Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

2022       5          09                            2022/ШЦТ/351

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч М.Амарзаяа

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6; эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны ** дүгээр байр, ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 57 дугаартай захирамжаар 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

** дугаарын регистртэй, Б овогт Бийн Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Х 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны гадна машины зогсоол дээр байсан иргэн Д.Сын эзэмшлийн ** УБҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, автомашин, хөөргөний даалин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас 9.667.883 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны гадаа ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Аын эзэмшлийн *** УБЛ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын гурвалжин цонхыг хагалан нэвтэрч, “ай,фоне-6 эс” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 200.000 төгрөгийн хохирол буюу нийт 9.867.883 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хавтаст хэрэгт дурдагдсан бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин ярихгүй. Би OneX гэсэн сайтаар орж мөрийтэй тоглосон. Тэгээд мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. Бас архи ууж согтуу байсан маань хулгай хийхэд хүргэсэн. Одоо бол би бүгдийг ухаарч ойлгож байна. Хоригдож байх хугацаандаа би ном бичиж байгаа. Ялаа эдэлж дуусаад хүн шиг, сайхан амьдрах тухай бодолтой болсон. Миний бусдад учруулсан хохирлыг манай ар гэр төлж барагдуулсан талаар би мэдсэн. Манай ээж эргэлтээр ирэхдээ надад хэлсэн. Би хорих ангид хуваарилагдаж очоод хөөрөгний даалин урлаж оёно. Тэгээд олсон мөнгө төгрөгөө гэр орон руугаа шилжүүлнэ. Эргэлтээр ирэхэд нь би хөөрөгний даалингийн материал надад авчирч өгөөрэй гээд ар гэртээ захичихсан байгаа. Би өмнө нь ял эдэлж байхдаа оёж сурсан юм. Шүүхээс гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Нэмж хэлэх зүйл надад байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын А “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 50 минутын үед ажилдаа явах гэж гэрээсээ гарж иртэл миний 2259 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонх хагарч, жолооч талын хаалга онгорхой байсан. Үзтэл бүх юм ухчихсан, миний айфон 6 эс загварын гар утас алга болчихсон байсан. Гар утсаа 300.000 төгрөгөөр, машиныхаа гурвалжин шилийг 100.000 төгрөгөөр үнэлж байна, надад нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан” /1-р хх-н 100, 124/ гэж,

хохирогч Д-гийн С ... би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны гадна машинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд зогсоолд иртэл миний машин байхгүй болчихсон байсан. Би машинаа түгжсэн байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаа 2019 оны 6 дугаар сард ахынхаа найзаас 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо машинаа 9.000.000 төгрөгөөр үнэлж байна. Машинд байсан хөөрөгний даалингаа 450.000 төгрөгөөр үнэлж байна /1-р хх-н 26-27/ гэж,

гэрч Гын Г “... Х гэх залуу 2021 оны 11 дүгээр сарын эхээр манай лангуун дээр ирээд даалин авах уу гээд “нацагдорж” хээтэй, шар өнгийн даалин үзүүлэхээр нь би авахгүй, оёдол дутуу юм байна, чи өөрөө оёдог юм бол загасан нурууг нь гүйцээгээд аваад ир гэж хэлсэн. Уг залуу гарч яваад буцаад 20-30 минутын дараа орж ирээд миний амьдрал хэцүү байна, худалдаад авчихаач гээд гуйгаад байхаар нь 90.000 төгрөгөөр авахаар болоод бэлнээр мөнгийг нь өгсөн” /1-р хх-н 39-40/ гэж,

иргэний нэхэмжлэгч Дийн А “… А нэг залуутай ирээд “найз нь машин авлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “юун машин, хаанаас, хэнээс авах гэж байгаа юм, очиж үзээч” гэсэн чинь “түлхүүр нь энэ байна, одоо шууд бэлэн мөнгө байвал өгнө гэнэ ээ энэ залуу” гээд Х гэх залууг заасан. Тэгэхээр нь би очоод машинаа асаагаагүй байхаар нь асааж өгөөд Өргөөгийн хажуу талын АТМ орж 400.000 төгрөг авч өгөөд, үлдсэнийг нь маргааш өгье гэж хэлээд машиныг авч яваад дугаарыг нь авч үлдсэн. Би Хд өгсөн 400.000 төгрөгөө буцаан авмаар байна” /1-р хх-н 30-31/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох “тусгайлан хамгаалсан байр” гэж хүн тээвэрлэхэд зориулсан автомашины бүхээгийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Хгийн 2 удаагийн үйлдлээр, тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч гар утас, хөөрөгний даалан хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн дээрх шинжид хамаарна.

Улмаар хохирогч Д.Сын эзэмшлийн, ** УБҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж авч явсан нь хохирлын үнэлгээгээрээ “хулгайлах” гэмт хэргийн хуульд заасан шинжийг мөн агуулж байна.

 

Харин шүүгдэгч Б.Х хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоо хэрэгжүүлэх явцдаа “тусгайлан хамгаалсан байр” буюу тээврийн хэрэгсэл дотроос тодорхой эд зүйл аваагүй хэд хэдэн үйлдлийг нь прокурор “хулгайлах” гэмт хэргийн шинжгүй гэж үзээд нэр бүхий иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

Эдгээр иргэд болох иргэний нэхэмжлэгч Г-ын Э “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө эрт 05 цагийн үед ажилтай болоод машин дээрээ очиход жолооч талын шилийг хагалчихсан, дотор нь байсан эд зүйлсийг сандаачаад хаясан байсан. Машиныхаа шилийг төлүүлж авмаар байна” /1-р хх-н 105-106/ гэж,

иргэний нэхэмжлэгч Б-ны Ч “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа явах гээд **** БУА дугаартай, Приус-30 маркийн машин дээрээ очсон чинь жолооч талын гурвалжин шилийг хагалсан байсан. Автомашиныхаа шилийг 80.000 төгрөгөөр үнэлж байна” /1-р хх-н 112-114/ гэж,

иргэний нэхэмжлэгч У-ын Б “... манай эхнэр миний машиныг унаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед гадаа тавьсан. Маргааш өглөө нь намайг машин дээрээ ирэхэд зүүн урд талын гурвалжин шил, баруун талын толь хагарсан байсан. Автомашиныхаа гурвалжин шилийг 150.000 төгрөгөөр, мөн автомашины батарейг авах гэж нэлээн хөшсөн байсан. Машин дотор байдаг хавтсан толийг авсан байсан лээ, үүнийг 50.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан” /1-р хх-н 120/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 3-6, 93-95/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 5-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 12-18/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 52-58/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Б-ийн Х-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл тэрээр 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж[1], 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 57 дугаартай захирамжаар 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон[2] байна.

 

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 6 сар 28 хоногийн хугацаанд хоригдол /шүүгдэгч/ Б.Х дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх үндэслэл болно.

 

Үүнээс гадна УИХ-аас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуультай хоригдол Б.Х-гийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан үе давхцаж байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэжээ.

 

Гэвч түүнд холбогдох эрүүгийн хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамаарахгүй буюу энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, ... -г өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зохицуулсан байна.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хоригдол Б.Х “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэж, уг гэмт хэрэгтээ шүүхээс хорих ял шийтгэгдсэний дараагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн заалтад хамааралгүй болно.

 

Нөгөөтэйгүүр ашиггүй байдлаар Өршөөлийн хуулийг хэрэглэх нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдалд цаашид сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

 

Харин шүүгдэгч Б.Х-д энэ шийтгэх тогтоолоор буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө, 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө тус тус үйлдсэн “хулгайлах” гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Учир нь, хуулийн энэ заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд;

Хохирогч Д.С-оос хулгайлсан түүний эзэмшлийн, ** УБҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгснөөс гадна

шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Х-гийн ар гэр түүний бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухайлбал, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр:

хохирогч Д.С-д 180.000 төгрөг, хохирогч Б.А-д нийт 260.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.А-д 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Э-т 60.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ч-т 60.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.Б-д 60.000 төгрөг бүгд 1.020.000 төгрөг өгч, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндсэн шаардлага нь ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас биш тухайн хүн урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан бол энэ заалтыг хэрэглэж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Х-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сар 28 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, цаашид засарч хүмүүжих талаараа ухаарч ойлгосон гэх түүний тайлбарыг нь тус тус харгалзан, шүүх түүнд итгэл найдвар үзүүлж хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх ингэж шийдвэрлэснээр “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Х 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан /хх-н 70/, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдрийг хүртэл нийт 180 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо. /1-р хх-н 66-67, 162-163, 2-р хх-н 3, 15, 24, 51/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Б овогт Бийн Х-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 1 жил 6 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Х-гийн цагдан хоригдсон 180 /нэг зуун ная/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хгийн цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 194-201 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 203-206 дугаар хуудас