Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          4            25                                     2022/ШЦТ/307

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Горькийн түрээсийн байр, ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй,

Б овгийн Н-гийн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.О нь 2021 оны 12 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” караокед хохирогч О.Дийн нүүр хэсэг рүү нь цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ярихгүй. Хохиролд гэж 830 хэдэн мянган төгрөг дансаар шилжүүлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учрыг ойлгож байгаа гэв. 

 

 

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ын Д “... Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” гэх нэртэй караокед 23 цагийн орчимд очсон. Тэгээд тухайн караокед пиво авч уусан. Энэ үед би нэлээн согтсон байсан. Тухайн караокеноос гарах гэж байхдаа зөөгч эмэгтэйтэй маргалдаж байхад араас нэг залуу гарч ирснээ миний нүүр хэсэг рүү цохисон. Зарим үйлдлийг сайн санахгүй байна... /хх-н 6-7/ гэж,

гэрч З-гийн Я  “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлын байр болох “Гэрэл” нэртэй караокед ажлаа хийж байтал 23 цагийн үед гаднаас 2 эмэгтэй, 4 залуу орж ирээд өрөө байна уу гэхээр нь одоо манайх хаах гэж байна гэтэл ганц цаг дуулаад гарья гэж гуйгаад байхаар нь оруулсан. Тухайн залуучууд 2 тоот өрөөнд орж, 230.000 төгрөгийн сет захиалсан. 00 цагийн орчимд манай караоке хаах цаг болж байна гэж мэдэгдэхэд нэг залуу нь тооцоо хийхээр ирсэн. Тэгээд дансаа шалгахад үлдэгдэл нь хүрэлцэхгүй байна гэхээр нь хамт явж байсан нөхдийг нь дуудсан. Гэтэл найзууд нь гарч ирснээ манай найз мөнгөтэй гээд тухайн найз руугаа чи мөнгийг нь төлчихөөч гэж байсан. Тухайн залуу над руу уурлаж надад мөнгө байгаа чи надтай яаж харилцаад байгаа юм бэ, би мөнгөтэй хүн, чи бол мөнгө олох гэж яваа ядарсан хүүхэн гэж хэлэхээр нь би нөхөр Отгонжаргалыгаа дуудсан. Тухайн залуу Отгонжаргалыг заамдаж шат руу унасан. Отгонжаргал тухайн залуугаас уучлал гуйж хөгшөөн одоо ингээд тооцоогоо хийчих гэж хэлээд дотогшоо орсон. Тухайн залуу шатан дээр үлдчихээд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад байсан” /хх-н 12-13/,

“... тухайн иргэн намайг янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжилж над руу шүлсээ нулимж манай нөхрийг боож шатны уруу унагаасан. Манай нөхрийг боож унагаахдаа миний хөл рүү өшиглөсөн. Мөн миний хамар руу цохисон. Одоо миний толгой хамар их өвдөж байна. Манай нөхрийн биед гэмтэл учраагүй. Тухайн залуус тооцоо болох 230.000 төгрөг мөн адил өгөөгүй байгаа” /хх-н 11/ гэж,

гэрч Э-ын Т “... Бид нар 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг уучхаад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” гэх нэртэй караокед 23 цагийн орчимд очсон. Тэгээд тухайн караокед архи болон пиво авч уусан. Караокены төлбөрийг Д хийхээр зөөгч эмэгтэй уулзахаар явсан. Караокены өрөөнд С., Х бид гурав үлдсэн. Орж ирэхгүй байхаар нь Д руу очиход караокены үүд хэсэгт нэг залуу маргалдсан хамар хэсгээс нь цус гарсан байсан. Яг ямар асуудлаас болж тухайн залуутай маргалдсан талаар мэдэхгүй байна.” /хх-н 26-27/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Н.О яллагдагчаар мэдүүлэхдээ “... тухайн залуучууд 2 тоот өрөөнд орж 230.000 төгрөгийн сет захиалсан. 00 цагийн орчимд манай караоке хаах цаг болж тухайн үйлчлүүлэгч нарт мэдэгдэхэд 23 цагийн орчимд орж ирсэн 2 эмэгтэй 4 залуутай хамт явж байсан гэх 165 см орчим өндөртэй, бор царайтай, туранхай, хар өнгий куртик өмссөн эрэгтэй нь манай эхнэр болох Ятай тооцооноос болж маргалдаад байсан. Тэгэхээр нь би очиход тухайн залуу манай эхнэр Яын нүүр хэсэг рүү цохихоор нь би салгах гэхэд намайг түлхэж газар унагасан. Мөн миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөх гэхээр нь баруун гараараа түүний нүүр хэсэг рүү 1 удаа цохиход тухайн нүүрээ бариад газарт унасан.” /хх-н 83-84/ гэж мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... О.Дийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал ,зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн 1089 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 33-34/ ба эдгээр бичгийн баримтууд шүүгдэгч Н.О-ын гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Н.О-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 87/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 89/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.Д “... бодит хохирлыг миний биед барагдуулсан учир гомдол санал байхгүй” /хх-н 90/ гэсэн байх тул шүүгдэгч Н.О бусдад төлөх төлбөргүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овгийн Н-гийн О-ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Гэвч энэ гэмт хэрэг гарахад хохирогч О.Д-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

шүүгдэгч Н.О “... Н овогтой О миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гомдол, саналгүй хохирол бүрэн төлж барагдуулсан. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 94/ гэх хүсэлтийг гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Н.Од оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овгийн Н-гийн О-ыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.О-ын торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч О.Дорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ