Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 725

 

 

 

   2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00725

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр, 62 тоот хаягт оршин байгаа, “О и ББСБ” ХХК /рд:2737515/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 15-р байр, 52 тоот хаягт оршин суух, Хуасай овогт Цэдэндоржийн З /рд:ХГ59112271/-т холбогдох,

 

Хохирол 844,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бадрах, хариуцагч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 сарын 24-ний өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 116 тоот захирамжаар Ц.Зоос тус ББСБ-д 43,659,000 төгрөгийг олгохоор захирамжилсан. Уг шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Үүний дагуу ажиллагаа хийгдэж барьцаа хөрөнгө нь дуудлага худалдаагаар орж 28,150,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ББСБ-тай байгуулсан зардал, урамшууллын гэрээ болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг үндэслэн урамшууллын 844,500 төгрөгийг суутган авч үлдэгдэл 27,305,500 төлбөрийг тус ББСБ-ын ХХБ-ны 499045986 тоот дансанд шилжүүлсэн.

Тус ББСБ нь Ц.Зийн буруутай үйл ажиллагаанаас болж НШГА-д төлсөн хохирол 844,500 төгрөгийг хариуцагч Ц.Зоос нэхэмжилж байна.

Шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг Ц.З сайн дураар эс биелүүлснээс үүссэн хохирол болох 844,500 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 853,500 төгрөгийг Ц.Зоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “О и ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Ер нь бол шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх ёстой юу, эсхүл шүүхийн шийдвэрт тусгагдаагүй аливаа торгууль, урамшууллыг төлөх ёстой юу гэдэг асуулт байна.

Шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх байгууллагын урамшууллыг төлөх талаар тусгагдаагүй байтал яагаад би “О и ББСБ” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан урамшууллын гэрээний төлбөрийг төлөх ёстой болчихвоо.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай маргах нь зүйтэй байх гэж бодож байна.

Би давхар давхар хохирч байна. Миний бие зээлийн гэрээний үүрэгт нийт 70,0-аад сая төгрөгийг төлсөн байдаг. Шүүх дээр очоод за яах вэ гээд хэлсэн дүн дээр нь эвлэрсэн, барьцаа хөрөнгө болох хоёр ч автомашинаа /Ланд 100, Ланд 105/ зах зээлийн үнээс нь хямдаар үнэлж өгсөн, одоо бас урамшууллыг нь төлөх ёстой болчоод байгааг би ойлгохгүй байна. Миний бие автомашины дуудлага худалдааны зардалд 725,000 төгрөгийг төлсөн.

Шүүхийн шийдвэрт тусгагдсан дүнгээс гадна 725,000 төгрөг төлсөн гэсэн үг.

Сонин санагдаж байна. Санаа нь зовдоггүй юм байхдаа. Банк бус санхүүгийн байгууллагад бас ёс суртахуун гэж байх ёстой.

Тооцоо нь дууссан гэсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бичиг хүртэл байдаг. 

Өнөөдөр үйлчилж байгаа хууль шударга бус байна. Зээл авснаараа иргэд хохирох зохицуулалттай байна.

Ямар ч шийдвэр гарсан би давж заалдах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “О и ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Зт холбогдуулан, учирсан хохирол нийт 853,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

 

          Хариуцагч Ц.З нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

         

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” 116 дугаар захирамжаар “О и ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 43,644,000 төгрөгийг Ц.З нь 2015 оны 05 сарын 01-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулан шийдвэрлэжээ. /хх-9х/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

          Хариуцагч Ц.З нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир төлбөр авагч “О и ББСБ” ХХК-ийн зүгээс шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, түүний дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 сарын 13-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 15731 дүгээр захирамжаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-10х/

 

          Төлбөр авагч “О и ББСБ” ХХК нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучин нэрээр/-тай 2015 оны 05 сарын 15-ны өдөр 15/4220 тоот “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”-г байгуулсан байна. /хх-13х/

 

          Дээр дурьдсан гэрээнд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 3%-иар тооцохоор харилцан тохиролцжээ.

 

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 10 сарын 17-ны өдөр төлбөр авагчийн данс руу 28,150,000 төгрөг шилжүүлэхээс 3%-ийн урамшуулал 844,500 төгрөгийг суутган авч, үлдэх 27,305,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх данснаас мөнгө шилжүүлэх тухай” баримтаар тогтоогдож байна.

 

          Иймд төлбөр төлөгч Ц.З нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “О и ББСБ” ХХК нь авах ёстой төлбөрөөсөө 844,500 төгрөгийг дутуу авсан байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Түүнчлэн, уг нэхэмжлэлийг гаргахад цуглуулсан нотлох баримтыг гэрчлүүлсэн нотариатчийн үйлчилгээний хөлсөнд 9,000,000 төгрөг төлсөн болох нь холбогдох мөнгөний тасалбараар нотлогдож байх тул мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /хх-15х/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц.Зоос 853,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О и ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “О и ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,034 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Зоос улсын тэмдэгтийн хураамж 25,034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О и ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.