Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 1122

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/01122

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Н.С, Д.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,271,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагч нарын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М миний бие 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.С, Н.С нарт 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 0,5 хувийн алдангт тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Д.С, Н.С нар нь хүүний мөнгөнөөс 70,000 төгрөгийг төлсөн ба одоогийн байдлаар хүүний мөнгө 530,000 төгрөг, үлдсэн мөнгө 3,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 3,530,000 төгрөг дээр нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа 741,300 төгрөгөөр нэмэгдүүлсэн, нийт 4,271,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анх 1,000,000 төгрөг зээл авч, өгч байсан ба 7 удаагийн орлогоор 18,000,000 төгрөгийг нийт зээлж, 180 удаагийн зарлагаар буцаан 18,853,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлж байсан.

Хариуцагч Д.С нь сарын 10 хувийн хүүтэй төлбөрөөс нэхэмжлэгч С.М нийт 1,551,000 төгрөгийг бэлэн болон харилцах дансаар нь шилжүүлж төлсөн ба алданги тооцсон дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч Д.С нь өнөөдрийн байдлаар бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн дампуурч гэртээ нялх, бага насны хоёр хүүхдээ хараад ажилгүй сууж байгаа юм. Мөн батлан даагч буюу хамтран хариуцагч Н.С нь ХХК-д камерын хянагч ажилтай ба сарын үндсэн цалин бага тул уг зээлийг хариуцан төлөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн алданги төлөх боломжгүй ба нэхэмжлэгч алданги тооцон авах эрхзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид 1,551,000 төгрөг төлсөн, одоо 1,449,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М, хариуцагч , Д.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,271,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар 1,449,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бусад мөнгийг төлсөн гэж татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нартай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, хүү 530,000, төгрөг, алданги 741,300 төгрөг, нийт 4,271,300 төгрөгийг хариуцагч нараас шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй, энэхүү нотлох үүргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, өөрийн олж авч чадах, шаардлага, татгалзлаа нотолж буй баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхтэй.

Хариуцагч нар шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчид нийт 1,551,000 төгрөгийг төлсөн, үүнээс дансаар 809,000 төгрөг, бэлнээр 742,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, дансны хуулга, хувийн бүртгэл хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч С.М, хариуцагч Д.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд зээлийн гэрээг амаар тохиролцон байгуулсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн тоот хугацаагүй хадгаламжийн данснаас хариуцагч Д.Сгийн тус банкан дахь тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан зээлийн гэрээг зохигч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасантай нийцүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч Д.Сгаас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тооцохоор хариуцагчтай тохирсон болохоо шүүхэд нотлоогүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч Д.С 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн тоот хугацаагүй хадгаламжийн данснаас нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн тус банкин дахь тоот данс руу 60,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 30,000 төгрөг тус тус шилжүүлснээс өөр төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байна.

Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн ХААН банк ХХК дахь тоот дансанд 719,000 төгрөг төлснийг хариуцагчийн төлөөлөгч зээлийн төлөлт гэж тайлбарласан боловч ч хариуцагч 3,000,000 төгрөгийн зээл авахаас өмнө төлсөн, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, мөн хариуцагч өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэртээ нэхэмжлэгчид бэлнээр төлсөн 742,000 төгрөгийг бүртгэж байсан гэх боловч уг дэвтэрт нэхэмжлэгч гарын үсэг зурж 742,000 төгрөгийг хариуцагчаас авсныг нотлоогүй, татгалзсан тул хариуцагч /742,000+719,000=1,461,000/ 1,461,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагч Д.С, нэхэмжлэгч С.Мэс 3,000,000 төгрөг зээлсэн, зээлээс 90,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, 2,910,000 төгрөгийг төлөөгүй байх тул зохигчийн хооронд амаар тохиролцон байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 2,910,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,361,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч Н.Сгийн өмчлөлд 3,000,000 төгрөг шилжүүлээгүй, түүнтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч Н.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас 2,910,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгож, нэхэмжлэлээс 1,361,300 төгрөгийн шаардлага болон хариуцагч Н.Сд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,771 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сгаас 61,510 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ