| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 108/2018/0113/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 493
2019 5 23 2019/ДШМ/493
Э.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
цагаатгагдсан этгээд Э.Х-ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Х-д холбогдох 1807002180065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.............овгийн Э-гийн Х, Улаанбаатар хотод 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхэд, эхийн хамт амьдардаг, .......... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../;
Э.Х нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж, түүний ятгалагын дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Э.Х-д холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Х-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Цэрэндалай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэрч З.Мөнхтуяа /хх 2/, Бат-Ирээдүй /хх 5-6/, Ө.Энхтөр /хх 16-17/, Т.Мөнгөнтуяа /хх 22-23/, Э.Х /хх 10-11/ нарын мэдүүлгүүдээр Э.Х нь гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон.
Шүүх яллах дүгнэлтэнд тусгагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан атлаа яллах баримтуудыг үндэслэн цагаатгасан. Цагаатгах үндэслэлээ тайлбарлаагүй, мөн ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
Шүүх хуралдааны явцад шүүгч Д.Чинзориг нь шүүгдэгчээс “та ямар хэрэгт холбогдоод байгаа юм бэ? та мөрдөн шалгах ажиллагааны явцад худлаа мэдүүлэг өгөөгүй юм биш үү? та Б.Бат-Ирээдүй нь Н.Энхбаатарыг цохисон талаар мэдүүлэг өгсөн байна, яагаад таныг худал мэдүүлэг өгсөн гээд яллаад байгаа юм бэ? прокуророос таныг хэдэн удаа дуудаж уулзсан, таныг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа нь ойлгомжгүй байна” гэх зэргээр удаа дараа асуулт асуух, хэрэгт авагдсан Э.Х-ийн мэдүүлгийг өөрт нь уншин өгч “энэ мэдүүлэгт авагдсан Н.Энхбаатар нь Б.Бат-Ирээдүйг нэг удаа алгадсан уу, шанаадсан уу, ямар ч байсан гар нь хөдөлсөн” гэх мэдүүлгийг шүүгч өөрөө буруу ойлгож, түүнийгээ шүүгдэгчид мөн буруу тайлбарлаж, өөрөөр хэлбэл “Н.Энхбаатар нь Б.Бат-Ирээдүйг цохисон талаар мэдүүлсэн байхад Б.Бат-Ирээдүй нь Н.Энхбаатарыг цохисон гэж та болсон асуудлын талаар мэдүүлсэн байна” гэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг” гэж үздэг. Харин хор уршгийн тухайд авч үзвэл мэдүүлэг өгч буй гэрч нь сэдэлт санаа зорилгын хувьд “болсон асуудлыг би гэрчлэх боломжтой” гэж хүлээн зөвшөөрч, “мэдэж байгаа зүйлээ үнэн зөв хэлнэ” гэж баталгаа гаргасан атлаа нөхцөл байдлын талаар зориуд төөрөгдүүлж, буруу ойлголт өгөхөд чиглүүлэн мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа субъектив шинжээрээ гэмт хэргийн шинжийг агуулна. Объектив шинжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн /мөрдөгч, прокурор, шүүх гэх мэт/ үйл ажиллагаанд халдаж байгаагаар илэрхийлэгдэнэ. Иймээс “гэрч худал мэдүүлснээс хэний ч эрх ашиг хөндөгдөөгүй, хэнд ч ямар ч хохирол, хор уршиг бий болоогүй, хэн нэгний эрх зүйн байдал нь дээрдээгүй, эсхүл дордоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж шүүх дүгнэснийг улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Э.Х нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч” үйлдсэн.
Иймээс Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичсэн...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Х-ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Бат-Ирээдүйд холбогдох хэрэгтэй нэгтгэх шаардлагатай гэж заасан. Э.Хд холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн 745 дугаартай магадлал гарахаас өмнө 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 124 дугаартай цагаатгах тогтоол гарсан. Мөн энэ өдөр Бат-Ирээдүйд холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 125 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байсан. Нэгэнт уг шийтгэх тогтоол хүчинтэй болсон учир давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэргийг нэгтгэж шалгах ажиллагаа хийгдээгүй. Хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад миний үйлчлүүлэгч нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас гомдол гаргаж дахин хэлэлцүүлсэн. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэлэлцсэн. Миний үйлчлүүлэгчид гэм буруугүй гэдгээ илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар хэлэхэд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цагаатгах тогтоол болон 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол бүгд нэг үндэслэлтэй гарсан. Хэрэг болох үед 18-20 настай байсан. 2017 оны 8 дугаар сард өгсөн мэдүүлгүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан, холбогдох этгээдэд нь ял завшуулах санаа байгаагүй гэж үзэж байна. Харсан зүйлээ санаж байгаа хэмжээгээрээ хэлсэн. Дараа нь мэдүүлэхдээ өмнө өгсөн мэдүүлгээсээ дэлгэрэнгүй мэдүүлсэн. Харин хохирогчийн эхнэрт миний үйлчлүүлэгч нар “таны хохирлыг Б.Бат-Ирээдүй төлж барагдуулсан уу, бид нарыг хэрэг болсон явцыг хараагүй гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан учраас бид нар хараагүй гээд хэлсэн” байдаг. 2017 оны 8 дугаар сард хохирогчийг зодож, цохисон талаар мэдүүлсэн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин харсан зүйлийнхээ заримыг орхигдуулсан байсныг сүүлд нэмж мэдүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж, найруулгыг зөвтгөн шийдвэрлэх боломжтой. Хэргийн анхнаас нь нэгтгэх болов уу гэсэн байр суурьтай байсан. Прокурорт хэргийг нэгтгэх талаар саналаа хэлсэн. Энэ хэргийн улмаас миний үйлчлүүлэгч нарыг чирэгдүүлж, эрх ашгийг хохироож байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх Э.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “шүүгдэгч гэрчээр худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдоогүй”, “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй тул гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн агуулгын хувьд хоорондоо илт зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийсний зэрэгцээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Э.Х нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг, санаатай худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай танилцаж гарын үсэг зуран гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... нөхөр нь Мөнхтуяа эгчийг алгадаад авсан... Бат-Ирээдүй “та яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэтэл Бат-Ирээдүйг шанаа руу нь алгадсан уу, шанаадсан уу мэдэхгүй цохиод авсан. Бат-Ирээдүй “та яаж байгаа юм бэ” гэхэд дахиад алгадсан байх. Тэгээд бид нар Бат-Ирээдүйг салгаад “М клуб” баарны зүүн талд байдаг засмал замын тэнд Бат-Ирээдүй, Энхтөр, Мөнгөнтуяа нарын хамтаар бид дөрөв очсон. Тэгтэл Бат-Ирээдүй “Отгоноо эгчийг аваад ирье” гээд явсан. Бид нар араас нь 5 минут орчим болоод очиход зодоон болоод дууссан. Мөнхтуяа эгч “чи яаж байгаа юм бэ, муу ч гэсэн эгчийнх нь нөхөр шүү дээ” гээд, нөхөрийнх нь нүд хавдчихсан байсан...” гэж /хх 7-8/, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрчийн эрх, үүрэг, хариуцлагатай танилцсаны үндсэн дээр дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа. Бат-Ирээдүй 2017 оны 7 дугаар сарын үеэр Мөнгөнтуяа, Энхтөр бид гураваас “Энхбаатар ахын хохирлыг барагдуулсан ч ял авах юм шиг байна, та нар “намайг Энхбаатар ахыг цохихыг хараагүй, өөр газар тамхи татаад зогсож байсан, тэгээд ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан” гээд хэлээд өгөөч, би тэгвэл Энхбаатар ахын хохирлыг асуудалгүй барагдуулана, та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч” гээд нилээн олон удаа гуйсан... Тэгээд бид гурав ерөнхийдөө “болсон явдлыг хараагүй, хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан”гэж худал мэдүүлэг өгсөн юм. Энхбаатар ах Бат-Ирээдүйн нүүр хэсэгт гараараа цохисон чинь Бат-Ирээдүй зөрүүлж цохиод хавирч унагаад... толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд, 2-3 удаа толгой хэсэгт нь цохиод ...” гэж мэдүүлэг өгчээ. /хх 10/
Анхан шатны шүүх Э.Х-ийн өгсөн дээрх хоёр удаагийн гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан Б.Бат-Ирээдүй, Ө.Энхтөр, З.Мөнхтуяа, Т.Мөнгөнтуяа нарын мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судалж, бодитой үнэлэлгүйгээр “... найз Бат-Ирээдүй Н.Энхбаатар ахыг зодсоныг хараагүй гээд мэдүүлэг өгөөч гэсэн учир 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлэхдээ хэлээгүй тухайгаа нэмж хэлсэн үйл явдал болсон байна. Энэ үйл явдал нь ... гэх мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна ...” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүү үүсгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
2. Цагаатгах тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгосон эхний үндэслэлдээ “гэрчээр худал мэдүүлэг өгсөн хэргийн үйл баримт тогтоогдоогүй” гэсэн бол дараагийн үндэслэлдээ “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол учраагүй” буюу өөрөөр хэлбэл, үйлдэл нотлогдсон боловч гэмт хэрэгт тооцохгүй хэмээн өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ... байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.
3. Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж хуульчилснаас үзвэл хохирол шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.
Худал мэдүүлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт буюу “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарна. Энэ гэмт хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт саад учруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах, эсхүл хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэх, шүүхээс бодит байдалд нийцсэн, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт шууд хүргэдэг бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ. Энэ тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 739 дүгээр магадлалд тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “... зориуд худал мэдүүлсэн гэх шинжийг хэлбэрийн төдий агуулсан энэ үйдлийн улмаас энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учраагүй байх тул ... гэмт хэрэгт тооцохгүй... ” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгэр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна. Үүнээс үзэхэд үйлдэл, эс үйлдэхүй нь гадаад хэлбэрийн хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хохирол, хор уршгийг үгүйсгэж байвал хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... бодит хохирол, хор ушиг ...” гэдгийг материаллаг шинж чанартай буюу хохирол бодитой учирсан гэдгээр ойлгож хэрэглэх нь хэт явцуу, өрөөсгөл болно. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинжийг үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсөхөөр, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхаар харилцан адилгүй хуульчлан тогтоосон байдаг. Үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт аюул заналхийлэл үзүүлсэн нь материаллаг шинж чанартай биш боловч тухайн гэмт хэргийн хохирол гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учраагүй ...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд прокурор С.Цэрэндалайн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Э.Хд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Хд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН