| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0397/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/390 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,
хохирогч ******* ,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,.......... оны ....... дугаар сарын ...........-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо “..........” хотхоны барилгын засал чимэглэлийн ажлыг хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэж байгаа, ам бүл........... хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ..........дугаар гудамж............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо ............... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Г-ийн А /РД: ................./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 19 цаг 50 минутын үед Хан- Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* хотхоны хашаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Тоуоta mark II” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ, мөн дүрмийн 10.14-т заасан заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангалгүй, тоормосоо гишгэх гэж байгаад, хаазаа андуурч гишгэсний улмаас ард нь зогсож байсан “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг, уг тээврийн хэрэгсэлд суух гэж байсан хохирогч ******* той хавсарч мөргөсний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийлцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр "Севен стар" хотхоны барилгын ажил гүйцэтгэж байгаад “машин гарна” гэхээр нь гарч очиход ойр тойронд машин байгаагүй. Тэгээд машиндаа суух гээд хаалгаа онгойлгох гэж байхад хажуунаас машин ирээд мөргөсөн. Одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байгаа. Шүүгдэгч ******* нь баримтаар гарсан 1.457.512 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 1.692.000 төгрөг төлсөн баримтыг өнөөдөр харсан. Би сард 2.000.000 төгрөгийн цалинтай. Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр осол орсноос хойш эмнэлгийн чөлөөтэй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хоёр. Эрүүгийн 2203000000194 дугаартай хавтаст хэргээс:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13 дахь тал/
Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Ч.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4346 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
"Тэнцвэр Эстимэйт” ХХК 14124 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 57-58 дахь тал/
"Вендо Арргаisаl Соmраnу” 38574 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн *******6 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/
2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 349 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, Монти Биулдинг ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 19 цаг 50 минутын үед Хан- Уул дүүргийн ******* дүгээр хороо, “******* *******” хотхоны хашаанд “Тоуоta mark II” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ ард нь зогсож байсан “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух гэж байсан хохирогч ******* ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: Хан- Уул дүүргийн ******* дүгээр хороо, “******* *******” хотхоны хашаанд /хавтаст хэргийн 6-13 дахь тал/
Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “...“******* *******” хотхоны барилгын хашаанд байсан “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаа хөдөлгөх гээд жолооч талын хаалгаар очоод онгойлгох гэж байтал баруун гар талаас нэг автомашин хурдтай ухарч ирээд намайг миний машины хаалгатай хавсарч мөргөж, зүүн хөлийг гэмтээсэн. Мөргөсөн жолооч нь эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4346 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт: 1.******* ын биед зүүн шилбэний шаант ясны хугарал, өвдөгний урд чагтан холбоосын урагдал, зүүн гуя, өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Шүүгдэгч ******* гийн жолоодож явсан “Тоёота Марк-2” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг тогтоосон Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн *******6 дугаартай дүгнэлтэд:
1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн ЕШ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна.
2. Зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, багаажны зүүн дээр хэсэгт 40х50см хэмжээтэй хонхойсон, зүүн арын гэрэл сууриараа цааш чихэгдэж орсон мөн цуурсан гэмтэлтэй байна.
3. Зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй гэмтэл нь ашиглалтын үед үүссэн, багаажны зүүн дээр хэсэгт 40х50см хэмжээтэй хонхойсон, зүүн арын гэрэл сууриараа цааш чихэгдэж орсон мөн цуурсан гэмтэл нь ойрын хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Тоормозны механизм нь шингэн дамжуулагтай АВ5 системтэй ба тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос нь хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна.
5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВ5 тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөнд үйлчлэх хүч зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой...” /хавтаст хэргийн 65-67 дахь тал/
Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн талаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 349 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:
1. Тоуоta mark II” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно,
Мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хавтаст хэргийн 68 дахь тал/
Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн Өвчний түүх: ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний хооронд хэвтэн эмчлүүлсэн /хэргийн 73-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангаагүй ард нь зогсож байгаа явган зорчигч ******* ыг хажууд нь байсан “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинтай хавсарч мөргөсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч хохирогчийн бие махбодид “зүүн шилбэний шаант ясны хугарал, өвдөгний урд чагтан холбоосын урагдал, зүүн гуя, өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4346 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн ба түүний жолоодож явсан “Тоёота Марк-2” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байх шаардлагыг хангаагүй болох нь Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн *******6 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч ******* гийн үйлдсэн гэмт хэргийн талаарх улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Даваадорж нараа хэргийн үйл баримт, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадоржоос: ******* нь бага насны хүүхэдтэй, ээж, аавын хамт амьдардаг. ******* гийн ээж нь хүнд өвчтэй, ******* нь гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Хохирогчид хохирол төлбөр төлөх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ******* од эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, аав ээжийн хамт амьдардаг, барилгын засал чимэглэлийн ажил хөлс гүйцэтгэдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* г Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* д мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* ын эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 1.457.512 төгрөгийг нөхөн төлсөн ба Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч ******* ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 1.696.100 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр осолд орсноос хойш эмнэлгийн чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 4.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт: хохирогч ******* нь “Өртөө Харуул” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэсэн тодорхойлолт /хэргийн 21-22 дахь тал/ авагдсан боловч Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар сүүлийн 3-н сар буюу 2022 оны 1-3 дугаар сард сарын 420.000 төгрөгийн цалинтай байжээ. /хэргийн ......тал/
Хохирогч ******* ын хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудаст: Г.Б-ын нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлогыг 21.000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын сангаас нийт *******5.500 төгрөгийн тэтгэмж олгосон байх тул хохирогчийн ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар ажлын 49 хоног ажилгүй байсан ба нэг өдрийн цалин хөлсийг 21.000 төгрөгөөр тооцоход 1.029.000 төгрөгийн ба үүнээс нийгмийн даатгалын сангаас авсан *******5.500 төгрөгийг хасаж тооцоход 913.500 төгрөгийн цалин хөлс дутуу авсан байна.
Хохирогч ******* ын жолоодож байсан “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашин нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Нэткапитал Финанс корпораци” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байна. /хэргийн 26 дахь тал/
“Нэткапитал Финанс корпораци” банк бус санхүүгийн байгууллагатай иргэн Ч.Сарантуяа 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээгээр “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн боловч эзэмшилдээ байлгаж байгаа болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Фидуцийн гэрээгээр батлагдаж байна. /хэргийн 27-31 дэх тал/
"Вендо” ХХК-ийн 38574 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, гэмтэл түүнийг засах зардалд 3.728.984 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Мөрдөн байцаалтын шатанд “Holden Capitiva” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд учирсан хохиролтой холбоотой асуудалд иргэний нэхэмжлэгчээр Ч.Сарантуяаг тогтоож мэдүүлэг авсан ба тэрээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 3.728.984 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс гадна хөлний гишгүүр баруун тал, хаалганы доод хүрээ, хаалганы орчим халцарсан будаг зэргийг үнэлээгүй, үнэлгээний газартаа хэлэхээр “янзлах боломжтой гэж хэлсэн ба нөгөө жолоочоороо янзлуул” гэж хэлсэн. ...Автомашинаа янзлуулмаар байна, мөн нөхөр ******* ын эмчилгээний зардалд гарсан хохирлыг төлүүлмээр байна” гэж мэдүүлжээ. /хавтаст хэргийн 24 дэх тал/
Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гаас нийт 4.642.484 төгрөг гаргуулж, хохирогч ******* ийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 913.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Сарантуяад эд хөрөнгөд учирсан хохиролд 3.728.984 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
"Тэнцвэр Эстимэйт” ХХК 14124 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Тоуоtа Магк-2 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл, түүнийг засах зардал 365.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/
Шүүгдэгч ******* гийн жолоодож явсан Тоёота Марк-2” маркийн ******* ******* улсын дугаартай автомашин нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршоонд бүртгэлтэй /хэргийн 47 дахь тал/ боловч “Гялс төгрөг” ХЗХоршооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаартай албан бичигт “Тоёота Марк-2” маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг барьцаалан 1.500.000 төгрөгийн зээлийн авсныг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан тул уг тээврийн хэрэгслийг ******* гийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. /хэргийн 44 дэх тал/
Хэргийн хамт шүүгдэгч ******* гийн 1375301 дугаартай жолоодох үнэмлэх ирсэн ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У овогт Г-ийн А тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* ын эмчилгээний зардалд 1.457.512 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд ******* ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 1.696.100 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба шүүгдэгч ******* гаас нийт 4.642.484 төгрөг гаргуулж хохирогч ******* ын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 913.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Сарантуяад эд хөрөнгөд учирсан хохиролд 3.728.984 төгрөг тус тус олгосугай.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* гийн 1375301 дугаартай жолоодох эрхийг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР