Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/419

 

          

 

                 

 2022           05             26                                          2022/ШЦТ/ 419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган

улсын яллагч Г.Цогтгэрэл

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000790122 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, ________ оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлгийн хажууд _________ ажиллуулдаг гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ___________ тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны 33 тоотод түр оршин сууж байсан, урьд 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 8817 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, _________

Холбогдсон хэргийн талаар 

Шүүгдэгч Ц_________ нь 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 дугаар байрны 33 тоотод түр оршин сууж байсан байрандаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0743 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________  мэдүүлэхдээ:  “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт хүсэж байна. Дахин ийм зүйл хийхгүй, ээж, хүүг минь бодоод 1 удаа боломж олгож өгнө үү гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________  өгсөн: Мөс шавар хоёрыг Халиунаа авч ирж өгсөн талаар өмнө нь  мэдүүлэг өгсөн. Мөс шавар авч ирж өгсөн гээд ********д ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл өгөөгүй, Би цагдаад баригдахаар 7-8 хоногийн өмнө модны хоёр гэх газарт Халиунаатай уулзсан. Тухайн үед ****** жижиг ****** хамт явж байсан. Бид 3 Говь сауны үүдэнд уулзаад модны хоёрын урд талын байрнуудын хажууд ирээд ***** надад 500,0 төгрөгт мөс авч өгсөн. Авсан мөсөө жижиг***** бид хоёр машин дотроо сууж байгаад  сорж хэрэглэсэн. Гэрээс хураагдсан жижиг гялгар уутнуудыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 хуудас/,

  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 дугаар байрны 33 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн  6-13 дугаар хуудас/,

             -Хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн  19-26 дугаар хуудас /,

               Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн  43-46 дугаар хуудас/,

                 мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн "... 2022 оны 1 дүгээр сарын эхээр буюу _________Баянгол дүүргийн _________ түрээслэн амьдарч байсан байранд нь ганцаараа очсон...Ингээд намайг _______ гэрт яваад ортол _________царай зүс нь сонин болчихсон таталт өгөөд байхаар нь чи яачихсан юм бэ мөс хэрэглэсэн юм уу гэж асуусан чинь би сэтгэл санаагаар унаад архи уугаад хэд хоног мөс хэрэглэсэн гэж хэлсэн...Намайг ______ гэрт яваад ороход ______ гэртээ ганцаараа гэртээ байсан. Гэр эмх замбараагүй байдалтай байсан. _______р өөрөө нүүр ам нь таталт өгчихсөн, тахир дутуу юм шиг болчихсон юм шиг байсан. Мөн ширээн дээр нь хуйлсан мөнгөн дэвсгэрт, зиплок түгжээтэй хоосон уут байсан. Мөсөө хэрэглээд дууссан уут байсан юм болов уу? гэж ойлгосон. _________ надад хэлэхдээ мөс хэрэглэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  53-58 дугаар хуудас/,

                 мөрдөн  байцаалтад гэрч _______ өгсөн “..._________ 2022 оны 01 сарын 6-ны үеэр муудалцаад _______ гэрээс хамаг хувцас хунараа аваад хороололд байх аавынхаа хашаа байшинд очсон байсан...2022 оны 01 дүгээр сарын эхээр ****** салснаас маргааш нь гэхээр 07-08-ны үед _________ дүү ***** гэх залууд _______н гэрийн түлхүүрийг өгөх гээд Төгөлдөртэй холбогдоход та намайг Төмөр замын эндээс ирээд авчих гэж хэлэхээр нь яваад очтол дүү Төгөлдөр нь байхгүй ***** миний машин руу орж ирж суусан. Тэр үед ______хэвийн бус байдалтай архи үнэртээгүй мөртлөө мансуурсан байдалтай байсан...Би _______мөс хэрэглэдэг гэдгийг мэднэ. Мөнхтөр ярихдаа тоглоом шоглоомоор ice энэ тэр гээд ice tор-н дуун дээр байдаг биз дээ гээд байхаар чи хэрэглэдэггүй юм байгаа биз дээ гэсэн чинь үгүй гэж хэлж байсан. Тэгээд би ________ мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэж сэжиглэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  65-66 дугаар хуудас/,

             

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 743 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Шинжилгээнд “ ______ 2022.01.14” гэсэн хуванцар савтай 90 мл хэмжээтэй шээсийг ирүүлсэн байна.

-Шинжилгээнд ирүүлсэн шээснээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд “_________ 2022.01.14” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн.

-Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа / хавтаст хэргийн  70-73 дугаар хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 745 дугаартай дүгнэлт:

   Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уут, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уут, “5” гэсэн гялгар уутанд хийсэн гялгар уутнаас метамфетамин /тетрагидроканнабинол/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

 

3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,3126 г, цэвэр жин нь 0,0743 г байна.... химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  115 дугаар хуудас/,

- оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  104 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт **** дугаар байрны **** тоотод түр оршин сууж байсан байрандаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0743 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх  саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

                        1.Шүүгдэгч ________ хадгалаж байсан сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох” тодорхойлолт хамаарах хуулиар хориглогдсон бодис бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 745 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

            2.“Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт ***** дугаар байрны***** тоотод түр оршин сууж байсан байранд дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,0743 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх гэмт хэргийн шинж хангагджээ.

 

                        3. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хадгалсан үйлдэл мөн шавар гэх бодисыг хэрэглэж мансуурсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн ________ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирлын талаар

 Шүүгдэгч ________  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 Хоёр.Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...саналтай” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надад нэг удаа боломж  олгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д  зааснаар ________  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан ууттай жин нь 0,3126 грамм, цэвэр жин нь 0,0743 грамм “шавар” мэт зүйл, “2”,”3”,”4”,”5”, гэж дугаарласан хоосон зиплок уутнууд нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шийдвэрлэсэн болно.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.   

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар _______ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч _______ урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан ууттай жин нь 0,3126 грамм, цэвэр жин нь 0,0743 грамм “шавар” мэт зүйл, “2”,”3”,”4”,”5”, гэж дугаарласан хоосон зиплок уутнууд нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ