Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

 

 

 

 

                     

                         

 2022           04                 27                                       2022/ШЦТ/319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,               

улсын яллагч Д.Батзаяа,          

шүүгдэгч _________, нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас _________  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205003590751 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор засал чимэглэл мэргэжилтэй, Дотоод хэргийн их сургуульд жолооч ажилтай, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ________

Холбогдсон хэргийн талаар 

 

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө _________ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч _______ мөрлөж өнгөрлөө гэх шалтгаанаар биед нь халдаж, нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж уруулын салстад язарсан шарх, уруулын зулгаралт,зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 дугаар  шүдний сулрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: 

“...Би 2022  оны 01  сарын 11-ний өдөр _________ дугаар байрны доор байрлах авто зогсоол дотор ахынхаа машиныг янзалж дуусаад 23 цагийн үед гарч ирээд гэрлүү орох гээд авто зогсоолын хажуугаар явж байтал жижигхэн биетэй намхан залуу хажуугаар зөрөхдөө намайг мөрлөсөн. Би уг залууг яаж байгаа юм бэ гэхэд миний нүүрний баруун талын уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон эрүүний доод талаас дээш чиглэлтэй нэг удаа цохисон. Тэгээд _______  улсын дугаартай тээврийн хэрэгслээс найз нь гэх залуу бууж ирээд тэр залууг аваал 26 дугаар  байрны 2 дугаар орц руу орсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: _____ нь манай үеэл байгаа юм. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, нээх уугаад байдаггүй, дуу дуулдаг, спортоор  хичээллэдэггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1770 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-_________ биед уруулын салстад язарсан шарх, уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл  байна.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн:

“...2022 оны 01 сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад  найз Уртнасан  хөдөөнөөс орж ирлээ гээд манай гэрт орой 22 цагийн үед  ирсэн. Бид 2 пиво ууж суусан. Пиво ууж дуусгачхаад гэрээс  гараад байрныхаа дэлгүүр рүү ороод дахиад пиво авчхаад гэр рүүгээ орох гээд байрны гадаа явж байхад нэг танихгүй залуутай таараад хоорондоо мөргөлдсөн. Тэгээд миний араас ирэхээр нь бид хоёр муудалцсан. Бид тэр залуугийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон.  Тэр  согтуу болохоор намайг цохиогүй. Тэгээд манай  найз намайг  салгаад би гэр рүүгээ  орсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26 дугаар тал/,

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28,31 дугаар тал/,

-Нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн  талаарх талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 30 дугаар тал/,

-оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн  лавлагаа /хавтас хэргийн 32 дугаар тал/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч ________ нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Эко-26 дугаар байрны доор байрлах авто зогсоол дотор хохирогч ________ маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж,” биед нь уруулын салстад язарсан шарх, уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Б_________ өгсөн:  ________ гэх намхан залуу хажуугаар зөрөхдөө намайг мөрлөчихөөр нь яаж байгаа юм бэ гэхэд нүүр рүү 2 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1770 дугаартай шинжээчийн дүгнэлт: “..._______ биед уруулын салстад язарсан шарх, уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/

 

 Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...Бид тэр залуугийн нүүррүү гараараа 1-2 удаа цохисон.  Тэр  согтуу болохоор намайг цохиогүй. Тэгээд манай  найз намайг  салгаад би гэр рүүгээ  орсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М___________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч _________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

_________ нь 2 шүд суларсан гэж мэдүүлсэн боловч эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал гаргуулах тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгааг дурдаж, гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээж  шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

 1.Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

           4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

 5.Хохирогч _________ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ