Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 113

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймаг, ........ оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Л.Т,

   Хариуцагч: Увс аймаг, .......... оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар Д.Б нарт холбогдох,

    Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.110.532 төгрөг, зээлийн хүү 938.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.529 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 11.070.089 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бизнесийн ба бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

     Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын харилцааны менежер Ц.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Т, Д.Б нар нь Төрийн банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 34030110372 тоот зээлийн гэрээний дагуу 25.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн барьцаанд гэрээний дагуу: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 13-23 тоотод байрлах, 1 өрөө бүхий хувийн сууц, 54 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар хашааны хамт, Ниссан тиррана маркийн автомашин, хулдаасны машин, CNС ЗD лазер машин, Элко 42 инчийн зурагт, орос Норд хөргөгч, угаагч зэргийг тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт болон үндсэн хүүний төлбөрийг төлөхгүй 198 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10.110.532 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 938.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.529 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч Л.Т, Д.Б нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 340301103072 тоот зээлийн гэрээний 6-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нотариатын зардал 11.070.089 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 340301103072 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах болон бизнесийн ба бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.

 

        Хариуцагч Л.Т, Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч бид Төрийн банкны Увс аймаг дахь салбарын харилцааны менежер Ц.Золзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад эс зөвшөөрч тайлбар гаргалаа. Л.Т миний бие Төрийн банкнаас 3 жилийн хугацаатай 25.000.000 төгрөгийн зээл авч, хувийн бизнестээ ашигласан. Үндсэн зээлийг сар сард тогтмол төлсөөр ирсэн. Төрийн банкныхан миний бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, дараа сарын зээл төлөлт болоогүй байхад орлогыг шууд суутган авах зэргээр хууль бусаар дарамтыг байнга үзүүлсээр миний бизнесийн үйл ажиллагааг доголдуулсан. Танай шүүхээс гардуулсан нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг зээлийн эргэн төлөлттэй харьцуулах үүднээс зээлийн дансны хуулгаа авч, тооцоо нийлэхийг хүссэн боловч Төрийн банкны хүмүүс гаргаж өгөөгүй. ... Ер нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дансны хуулгаа шалгахад ганц хоёр эргэлзээтэй зүйл байна. Гэхдээ миний төлөх ёстой л төлбөр учир өөр маргаангүй” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Л.Т, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.110.532 төгрөг, зээлийн хүү 938.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.529 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 11.070.089 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бизнесийн ба бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

    Зээлдэгч буюу хариуцагч Л.Т, Д.Б нар Төрийн банктай 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 34030110307 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 25.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувь жилийн 19,2 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн 34030110307 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 13-23 тоотод байрлах, 54 м.кв талбай бүхий 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-1520001678 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалттай, 0020919 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар, хашааны хамт, 35-49 УБЯ улсын дугаартай Ниссан террено маркийн, 163485 аралын дугаартай суудлын автомашин, мөн хулдаасны машин, CNС ЗD лазер машин, Элко 42 инчийн зурагт, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Норд маркийн хөргөгч, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаагч зэргийг тус тус барьцаалсан байна.  

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Төрийн банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

       Хариуцагч нар Төрийн банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 11.070.089 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.   

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч Л.Төмөрсүх, Д.Буяндэлгэр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34030110307 тоот “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус цуцалж, хариуцагч Л.Т, Д.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.110.532 төгрөг, зээлийн хүү 938.028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.529 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 11.070.089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.  

       Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Т, Д.Б нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 13-23 тоотод байрлах, 54 м.кв талбай бүхий 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-1520001678 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр хашааны зориулалттай, 0020919 гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар, хашааны хамт, 35-49 УБЯ улсын дугаартай Ниссан террено маркийн, 163485 аралын дугаартай суудлын автомашин, мөн хулдаасны машин, CNС ЗD лазер машин, Элко 42 инчийн зурагт, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Норд маркийн хөргөгч, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаагч зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

           Харин нэхэмжлэгч “зээлдэгч нарын бүх төрлийн бизнесийн ба бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Л.Т, Д.Б нар зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй, бизнесийн орлоготой болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд “Бизнесийн орлого” барьцаалаагүй байна.  

        Нөгөө талаар, нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч Л.Т, Д.Б нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс тэднийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, Л.Т, Д.Б нарын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бүх төрлийн бизнесийн болон бусад орлого”-оос шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т, Д.Б нараас 192.071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.