Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/446

 

 

 

 

 

 

 

 

     2022       6             03                                     2022/ШЦТ/446

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой гэх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг гэх боловч оршин суух тодорхой хаяггүй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байранд байгаа гэх, ял шийтгэл:

1. 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Найрамдалын районы ардын шүүхийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2. 1993 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

3. 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 295 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

4. 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

5. 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

*** дугаарын регистртэй, Бовогт Тгийн Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.Т 2022 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “СЮ” нэртэй түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан иргэн Э.Аын халааснаас “Росо ХЗ” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй. Хулгай хийсний нөгөөдөр нь би хөлөө хугалсан. Одоо хөлөндөө хадаастай байгаа. Надад оршин суух тодорхой хаяг, гэр орон байхгүй. Одоогоор халамжийн байранд түр амьдарч байна. Би эхнэр, хүүхдээсээ дээр үед салсан. Надад 30 гаруй насны нэг хүүхэд бий. Гэхдээ хаана байдгыг нь мэдэхгүй.

Хохирогчийн хохирлыг төлөх болно. Хулгай хийсэн нь миний буруу гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-н А “... би 2022 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 05:00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЮ” дэлгүүр рүү орж хоол идчихээд архиныхаа үнэрийг дараад гэр рүүгээ орно гэж бодоод орсон. Тэгээд “СЮ” нэртэй дэлгүүрт бэлэн хоол захиалаад халуун ус хийгээд ширээн дээр суугаад нүдээ хэсэг аниад ширээ дэрлээд унтчихсан байсан. 09:00 цаг өнгөрч байхад сэрсэн бөгөөд миний гадуур хувцасны баруун халаасанд байсан “поко икс-3” загварын гар утас алга болсон байсан. “СЮ” нэртэй дэлгүүрийн зохион байгуулагчийг нь дуудаад хяналтын камерыг нь шүүхэд цэнхэр өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн миний халааснаас гар утас аваад гараад явсан байсан. Би тухайн хүнийг барьж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн хүн нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан бөгөөд камер шүүгээд буцаад зохион байгуулагчийн өрөөнөөс гарахад миний гар утсыг авсан эрэгтэй хүн “СЮ” дэлгүүр дотор сууж байсан” /хх-н 13-14/ гэж мэдүүлсэн байна.

 

Тус дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийгдснээр:

“хохирогч Э.Аын баруун гар талд бор өнгийн малгайтай, цэнхэр өнгийн гадуур хувцастай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Т.Т/ ногоон өнгийн сандал дээр сууж байх бөгөөд сандлаа Э.А руу татаж ойртуулаад Аын гадуур хувцасны баруун талын халааснаас хар өнгийн зүйл авч өөрийн зүүн талын халаас руу хийж гараад явж байгаа дүрс бичлэг байлаа. Э.А нь ширээ дэрлээд унтаж байгаа байдалтай тухайн үйл явдлыг мэдээгүй байв” гэж тэмдэглэгджээ. /хх-н 06-07/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Т.Т “... түргэн хоолны газар нэг хүн унтаж байсан бөгөөд халааснаас нь хар өнгөтэй гар утсыг нь аваад “СЮ” гэх түргэн хоолны газраас гараад замд таарсан хүнд 10.000 төгрөгөөр зарсан. ... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна. Удахгүй хохирлоо төлнө” /хх-н 36/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгтэй цаг хугацаа хийгээд үйл баримтын хувьд тохирч байна.

 

Хулгайлах гэмт хэргийн халдлагын эд зүйл болох ”Поко икс-3” загварын гар утсыг хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХКомпани “950.000 төгрөг” гэж үнэлжээ. /хх-н 22-25/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Т-гийн Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдөж, хор уршиг арилсан эсэх зэргийг харгалзав.

 

Тухайлбал, Шүүгдэгч Т.Тий хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх-н 40-55, 76-133/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 63-71/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Т удаа дараа хулгайлах гэмт хэрэг буюу “өмчийн эсрэг” гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж байсан байна.

 

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэсэн ойлголт үгүй болсноос гадна шүүгдэгч Т.Тд энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахад ял нэмж нэгтгэх гэсэн асуудал яригдахгүй, улмаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Т.Т 2022 оны 2 дугаар сарын 16-ны өглөө “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнээс хоёр хоногийн дараа буюу 2 дугаар сарын 18-ны өдөр хөлөө хугалсан болох нь Гэмтлийн эмнэлгийн эмчийн магадлагаа, хугарч өнөөдрийг хүртэлх хугацаанд хадаастай байгаа гэх хөлний ясны рентгэн зураг, өөрийн биеэр /таягтай/ харагдах байдал, Т.Т нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд түр хоноглож байгаа талаарх тухайн байгууллагаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр огноолж тус шүүхэд ирүүлсэн 02 тоот албан бичиг зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд юм.

 

Үүнээс гадна хохирогч Э.А “... тухайн хүн нь орон гэргүй хүн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 14/ гэсэн нь шүүгдэгч Т.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлийг бий болгоно.

 

Дээрх нөхцөл байдлууд нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж болох хуулийн шаардлагад нийцэж байна. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Хуулийн эдгээр зохицуулалтын хэм хэмжээг үзвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”-ний талаарх ерөнхий зохицуулалтыг тусгасан байна.

 

Харин Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд ялтан ямар үүрэг хүлээхийг, ялтны эрхийг хуулиар хэрхэн яаж хязгаарлахыг, цаашлаад зөрчигдсөнөөс үүсэн гарах үр дагаварт хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Шүүгдэгч Т.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-гийн Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа ... өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, ... хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Шүүгдэгч Т.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Т баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Т.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Т-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ