| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00504/И |
| Дугаар | 754 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.М-д холбогдох
Гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сувдбаяр, хариуцагчийн төлөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.У нь 2018 оны 1 сарын 28-ны өдөр хариуцагч Н.М тай өөрийн өмчлөлийн 2019 ОРО улсын дугаартай, Тоёота чэйзэр маркын, 1998 онд үйлдвэрлэсэн, хар алаг өнгөтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг Н.М ы өмчлөлд шилжүүлэх, Н.М ы өмчлөлийн 2516 УНР улсын дугаартай, Хьюндай аксент верна маркын, 2008 онд үйлдвэрлэсэн, хөх цагаан өнгөтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг Б.У ын өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд оролцогч 2 талын автомашины үнийн дүнгийн зөрүү 3,000,000 төгрөгийг Н.М аас Б.У т төлөх тухай “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ”-г байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч 2018 оны 1 сарын 28-ны орой Н.М нь гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэн Б.У нь хүлээн зөвшөөрснөөр “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ” цуцлагдсан. Н.М нь зөрүү болох 3 сая төгрөгөө ч өгөөгүй. Өөрийн Верна машинаа авахгүй, нэхэмжлэгчийн Чэйзэр машиныг өгөхгүй байгаа билээ. Иймд өөрийн өмчлөлийн 2516 УНР улсын дугаартай, Хьюндай аксент верна автомашинаа буцаан авч, 2019 ОРО улсын дугаартай, Тоёота чэйзэр маркын машиныг буцааж өгөх үүргийг Н.М аар гүйцэтгүүлж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2018 оны 1 сарын 26-ны өдөр арилжааны гэрээг талууд байгуулж гэрээний дагуу Верна автомашиныг Чэйзэр автомашинаар солихоор тохиролцсон. Гэрээний 1.1-д зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ хүчин төгөлдөр болсон. 2018 оны 1 сарын 29-ний өдөр хариуцагчийг гэрээнээс татгалзсан гээд байна, хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзаагүй. Гэрээнээс татгалзахад хуулиар тогтоосон журам, зохицуулалт бий. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа бол хариуцагчид гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан зүйл байдаггүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд автомашины төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгасан байдаг. Гэрээ байгуулсан өдөр дансаар автомашины үнийн зөрүүд 1,150,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг нь бэлнээр төлсөн. Гэрээ хүчин төгөлдөр, гэрээнээс татгалзах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Н.М д холбогдуулан арилжааны гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэг гүйцэтгүүлэх тухай буюу арилжааны гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа арилжааны гэрээнээс нэхэмжлэгч өөрөө татгалзаагүй бөгөөд харин хариуцагч арилжааны гэрээнээс татгалзсан саналыг мессеж буюу богино мэдээгээр гар утаснаасаа ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч гэрээнээс татгалзах саналыг зөвшөөрсөн тул арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг буцаан шаардаж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь хариуцагч арилжааны гэрээнээс татгалзаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа гэрээнээс татгалзах санал гэх мессеж буюу богино мэдээ нь арилжааны гэрээний дагуу шилжүүлэн авах автомашинаа шаардсан агуулгатай байсан болохоос гэрээнээс татгалзах агуулгагүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2018 оны 1 сарын 28-ны өдөр Н.М , Б.У нарын хооронд “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ” нэртэй гэрээ /хх-5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Н.М нь өөрийн өмчлөлийн 2516УНР улсын дугаартай Хьюндай аксент загварын тээврийн хэрэгслийг Б.У ын өмчлөлд шилжүүлэх, Б.У нь өөрийн өмчлөлийн 2019ОРО улсын дугаартай Тоёота чэйзэр загварын тээврийн хэрэгслийг Н.М ы өмчлөлд шилжүүлэх, Н.М нь Б.У т тээврийн хэрэгслийн үнийн зөрүүд 3,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дахь заалтад заасан арилжааны гэрээний харилцаа байна.
Гэрээнээс татгалзах эрх нь гэрээнд тусгагдсан эсвэл хуулиас үүдэлтэй байж болох ба талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээнд гэрээнээс татгалзах нөхцлийг тусгаагүй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь заалтад зааснаар арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх Иргэний хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах бөгөөд арилжааны гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 254 дүгээр зүйл зэрэгт заасан үүргийн зөрчилд тулгуурласан байхыг шаардана.
Гэтэл нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзаагүй, харин хариуцагч гэрээнээс татгалзах санал гаргасныг нь нэхэмжлэгч хүлээн авсан тул Иргэний хуулийн 204,205 дугаар зүйлд зааснаар үүргийн харилцааг дуусгавар болгож, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн автомашинаа буцаан шаардаж байгаа гэж тайлбарласан хэдий ч хариуцагч нь гэрээнээс татгалзаагүй, гэрээнээс татгалзах хүсэл зориг байхгүй гэж тайлбарлаж байх тул хууль болон гэрээнд заасан гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй гэж тайлбарлаж байх боловч үүргийн зөрчилтэй холбоотой тодорхой нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан, тухайлбал, автомашины үнийн зөрүүг хариуцагч бүрэн төлөөгүй, хүч хэрэглэн, айлган сүрдүүлсэн, автомашин асахгүй байсан гэх мэт нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж байх боловч шүүх тухайн нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, тодруулсан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах, улмаар тодруулсан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой талаар тайлбарлахад дээрх тайлбарууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болохгүй, хариуцагч гэрээнээс өөрөө татгалзсан үндэслэлээр автомашинаа буцаан гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа гэх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР