Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2373

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК -д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс тооцсон алданги 2 197 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Төрболд, Т.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.М миний бие 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М ХХК -тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан эрх зүйн газрын хуульч албан тушаалд ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлт гаргаж албан бичгээр өөрийн дээд удирдлага болох Эрх зүйн газрын захирал Б.Энхтуяад хандахад "манайд орон тоо байхгүй. Тэгээд ч чи харж байгаа биз дээ. Бид эрэгтэй хүн авна. Эмэгтэй хүн авахгүй. Чи өөр ажил олж хий л дээ. Өөрөө ажлаас гар" гээд маш их уурласан. Ажилдаа орох гээд ирсэн намайг ингэж угтсанд үнэхээр гайхсан. Түүний дараа ЗУГ-ын захирал Ц.Пүрэвдоржтой уулзахад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны №11/16 тоот албан бичгээр газар нэгжүүдийг цомхотгох болон ажилтнуудад урт богино хугацааны цалингүй чөлөө олгож байгаа, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөө авах эрхтэй хэмээн үзэж энэхүү хүүхэд асрах чөлөөний хугацааг нь бүрэн эдлүүлэх зарчим баримталж байгаагаа илэрхийлсэн. ...компанийн хүний нөөц хариуцсан газрын дарга Д.Ариунаа намайг хүлээн авч уулзахаас татгалзан, хариу өгөөгүй. Энэ хугацаанд ЭЗГ-т дахин нэг туслах хуульч шинээр авсан байсан. Улмаар хүүхэд маань 3 нас хүрч 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Байгууллагын хөгжлийн газар, захирал Д.Ариунаад ажилд орох өргөдлөө дахин өгөхөд ЭЗГ-ын захиралдаа өг гэсний дагуу И.Идэш захиралд өргөдлөө дахин өгсөн. Гэвч дахиад л огт хариу өгөлгүй, таг чиг болсон тул урьдын адил олон дахин асууж сурагласны эцэст утсаар "манай газарт орон тоо байхгүй. Чи ормоор байвал компанид ресепшний л орон тоо байна" гэсэн хариу өгсөн. Би эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, тус газарт хуульчаар ажиллаж байсан, хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнд ийм санал тавьсан нь сэтгэл санааны маш хүнд цохилт болсон. Тиймээс би компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнд ажилд орох хүсэлтээ дахин албан шуудангаар хүргүүлсэн боловч бас л хариу өгөлгүй байсаар туслахтай нь холбогдоход "таны хүсэлтийг хангах боломжгүй гэсэн" гэж утсаар хэлсэн. Би МАК компанид ажиллах хугацаандаа өөрийн ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн алдаа дутагдал, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажилдаа өөрийн хүчин чармайлт, хүч хөдөлмөрөө зориулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогч хүлээдэг. Хуулийн дагуу үндсэн ажилдаа эргэн орох эрх нээлттэй байгаа миний ажилд орох хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжтой байхад өргөдөл шийдвэрлэх хугацааг удаа дараа хэтрүүлж, үндэслэлгүй хариу өгч, хууль зөрчсөн шаардлага тавьж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, сэтгэл санааны дарамтанд оруулж, улмаар миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахгүй байгаад гомдолтой байна. М ХХК -нд хуульчийн албан тушаалд ажиллаж байх үеийн миний үндсэн цалин нэг сарын 1 800 000 төгрөг болно. Миний хүү 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3 нас хүрч, хуульд заасан хүүхэд асрах чөлөөний дээд хугацаа дуусгавар болсон тул өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үндэслэлгүйгээр ажил, албан тушаалд авахгүй байгаа хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоохыг даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн авах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Монголын алт” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. М ХХК -ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.19-д зааснаар ажилтан нь чөлөө авах болсон үндэслэлээ тодорхой бичих бөгөөд албан ёсны баримт бичиг, нотолгоог хавсаргана гэж заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.25 дахь хэсэгт "ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөний хугацааг сунгуулах тохиолдолд чөлөөний хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө нэгжийн удирдлагад албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл авсны дараа хүний нөөц хариуцсан нэгжид холбогдох бичиг баримтыг өгч чөлөөний хугацааг сунгуулна. Хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилан харьяа нэгжийн удирдлагад мэдэгдээгүй бол тухайн бичиг баримтыг харгалзан үзэхгүйгээр ажил тасалсанд тооцно" гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.5.4 дэх хэсэгт "харьяа нэгжийн удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг ба түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно" гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "ноцтой зөрчил гаргаж халагдсан ажилтныг дахин ажилд авахгүй" гэж заасан. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ компанийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу гаргаж байгаагүй учраас ажилд эгүүлэн авах үндэслэл байхгүй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан иргэнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах эрх зүйн үндэслэл, урьдчилсан нөхцөл нь тухайн иргэн нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид өгсөн байх учиртай. Компанийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.18 дахь хэсэгт "ажилтан ажиллах хугацаандаа адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид албан тушаал хавсран ажиллах, адил төрлийн үйл ажиллагаа, бизнесийг хувиараа болон бусадтай хамтран явуулахыг хориглоно" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 онд "Эм Ди Эс Хаан лекс" хуулийн нөхөрлөлд ажиллаж байсан. ...Ингэхлээр нэхэмжлэгч нь дээрх байдлаар ажилд орсон байсан учраас манай компанитай Б.Мн байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцох учиртай. Иймээс бидний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1:4-т заасан нэхэмжлэгчийн ажил, апбан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээгээгүй байна; Монгол Улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдлын нөлөөгөөр компанийн эдийн засгийн байдал эрс хүндэрсэнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж зардлыг бууруулах, нэгжүүдийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээний хүрээнд 2017 оны Эрх зүйн газрын үйл ажиллагааны зардлыг 2017 оны 01 дүгээр сард баталсан бөгөөд тэрхүү зардал, орон тооны төсөв, төлөвлөгөөний хүрээнд Эрх зүйн газрын орон тоог одоо ажиллаж буй 2 хуульчтай байхаар баталсан. Тийм учраас тус газарт захирал, орлогч захирал, ахлах хуульч-1, хуульч-2, мэргэжилтэн-3 байхаар орон тоог компанийн ерөнхийлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн а/304 тушаалаар баталгаажуулж, цалингийн хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6/305 дугаар тушаалаар хэвээр тогтоосон. Хариуцагчийн энэхүү тайлбар, үндэслэл нь нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө ажил олгогчид өгөөгүйгээс үүсэн эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгч нь өөр ажилд орсон учраас хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээгээгүй. Мөн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд эргүүлэн авах хүртэл ажилгүй байсан цалин хөлсийг хариуцагчийн зүгээс төлөх үндэслэл байхгүй гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүи болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т "ажил олгогч нь жирэмсний болон  амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална" гэж заасан байтал хариуцагч нь ажлын байрыг хэвээр хадгалаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ өгсөөр байтал хуульд заасны дагуу хүлээн авалгүй, санаатайгаар зайлсхийсэн нь ажилтныг ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Мн нэг сарын дундаж цалин хөлсийг 1 800 000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааг2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 14 сараар тооцон 25 200 000 төгрөгийг хариуцагч М ХХК -иас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т "ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно" гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 4074 хоногоор тооцон нэг хоногийн 0.3 хувийн алданги буюу 5 400 төгрөгөөр тооцож 2 197 800 төгрөгийн алдангийг хариуцагч М ХХК -иас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК -иас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хариу тайлбарт дурдсан үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь М ХХК  хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь М ХХК -нд 2013 оны 03 дугаар сэрын 01-ний өдөр ажилд орж, туршилтын хугацаанд ажиллаж байгаад 2013 оны 09 дүгээр сараас жинхэлж үндсэн ажилтнаар ажилах болсон. Тэрээр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Ингээд жирэмсний болон амаржсаны амралтаа авсаны дараа хүүхэд нь 2 нас хүрсэн тул 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэн орох хүсэлтээ тавьсан. Гэтэл М ХХК  нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11/16 дугаартай албан бичгээр манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөний хугацааг бүрэн эдлүүлэх, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлөх зарчим баримталж ажиллаж байгаа болно гэсэн тайлбарыг өгч Б.Мг ажилд авахаас татгалзсан. Үүний дараа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.М дахин хандаж, намайг ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч энэ өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Б.Мн асуудал нь захиргааны чөлөөтэй байгаа иргэнийг ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа асуудал учраас Улсын Дээд шүүхийн тайлбар, Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх зөвлөмжийн дагуу ажлаас халсан маргаантай адилтгаж шийдвэрлэнэ гэсний дагуу ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч М ХХК -иас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудал байхгүй. Өнөөдрийг хүртэл Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэсний дагуу Б.Мг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр М ХХК  ажлаар хангах үүрэгтэй байсан учраас энэ өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцуулахаар шаардлага гаргаж байна. Иймд Б.Мг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 30 272 660 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс тооцсон алданги 2 197 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Б.Мг ажлаас халсан, шилжүүлсэн тушаал, шийдвэр гаргаагүй. Хариуцагч байгууллагаас одоог хүртэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлж байгаа. Энэ нь түүнийг ажлаас халаагүй болохыг нотолно. Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолдог. Гэтэл манайх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу хүүхэд нь 3 нас хүрсэн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох ёстой гэж үзэж байна. Учир нь захиргаа удирдлагаас өгсөн албан бичгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. Уг албан бичигт хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүдийг хүүхэд нь 3 нас хүртэл нь чөлөөг бүрэн эдүүлэх зарчмыг баримталж ажиллаж байгаа тул Б.Мд хүүхдээ 3 нас хүртэл нь амарна уу гэдэг саналыг тавьсан байдаг. Б.М нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтдээ компанийн удирдлагын шийдвэрийг үндэслэн хүүхдээ 3 нас хүртэл хүлээсэн гэсэн байна. Үүнээс харах юм бол Б.М өөрөө хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөө авсан гэдэг нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Б.М нь М ХХК  хүсэлтийг хүлээн зөвшөерөхгүй байсн бол 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь 3 нас хүртэл хүүхдээ асрахыг өөрөө зөвшөөрсөн болохыг харуулж байна. Манай зүгээс түүнийг ажилд эгүүлэн авахгүй гээгүй бөгөөд ажилд авахгүй байсан нь нэгжийн удирдлагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Ажилгүй байсан хугацааны олговор гэдгийг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилд оруулаагүй хугацааны цалин хөлс гэж ойлгож байгаа тул түүний авч байсан цөлс 1 800 000 төгрөгөөс одоо Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авч байгаа 1 500 000 төгрөгийг хасч зөрүү 300 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тооцон нэхэмжлэгч Б.М нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр анх ажилдаа эргэн орох өргөдөл гаргасныг М ХХК -иас энэ өргөдлийнхөө хугацааг сунгана уу, компанийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байна гэсэн нэгжийн удирдлагын хүсэлтийг Б.М хүлээн зөвшөөрч хүүхдээ 3 нас хүртэл асрахыг зөвшөөрсөн байдаг. Б.М нь 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан хирнээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Б.М 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс анх хүсэлтээ өгсөнөөс хойш эрх ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзсэн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу "Монголын алт (МАК ХХК-иас авч байсан 1 800 000 төгрөгийн цалин, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авч байгаа цалин 1 500 000 төгрөгийн цалингийн зөрүү 300 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сараас хойш тооцож Б.Мд өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Батмөнхийн Мандхайг М ХХК -ийн эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, М ХХК -иас ажилгүй байсан хугацааны олговорт 1 470 222 төгрөг гаргуулан Б.Мд олгож, үлдсэн 28 802 438 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.М нь цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс тооцсон алданги 2 197 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1-д зааснаар улсын орлогоос 244 825 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, М ХХК -иас 38 473 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс давж заалдах гомдолдоо: “...Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтээрээ нэхэмжлэгч компаний бодлого, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн байдаг боловч шүүх үүнийг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Мөн 2017 оны 03-р сарын 13-ны өдөр Б.Мгийн гаргасан хүсэлтэд "Компанийн удирдлагын шийдвэрийг хүндэтгэн хулээсэн бөгөөд одоо миний хүүхэд 3 нас хүрсэн тул ажил албан тушаалдаа эргэн орох хусэлтэй байгааг минь хүлээн авна уу" гэснийг Анхан шатны шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11/16 дугаар албан бичигт "Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөө авах эрхтэй тул хүүхэд асрах чөлөөний хугацааг нь бүрэн эдлүүлэх, компаниас Нийгмийн даатгалын шийтгэлийг нь төлөх зарчмыг баримтлан ажиллаж байгаа болно" гэж хүний нөөцийн хүрээнд баримтлан ажиллаж буй бодлогыг танилцуулсан нь Б.Мд чөлөө олгосон гэж үзэх үндэслэл болохгүй билээ. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хөдөлмөрийн хуулийг зөрчсөн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь тогтоогдож байна. Б.Мгийн М ХХК -ний Эрх зүйн газрын дарга И.Идэшид хандан 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр гаргасан хүсэлтэндээ "Хуульд заасны дагуу ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр Захиргаа удирдлагын газарт гаргасан боловч 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11/16 дугаар албан бичгээр хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөний хугацааг бүрэн эдлүүлэхийг надаас хүссэн. Миний зүгээс энэхүү шийдвэрийг хүлээн авах боломжгүй байгаа учир урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ байгааг минь хулээн авна уу" гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүх энэхүү хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д дэх хэсэгт заасан дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Б.М нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр ажил албан тушаалыг хэвээр хадгалах хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон ч мөн л ажил албан тушаалд авч ажиллуулах шийдвэрийг гаргаагүй тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлахаар шийдвэрлэсэн нь ажлаас халсантай адилтган үзэж шийдвэрлэх маргааны хувьд хамааралгүй болжээ.

...Иймд Б.Мгийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байхад шүүх дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгг заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж цалин хөлсийг хугацаандаа олгоогүйгээс тооцсон алданги 2 197 800 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдаан дээр алданги нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр өөрчлөгдсөн гэж тайлбар гаргасан боловч шүүх хуралдаан дээр тайлбараа үгүйсгэж ажилд нь эгүүлэн авахгүй байгаа нь хариуцсан нэгжийн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь  М ХХК -д 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр туслах хуульчаар ажилд орж, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуульчаар ажиллаж байгаад 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Т.Хан-Одыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх 5, 10-15/

 

       Нэхэмжлэгч Б.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн эдэлсэн байх бөгөөд хариуцагч М ХХК -иас түүнд жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө олгосон тушаал гаргаагүй боловч түүнийг жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан талаар талууд маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний урьд авч байсан цалингаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байхдаа авч байсан цалинг хасч тооцон зөрүү болох 300 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш нөхөн төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

       Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М нь хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтээ гаргасан байхад ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд адил чанарын ажил, албан тушаалаар хангах үүрэгтэй.

 

       Гэтэл хариуцагч байгууллагын Б.Мг ажилд авсан ажил олгогчийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээ хүчинтэй, түүнийг ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон эрхийг нь зөрчиж, өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн аваагүйг хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж түүнийг хариуцагч байгууллагын Эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан байна. Хэдийгээр Б.М нь ажилд эгүүлэн орох тухай хүсэлтээ ажил олгогчид удаа дараа гаргаж байсан боловч хариуцагч байгууллагаас түүний хүсэлтэд хариу өгсөн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Б.Мг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэж, дээрх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон олгох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хх 6-9/

 

Харин шүүх нэхэмжлэгч Б.М нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хуульчаар ажилд орж, сарын 1 500 000 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК -иас авч байсан дундаж цалин хөлснөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авч байгаа дундаж цалин хөлсийг хасч зөрүүтэй тэнцэх олговорт 1 470 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Мн сарын цалин 1 800 000 төгрөг байсан талаар талууд маргадаггүй, хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ авагдсан байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх 5 сар 17 хоногоор тооцон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 10 423 255 төгрөгөөр тогтоон хариуцагч М ХХК -иас гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулав.

 

Дэээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...1 470 222 төгрөг...” гэснийг “...10 423 255 төгрөг...”, “...28 802 438 төгрөг...” гэснийг “...19 849 405...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...38 473 төгрөг...” гэснийг “...181 722 төгрөг...гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН