Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

 

 

 

 

 

 

 

 2022         04          27                                     2022/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч ______, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал /ҮД:0374/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:                 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 2205004781081 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг ________ дугаар хороо, Согоотын __________ тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгуулийн ял шийтгүүлж байсан ___________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч _________ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэси” нэртэй караокед хохирогч _______ эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________  мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн:

 

“...Тухайн залуугийн биед гэмтэл учруулснаа болон гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, 

 

       Мөрдөн байцаалтад хохирогч Ц_________ өгсөн:

 

“... 2022 оны 01 сарын 06-ны оройн 21 цагийн үед манай найз эмэгтэй болох ****** нь миний 89540716 дугаар луу залгаад хорооллын эцэст байрлах “Тэси” караокед хүрээд ир гээд дуудахаар нь би 21 цагийн үед очсон... Тэгэхээр нь би найзтайгаа тамхи асаагаад татаж байсан чинь караокены дотроос үл таних махлаг 170 гаран см өндөр шар гонзгой царайтай залуу гарч ирээд над руу чи энд тамхи татдаг хэн бэ гэж хэлэхээр нь энд хүмүүс тамхи татаад байхаар нь татчихлаа гэж хэлсэн чинь тэр үл таних залуу би энэ караокены эзэн байна байна гэж миний урдаас томроод тэгээд хоорондоо маргалдаад жоохон ам зөрсөн. Тэгээд дараа нь би үл таних болох махлаг 170 гаран см өндөр шар гонзгой царайтай залуугаас уучлалт гуйгаад найз эмэгтэй болох Отгонбаярыг аваад гараад шатаар уруудаад явж байтал гэнэт араас чи ямар том пизда вэ гэж түлхсэн тухайн үед би урагшаагаа шатны уруу ойчсон тэгсэн үл таних нөгөө залуу болох махлаг 170 гаран см өндөр шар гонзгой царайтай залуу миний дээрээс дэвсээд цохисон тэгэхээр нь босох гэтэл миний хөл гишгэж болохгүй өвдөгний нугалаасаар өвдөөд нэг хөл дээрээ зогссон тэр үед манай найз эмэгтэй болох Отгонбаяр намайг түшсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15- 16 дахь тал/,

 

   Мөрдөн байцаалтад хохирогч ___________ дахин мэдүүлсэн:

 

“...Миний хохирлыг барагдуулаагүй ээ 100.000 төгрөг эмчилгээнд өгсөн, томографикт үзүүлж хөлсийг нь төлсөн өөр зүйл байхгүй. Би үзүүлж харуулсан зүйл байхгүй тухайн үед 100.000 төгрөг тарианы мөнгө гэж өгсөн, томографикт харуулсан 140.000 төгрөгөөр. Би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа хохирол болох 5.000.000 төгрөгийг барагдуулчихвал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

   Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн "... 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр би хорооллын эцсийн шуудангийн хажуу талын караокед ороод нэг сэнгүр пиво 0.450 литр пиво нэгийг аваад уугаад сууж байсан. Би явъя гэж хэлсэн чинь Энхбаяр нөгөө үл таних залууд уучлаарай гэж хэлээд бид хоёр гарах гээд үүдний ойролцоо шатаар уруудаж явахад дээрээс нөгөө үл таних залуу орилоод наанаа байж бай гэж хэлээд гүйгээд гараад ирсэн тэгээд бид хоёр шатаар уруудаад л алхаад яг гадна талын шатан дээр ирж явахад нөгөө нэг танихгүй залуу зогсож бай гэж хэлээд чи тамхи татдаг хэн бэ гэж хэлсэн ****** би чамаас уучлалт гуйгаад байхад чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн нөгөө үл таних залуу очоод зодоод байх шиг байсан тухайн үед би шоконд орсон байсан. Тэгээд дараа нь би хүүе ээ болиоч ээ гэж хэлээд тэр хоёрыг салгасан тухайн үед Энхбаяр газар унасан байдалтай байсан харин нөгөө үл таних залуу буцаад орсон..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

2022 оны 01 сарын 24-ний өдрийн шинжээчийн №2063 дугаартай дүгнэлт:

-_________ биед зүүн дунд чөмгөний доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дахь тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч __________ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэси” нэртэй караокед хохирогч ****** эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүгдэгч ________ “...Тухайн залуугийн биед гэмтэл учруулснаа болон гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч _______ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэси” нэртэй караокед гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч ________ цохих, дэвсэх зэрэг үйлдэл хийж түүний эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний доод булууны дотор ёрвонгийн сэлтэрсэн хугарал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь

   Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн “...тухайн үед би урагшаагаа шатны уруу ойчсон тэгсэн үл таних нөгөө залуу болох махлаг 170 гаран см өндөр шар гонзгой царайтай залуу миний дээрээс дэвсээд цохисон тэгэхээр нь босох гэтэл миний хөл гишгэж болохгүй өвдөгний нугалаасаар өвдөөд нэг хөл дээрээ зогссон тэр үед манай найз эмэгтэй болох Отгонбаяр намайг түшсэн ...” гэх мэдүүлэг,

 

   Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “...хэлсэн Энхбаяр би чамаас уучлалт гуйгаад байхад чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн нөгөө үл таних залуу очоод зодоод байх шиг байсан тухайн үед би шоконд орсон байсан. Тэгээд дараа нь би хүүе ээ болиоч ээ гэж хэлээд тэр хоёрыг салгасан тухайн үед ________ газар унасан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Цамбын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ________ нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.________үний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч __________ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Ц_________ нь эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд  эмчилгээний гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/н цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Шүүгдэгч _________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б_________ 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

________ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх  төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй .

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан

шүүгдэгч Боржигон овогтой ___________  500 /таван  зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _________ мэдэгдсүгэй.

 

4. _________ холбогдох хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч __________ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ