Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 68

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 12 өдөр                                  Дугаар 68                                           Баруун-Урт


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч Г.Амарсайхан,
    Гэрч С.Адъяа
    Хохирогч Т.Туяа,
    Хохирогчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
    Шүүгдэгч Г.Энхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Энхчимэгт холбогдох 201617000245 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1982 оны 04 дүгээр сарын 07-нд төрсөн, 34 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 11-14 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЮ82040723 регистртэй, Зээрднүүд овгийн Ганболдын Энхчимэг
       
Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:

    Шүүгдэгч Г.Энхчимэг нь 2016 оны 08 сарын 17-ны өдөр 19.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Одкон” хотхоны гадаа хэрүүл маргааны улмаас Т.Туяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Г.Энхчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай ээж СӨХ-д ажил хийгээд 6 сар болсон. Манай ээж улсын ажил хийгээд сэтгэл санаагаар унаж байгаагүй, бие нь өвдөж байгаагүй. Гэтэл СӨХ-ийн ажил хийснээр бие нь өвдөж, шаналж уйлдаг болсон. Би орой бүр ээжтэйгээ ярилцдаг байсан. Яагаад ингээд шаналаад байдаг юм бэ гэхэд намайг цагдаа, шүүхээс дуудаад, айлууд нь мөнгө төгрөгөө өгөхгүй, үйлчлэгчийнхээ цалинг өгч чадахгүй хэцүү байна гэсэн. Би ээжийг ажлаа өг гэж зөндөө хэлсэн. Ээж ч өөрөө ажлаа өгнө гэж ярьдаг байсан. 2016 оны 08 сарын 17-ны өдөр ажлаа өгье гээд СӨХ-ийн хуралдаанаа зарласан. Тэгээд хурал дууслаа гээд намайг дуудсан. Би ээжийгээ авах гэж очсон. Надад Туяа эгчтэй муудаж, маргалдах зүйл байхгүй. Байрнаас ээжийнхээ юмыг авч гарах гэж байхад Оюунчимэг эгч Туяа эгч хоёр муудалцаад байсан. Оюунчимэг эгч миний машинд сууж байхад Туяа эгч хөөе “ янхан минь “ гэж хэлсэн. Би та яагаад эмэгтэй хүнийг ингэж хэлж байгаа юм бэ гэхэд Туяа эгч намайг “Чи хоёр хүүхэдтэй янхан биздээ” гэж хэлсэн. Тэр үед би биеэ барьж чадаагүй. Туяа эгчийн нүдний хагалгааны мөнгийг би хариуцахгүй. Энэ хэргээс хойш нүдээ гэмтээсэн гэж би сонссон. Би түүний нүдэнд гэмтэл учруулаагүй. Энэ бүгд миний буруу. Гэхдээ Туяа эгчийн шүд нь угаасаа байхгүй байсан шүү дээ. Би нэг удаа ээжийн ажлын шинэ жилийг хөтөлж байсан. Тэр үед Туяа эгч шүдгүй байсан. Хэрэг цагдаа дээр байхад эмчилгээний зардал гараагүй байсан. Шүүх дээр ирээд 10 сарын 07-нд хэргийн материалтай танилцсан. Өнөөдөр хохирогчид өмгөөлөгчөөрөө дамжуулж 190.000 төгрөг өгсөн. Тухайн үед миний буруу байсан. Би Туяа эгчээс уучлалт гуйж байна ...гэв. 

 - Хохирогч Т.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: С.Адъяа эгч, Оюунчимэг хоёр миний цалинг өгөхгүй байсан. Би цалингаа өгөхгүй бол шүүхэд өгнө гэхэд шүүхээс айхгүй байна гэж хэлж байсан. Би Энхчимэгийг надаас уучлалт гуйх байх гэж бодож байсан. Гэтэл надаас уучлалт гуйгаагүй. Энхчимэгтэй 2 удаа таарсан. Энхчимэг “ Би ял авахгүй, торгуулиад гарчихна” гэж хэлж байсан. Энхчимэг манай ажил дээр ирээгүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Адъяа, Оюунчимэг хоёр намайг дандаа дарамталдаг байсан. Гэхдээ Адъяа даргатай муудаж, маргалдаж байгаагүй. Энхчимэгт зодуулснаас болж миний шүд хөдлөөд тэр дор нь авхуулсан. Нүд, хамар гэмтсэн. Би Улаанбаатар хотод очиж үзүүлсэн. Би Улаанбаатар хотод очоод 700.000 төгрөгөөр хагалгаанд ор гэхээр нь орж чадахгүй гэхэд Японоос эмч нар ирж үнэгүй хагалгаанд орсон. Шүдээ эмнэлэгт үнэгүй авахуулсан. Намайг 850.000 төгрөгөөр хамрын хагалгаанд ор гэсэн. Би орж чадаагүй байгаа. Дараалан хоёр хагалгаанд орж болохгүй гэсэн. Би одоо Энхчимэгээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо гомдолтой байна... гэв. 

           - Хохирогч Т.Туяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай Одконы мөнгөний байцаагч Оюунчимэг намайг “шоронгийн хулгайч” гэж хэлсэн Тэгэхээр нь би “чи одоо юу гээд байгаа янхан, пизда, гичий вэ” гэж хэлсэн тэгсэн чинь Энхчимэг тэнд байсан ээж Адъяагаа өмөөрөөд “чи миний ээжийг их шиг доромжилдог гэсэн, чамайг миний ээжийн үснээс ширхэг үс унагаасан байх юм бол чамайг алаад хаяна шүү гээд миний өөдөөс салаавч өгсөн” тэгэхээр нь би алахгүй юу пизда минь гэхэд Энхчимэг сууж байсан машинаасаа бууж ирээд миний хамрыг цохиод цусалчихсан. Тэгэхээр нь би чамд зодуулдаг хэн байдаг юм гээд зуураад авсан. Тэгтэл Адъяа дарга гарч ирээд Энхчимэгийг боль гээд байсан боловч Энхчимэг болихгүй харин намайг алчихъя гээд миний нүүр толгой руу гараа атгаж ирээд зодоод байсан. Тэгээд Адъяа дарга, Энхчимэг, Оюунчимэг гурав машиндаа суугаад яваад өгсөн. Гол нь намайг Энхчимэг нь зодсон. Миний хамар салавч, зөөлөн эд гэмтсэн. Нүд хөхөрч хавдсан, хөл бага зэрэг газар хөхөрч хавдсан. 2016 оны 8 сарын эхээр Хуягаа гэх залуу миний нүүр лүү 2 удаа цохисон. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Саяхан эмчид үзүүлэхэд миний хамрыг хуучин болон шинэ хоёр хугаралтай байна гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах мөнгийг нэхэмжилмээр байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна ... гэжээ./хх-06-07/  
    
    - Гэрч Б.Батхуяг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016.08.17-ны орой намайг гэртээ байхад гадаа 2 хүүхэн бахиралдаад байсан. Манайх Одконы байрны 1 давхарт амьдардаг. Цонх нээлттэй учраас гадаа болж бүх юм сайн сонсогдож харагддаг. Тэгээд харахад Энхчимэг гэх хүн манай орцны цэвэрлэгч Туяаг зодоод байсан. Юунаас болж муудалцсаныг мэдэхгүй. Энхчимэг гэх хүүхэн Туяаг шалны модоор хэд хэдэн удаа цохиод байсан. Мөн түүнийг “муу хулгайч” гээд дарж унагаад толгой болон хамар луу гараараа цохиод байсан. Туяагийн хамраас цус гарчихсан байсан. Туяагийн хувьд Энхчимэгийг цохиж чадахгүй байсан. Тэгээд удахгүй салаад явцгаасан. Тэр хоёр хүүхнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй... гэжээ. /хх-08/  

    - Гэрч С.Адъяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016.08.17-ны өдөр би Одконы СӨХ-ийн ажлыг хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би өөрийнхөө эд зүйлийг зөөлгөх гээд өөрийн охин Энхчимэгийг машинтай нь дуудсан юм. Тэгээд би өрөө тасалгаагаа хүлээлгэж өгчихөөд гараад иртэл манай охины машины хажууд Туяа СӨХ-ийн байцаагч Оюунчимэгийг “муу сэгсгэр гичийг алнаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Энхчимэг миний эд зүйлийг машин руугаа зөөж байсан. Тухайн үед Оюунчимэг охины машинд суучихсан байсан. Гэтэл Туяа Оюунчимэгийг машинаас гаргах гээд зууралдаад байхаар нь би очоод “та нар боль” гэхэд Туяа намайг “чи ер нь Оюунчимэгийг өмөөрдөг хэн бэ ” гээд миний цамцнаас зуураад нүүр лүү нулимаад байхаар нь манай охин Энхчимэг намайг өмөөрөөд Туяаг надаас салгаж түлхсэн. Тэр үед Туяа газар унаад эргэж босч ирээд Энхчимэгийн үснээс зуураад авсан. Энхчимэг Туяаг салгах гээд нүүрэнд нь гараараа хүрэх шиг болсон. Тэгтэл Туяагийн хамраас цус гарсан. Энхчимэг Туяаг өөр байдлаар цохиж зодсон зүйлийг би хараагүй. Тэгээд л салцгаасан. Тухайн үед Энхчимэг Туяа хоёр хоёулаа архи уугаагүй эрүүл байсан. Оройн 20 цагийн үед байсан болохоор оршин суугчид бүгд харсан байх ... гэжээ. /хх-09 / 
        
    - Гэрч Г.Төмөрхуяг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 08 сарын эхээр 15 цагийн үед манай ээж Оюунчимэг утсаар “Ажлын гадаа Оюунчимэг намайг явуулахгүй байна” гэхээр нь би Одконы байрны голд очиход Туяа гэх хүн манай ээж Оюунчимэгийг зуурчихсан байдалтай байсан. Тэгээд би ээжийг Туяагаас салгаж аваад машиндаа суулгасан чинь Туяа машины хаалга балбаад намайг машинд суулгахгүй зуураад байсан. Тэгээд ээж машинаас гараад ирэхээр нь би ээжийг машиндаа суу гэтэл Туяа миний хажуу талаас хацар луу гараараа цохиод авахаар нь би түүнийг түлхэж холдуулсан. Туяа над руу бахираад дайраад байсан. Би ээжийг машинд суулгачихаад эргээд харахад Туяагийн хамраас цус гарчихсан байсан. Би Туяаг цохиж зодсон зүйл огт байхгүй. Над руу дайрч байхдаа өөрөө миний биений аль нэг хэсэгт хамраа цусалсан байх... гэжээ. /хх-10 /

    - Гэрч Э.Сансартайван хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ:Би тухайн үед ШША-д шинжээч эмчийн ажилтай байсан. Т.Туяаг биеэр нь үзэхэд хамрын нуруу эмзэглэлтэй, баруун тийш муруйсан, дээд эрүүний зүүн 2-р шүд суларсан байсан. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул дээрх дүгнэлт тогтоогдсон. Туяагийн хамрыг үзэхэд хамрын нуруу эмзэглэл ихтэй байсан. Мөн 2016.08.29-ний өдрийн нарийн мэргэжлийн эмчийн бичигт хамар баруун тийш муруй, зүүн талаас цөмөрсөн хугаралтай, тэмтэрхэд зүүн тал бага зэрэг хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй тэмтрэгдэнэ, хамрын ерөнхий хөндий саадтай, салавч муруйсан гэснээс үзэхэд дээрх хамрын гэмтэл шинэ гэмтэл байна ... гэжээ. /хх- 11/

           - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 562 тоот актын дүгнэлтэнд: 1.Т.Туяагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын салавчийн муруйлт, шүдний суларсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 13/

    - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 369 тоот актын дүгнэлтэнд: 1.Г.Энхчимэгийн биед баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн гарын 3-р хуруунд зулгаралт баруун хөлийн гуя болон үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 16/

    -    Яаралтай тусламжийн хуудас. /хх-30/

    - Т.Туяагийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, сэргээн засах эмчилгээний карт. /хх-32-38/
 
-    Г.Энхчимэгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх- 27/

    -  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт. /хх-31 /

    -   Г.Энхчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар. /хх-28/

    -  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016.10.10-ны өдрийн 6/608 тоот тодорхойлолт.

    - “Healt-Aid” үүдэн эмнэлгийн Толгойн компьютерт томографийн шинжилгээний бичиг. 2016.09.20 

    -    Т.Туяад хохирол төлсөн тухай баримт. 2016.10.12

-    Хохирогч Т.Туяагийн фото зураг.

-    Одкон хотхоны СӨХ-ийн санал хүсэлтийн дэвтэр /1 ширхэг/ зэрэг болно.


    Шүүгдэгч Г.Энхчимэг нь 2016 оны 08 сарын 17-ны өдөр 19.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн “Одкон” хотхоны гадна хувийн асуудлаас иргэн Т.Туяатай маргалдан,зодолдож бие махбодид нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, шүд суларсан, хамрын салавчийн муруйлт “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Энхчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Туяа, гэрч Б.Батхуяг, С.Адьяа, Г.Төмөрхуяг нарын мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас, Шинжээч эмчийн 562 тоот акт, шинжээч эмч Э.Сансартайваны мэдүүлэг, Эмчийн үзлэгийн тодорхойлолтууд,Т.Туяагийн эмнэлгийн карт, Гэрэл зураг болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
    Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Г.Энхчимэг өөрийн ээж С.Адьяаг өмөөрөн Т.Туяатай харилцан маргалдан, зодолдож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Т.Туяагийн “ намайг Энхчимэг нь зодсон. Миний хамар салавч, зөөлөн эд гэмтсэн. Нүд хөхөрч хавдсан, хөл бага зэрэг газар хөхөрч хавдсан. 2016 оны 8 сарын эхээр Хуягаа гэх залуу миний нүүр лүү 2 удаа цохисон. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Саяхан эмчид үзүүлэхэд миний хамрыг хуучин болон шинэ хоёр хугаралтай байна гэсэн” гэх /хх-6-7/, гэрч Б.Батхуягийн “ 2016.08.17-ны орой намайг гэртээ байхад гадаа 2 хүүхэн бахиралдаад байсан. Манайх Одконы байрны 1 давхарт амьдардаг. Цонх нээлттэй учраас гадаа болж бүх юм сайн сонсогдож харагддаг. Тэгээд харахад Энхчимэг гэх хүн манай орцны цэвэрлэгч Туяаг зодоод байсан. Энхчимэг гэх хүүхэн Туяаг шалны модоор хэд хэдэн удаа цохиод байсан. Мөн түүнийг “муу хулгайч” гээд дарж унагаад толгой болон хамар луу гараараа цохиод байсан. Туяагийн хамраас цус гарчихсан байсан. Туяагийн хувьд Энхчимэгийг цохиж чадахгүй байсан ” /хх-8/, гэрч С.Адъяагийн “ 2016.08.17-ны өдөр би Одконы СӨХ-ийн ажлыг хүлээлгэн өгсөн, өөрийнхөө эд зүйлийг зөөлгөх гээд охин Энхчимэгийг машинтай нь дуудсан юм. Туяа СӨХ-ийн байцаагч Оюунчимэгийг “муу сэгсгэр гичийг алнаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Оюунчимэг охины машинд суучихсан. Гэтэл Туяа Оюунчимэгийг машинаас гаргах гээд зууралдаад байхаар нь би очоод “та нар боль” гэхэд Туяа намайг “чи ер нь Оюунчимэгийг өмөөрдөг хэн бэ ” гээд миний цамцнаас зуураад нүүр лүү нулимаад байхаар нь манай охин Энхчимэг намайг өмөөрөөд Туяаг надаас салгаж түлхсэн. Тэр үед Туяа газар унаад эргэж босч ирээд Энхчимэгийн үснээс зуураад авсан. Энхчимэг Туяаг салгах гээд нүүрэнд нь гараараа хүрэх шиг болсон.Тэгтэл Туяагийн хамраас цус гарсан.” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон байна. 
    Г.Энхчимэг нь хохирогч Т.Туяагийн бусадтай маргалдсан зүй бус үйлдлийг эсэргүүцэж, өөрийн ээж С.Адьяаг өмөөрч хамгаалан тодорхой сэдэлттэйгээр буюу гэмт хэргийг хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар үйлджээ.

Шүүгдэгч Г.Энхчимэгт холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв. 

    Тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг үндэслэн түүнд торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
        
    Шүүгдэгч Г.Энхчимэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

    Хохирогч Т.Туяа шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Энхчимэгээс 2 сая төгрөг  нэхэмжлэх бөгөөд шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээ болон замын зардлын 376.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэлээ. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч Т.Туяад хамрын салавчийн муруйлт бүхий гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба энэ нь мэс ажилбараар хийгдэнэ гэдгийг тэрээр шүүх хуралдаанд “Намайг 850.000 төгрөгөөр хамрын хагалгаанд ор гэсэн. Би орж чадаагүй байгаа. Дараалан хоёр хагалгаанд орж болохгүй гэсэн“ гэж мэдүүлжээ.
    Харин шүүгдэгч Г.Энхчимэг нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч Т.Туяад 190.000 төгрөгийг төлсөн байх тул зөрүү 186.600 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Туяад олгоно.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн нь “Г.Энхчимэгийн үйлдлээс хохирогч Т.Туяад зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэн гэж дүгнэлт гарсан. Баруун нүдэндээ хагалгаа хийлгэсэн нь дээрх үйлдэлтэй холбоогүй тул үүнтэй холбоотой гарсан бусад зардлыг төлөх үндэсгүй “ гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэсгүй гэж үзнэ. 
    Учир нь Г.Энхчимэгийн үйлдлээс хохирогч Т.Туяагийн зүүн нүд төдийгүй баруун нүдний зовхи хөхөрч бага зэрэг хавдсан болохыг гэмтлийн эмч У.Бямбаа маргааш нь үзэж тодорхойлсон, энэ нь Т.Туяагийн Толгойн томографийн шинжилгээний “ 2 талын нүдний ухархайн ясанд бүтцийн эмгэг өөрчлөлт тодорхойлогдоно” гэх дүгнэлт, “ баруун талын нүд улайсан “ гэх 2016.08.17-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хохирогч Т.Туяад учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.Энхчимэгийн түүнийг цохьсон үйлдлээс үүдэлтэй, шалтгаант холбоотой байна.
    Иймд шүүх хохирогч Т.Туяагийн баруун нүдэнд хийлгэсэн эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Энхчимэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцах хууль зүйн үндэстэй болно.
 
    
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  286, 293 дугаар зүйлийн 293.1, 293.2, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Зээрднүүд овгийн Ганболдын Энхчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
        
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
    
    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан ялтан Г.Энхчимэгээс 186.600 төгрөг гаргуулан хохирогч Т.Туяад олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

    5. Ялтан Г.Энхчимэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдсугай. 

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН