Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          5           09                                       2022/ШЦТ/350                                    

     

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Ч.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105024410166 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин, засал чимэглэлчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; хүргэн ах, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор * дугаар гудамж, *** тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

2. Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн,

3. Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

4. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

***** регистрийн дугаартай Б овогт Ч.Б

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Б 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ойролцоо хохирогч Б.Н-г согтуурхлаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хамрын ясанд үл мэдэг зөрүү бүхий хугарал, дух, баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун зүүн алганд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Н-г зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цуг архи ууж байгаад зодсон. Надад ярих зүйл алга байна. Би гадуур дэмий тэнэж архи уудаг болохоор сая хэсэг хугацаанд архи ууж байгаад баригдаж, цагдан хоригдсон. Намайг цагдан хориотой байхад Чингэлтэйн цагдаагаас ирж гэрчийг мэдүүлэг авсан. Түүнээс биш яллагдагчаар татаагүй гэв. 

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Н “... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны цайны газарт хоол идээд сууж байтал Б хоёр танихгүй хүнтэй хамт ороод ирсэн. Тэгээд над руу заагаад миний найз охин Н, наадах чинь авсангэж хэлсэн. Бат-Оршихын найз охин уг хоёр хүний гар утсыг авсан юм шиг байна лээ. Бат-Оршихын найз охин нь надтай төстэй болохоор намайг гэж худлаа хэлсэн юм шиг байна лээ. Би цайны газраас гараад уг хоёр хүнд би юм аваагүй гэж тайлбарлан хэлэх гэхэд Б гараараа миний баруун нүдний хэсэгт цохиод би газар унахад дахин гараараа зүүн чих, хацар хэсэгт цохисон. Тэгээд миний нүд, хацар, чих хэсэг хавдаж гэмтсэн /хх-н 23-24/ гэж,

шүүгдэгч Ч.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байрны хажууд хамт архи уудаг танил Н-той хамт архи уугаад сууж байхад Н согтуурхаад байхаар нь би нүүр хэсэгт нь гараараа цохиход Н газар унасан. Н-гийн нүдний орчим хавдаж бомбойсон байсан” /хх-н 49/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Н-гийн биед хамрын хянга ясанд үл мэдэг зөрүү бүхий хугарал, дух баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 11206 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 33-34/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Ч.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэвч хяналтын прокурор дараах байдлыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хэзээ гарсан, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоох, тодорхойлох шаардлагатай байдаг.

 

Шүүгдэгч Ч.Бод холбогдох энэ хэргээс үзвэл тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой хохирогч Батдэмбэрэлийн Нг зодож, энэ талаар түүний эх Л.Алимаа, эцэг Г.Батдэмбэрэл нар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт өргөдөл гаргажээ. /хх-н 04/

 

Улмаар хохирогчийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 11206 дугаартай дүгнэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргахдаа “... 2021.11.08-ны өдөр БГД-ийн 3-р хороонд бусдад зодуулсан” гэж тэмдэглэсэн байна. /хх-н 33-34/

 

Мөн гэрэл зургийн тайлбарт “... 11 дүгээр сарын 08-ны өдөр дэлгүүрийн гадна болсон үйл явдал ...” гэж дурджээ. /хх-н 20/

 

Гэтэл мөрдөгч, прокурорын хэн аль нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг бүхий л эрх зүйн актдаа

үүнд: “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-н 01/,

“Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-н 02/,

“Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол /хх-н 45-46/,

Прокурорын “Яллах дүгнэлт” /хх-н 80-81/ зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 11 дүгээр сарын “23-ны өдөр гэж тодорхойлон бичжээ.

 

Дээрх байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болох боловч шүүгдэгч Ч.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “... 11 дүгээр сарын 08-ны өдөр ...” гэж мэдүүлсэн, хохирогч Б.Н мөн “... 11 дүгээр сарын 08-ны орой 18:00 цагийн үед зодуулсан” гэх зэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар шүүгдэгч, хохирогч маргаагүй байна, “23” гэсэн бичилт нь мөрдөгч, прокурорын гаргасан техникийн шинжтэй алдаа гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Н “... Ч.Бод ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүн миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” /хх-н 62/ гэсэн байх тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Ч.Бод холбогдох энэ хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн боловч тухайн өдрөөс эхлэн Ч.Б шүүхээс оргон зайлж, түүнийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх, цагдан хорих тухай шүүгчийн захирамж гаргаснаар 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр баривчлагдаж, улмаар цагдан хоригдсон[1] байна.

 

Шүүгдэгч Ч.Б энэ хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 32 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцид “хорих” ялгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн уг ялыг эдэлсэнд тооцов.

 

Хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Быг 256 /хоёр зуун тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Б 32 хоног буюу 1 сар 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдэлсэнд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Быг нэн даруй суллаж, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Н гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Ч.Бод урьд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

 

[1] Цагдаагийн Ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн алба 2022.04.07    11ж/2846 тоот албан бичиг