Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

  

        

2022           5              26                                        2022/ШЦТ/421

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,     

улсын яллагч Ш.Анужин,    

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001199 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ______ оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ________ тоотод байнга оршин суух хаягтай, Дорноговь аймагт байрлах Сорговь уурхайд авто механикч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  _________

 Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч _________ нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ______ тоотод оршин суух иргэн ______ “солонгос сав зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, Солонгос улсаас 2 удаа сав нийлүүлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:    

 

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулсан. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

Мөрдөн байцаалтад хохирогч _________  өгсөн:

 

“...Би Нарантуул зах дээр 20 литрийн хуванцар сав худалдаалдаг ба Нарантуул зах дээр зогсдог ______ гэх хүнтэй танилцаж байсан. Танилцсаны дараа _______ зах дээр зогсохоо больсон. 2021 оны 07 дугаар сард ________ “танайх 20 литрийн сав Солонгос улсаас оруулж ирж байгаа юм уу” гэж асуусан чинь “манай ах Солонгос улсаас сав оруулж ирж байгаа” гэсэн. Тэгээд би тухайн сав авах мөнгөө ***** өгөөд тэр өөрийн ахдаа миний мөнгийг дамжуулж өгөөд, энэ мэт 2 удаа сав авч байсан. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ________ гэсэн дугаарын утас руу залгаад “танайд Солонгосоос сав ирж байгаа юм уу” гэхэд ирж байгаа, би ахаасаа асуугаад эргээд хэлье" гэж хэлээд утсаа тасалснаа эргэж залгаад “саваа зарж байгаа гэнээ, хэн түрүүлж ирсэн хүн нь авдаг юм гэнэ, 1000 ширхэг ирж байгаа 1 ширхгийг нь 15.000 төгрөгөөр бодож байгаа” гэж хэлэхээр нь “би бүх савыг чинь авъя” гэхэд “ахаас асууя” гээд утсаа салгасан. Удалгүй миний утас руу эргэж залгаад “бүгдийг нь авч болно гэж байна, нийт 15.000.000 төгрөг болно урьдчилгаа болгож мөнгө хий” гэж хэлээд _______________ гэсэн данс өгөхөөр нь тус данс руу би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51-3 дугаар байрны 13 тоот гэртээ байх үедээ 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба надад 2021 оны 10 дугаар сардаа багтаад ирэх байх гэж хэлсэн 2021 оны 10 дугаар сарын сүүлээр _______ саваа асуухад “сав ирээгүй байгаа” гэсэн. Дараа нь 2021 оны 11 дүгээр сард дахин асуусан чинь “Хятад улс хилээ хаасан учир орж ирэхгүй байна, ирэхээр нь хэлнэ” гэж хэлээд таг алга болсон. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул зах дээр миний хажууд зогсдог Энхболд гэх хүний 20 литрийн сав Солонгос улсаас ирсэн байхаар нь хэнээс авсан талаар нь асуухад “______ ахаас авсан” гэж хэлсэн. Тэгээд би _______ сав ирсэн талаар дахин асуухад “ирээгүй байна” гэж хэлэхээр нь би “чи битгий худлаа яриад бай, сав чинь ирсэн байна, би мөнгөө чамаас авах гэсэн юм” гэж хэлэхэд “би чиний мөнгийг өгнө” гэж хэлээд утсаа тасалсан. ***** надаас авсан 8.000.000 төгрөгийг ахдаа өгөөд, ах нь надад 1000 ширхэг 20 литрийн сав өгнө гэж тохиролцсон. Би _______тохирч мөнгөө өгсөн, түүний ахтай нь ярьж тохироогүй ба өмнө нь 2 удаа ______дамжуулж сав авч байсан. Миний шилжүүлсэн мөнгөний дундаас _______ хувьдаа мөнгө авна гэж тохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас /,

 

Яллагдагч _______ Хаан банкны ______ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 40- 49 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн “...Миний төрсөн эхийн төрсөн дүү ****** гэх ах Бүгд найрамдах Солонгос улсаас 10, 20 литр ордог цагаан сав Монголд оруулж ирээд зардаг юм. Нарантуул зах дээр зогсдог _____ гэх эмэгтэй мөнгөө надад өгөөд, би ахад мөнгийг нь дамжуулж өгөөд 2, 3 цагаан сав ______өмнө нь авч өгч байсан. 2022 оны 09 дүгээр сард _______ миний дугаар руу залгаад 'сав байна уу” гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн чинь “хэд байгаа бүгдийг нь авья. ахаасаа 1000 ширхэг сав аваад өгөөч” гэж хэлэхээр нь би авахгүй байж магадгүй гэж бодоод түүнд хандаж “миний 5019178715 тоот данс руу урьдчилгаа хий” гэж хэлэхэд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний тус данс руу 8.000.000 төгрөг шилжүүлээд, утга хэсэг дээр нь “solongos sav” гэж бичсэн байсан. ________авсан миний дансанд байх савны мөнгө болох 8.000.000 төгрөгийг ахдаа өгөлгүй 2021 оны 11 дүгээр сараас эхлэн цахимаар мөрийтэй тоглоом тоглож, идэж уух зүйл авч бүгдийг нь үрсэн. _____мөнгө авсан талаар ***** ах мэдээгүй байгаа. _____ надаас саваа нэхээд байхаар нь би “хил онгойгоогүй байна” гэж хэлэхэд надаас сүүлдээ мөнгөө нэхээд байсан. Тэгээд “сав ирнэ” гэж худлаа хэлээд өнөөдрийг хүргэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар хуудас /,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь шүүгдэгч урьд нь таньдаг байсан хохирогч _______ “солонгос сав зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, Солонгос улсаас 2 удаа сав нийлүүлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч _____ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

 

Шүүгдэгч _____ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч ______ нь “солонгос сав зарна” гэж итгэл  төрүүлэн хуурч, Солонгос улсаас 2 удаа сав нийлүүлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Яллагдагч ______ Хаан банкны _____15 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтас хэргийн  40-49   тал/хохирогчийн _______  “... Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51-3 дугаар байрны 13 тоот гэртээ байх үедээ 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн ...”гэх мэдүүлэг,  шүүгдэгч ______ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулсан. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар давхар нотолж байна.   

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ***** овогт ****гийн ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар  

 

Хохирогчид 8,000,000 төгрөгийг  бүрэн төлж  барагдуулсан, хохирогч нь  гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /мянга таван зуу/-н нэгж буюу /1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн торгох ял  оногдуулах саналыг гаргажээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *** овогт ____йн ____г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ______ 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай. 

 

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ