| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00332/И |
| Дугаар | 772 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М ХХК-д Ханхолбогдох
3,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оюунгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Б.Шинэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 5 сард М ХХК-д сантехникийн инженерийн албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 5,6,7 саруудад гадна дулаан, цэвэр усны шугам хоолойн угсралтын ажилд инженерээр ажилласан болно. Мөн 2015 оны 8 сард дахин гэрээ байгуулан 8,9,10,11,12 саруудад Хэнтий аймгийн Биндэр суманд гадна дулаан, цэвэр усны шугам хоолойн угсралтын ажилд инженерээр ажилласан бөгөөд дараах саруудад буюу 2015 оны 7 сарын 7 хоногийн цалин 350,000 төгрөг, 8 сарын 15 хоногийн цалин 750,000 төгрөг, 10 сарын 6 хоногийн цалин 300,000 төгрөг, 11 сарын 28 хоногийн цалин 1,400,000 төгрөг, 12 сарын 21 хоногийн цалин 1,050,000 төгрөгийг авч чадаагүй билээ. 2016 болон 2017 онуудад удаа дараа очиж цалингаа авах талаар асууж, нэхэмжилж, шаардаж байсан ба тухай бүрт нь санхүүжилт байхгүй, хариуцсан захирал нь солигдсон, баярын дараа, наадмын дараа гэх мэтээр хойшлуулсаар өдийг хүрсэн. Энэ байдал нь хөлсөөр ажиллах гэрээгээ зөрчин залилан хийж байна гэж бодоход хүргэж байна. Иймд миний 2015 оны 7,8,10,11,12 саруудад ажилласан хоногийн нийт цалин хөлс болох 3,850,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Н гийн зүгээс хариуцагч М ХХК- д холбогдуулан цалин 3,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг танилцаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч Д.Н гээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр М ХХК-д ажиллаж байсан гэх атлаа, нэхэмжлэлийн шаардлага нь цалин 3,850,000 төгрөг гаргуулна гэх бөгөөд, энэхүү үнийн дүнг тодорхойлохдоо 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудад ажилласан хоногт ногдох цалин хэмжээг тооцож тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс нэхэмжилж байгаа юу эсвэл хөдөлмөрийн харилцаанаас үүсэлтэйгээр цалин нэхэмжилж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээний харилцааг зохицуулсан байх бөгөөд 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 360.1-д “ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж тус тус зохицуулсан байдаг тул нэхэмжлэгч Д.Н нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс нэхэмжилж байгаа бол тус гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотолсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2015 оны 8 сарын 12-ны өдөр М ХХК болон Д.Н нарын хооронд “Хөлсөөр ажиллах гэрээ” нэртэй гэрээ /хх-6,7 тал/ байгуулагдаж, Д.Н нь М ХХК-аас хэрэгжүүлж буй төслийн ажлын хүрээнд сантехникийн инженерийн ажлыг сарын 1,500,000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 5 сараас эхлэн М ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилласан бөгөөд 2015 оны 5,6,7 саруудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гадна дулаан, цэвэр усны шугам хоолойн угсралтын ажлыг, 2015 оны 8,9,10,11,12 сард Хэнтий аймгийн Биндэр суманд гадна дулаан, цэвэр усны шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бөгөөд 2015 оны 7 сард 7 хоног ажилласан, 7 хоногийн цалин 350,000 төгрөг олгогдоогүй тул 350,000 төгрөгийг, 2015 оны 8 сард 15 хоногийн 750,000 төгрөгийн цалин олгогдоогүй тул 750,000 төгрөгийг, 2015 оны 10 сард 6 хоногийн цалин 300,000 төгрөг олгогдоогүй тул 300,000 төгрөгийг, 2015 оны 11 сард 28 хоногийн цалин 1,400,000 төгрөг олгогдоогүй тул 1,400,000 төгрөгийг, 2015 оны 12 сард 21 хоногийн цалин 1,050,000 төгрөг олгогдоогүй тул 1,050,000 төгрөгийг, нийт 3,850,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан гэх атлаа цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаар хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс нэхэмжилж байгаа бол ажил үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо нотлох шаардлагатай, нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан, ажил олгогчийн байр сууринаас бус харин гэрээнд бие даасан байр суурьтай оролцож, гэрээнд заасан тодорхой ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд гэрээний дагуу үүссэн харилцааг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээний дагуу хөлсөө нэхэмжлэхдээ цалин хөлс гэсэн үг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус, ойлгомжгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар ажил, үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, гэрээнд заасан ажил үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэснээ нотлоогүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс тодорхой ажил гүйцэтгэж байгаа талаарх гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн огноо бүхий “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” нэртэй баримт /хх-5 тал/-аар М ХХК нь 2015 оны 7 сараас 11 сарыг дуусталх хугацаанд Д.Н гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлд дурдсан хугацаанд нэхэмжлэгч М ХХК-д тодорхой ажил гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” нэртэй баримтад нэхэмжлэгчид 2015 оны 7 сараас 10 сар хүртэл 900,000 төгрөг, 2015 оны 11 сард 600,000 төгрөгийн цалин хөлс олгосон мэт байдлаар бичигдсэн байх боловч уг баримт нь дурдагдсан үнийн дүнгээс хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нотлохоос бус нэхэмжлэгчид баримтад дурдсан цалин хөлсийг олгосон болохыг нотлохгүй, нэхэмжлэгч хариуцагчаас 2015 оны 9 сарын хөлсийг 2015 оны 10 сарын 8-ны өдөр авсан гэж тайлбарласан, уг тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Н гийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-10 тал/-аар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдсан цалин хөлсийг олгосон байдлаа өөр бусад байдлаар нотлоогүй тул хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээнд заасан хөлсийг нэхэмжлэгчид олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлоогүй гэж үзэн хариуцагч М ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР