Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТНИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т банк ХХК-д холбогдох

1 288 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ТНИ” ХХК-ийн захирал Б.Б, хариуцагч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТНИ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд захирал Б.Б-гээс гаргасан тайлбартаа: “Т банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах манай компанийн байранд бэлэн мөнгөний машинаа байршуулсан байдаг. Манай байгууллага төв замд байрладаг учир  жилд 1-2 удаа төрийн тэргүүнүүд гадаад улсаас айлчлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодруулбал, тухайн үед  АСЕМ-ын арга хэмжээ манай улсад явагдах болсонтой холбоотой хүмүүс, иргэд манай компанийн гадна талбайд бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар бөөгнөрөх гэх зэрэг олон улсын төлөөлөгч, зочдод таагүй харагдах, хотын тохижилт, өнгө төрх зохимжтой байхад учир дутагдалтай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016 оны 04 дүгээр сарын 20-нд 01/417 тоот албан бичгийг манай компанид ирүүлсэн. Үүнийг бид “Т банк” ХХК, “Хаан банк” ХХК-д өгсөн бөгөөд энэ үүргийг “Хаан банк” ХХК биелүүлээд гадна байрлалтай байсан бэлэн мөнгөний машинтай холбогдолтой бүх асуудлыг шийдсэн. Гэтэл “Т банк” ХХК тус даалгаврыг биелүүлээгүй, “Т банк” ХХК-д манай зүгээс бэлэн мөнгөний машиныг шилжүүл гэсэн албан бичгийг удаа дараа явуулж байсан.

Ингээд манай компанийн байранд байрлах Хан-Уул дүүрэгийн салбарын тухайн үеийн захирал байсан Ж.Цогзолбоо нь “АТМ-г шилжүүлэхтэй холбоотой зардал зөвшөөрөгдөх юм шиг байна, танай зүгээс гүйцэтгэх ажлын хөлсийг өгчих” гэсний дагуу нийт 1 288 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 16, 21-ний өдөр ажлыг гүйцэтгэсэн “Өлзийт зуун булаг” ХХК-д өгсөн. “Өлзийт зүүн булаг” ХХК нь “Т банк” ХХК-ийн тендерт шалгарч, ажлыг нь гүйцэтгэдэг компани гэсэн. Үүний дараа бид нар мөнгөө авъя гэхэд хариуцагч байгууллагын захирал нь өөрчлөгдсөн. Тэгээд төвөөс зөвшөөрөл олгодоггүй юм гэж хэлдэг байсан атлаа нэхэмжлэл гаргахад хариу тайлбартаа ийм тооцоо байхгүй гэсэн байна.

Хан-Уул дүүргийн салбарын захиралтай хийсэн “Хан-Уул дүүргийн салбарын бэлэн мөнгөний ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Өлзийт зүүн булаг” ХХК байгуулсан, тухайн компанид мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулгыг баталгаажуулж надад өгсөн. Ажлын урьдчилгаа, гүйцэтгэл гээд 2 удаа манай компани “Өлзийт зүүн булаг” ХХК-д мөнгө төлсөн байдаг.  Би “Т банк” ХХК-тай олон удаа ярьж байсан өмнөөс нь төлсөн мөнгийг нэхэмжилж байсан боловч одоо удирдлагууд нь солигдсон гээд төлөгдөхгүй байна. Иймд шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч “Т банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 1 288 000 төгрөгийг бэлэн мөнгөний машин шилжүүлсэн ажлын зардалд “Т банк” ХХК-иас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь “Т банк” ХХК-ийн төв банканд огт хандаж байгаагүй, зөвхөн “Т банк” ХХК-ийн салбартай харилцаж байсан байдаг. Салбар банк нь бие даасан, төв банкыг төлөөлөх эрх бүхий хуулийн этгээд биш юм.

Нэхэмжлэгч тал нь тус компанийн төв хаалганы дээд талд, ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай, гадаа байрлаж байсан АТМ-г барилгын зүүн талд хойшоо харсан байрлалтай болгон шилжүүлж байрлуулсан гэж байна. Үүнээс харахад АСЕМ-аас шалтгаалсан гадаад орчинг сайжруулсан нөхцөл байдал харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл яг л гадна талд хойшоо төв зам руу харж байсан, одоо ч бас гадаа, мөн хүмүүсийг бөөгнөрүүлсэн байдал нь хэвээр гэж харагдаж байна. АСЕМ-тай холбоотой шилжүүлэх гэсэн үүрэг даалгавар харагдахгүй байна. Мөн “Т банк” ХХК-ийн Хан-Уул салбарын захирлаар ажиллаж байсан Ж.Цогзолбоо утсаар яриад “манайх зөвшөөрч магадгүй юм шиг байна, тийм учраас мөнгийг шилжүүлээч гэсэн” гэх аман байдлаар хэлцэл хийсэн байна.  “Өлзийт зүүн булаг” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 16-нд “Хан-Уул дүүргийн салбарын бэлэн мөнгөний машин нүүлгэн шилжүүлэх тухай ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. “Т банк” ХХК-ийн салбарын захирал дур мэдэн гэрээ байгуулах эрхгүй. Тухайлбал Банкны тухай хуулийн 3.1.13.-т “банкны нэгж гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ” гэж заасан. Тийм учраас бие дааж гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг.

Манай байгууллага олон салбар нэгжтэй бөгөөд салбар болгон ингэж гэрээ хийх эрхгүй. Ганц “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ эрхийг хэрэгжүүлэх эрхтэй. Энэ нь “Т банк” ХХК-ийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдана. Мөн “Т банк” ХХК-ийн гэрээ бүртгэх, хянах журмыг “Т банк” ХХК-ийн бүх ажилтан хэрэгжүүлж ажилладаг. Энэ журамд гэрээ байгуулах төсөл бүр Хуулийн газраар хянагдах ёстой бөгөөд тус журмын 4.4-т гэрээ, төслийг хүлээн авсан хуулийн мэргэжилтэн гэрээг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн эсэхийг тогтоож холбогдох саналыг гэрээний хуудас бүрт хянан тэмдэг дарна гэж заасан. Хан-Уул дүүргийн салбартай байгуулсан гэрээний нэг ч хуудсанд тийм тэмдэг байхгүй байна. Мөн гэрээг хүчин төгөлдөр болох үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд журмын хавсралт 2-т байгуулсны дагуу эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулна гэсэн. Хавсралт 2-т ажил гүйцэтгэх гэрээг тусгасан бөгөөд зөвхөн орон нутгийн хувьд салбарын захирал төлөөлж гэрээ байгуулж болохоор заасан. Гэтэл дээрх гэрээг харахад төлөөлж байгаа этгээд нь Хан-Уул дүүргийн тооцооны төвийг хариуцсан мэргэжилтэн байх бөгөөд огт эрх олгогдоогүй этгээд байна. Батлах ажиллагааг гүйцэтгэх захирал батлах ёстой байтал салбарын захирал баталсан байна. Тийм учраас энэ гэрээ нь журам, хууль дүрэм, аль алийг нь зөрчсөн гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ байна. Аман хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. “Т банк” ХХК-д нэг ч аман хэлцэл явагддаггүй бөгөөд бүгд энэ журмын дагуу бичгэн хэлбэрээр явагддаг. Тийм учраас энэ гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ тул 1 288 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Нэмж хэлэхэд гэрчийн мэдүүлэг дээр “ТНИ” ХХК нь ямар үндэслэлээр 1 288 00 төгрөг нэхэмжилсэн тухай задаргааг огт танилцуулаагүй гэж дурддаг, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Мөн энэ гэрээ байгуулсан өдрөөр мөнгө шилжүүлсэн бөгөөд зүгээр хэлэнгүүт нь гэрээ байгуулсан байна. Энэ нь бүхэлдээ банкны дүрэм, журам, зааврыг зөрчсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТНИ” ХХК нь хариуцагч “Т банк” ХХК-иас, өөрийн байранд байрлах, тус банкны эзэмшлийн мөнгөний машин  буюу “АТМ”-г шилжүүлэн байрлуулсны зардалд төлсөн 1 288 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “Т банк” ХХК нь Хан-Уул салбарын захирлаар ажиллаж байсан  Ж.Цогзолбоо нь бие дааж гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй,  гүйцэтгэх захирал ийм гэрээ байгуулах эрхтэй, тус банкны бүх ажилтан мөрдөх “Т банк” ХХК-ийн гэрээ байгуулах, хянах, бүртгэх, дүгнэх  журам”-ын  4.1, 4.2, 4.4, 5.1, 5.5-д заасныг зөрчсөн,  “Өлзийт зүүн булаг” ХХК-тай, тус банкны  Хан-Уул дүүргийн тооцооны төвийг хариуцсан мэргэжилтэн  төлөөлж гэрээ байгуулсан нь эрх олгогдоогүй этгээд тул хүчин төгөлдөр бус гэрээ болсон, энэ зардлын талаар  тооцооны төвөөс удирдлагад танилцуулаагүй, 1 288 000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй  гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.“Өлзийн зүүн булаг “ ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 21-ний өдрийн хооронд нэхэмжлэгч “ТНИ” ХХК-ийн эзэмшлийн барилгад угсарсан, тус барилгын төв хаалганы баруун талд зэргэлдээ байрлах,  хариуцагч “Т банк” ХХК-ийн эзэмшлийн бэлэн мөнгөний машин буюу АТМ-г барилгын зүүн хойд талд шилжүүлэн байрлуулж угсарсан байна.

Энэ үйл баримт нь зохигчдын тайлбар, “Т банк” ХХК-ийг төлөөлж Хан-Уул салбар болон “Өлзийт зүүн булаг” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хан-Уул дүүрэг салбарын АТМ нүүлгэн шилжүүлэх ажил хийж гүйцэтгэх гэрээ”, гэрч Ж.Цогзолбоогийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон.

2.Хариуцагч “Т банк” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын  барилгын 1 дүгээр давхарт 140 м.кв талбайг түрээслэн Хан-Уул дүүрэг салбарын үйл ажиллагааг явуулдаг,  дээрх АТМ-г өөрийн эзэмшлийнх  мөн болох талаар,   АТМ-г шилжүүлж байрлуулан угсарсан талаар, одоо АТМ-г “Т банк” ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарт ажиллуулж байгаа талаар тус тус хүлээн зөвшөөрч  маргаагүй байна.

3.Хариуцагч “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/352 тоот тушаалаар батлагдсан “Т банк ХХК-ийн гэрээ байгуулах, хянах, бүртгэх, дүгнэх журам”-ын 4.2-т “Гэрээ нь мөнгөн дүнтэй бол хянуулахаас өмнө гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх захирлаас эрх олгосон албан тушаалтанд танилцуулж зөвшөөрлийг гэрээний төсөлд хавсаргасан байна”, 5.2-т “Гэрээнд хүчин төгөлдөр болох үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд журмын хавсралт 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулна”,  5.5-д “Нэгжийн захирал нь уг журмын хавсралт 2-т заасан эрх хэмжээний хүрээнд байгуулах гэрээг холбогдох газар, хэлтсийн даргад урьдчилан танилцуулж зөвшөөрөл авна” 6.1-д “Гэрээнд Хуулийн газрын мэргэжилтэн гэрээ бүртгэлийн тэмдгийг даран, гарын үсгээр баталгажуулж, тухайн өдрөөр дугаар өгөх бөгөөд тус гэрээний 1 хувийг авч хадгална” гэж тус тус заажээ.

4.Хэдийгээр “Т банк” ХХК-ийн Хан-Уул дүүргийн салбарын захирал нь гэрээ байгуулах эрхгүй талаар дээрх журамд заасан ч  Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн салбарын захирлын “Өлзийт зүүн булаг” ХХК-тай  байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  “Хан-Уул дүүрэг салбарын АТМ нүүлгэн шилжүүлэх ажил хийж гүйцэтгэх гэрээ”-г хожим дэмжин зөвшөөрсөн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл дээрх гэрээний  дагуу гүйцэтгэгч “Өлзийт зүүн булаг” ХХК нь  хариуцагчийн эзэмшлийн АТМ-г нүүлгэн шилжүүлэх, түүнтэй холбоотой засварын ажлыг хийж гүйцэтгэн,  захиалагч “Т банк” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч одоо АТМ-г ажиллуулж байгаа үйл баримтууд тогтоогдсон, үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

Түүнчлэн хариуцагч “Т банк” ХХК нь тухайн үедээ уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаж байсан талаар баримтгүйн дээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын дотооддоо мөрддөг журам, дүрмийг мэдэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 Иймд хариуцагч “Т банк” ХХК нь, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасны дагуу “Т банк” ХХК-ийг төлөөлж Хан-Уул салбар болон “Өлзийт зүүн булаг” ХХК-ийн хооронд  “Хан-Уул дүүрэг салбарын АТМ нүүлгэн шилжүүлэх ажил хийж гүйцэтгэх гэрээ”-г  байгуулсан үйлдлийг  хожим дэмжин хүлээн зөвшөөрсөн, улмаар энэ гэрээ хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгчээс ажлын хөлсийг нь төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар биелэгдэж, гэрээний талуудын үүрэг дуусгавар болсон байна.

5.Нэхэмжлэгч “Т-ноос импекс” ХХК нь АТМ-г шилжүүлэн байрлуулах тухай, түүнд гарах зардлыг төлөх тухай  2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 52/1029 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 54/1608 тоот албан бичгүүдээр хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан ба  2016 оны 09 дүгээр  сарын 16-наас 21-ний өдрүүдэд нийт 1 288 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн АТМ-г шилжүүлэн байрлуулсан засварын ажлын хөлсөнд зориулан “Өлзийт зүүн булаг” ХХК-д шилжүүлсэн болох нь “Өлзийт зүүн булаг” ХХК-ийн нэхэмжлэх, Т банкны орлогын мэдүүлгүүд,  гэрч Ж.Цогзолбоогийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

6. Нэхэмжлэгч “Т-ноос импекс” ХХК нь хариуцагчийн гэрээний үүрэгт төлөх ёстой байсан ажлын хөлс болох 1 288 000 төгрөгийг “Өлзийт зүүн булаг” ХХК-д төлснөөр хариуцагч талын хувьд  бусдад төлөх үүрэг нь дуусгавар болж, АТМ-г ашиглан үйлчилгээ явуулах нөхцөл хангагдаж, дээрх хэмжээгээр хөрөнгө нь нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Т банк” ХХК нь нэхэмжлэгчийн зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж...төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгэд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч нь бусдын өрийг төлсөн зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй.

7.Нэхэмжлэгч тал нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн  төлбөр нэхэмжлэх тухай 33/17-2 тоот албан бичгээр 1 288 000 төгрөгийг шаардсан боловч хариуцагч төлөөгүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.-т заасан нэхэмжлэгч талаас шаардлага гаргаж болохгүй байх үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул хариуцагч байгууллагаас 1 288 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид   35 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                      

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан хариуцагч “Т банк” ХХК-иас 1 288 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТНИ” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид   35 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны   шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Ж.БАЙГАЛМАА