Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0479

 

Н.Одончимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.Одончимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 861 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Одончимэгийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 407 дугаар захирамжийн Дөрвөн Өлзий ХХК-д болон иргэн З.Чимгээ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 378 м.кв газрын 120 м.кв газрын ногдох хэсгийг надад олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний бие Нацагдорж овогтой Одончимэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Нийслэлийн Засаг  даргын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 407 дугаар захирамжийн “Дөрвөн Өлзий” ХХК болон иргэн З.Чимгээ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 378 м.кв газрын ногдох хэсгийг надад олгуулах даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдүүлсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 861 дүгээр бүхий шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Миний бие Нацагдорж овогтой Одончимэг /”Дэ-Бо” ХХК-ийн захирал/, Зундуй овогтой Чимгээ /”Ундрам-Од” ХХК-ийн захирал/ бид 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ хийж “Найман шарга” ХҮК-ний урд талын газрын шатны баруун талаас 120 м.кв талбайг /нэгж тайлбарын дугаар:18642311149202 бүхий 378 м.кв газраас/ “Дэ-Бо” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх газар дээрээ бөөрөөр нь нийлүүлэн 2 давхар үйлчилгээний төв барихаар тохиролцож, газар худалдаж авах төлбөрийг тэр дор нь хийсэн боловч миний эзэмшлийн “Дэ-Бо” ХХК-д бичиг баримтуудыг зохих журмын дагуу гаргаж өгөхгүй байсаар байгаад хууль ёсны эрх ашиг сонирхол минь зөрчигдсөөр байна. Тухайн үед Дөрвөн өлзий ХХК-ийн захирал Пүрэв нь мөн газраас 120 м.кв талбайг эзэмших болсон бөгөөд нийт газраа бөөрөөр нь нийлүүлэн манай 3 компани 2 давхар үйлчилгээний төв барьж эхлээд 2 давхарын хучилтыг хийх гэж байх үед нураагдсан болно. Ингээд 2008 онд Нийслэлийн Засаг дарга, Дөрвөн Өлзий ХХК, иргэн н.Чимгээ нарт 378 м.кв газрыг эзэмшүүлэх 297 тоот захирамж гаргаж улмаар 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин Нийслэлийн Засаг даргын А/407-р захирамжаар Дөрвөн өлзий ХХК эзэмшихээр болсон. Би эдгээр захирамжуудыг хууль бус хэмээн хүлээн З.Чимгээ, З.Энхтуяа, Н.Оюунчимэг нар нь цаашид ямар нэгэн газрын маргаангүй болохыг тодорхойлж, уг газарт ямар ч хамаагүй н.Мөнхбаяр, н.Магнайбайр нар гарын үсэг зурж, Н.Одончимэгийн тухай огт дурдаагүй тодорхойлолтыг үндэслэсэн байна. Зүй нь гэрээ ёсоор З.Чимэгээс, Н.Одончимэгт 120 м.кв газрыг шилжүүлэх гэрээ хийгдсэн байсан болно. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэл журмынхаа дагуу тухайн хэрэг маргаантай холбоотой нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй хэдий  ч энэхүү үүргээ огтхон ч биелүүлэлгүй хэт нэг талыг барьж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Н.Одончимэг нь 2000 оноос хойш тухайн газраа өөрийн нэр дээр болгох талаар хүсэлтээ гаргаж байгаагүй бөгөөд өөрийн биеэр гаргах боломжгүй байсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргах боломжтой байсан ба хандаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна” гэсэн нь бодит байдлын хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь миний бие тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч байсан тухай, мөн олон жил газрынхаа араас хөөцөлдөж буйг нотлох бичгэн нотлох баримтууд хавтаст хэргийн материалд хангалттай авагдсаар байтал тэдгээр материалуудыг огтхон авч үзэлгүй хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн тухайн газрыг эзэмших гэрээ бусад холбогдох бүхий л материалуудыг бүрдүүлж гэрчилгээг гаргуулж өгөх үүрэг хүлээж байсан этгээдүүд үүргээ огтхон ч биелүүлээгүй, яг гэрчилгээ гаргах үед миний нэрийг хассан байсан тухай тайлбар, бусад нотлох баримтуудыг миний бие шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх түүнийг авч үзэлгүй асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн үндэслэх хэсэгт: “Түүнчлэн иргэн, хуулийн этгээд хооронд байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөвхөн худалдагч, худалдан авагч талууд хариуцах бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс энэхүү үүргийг хариуцах үүрэг хуулиар хүлээлгээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна” гэж тухайн хэрэг маргааны гол нөхцлийг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь бидний хооронд ямар нэгэн газар худалдах, худалдан авах гэрээ хэлцэл огт хийгдээгүй болно. Харин тухайн газрыг хамтран эзэмших, тодорхой нэг хэсгийг шилжүүлэн авах зорилгоор харилцан тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бусад холбогдох баримтуудыг бүрдүүлж миний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан газраа шилжүүлэлгүй өдийг хүрсэн асуудал байсан. Үүнийг нь Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан болзол шаардлагыг бүрэн хангасан эсэх, бусад этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх зэргийг харгалзалгүйгээр тушаал гаргаж өөр хүмүүст газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсныг миний бие хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх гэтэл хууль бус шийдвэр гаргаж эрх ашиг сонирхол минь зөрчигдсөөр байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 861 дүгээр шийдвэрийг бүхэл нь хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Одончимэг нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/407 дугаар захирамжийн “Дөрвөн Өлзий” ХХК болон З.Чимгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найман Шарга” төвийн урд байрлах 378 м.кв газрын 120 м.кв газрыг Н.Одончимэгт олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “Н.Одончимэг миний бие 2000 онд “Дэ Бо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Ундрам Од” ХХК-ийн захирал З.Чимгээтэй 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Найман Шарга” ХҮТ-ийн урд байрлах 378 м.кв газраас 120 м.кв газрыг “Дэ Бо” ХХК-ны эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулан төлбөрийг нь төлсөн боловч гэрээний нөхцлийг “Ундрам Од” ХХК огт биелүүлээгүй, уг 120 м.кв газрыг би эзэмших ёстой байхад Нийслэлийн Засаг дарга 378 м.кв газрыг эзэмших эрхийг “Дөрвөн-Өлзий” ХХК-д олгосон нь хууль бус байна” гэж тодорхойлон маргажээ.

Хариуцагчаас “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрхтэй тул иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ гэрээний талууд хариуцах бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэ үүргийг хариуцах үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд “Дөрвөн-Өлзий” ХХК-аас “2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Дэ Бо” ХХК болон захирал Н.Одончимэг огт хамааралгүй. Бид “Ундрам-Од” ХХК-ийн захирал Л.Зундуй гэдэг хүнд залилуулж хохирсон. З.Чимгээ, З.Энхтуяа, О.Магнайбаяр, Б.Мөнхбаяр, Н.Одончимэгийн эгч Н.Оюунчимэг бид гэрээ хийж, Н.Оюунчимэгт газрын хохирлыг барагдуулсан бөгөөд Н.Одончимэг нь төрсөн эгч Н.Оюунчимэгтэйгээ хамтарч хөрөнгө оруулсан бол Н.Оюунчимэгээс хохирлоо нэхэмжлэх ёстой” гэж тус тус тайлбар гарган маргасан байна.

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/407 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найман Шарга” төвийн урд байрлах 378 м.кв газрын эзэмших эрхийг “Дөрвөн-Өлзий” ХХК-д шилжүүлж шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тодруулбал,

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 297 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найман Шарга” төвийн урд байрлах 378 м.кв газрыг “Дөрвөн-Өлзий” ХХК, З.Чимгээ нарт хамтран эзэмшүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар энэхүү 378 м.кв газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Дөрвөн-Өлзий” ХХК-д шилжүүлжээ.

Харин “Дэ Бо” ХХК, “Тропикал” ХХК нар нь “Найман Шарга” ХҮТ-ийн урд талын 100 м.кв талбайг “Дэ Бо” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх[1] гэрээг 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, гэрээнд “Дэ Бо” ХХК-ийг төлөөлөн Н.Одончимэг, Н.Оюунчимэг нар,  “Тропикал” ХХК-ийг төлөөлөн З.Чимгээ, З.Энхтуяа нар гарын үсэг зуржээ. Улмаар 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Дэ Бо” ХХК болон “Ундрам-Од” ХХК нар нь “Ундрам-Од” ХХК-ийн эзэмшил газар болох “Найман Шарга” ХҮТ-ийн урд байрлах газрын 120 м.кв талбайг “Дэ Бо” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан гэрээнд “Ундрам-Од” ХХК-ийг төлөөлөн Л.Зундуй, З.Чимгээ, З.Энхтуяа, “Дэ Бо” ХХК-ийг төлөөлөн Н.Одончимэг, Н.Оюунчимэг нар тус тус гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Одончимэг нь дээрх гэрээнүүдийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найман Шарга” төвийн урд байрлах 120 м.кв газрыг эзэмших хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж тус тус заажээ.

Н.Одончимэгийн өөрийнх нь газар эзэмших эрх шилжүүлэн авах гэрээ болон газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу газрын албанд гаргаагүй, “Ундрам-Од” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйд Нийслэлийн Засаг даргыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА

              ШҮҮГЧ                                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                                                                 Г.БИЛГҮҮН