намайг байхгүйд хүүхэд зовоогоод байдаг юм байна. Хүүхдэд хор өгөх гээд байгаа юм уу” гэж намайг гүтгэсэн. Тэгээд хүүг маань булааж аваад миний баруун болон зүүн гар руу гараараа цохиж гарнаас зулгаагаад гэрийн маань хувцастай орцонд гаргаад намайг түлхэж унагаасан. Би унахдаа нуруу дал  хэсгээрээ плита шалан дээр унасан...Миний бие эмчилгээний зардалд тээврийн зардалд нийт 500 000 төгрөг зарцуулсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/    

 

Гэрч Ю.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын дундуур байх манай нохой айхтар хуцаад байхаар нь гайхаад үүднийхээ дурангаар харсан чинь хажуу айл маань буюу ******* тоот айлын хүүхэн, залуу хоёр муудалцаад орцонд хувцсаа гаргаад шидчихсэн байсан. Тэгсэн чинь хүүхэн нь орцонд зогсож байсан. Би “юу болж байна та нар” гээд асуусан чинь тэр айлын эрэгтэй гарч ирээд “ахаа зүгээрээ” гээд хувцаснуудаа хамсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. ******* гийн биед 2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ******* гийн биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/    

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “ эрсдлийн үнэлгээ дунд зэрэг ” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *******  , хохирогч *******  нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдардаг, тэдний дундаас 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Хабул төржээ.  

 

          Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч ******* тэй “миний мөрөөдлийг ойлгож дэмжсэнгүй, намайг эзгүйд хүүхэд зовоолоо” гэхчилэн маргаан үүсгэж маргалдаж, улмаар биед нь халдаж “2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал “бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлт гаргав.   

 

Шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой тул түүнд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

 Хохирогч *******  нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт эм, тарианы зардлын 170.550 төгрөгийн баримт /хх-ийн 23-р тал/ авагджээ.

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******  аас 170.550 төгрөг гаргуулж хохирогч ******* д олгож шийдвэрлэлээ.          

 

 Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******  аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч  *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н-ийн Б  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******  мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******  аас 170.550 төгрөг гаргуулж хохирогч ******* д олгосугай.

 

          5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******  аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч  *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР