| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03789/И |
| Дугаар | 1007 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 1007
.
| 2018 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2018/01007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Засгийн газрын нөөц сангаас 2,000,000 төгрөг гаргуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийг төлөөлөлж прокурор М.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн нэрийн өмнөөс оролцож байгаагийн хувьд үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. Хуучин Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 254.1-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, сэжигтнээр тооцсон тогтоолыг 336 дугаар тогтоолоор зарим сэжигтэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тус тогтоолоор С.М*******ийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэгсэхгүй болгосон тогтоолд С.М******* нь гомдол гаргаж байгаагүй. С.М*******ийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэж хэрэгсэхгүй болгосон болохоос бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь огт нотлогдоогүй гэсэн үндэслэл биш байгаа. Мөн С.М******* сэжигтнээр тооцогдсон ба яллагдагчаар татагдаагүй. Сэжигтнээр тооцогдсон байхдаа өөрийн гэм буруугүйг тогтоохын тулд өмгөөлөгч авсан. Гэтэл тус өмгөөлөгчийн зардлыг улсын төсвөөс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.М******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж хохирсны улмаас төрөөс 2,000,000 төгрөг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Сэжигтнээр тооцох тогтоол”-оор С.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201725010839 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцсон, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор хүсэлт гаргагч С.М*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд, хүсэлт гаргагч, прокурорын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тус дүүргийн прокурорын газрын 2017 оны 336 дугаартай прокурорын тогтоолд хүсэлт гаргагч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар заасан бөгөөд 2017 оны 336 дугаартай прокурорын тогтоолд дурдсанаар С.М*******т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн зүйлийн 1.2-т зааснаар “бусдын батлан даатад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдож байна.
Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар С.М******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай поркурорын тогтоолыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс буюу хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
С.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, прокурорын тогтоолоор С.М*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэрэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эрхэнд халдсан, хязгаарласан үндэслэл болох тул мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу хохирлыг төр хариуцах үндэслэл болно.
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Д******* нь хүсэлт гаргагч С.М*******ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ гэм буруутай болохыг шүүх тогтоосон нь С.М*******ийг “зориуд худал мэдээлсэн” гэх гэм бурууг үгүйсгэж байна.
Хүсэлт гаргагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тус гэрээний 3.2-т зааснаар 2,000,000 төгрөгийг төлсөн нь хэргийн 3, 4 дэх талд нотлох баримтаар авагдсан баримтаар авагдсан, өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь өмгөөлөгч нарын 2017 оны 05 дугаар сарын 26, 06 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлтээр тогтоогдож байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас хүсэлт гаргагчийн хууль зүйн туслалцаа авсны хөлс 2,000,000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2,000,000 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч С.М*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Б.УНДРАА