Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00172

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр           Дугаар 153/ШШ2018/00172                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын нутагт оршин суух, регистрийн дугааргүй, Найман овогтой Адвашийн Меземханы нас тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Меземхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Меземхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь эцэг эхээс наймуулаа гэтэл 5 ах дүү маань Казакстан улсын иргэн болсон. Монголд А.Хурманхан, А.Мекен, миний бие үлдсэн боловч эгч А.Мекен 2016 онд нас барсан. Би айлын доороосоо 2 дахь хүүхэд. Би 1968 онд Мянгад суманд төрөөд тэндээ 8 дугаар анги төгссөн. Мөн би анхны 2 жилийн цэрэгт явж байсан. Би иргэний үнэмлэхтэй болмоор байна. Би Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын иргэн байсан. Аав нас барахад би А.Хурамхан ахын гэрт очиж амьдарсан бөгөөд ахын гэр шатахад паспорт хамт шатсан юм шиг байна, олдохгүй байна. Би 5 настайдаа ахындаа ирж амьдарсан ба 20 нас хүртлээ ахындаа амьдарсан, энэ хугацаанд айл айлын мал малладаг байсан. Надад ямар нэгэн бичиг, баримт байхгүй. Миний нүд юм харахгүй болж байна. Тэгээд эмнэлэгт үзүүлэх гэхэд бичиг баримтгүй гээд үзэхгүй байна. Би Эх ороны хишиг ч авч байгаагүй. Би эхээс наймуулаа бөгөөд А.Хурманхан,  А.Жолдыбай, А.Мереке, А.Меземхан, А.Айнахан, А.Күлашхан тэгээд би. Би доороо ганц дүүтэй.  Манай А.Хурманхан ахаас бусад нь бүгд Казакстан улс руу явсан. Одоо би өөрийгөө 50 настай гэж боддог. Намайг төрхдөө зүрхний эмч н.Баасанжавын гар дээр төрсөн гэдэг. Намарын улиралд төрж байсан гэж хэлж байсан. Би А.Жолдыбай ахын гэрт бас байсан. Иймд миний насыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Меземхан нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Улсын бүртгэлийн хэлтсийн А.Меземханд Төрөлтийн бүртгэл гараагүй тухай лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаартай “А.Меземхан төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэх албан бичиг,

-Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/128 дугаартай “А.Меземханд төрсний бүртгэлийн бүртгэл гарахгүй байна” гэх албан бичиг,

-Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаартай “А.Меземхан нь тэнэмэл амьдралтай, иргэний үнэмлэхгүй, төр засгийн ямар нэгэн тусламж, дэмжлэгт хамрагдаагүй иргэн мөн” гэх тодорхойлолт,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэгсдийн бүртгэлийн хуулбар,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/78 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1989, Жаргалант сумын 2000 оны архивын лавлагаа,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/511 дугаартай “Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 171 дугаартай хуудаст Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн оршин суугч өрхийн тэргүүн Адуашийн Жалдабай эрэгтэй, 1962 оны 11 сард төрсөн, 32 настай хүү Жолдвайн Холнбай 1987 оны 03 сард төрсөн, 12 настай, охин Жолдвайн Хапура 1988 оны 10 сард төрсөн, 11 настай, хүү Жолдвайн Нагашбай 1990 оны 04 сард төрсөн, охин Жолдвайн Магрипа 1992 оны 02 сард төрсөн, 7 настай, хүү Жолдвайн Онашыбай 1994 оны 01 сард төрсөн, 5 настай, дүү Адывашийн Меземхан эрэгтэй, 1968 оны 04 сард төрсөн, 31 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/510 дугаартай “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 38 дугаар хуудаст Ховд аймгийн Ховд сумын харьяат Мухашийн Адваш эрэгтэй 72 настай, Адвашийн Меземхан эрэгтэй 21 настай, Адвашийн Кылымхан эмэгтэй 15 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Гэрч А.Хурманханы “би А.Меземханы төрсөн ах. Бид эхээсээ арван нэгүүлээ байсан. Үүнд А.Ажкей эрэгтэй 1946 онд төрсөн, А.Хурман эрэгтэй 1948 онд төрсөн, А.Хурманбай эрэгтэй 1950 онд төрсөн. А.Мешин эмэгтэй 1952 онд төрсөн, А.Хурманхан эрэгтэй 1960 онд төрсөн, А.Жолдыбай эрэгтэй 1962 онд төрсөн, А.Мереке эмэгтэй 1964 онд төрсөн, А.Меземхан эрэгтэй 1968 онд төрсөн, А.Айнахан эмэгтэй 1970 онд төрсөн, А.Күлашхан эмэгтэй 1972 онд төрсөн, хамгийн том эгчийнхээ нэрийг сайн мэдэхгүй байна. Намайг бага байхад нас барсан. Одоо А.Хурманхан,  А.Жолдыбай, А.Мереке, А.Меземхан, А.Айнахан, А.Күлашхан нар амьд мэнд байгаа. Эдгээрээс А.Меземхан ганцаараа Ховдод байгаа. А.Меземхан нь 1983-1985 онд цэргийн алба хаасан. Тэрээр 1987 онд эхнэр аваад гурван жилийн дараа гэр нь шатсан. Дараа нь эхнэр нь салсан. Тэд нэг хүүхэдтэй байсан. А.Меземхан эхнэрээсээ салсны дараа архи уудаг болсон. А.Меземхан 1998-2003 оны хооронд А.Жолдыбайн гэрт амьдардаг байсан. Манай аавыг М.Адваш гэдэг, ээжийг Х.Хумархан гэдэг. А.Меземхан 1968 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Тухайн үед Баасанжав эмч эх барьж авсан. Тэрээр Мянгад сумын эмнэлэгт төрсөн. А.Меземхан ихэнхдээ тэнэмэл амьдралтай амьдардаг байсан. Одоо А.Меземхан нэг хүүхэдтэй буюу хүүхэд нь ээжээрээ овоглодог” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийг  хангаж, Адвашийн Меземханыг 1968 онд төрсөн болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч А.Меземханы төрсөн сар, өдрийн талаар хэрэгт авагдсан гэрч А.Хурманханы мэдүүлэгт “...А.Меземхан 1968 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн” гэж, Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/511 дугаартай лавлагаагаар “...Адывашийн Меземхан эрэгтэй, 1968 оны 04 сард төрсөн, 31 настай” гэж дурдагдсан тул эдгээр баримтуудад авагдсан А.Меземханы төрсөн сар, өдөр зөрүүтэй байна. Иймд А.Меземханы төрсөн сар, өдрийг тогтооход шууд нотлох баримт байхгүй учир шүүхийн практикт 1951 оноос өмнө төрсөн хүмүүсийн төрсөн сар, өдрийг тухайн жилийн 1 дүгээр сарын 1, 7 дугаар сарын 1-ний өдрөөр бүртгэдэг байсан тул энэхүү практикийг анхаарч А.Меземханы төрсөн сар, өдрийг 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Адвашийн Меземханыг 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА