Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 492

 

 

                                                    

 

 

 

 

  2019          5             23                                             2019/ДШМ/492                                             

 

     

                Ө.Э-д холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор С.Цэрэндалай,

            цагаатгагдсан этгээд Ө.Э-ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,  

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ө.Э-д холбогдох 1807002170064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ошхууз овгийн Ө-ын Э, .............. аймгийн .......... суманд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................” ХХК-д ............. ажилтай, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./;

 

Ө.Э нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж, түүний ятгалагын дагуу 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Ө.Э-д холбогдох эрүүгийн 1807002180064 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Э-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн 1807002180064 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх яллах дүгнэлтэнд авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан атлаа яллах баримтуудыг үндэслэн цагаатгасан. Цагаатгах үндэслэлээ тайлбарлаагүй, мөн ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг” гэж үздэг. Харин хор уршгийн тухайд мэдүүлэг өгч буй гэрч нь сэдэлт санаа зорилгын хувьд болсон асуудлыг гэрчлэх боломжтой гэж хүлээн зөвшөөрч, мэдэж байгаа зүйлээ үнэн зөв хэлэх баталгаа гаргасан атлаа хэргийн нөхцөл байдлын талаар зориуд төөрөгдүүлж, буруу ойлголт өгөхөд чиглүүлэн мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа гэж үзэж байна. Объектив шинжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн /мөрдөгч, прокурор, шүүх гэх мэт/ үйл ажиллагаанд халдсан үйлдэл байна.

Ө.Э нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч” үйлдсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан тул Ө.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, хэргийн хохирогч хохирч үлдэх зэрэг хохирол хор уршиг гарч байгааг харгалзан үзээгүй.

Иймээс Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичсэн.

Б.Бат-Ирээдүйд холбогдох хэргийн хувьд анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “тухайн хэрэг болох үед бид байгаагүй, тамхи татаж байхад зодоон болоод дууссан байсан” гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас дахин мэдүүлэг авч шалгахад Б.Бат-Ирээдүй нь гэрчүүдээс “миний хүн зодсон үйлдлийг хараагүй гэж хэлээд өгөөч, би гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулна” гэж олон удаа гуйсан байдаг.  Үүнийг Ө.Э болон бусад гэрч нар мэдүүлсэн. Шүүгч гэрчүүдийн мэдүүлгийг уншиж сонсгоод “Хараагүй гэсэн үг байхгүй байна. Яагаад чамайг энэ хэрэгт яллаад байна юм бэ?” гэх мэтээр хэт өмгөөллийн байр сууринаас хандсан асуултуудыг тавьж байсан. Үүнд нь улсын яллагчийн зүгээс “шүүх хуралдаан дуусахаас өмнө шүүгч ямар шийдвэр гаргахаа тодорхой үг үйлдлээр илэрхийлж байна. Цагаатгах тогтоол гарч магадгүй, шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа” талаар хэлсэн. Б.Бат-Ирээдүйн удаа дараагийн гуйлтаар Ө.Э нар нь “тухайн үйл явдлыг хараагүй” гэсэн мэдүүлэг 2 удаа өгсөн. Болсон үйл явдал нь Бат-Ирээдүйн Энхбаатарыг зодож, хүнд гэмтэл учруулсан. Уг хэрэг явдал болж байхад харж байсан, мөн зодооныг салгаж байсан гэрч нар үнэн бодит байдлыг мэдүүлээгүй байдаг. Иймд 45 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ө.Э-ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийг цагаатгах үндэслэлийг тайлбарлаагүй гэсэн эхний дүгнэлт нь үндэслэлгүй, дараагийнх нь гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн 2 дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэжээ. Цагаатгах тогтоолын үндэслэл нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс үзэхдээ “миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг гэмт хэргийн шинжгүй юм. Худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Харин худал мэдүүлэг өгөөгүй болох нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлд хамаарч байгаа учраас цагаатгаж өгнө үү” гэсэн байр сууринаас оролцсон. Улсын яллагч анхан шатны шүүхийн шүүгч тулгаж мэдүүлэг авсан гэж ярьж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтаас харахад “мэдүүлэг өгөөгүй үйл баримт байна” гэж дүгнэсэн учраас цагаатгасан. Энэ нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас дүгнэлтэд өөрчлөлт оруулах боломжтой юм. Хууль буруу хэрэглэсэн гэдэгт анхан шатны шүүхийн цагаатгах үндэслэл болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хэлсэн гэж ойлгож байна. Хуулийн заалтыг хэлээгүй. Гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгах нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгч тухайн хэргийг шийдвэрлэх байр сууриа илэрхийлээгүй. Хэргийн бодит байдлаар тогтоохоор асуулт асууж байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд найруулгын хувьд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Ө.Э нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө яллагдагч Б.Бат-Ирээдүйн ятгалагад автан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ө.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “шүүгдэгч гэрчээр худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдоогүй”, “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй тул гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн агуулгын хувьд хоорондоо илт зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийсний зэрэгцээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

           

            1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ө.Э нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг, зориуд худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай танилцаж гарын үсэг зуран гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Мөнхтуяа эгч нөхөртэйгөө хэрэлдээд ...  Мөнхтуяа эгчийг алгадаад авсан юм... Бат-Ирээдүй “та яагаад эмэгтэй хүнийг алгадаад байгаа юм бэ?... арай дэндүү эмэгтэй хүнийг дээрэлхээд байна” гэж нөхөрт нь хандаж хэлэхэд Бат-Ирээдүйн шанаанд нэг удаа цохисон... Би Бат-Ирээдүйг аваад Халиунаа, Мөнгөнтуяа бид гурав “M клуб” баарны зүүн тал руу яваад тайвшруулсан. Тэгээд тэнд тамхи татаж байгаад Бат-Ирээдүй “M клуб”-ын тийшээ явсан. Араас нь бид гурав байж байгаад би тамхиа татаж дуусаад “M клуб”-ын үүдэнд очиход зодоон болсон гээд ...” гэж /хх 13-15/, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчийн эрх, үүрэг, хариуцлагатай танилцаж дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Бат-Ирээдүй, Мөнгөнтуяа, Халиунаа бид дөрөв “M клуб”-ын ард очиж тамхи татаагүй, болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа. Бат-Ирээдүй нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа “Би Энхбаатар ахын хохирлыг барагдуулна, эрүүгийн хэрэгт ормооргүй байна, Халиунаа, Мөнгөнтуяа бид нарт “Энхбаатар ах намайг нэг удаа цохисон, та гурав намайг тайвшруулах гээд “M клуб”-ын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд “M клуб”-ын тийш явсан, та нар араас ирэхэд зодоон дууссан байсан, хараагүй” гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан... Бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн. Болсон үйл явдал гэвэл ... Бат-Ирээдүй дайрсаар Энхбаатар ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад унаж байхад нь нэг удаа толгой хэсэгт нь өшиглөөд... дөрвөн хөллөөд унасан байхад нь дагз руу нь 3-4 удаа хүчтэй цохисон ...” гэж мэдүүлэг өгчээ. /хх 17-18/

 

            Анхан шатны шүүх Ө.Э-ийн өгсөн дээрх хоёр удаагийн гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан Б.Бат-Ирээдүй, Э.Халиунаа, З.Мөнхтуяа, Т.Мөнгөнтуяа нарын мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судалж, бодитой үнэлэлгүйгээр “... найз Бат-Ирээдүй Н.Энхбаатар ахыг зодсоныг хараагүй гээд мэдүүлэг өгөөч гэсэн учир 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлэхдээ хэлээгүй тухайгаа нэмж хэлсэн үйл явдал болсон байна. Энэ үйл явдал нь ... гэх мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна ...” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүү үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

 

2. Цагаатгах тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгосон эхний үндэслэлдээ “гэрчээр худал мэдүүлэг өгсөн хэргийн үйл баримт тогтоогдоогүй” гэсэн бол дараагийн үндэслэлдээ “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол учраагүй” буюу өөрөөр хэлбэл, үйлдэл нотлогдсон боловч гэмт хэрэгт тооцохгүй хэмээн өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ... байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.

 

3. Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...”  гэж хуульчилснаас үзвэл хохирол шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

 

Худал мэдүүлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт буюу “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарна. Энэ гэмт хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт саад учруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах, эсхүл хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэх, шүүхээс бодит байдалд нийцсэн, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт шууд хүргэдэг бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ. Энэ тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 739 дүгээр магадлалд тодорхой заасан.  

 

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “... зориуд худал мэдүүлсэн гэх шинжийг хэлбэрийн төдий агуулсан энэ үйдлийн улмаас энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учраагүй байх тул ... гэмт хэрэгт тооцохгүй... ” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгэр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна. Үүнээс үзэхэд үйлдэл, эс үйлдэхүй нь гадаад хэлбэрийн хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хохирол, хор уршгийг үгүйсгэж байвал хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... бодит хохирол, хор ушиг ...” гэдгийг материаллаг шинж чанартай буюу хохирол бодитой учирсан гэдгээр ойлгож хэрэглэх нь хэт явцуу, өрөөсгөл болно. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинжийг үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсөхөөр, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхаар харилцан адилгүй хуульчлан тогтоосон байдаг. Үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт аюул заналхийлэл үзүүлсэн нь материаллаг шинж чанартай биш боловч тухайн гэмт хэргийн хохирол гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учраагүй ...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

  

   Иймд прокурор С.Цэрэндалайн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ө.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ө.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН