Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

 улсын яллагч Г.Намжил,

 иргэдийн төлөөлөгч М.Гончигдагва,

 шүүгдэгч, хохирогч ________, түүний өмгөөлөгч Б.Очирваань,

          шүүгдэгч, хохирогч __________, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105025541969 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ****** дугаар сарын *****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ___________ ХХК-д нягтлан бодогч ажилтай, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, бэр, ач, хүүхдийн хамт ______________

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын *****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “__________” ХХК-д операторчин, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ________ тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн ____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч ________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ______дүүргийн _____ хорооны 3 дугаар байрны _______ тоотод хохирогч Н___________ урьд гэр бүлийн харилцаатай байсан _______ маргалдлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүн цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Н__________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ________ тоотод өөрийн салсан эхнэр __________ найз залуу болох _________ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, улмаар түүний араас хутгыг зэвсэг болгон хэрэглэж нуруу, далны ар хэсэгт 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ:

“...цаашид наалдангитай холбоотой эмчилгээ хийлгэж магадгүй....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч _________ мэдүүлэхдээ:

“...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч __________ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой ажил тараад 20 цагийн үед өөрийн хуучин гэрт очиход охин _______ найз охинтойгоо хамт байсан. Би дэлгүүр гарч архи аваад ууж байтал гаднаас _______ хоёр 23 цагийн үед орж ирсэн. Тэр хоёр архи уучихсан нэлээн халамцуу байсан. Ингээд би ______ гэх залуутай танилцаад юм яриад суусан бөгөөд _________ надад хандан би Баянжаргалтай суух гэж байгаа ах дүү нартай нь танилцсан гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би _________ 2-т хандан та хоёр тэгвэл энд амьдрахгүй шүү, энэ манай гэр орон гэж хэлсэн. Тэгсэн _______л уурлаад чи намайг явуулж яах гэж байгаа юм өөр хүүхэн авч ирж амьдрах гэж байгаа юм уу гээд ширээн дээр байсан эд зүйлс аваад над руу шидсэн. Би уурлаад босоод _______г түлхэх үйлдэл хийхэд ______ гэх залуу босоод ирэхээр нь чамд хамаагүй гэж хэлээд заамдаад авсан. Тэгсэн __________уруул, шүд хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би Золбаярыг олон удаа цохисон. Зууралдаад зогсож байтал _________ салгахаар нь би гал тогооны өрөөнөөс хар өнгийн иштэй жижиг хутга аваад _________цаашаа хараад сууж байхаар нь араас нь очоод нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106,113-115, 116-119 дэх талууд/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _______ өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой Б_____ гэрт би түүний салсан нөхөр ____ танилцаад юм ярьж сууж байгаад ________й хамт амьдрах талаар хэлэхэд ________ энэ байранд амьдрахгүй шүү гэсэн. Тэгэхэд _______ хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Баянжаргалыг өмөөрөөд _______барилцаж авсан. Би нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ________ бид хоёр гэрт нь очиход салсан нөхөр ______и _________ хамт амьдрах гэж байгаа талаараа хэлэхэд Мөнхсайхан миний нүүр хэсэгт цохисон. Би нүүрэндээ цохиулаад шалан дээр доошоо хараад унасан. Тэгтэл _______ босоод толгой, нуруу руу өшиглөж зодсон. Хэзээ намайг хутгалсныг мэдэхгүй байна. Сүүлд шөнө Гэмтлийн эмнэлэгт яаралтай тусламж авч байгаагаа мэдсэн. Би цус их алдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 60-62 дахь талууд/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед зурагт үзээд хэвтэж байтал хаалга тогшихоор нь онгойлготол Баянжаргал найз залуу _____ хамт орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ согтуу байсан. Юм ярьж байтал Золбаяр надад хандан би танай эхнэртэй суух гэж байгаа. бид хоёр хамт амьдрах гэж байгаа юм гэсэн. Үүнийг сонсоод өө за болж дээ та хоёр энэ байранд амьдрахгүй биздээ гэхэд _____ гэнэт уурлаад чамаар хамт амьдрахаа заалгахгүй гэж хэлээд ширээн дээр байсан тавагтай хоол авч шидсэн. Тэгэхээр нь би уурлаад Баянжаргалтай маргалдсан. Гэтэл _________ өмөөрөөд надтай маргалдахаар нь чамд хамаагүй чи сууж бай гэж хэлээд ______ дахиад маргалдсан чинь _______босож ирээд миний нүүр хэсэгт цохисон. Би _______ хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Ингээд би уурандаа гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг аваад эргэтэл _______ цаашаа хараад зогсож байсан. Ингээд би нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны 22 цагийн үед найз ________ нарны хороололд найзтайгаа уулзах гээд гарсан. Аав гэрт үлдсэн. Гэрээс гарахад ээжийн уулздаг ______ гэх залуу ээжийг дуудсан. Би гэрт байхгүй байна гэдгийг нь хэлээд явсан. ________бид хоёр найзтайгаа уулзаад 02 цагт ирэхэд ээжтэй уулздаг ________ гэх залуу аавд хутгалуулсан гэрээр нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дах тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой найз Ичинхорлоотой уулзаад хоолны газар орж юм ярьж суусан. Тэгээд байж байтал 22 цагийн үед уг хоолны газрын цонхыг хүн тогшихоор нь харахад Золбаяр байсан. Золбаяр нэлээн согтуу байсан. Би хоол авч өгөөд цай уулгаад 23 цагийн үед гэртээ очиход салсан нөхөр ______ байсан. Золбаяр бид хоёр дотогш ороод _______ хамт юм яриад суусан. Золбаяр надтай цаашид амьдрах гэж байгаа талаараа _______хэлэхэд та хоёр энэ байранд амьдрахгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би уурлаад _______маргалдаж эхэлсэн. Тэр үед _________р намайг өмөөрөөд _________маргалдаад тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёр бие биеийнхээ нүүр хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгтэл _______ цааш гүйж очоод гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй жижиг хутга аваад _______г буруу хараад зогсож байхад нь нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. ________дээр яваад очиход нуруунаас нь их цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дах тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:

 

“...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр _______ гэрт байж байтал орой 20 цагийн үед ______ ах гаднаас орж ирсэн. Бид хоёр хичээлээ хийж байгаад 22 цаг өнгөрч байхад найзуудтайгаа уулзахаар гарсан. Ингээд гадуур явж байгаад шөнө 02 цагийн үед гаднаас орж ирэхэд үүдний хэсэгт _______ эгч З_______ахыг түшээд зогсож байсан. ________ цаана нь зогсож байсан. ________ ахын цээж, нуруу хэсэг нь цус болсон байсан. _______ах гартаа барьсан хутгаа газар хаячихаар нь би очоод хутгыг нь улаан хүрэн өнгийн бээлийгээр жийргэлж аваад үүдний гутлын шүүгээний буланд тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

           

            Мөрдөн байцаалтад шинжээч ________ өгсөн:

 

            “...Мөнхсайханы биед учирсан баруун сарвуунд зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 569 дугаартай дүгнэлт:

            1. ________-н биед баруун даланд нугалмын хажуугийн шугамын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд шингэн хуралт, сээрний 8-9-р зүүн нугалмын хажуугийн шугамны шарх, дух, хоёр нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 564 дугаартай дүгнэлт:

            1. ________ биед баруун сарвуунд зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Криминалистикийн 138 дугаартай дүгнэлт:

            1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн футволканд зүсэгдэлт, саарал өнгийн цамцанд зүсэгдэлт, ханзралт байна.  

            2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн футолканд 19мм, 19мм хэмжээтэй, саарал өнгийн цамцанд 20мм, 18мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд, саарал өнгийн цамцанд 55мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

           

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

- эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

 

            Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139, 140 дэх тал/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 150, 155 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 3 дугаар байрны ________ тоотод шүүгдэгч _______ согтуурсан байдалтай байхад шүүгдэгч ________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрч _______ хамт орж ирээд шүүгдэгч ________ нь урьд гэр бүлийн харилцаатай байсан ______й маргалдаж улмаар шүүгдэгч _________ уг маргааны дундуур орж хохирогч ______ нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүн цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

уг зодоон үргэлжлэх явцад шүүгдэгч ________ нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч ________ нуруу, далны ар хэсэгт 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж ________, ________ нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүгдэгч _________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай байсан _________ найз залуу гэх _________ хамт амьдрах гэж байгаа бол миний гэр оронд амьдрахгүй гэж үл ялих шалтгаанаар _______ маргалдаж харилцан зодолдож улмаар ________ нь ________ нуруун тус газарт хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч _________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз эмэгтэй болох _________ гэрт очиж, түүний салсан нөхөр _________ ________ маргалдлаа гэх шалтгаанаар харилцан зодолдож, Н_________ нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргалаа.

 

Шүүгдэгч __________ өмгөөлөгч Б.Очирваань гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч _______ хувьд гэм буруу нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэх санал гаргав.

Шүүгдэгчийн _______ өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ  шүүгдэгч _________ нь _________ 21 настай хүүхдийг авч өсгөнө гэж хэлсэн байдаг. Хүний сэтгэлийн эмзэг асуудлыг хөндсөн үг, хэллэг хэлсэн байгаа юм. Үүнээс болж __________ сэтгэл санаа цочрон давчидсан нөхцөл байдал харагдаж байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх санал гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч  ________ нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 3 дугаар байрны 45 тоотод гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч _________ урьд гэр бүлийн харилцаатай байсан _______ маргалдлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хүзүүн цус хуралт, эрүү, зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж буй нь шүүгдэгч _______ “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой ______ өмөөрөөд ________ барилцаж авсан. Би нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч ________ “...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой ______ дахиад маргалдсан чинь ________босож ирээд миний нүүр хэсэгт цохисон. Би _______барилцаж заамдалцаж аваад харилцан бие биеэ цохисон. Миний нүүр, нүд, ам хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 564 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ______ нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 3-р байрны 45 тоотод өөрийн салсан эхнэр ______ найз залуу болох _______ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  гэм буруугийн санаатай хэлбэрээр харилцан зодолдож, улмаар түүний араас хутгыг зэвсэг болгон хэрэглэж нуруу, далны ар хэсэгт 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч ________ нь өөрийн үйлдлээс үүсэх үр дагаврыг ухамсарлаж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн объектив болон субьектив талын гэмт хэргийн шинжийг хангаж буй нь шүүгдэгч ________ “..._______цаашаа хараад сууж байхаар нь араас нь очоод нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, хохирогч ________ “..._______ миний нүүр хэсэгт цохисон. Би нүүрэндээ цохиулаад шалан дээр доошоо хараад унасан. Тэгтэл _______н босоод толгой, нуруу руу өшиглөж зодсон. Хэзээ намайг хутгалсныг мэдэхгүй байна. Сүүлд шөнө Гэмтлийн эмнэлэгт яаралтай тусламж авч байгаагаа мэдсэн. Би цус их алдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч _______ “...З_____ гэх залуу аавд хутгалуулсан гэрээр нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч ________ “...Золбаяр намайг өмөөрөөд _______ маргалдаад тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёр бие биеийнхээ нүүр хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгтэл Мөнхсайхан цааш гүйж очоод гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй жижиг хутга аваад ______ буруу хараад зогсож байхад нь нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан. Золбаяр дээр яваад очиход нуруунаас нь их цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г________ “...Золбаяр ахын цээж, нуруу хэсэг нь цус болсон байсан. ________ах гартаа барьсан хутгаа газар хаячихаар нь би очоод хутгыг нь улаан хүрэн өнгийн бээлийгээр жийрэглэж аваад үүдний гутлын шүүгээний буланд тавьсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 569 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Криминалистикийн 138 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч _______ хувьд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүгдэгч ________ өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нь гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасан боловч шүүгдэгч ________ мөрдөн байцаалтын шатанд “…Тэгэхээр нь би уурлаад _____ маргалдсан. Гэтэл З_________р ______ыг өмөөрөөд надтай маргалдахаар нь чамд хамаагүй чи сууж бай гэж хэлээд _______ дахиад маргалдсан чинь _________р босож ирээд миний нүүр хэсэгт цохисон. Би _________ай барилцаж заамдалцаж аваад харилцан бие биеэ цохисон. Миний нүүр, нүд, ам хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Ингээд би уурандаа гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн иштэй жижиг хутгыг аваад эргэтэл ______ цаашаа хараад зогсож байсан. Ингээд би нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч _________ нь гэрч ________ маргалдаж байгаад гэмт хэрэг үйлдсэнээс бус ямар нэг байдлаар хохирогчийн зүгээс хүндээр доромжилсон үйлдэл гаргаагүй, ямар нэг байдлаар шүүгдэгч ________ сэтгэлийг цочролд оруулж түргэн зуур хариу үйлдэл хийх нөхцөл байдлыг хохирогч _________ зүгээс гаргасан үйл баримт тогтоогдоогүй мөн шүүгдэгч ________ мэдүүлгийг гэрч _________ “…Тэгэхээр нь би уурлаад _______ай маргалдаж эхэлсэн. Тэр үед ________ намайг өмөөрөөд ________тай маргалдаад тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёр бие биеийнхээ нүүр хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгтэл _________цааш гүйж очоод гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй жижиг хутга аваад ______буруу хараад зогсож байхад нь нуруу хэсэгт нь 2 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг нь давхар нотолж байна гэж үзэж өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н_________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э__________ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н_______ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч ________ нь эмчилгээний зардалд 6.000.000 төгрөгийг авсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг хохирогч ________ өмгөөлөгч гаргав.

 

Шүүгдэгч ___ нь хохирол төлбөрт 6.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд хохирогч ______ төлсөн байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

 

            Шүүх хуралдаанд хохирогч ________ нь цаашид наалдангитай холбоотой эмчилгээ хийлгэж магадгүй. Эрүүл мэндийн зардал гарвал нэхэмжилнэ гэх мэдүүлэг өгсөн байх тул түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 04 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.200.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахыг  эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн  цагдан хоригдсон  60 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцохыг  тус тус дурдав.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  ___________  Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

 

5.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч _________ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.          

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

8. Шүүгдэгч __________ урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ______ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

                                              ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

 

 

 

                                              ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО