Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0141

 

 

 

 

 

 

 

 

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 896 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Ф” ХХК-ийн захирал Н.М 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...“Ф” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсныг тогтоон, хүлээн зөвшөөрүүлэх, ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг дуусгавар болгосныг хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгуулах”-ыг хүсчээ. 

 Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрыг төлөөлж тус газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Улаанбаатар хотын Налайх дүүрэгт дэх Зуунмод нэртэй газарт орших 24.55 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 675 тоот тушаалаар “Фрийзер” ХХК-д олгосон.

Ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргах ёстой байсан.

Нэхэмжлэгчээс хайгуулын 13472Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаанд ирүүлээгүй шалтгаанаа 2014 оны байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулахаар Налайх дүүргийн Засаг даргад 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн боловч үндэслэлгүйгээр шийдвэрлэхгүй удааснаас болсон гэж тайлбарладаг.

Гэтэл Ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны дуусгавар болохоос өмнө, мөн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснээс хойно ч Кадастрын хэлтэст дээр дурдсан шалтгаантай холбоотой хүсэлт гомдлоо хуулийн хугацаанд гараагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон гэдгээ мэдэж байснаа нэхэмжлэлдээ дурдсан ба энэ өдрөөс хойш 6 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сунгуулах хүсэлтээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны байгаль орчны төлөвлөгөөнөөс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хугацааг сунгуулах тухай өргөдлийг зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс төлсөн баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, баримтуудын хамт хавсаргаж Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 12677Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй...” гэжээ.

Гурав. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргыг төлөөлж, Засаг даргын орлогч Ч.Одонхүү 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Тус компани дүүргийн Зуун модны ойролцоох газарт 13677Х лиценз эзэмшдэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22, 40 дүгээр зүйлд заасны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 09-ний А/008 тоот албан бичгээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар хүсэлт гаргасны дагуу хяналт шалгалт хийж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гол, усны сав газрын давхцлыг шалгуулж хариуг нэгтгэн хүргүүлэх байсан боловч тухайн үеийн улс төрийн хурал цуглаанд оролцон хариуг хожимдуулж 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн.

Иймд “Ф” ХХК-ийн 13677Х дугаартай лицензийн хугацааг сэргээлгэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ф” ХХК, Налайх дүүргийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсныг тогтоон, хүлээн зөвшөөрч, ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг дуусгавар болгосныг хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгаж” шийдвэрлэжээ.  

Тав. Хариуцагч Ашигт малтмалын газрыг төлөөлж, тус газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: 

“...“Ф” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө 2014 оны байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар Налайх дүүргийн Засаг даргад 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн боловч Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан уг төлөвлөгөөг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө сунгах өргөдөл заавал гаргасан байх үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснээс хойш Кадастрын хэлтэс дээр дурьдсан шалтгаантай холбоотой хүсэлтээ сунгах өргөдлийн хамт ирүүлээгүй.

2014 оны байгаль орчны төлөвлөгөөг Геологийн албаны архивт хадгалуулаагүй бол өөр дээрээ байлгадаг гэсэн тайлбарыг хариуцагч өөрөө өгсөн, мөн уг төлөвлөгөөг хянуулах үйлчилгээний хураамжийг төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдож байна. Хэдийгээр ашигт малтмалын хайгуулын 13677Х тусгай зөвшөөрлийн 2014 оны байгаль орчны төлөвлөгөөг хянуулах үйлчилгээний хураамжийг төлсөн баримт байгаа ч уг төлөвлөгөөг Геологийн албанд хугацаандаа ирүүлээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 896 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 675 дугаар тушаалаар “Ф” ХХК-д олгосон Налайх дүүргийн Зуун модны нутагт орших ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийн эхний удаагийн сунгалтын хугацаа анх олгосон өдрөөс нь эхлэн тооцоход 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдөл гаргаагүй нь хүндэтгэх шалтгаантай байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Тухайлбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байх нь уг зүйлийн 22.1.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах баримтын нэг бөгөөд нэхэмжлэгчээс уг төлөвлөгөөг батлуулахаар 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргасан боловч хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тухайн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батлах үүргээ Засаг дарга биелүүлээгүй хугацаа алдсанаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд сунгуулах өргөдлөө нэхэмжлэгч гаргаж чадаагүй байна. 

Мөн дээрх төлөвлөгөөг боловсруулж батлуулахаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн болон ээлжит жилийн төлбөр төлсөн талаарх мөнгөн шилжүүлгүүд, 2013 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2014 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Харин нэхэмжлэлийн нэг шаардлага болох “тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг хүчингүй болгуулах” гэдэг нь чухам ямар акт болохыг тодруулалгүйгээр, мөн энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах зорилгоор энэхүү шаардлагыг гаргасан...” гэх тайлбараас үзэхэд дуусгавар болсон талаарх 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр кадастрын бүртгэлийн системд хийсэн тэмдэглэгээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл дотооддоо мэдээлэл хөтөлдөг, гадагш чиглээгүй, захирамжилсан шинжгүй байхад үүнийг зөвтгөлгүйгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг;

мөн “Ф” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсныг тогтоосон эсэхээс үл хамааран Налайх дүүргийн Засаг дарга хуульд заасан хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн эсэхийг дүгнэх бүрэн боломжтой, анхан шатны шүүхээс ч ийнхүү дүгнэсэн атлаа “...эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоох, энэ нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай шалтгаант холбоотой...” гэх мэтээр хэт өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг тус тус хангасан нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол Налайх дүүргийн Засаг даргатай эрх зүйн харилцаатай байсныг тогтоосноор бус харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаснаар сэргээгдэх болно.

Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс гадна холбогдох бусад баримтуудыг хавсаргаж өгөх шаардлагатай, уг хуулийн 22.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”-аар заасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид шууд даалгах нь учир дутагдалтай юм.

Ашигт малтмалын газрын Кадастын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6-6913 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаад биш харин сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаатай холбоотой байдаг. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох /сунгах нь үүнд хамаарна/ асуудлыг кадастрын асуудал хариуцсан нэгж эрхлэхээр зохицуулсан тул хуульд заасан шаардлага бүрэн хангагдсан эсэх, зөрчил байгаа эсэхийг нягталсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх хуулиар олгогдсон захиргааны байгууллагын эрх хэмжээнд ийнхүү халдах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа тухайн маргаанд хамаарал бүхий уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-ын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийн талаарх, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хянаж шийдвэрлэх талаарх, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийн талаарх заалтыг бус тухайн маргаанд хамааралгүй 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэх” заалтыг баримталсан байх тул шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Харин “Ф” ХХК-иас Ашигт малтмалын газарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, гэтэл тусгай зөвшөөрөл сунгах чиг үүрэг тус газрын Кадастрын хэлтэст байхаар хуульчилсан байхад хэдийгээр тус хэлтэс нь Ашигт малтмалын газрын нэгж ч гэсэн хариуцагчийг бүрэн зөвтгөлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Гэхдээ энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 896 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ф” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13677Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, “Ф” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсныг тогтоон, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН