Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,      

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж  Б   холбогдох эрүүгийн 2*******0004390306 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны...... дүгээр сарын ........-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ......... хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ....... дүгээр хороо, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ж  Б   /РД:.................../  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны орцонд хохирогч ******* “хана өрөмдөж дуу, чимээ гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нуруу болон толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2*******0004390306  дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/   

 Гэрч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны орцонд хохирогч ******* “хана өрөмдөж дуу, чимээ гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нуруу болон толгой хэсэг рүү цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой байрныхаа ханандаа 6 ширхэг нүх гаргаж ханандаа зураг тогтоосон. Тухайн үед 404 тоотын эгч орж ирээд бид нарыг “хана өрөмдөхөө боль” гэж намайг загнаад байсан. Нийтийн байранд 22 цагаас хойш дуу чимээ гаргах хориотой байдаг юм байна лээ, амралтын өдрөө юм тогтоох гэсэн юм гэж хэлэхэд юм дуугарахгүй гэртээ орсон. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад би машинаа гражид тавиад дээшээ гараад байж байтал байрны харуул болох *******аяраа намайг дуудаад өрөөнд нь ороод байтал 404 тоотын ах ******* харуулын байрны гадна цонхоор шагайж харснаа хаалгаар ороод над руу чиглээд ирсэн. ******* ах “хана өрөмддөг хэн юм бэ?” гээд халааснаасаа шилтэй зүйл гаргаж ирээд миний цээжин хэсэг рүү 1 удаа цохихоор нь би гарыг нь барьж аваад тэврээд байж байтал миний зүүн өвдөг өвдөөд би газар унаад сууж байтал миний нуруу болон толгой руу нийтдээ 2-3 удаа цохиод байхаар нь би *******аяраа гэх харуулд “наад хүнээ надаас аваач ээ, миний хөл өвдөөд байна” гэж хэлэхэд харуулын нуруу нь татсан байсан болохоор ******* ахыг надаас салгаж дийлээгүй. Бид нар хоёр тийшээ салаад байж байтал миний цамц болон машины түлхүүрийг аваад өгөхгүй байхаар нь би харуулын байрны үүдэн дээр ирээд явуулахгүй байж байя гэж бодтол ******* хогийн шүүрний мод аваад намайг цохих гээд байхаар нь би айсандаа гараад зугтчихсан. Би орцноос гараад гадагшаа гүйж байтал миний зүүн хөлний өвдөг өвдөөд газар унасан. Тэгтэл араас ******* ах ирээд барьж байсан модоороо миний бугалга болон шуу хэсэг рүү 2-3 удаа цохиход мод нь хугарчихсан. Намайг босоод байж байтал миний гэмтэлтэй хөл рүү 2-3 удаа өшиглөөд толгойны хажуу чамархай хэсэг рүү 1-2 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон. Тэгтэл байрны харуул *******аяраа бид хоёрыг салгасан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2306 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******-ийн биед баруун бугалга, баруун тохой, хамрын нуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт, тархи доргилт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...хэрэг гарсан гэх цаг хугацаанд уүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/   

Гэрч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед санагдаж байна. Манай байрны залуу бууж ирээд манай өрөөнд орж ирээд бид хоёр юм яриад сууж байтал гаднаас ******* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу орж ирээд *******үрэвдоржид хандаж “чи шөнө орой болж байхад хана өрөмдөөд бид нарт хэцүү байна” гэж хэлээд тэр хоёр муудалцсан. ******* ах халааснаасаа архины шил гаргаж ирээд *******-ийн цээж хэсэг рүү нь нэг удаа цохиод хөлөөрөө нуруу болон тохой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би тэр хоёрыг салгаж дийлээгүй. *******   тухайн үед газар хэвтэж байгаад байрнаас гараад гүйтэл ардаас нь ******* шүүрний мод бариад гүйгээд гарсан юм. Тухайн үед би хойноос нь гүйгээд гарах гэтэл миний нуруу татаад гүйж болохгүй байсан тул араас нь алхсан юм. Тэгээд дэлгүүрийн урд талд *******   газар унахад нь ******* ах дээрээс нь шүүрний иш модоор цохисон. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж хананд *******үрэвдоржийг шахаж байхад би хойноос нь очоод ******* ахыг салгаж дийлэхгүй байтал манай хажуу дэлгүүрийн эзэн гэх залуу гарч ирээд тэр хоёрыг салгасан юм...*******   надтай анх уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин ******* ах *******үрэвдоржийг зодолдсноос бие дээр нь гэмтэл үүссэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/  

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******үрэвдоржыг “хана өрөмдөж дуу, чимээ гаргасан” гэх шалтгаанаар гараараа болон хогийн шүүрний модоор цохиж зодож биед нь “баруун бугалга, баруун тохой, хамрын нуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт, тархи доргилт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

         Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******   мэдэгдэх нь зүйтэй. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Хохирогч *******   нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлын баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч *******-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 Харин хохирогч *******   нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-оос    нэхэмжлэх эрхтэйг дурдав.     

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ж  Б-ыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******   мэдэгдсүгэй.    

 

4.  Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч *******   нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-оос    нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР