Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0354

 

2016 оны 6 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0354

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Х А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн захирал У.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Ж.О, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Ц нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн захирал У.Д 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” 147 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ

Хоёр. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Цогбадрах 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа

“...“Х А” ХХК нь тус суманд Ойн тухай хуулийн дагуу Тарвагатай, Сайдын ам, Жаргалант орчмын нийт 6119 га ойн санг гэрээний дагуу эзэмшдэг юм. Гэвч тус компани нь Ойн тухай хуулийн холбогдох заалтууд болон Ойн сан эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “Х А” ХХК-ийн ойн сан эзэмших гэрээг цуцлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад санал дүгнэлтээ ирүүлсэн. Үүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “Х А” ХХК-д эзэмшүүлсэн 6119 га ойн санг эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн.

Иргэдийн Нийтийн Хурал бол Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих” 19.1.3-т “ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах” бүрэн эрх бүхий субъект юм. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд тус багийн нутаг дэвсгэрт ойн сан эзэмшиж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж улмаар “Х А” ХХК нь эзэмшиж буй ойн сангаа зохих журмын дагуу ашиглаж, хяналт тавьж чадахгүй байгаагаас тус компаний эзэмшиж буй ойн санд хууль бус мод бэлтгэх ажиллагаа ихээр явагдаж байна гэж үзсэн. Хууль бус мод бэлтгэх ажиллагаа явагдаж байна гэдэг бол байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй хууль бус үйл ажиллагаа байдаг. Гэтэл ойн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжид гэрээгээр ойн сан эзэмшүүлэх зорилго нь ойн санг хамгаалах, хариуцах эзэнтэй байлгах, зүй зохистой ашиглах хууль бусаар мод бэлтгэх ажиллагаанаас хамгаалах, улмаар байгаль орчноо хамгаалах эерэг үр дүн бий болгох зорилготойгоор уг компанид тусгай эрх олгож байгаа үйл ажиллагаа юм.

Ийнхүү ойн санг эзэмшиж байгаа компани нь Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу маш өндөр үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой.

Гэтэл “Х А” ХХК-ийн эзэмшиж буй ойн сан нь иргэдийн нүдэн дээр улам доройтож, нөөц нь багасч, хууль бус мод бэлтгэх ажиллагаа улам бүр газар авч байгааг зүгээр хараад суух боломжгүй юм. Уг ойн санг харж хамгаалуулах, арчилж өсгүүлэх гэж тус компанид эзэмшүүлснээс биш сүйтгүүлэх гэж нөөцийг нь багасгуулах гэж эзэмшүүлээгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ойн сан нь Төрийн өмч бөгөөд иргэдийн мэдэлд байх учиртай. Иймээс ч тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд зохих шийдвэрийг хуулийн дагуу гаргасан. Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ гаргасан.

Иргэд бол тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа байгаль орчин болоод тухайн ойн модонд юу болж байгааг нүдээрээ харж, мэдэрч байгаа субъект учраас аль нэг эрх бүхий байгууллагын хяналт, шалгалт, дүгнэлтээс илүү бодитой үндэслэлтэй санал дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн “Х А” ХХК-д эзэмшүүлсэн ойн сан бүхий газрууд дээр нь очоод нүдээрээ үзээд, үзлэг хийгээд, мөн тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдээс уг ойн сангийн өнөөгийн байдал ямар байгаа талаар асууж тодруулахад “Х А” ХХК нь Ойн тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна уу үгүй юу, мөн иргэдийн Нийтийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрт нь үндэслэлтэй байна уу үгүй юу гэдэг маш тодорхой харагдах юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолууд нь хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Х А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гурав. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг удирдлага болгон Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 21 дүгээр зүйлийн 21.11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар “Аж ахуйн нэгжийн ойн санг цуцлах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Цогбадрах дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар тогтоолууд нь хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Х А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Ц гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг анх удаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлажээ.

Уг өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Р.Цогбадрахаас “...миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгч авч өөрийгөө өмгөөлүүлэх хэрэгтэй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж бичгээр хүсэлт гаргасан төдийгүй энэ хүсэлт шүүх хуралдааныг тэмдэглэл тусгагдсан байдаг.

Гэтэл шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 34 дүгээр захирамжаар “...хариуцагч нь захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд өмгөөлүүлэх эрхээр хангагдах боломжтой бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хүдэр суманд үзлэг хийх явцдаа хариуцагч Р.Ц хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж өмгөөлүүлэх эрхтэй болохыг урьдчилан анхааруулсан боловч дээрх хугацаа буюу нэхэмжлэлийг гардуулан эрх, үүрэг танилцуулснаас хойш 45 хоног, хэргийн материал танилцуулж, өмгөөлүүлэх эрхтэй болохыг танилцуулснаас хойш 7 хоног өнгөрсөн хариуцагч энэ хугацаанд өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай” гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “энэ хуулийн 19.1.2-19.1.7-д заасан эрх”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно”, 62 дугаар зүйлийн 62.2-т “...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах...” гэж заасныг тус тус зөрчжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд оролцохоор Сэлэнгэ аймагт очиж байгаа ч энэ нь хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарлах үндэслэл биш юм.

Иймд хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1, 88.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН