Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 69

 

АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2016 оны 10 сарын 13 өдөр                                 Дугаар 69                                          Баруун-Урт


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян         даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагч Г.Амарсайхан,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
    Шүүгдэгч Т.Ренчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.Ренчиндоржид холбогдох 201617000250 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн харьяат, 1989 оны 05 дугаар сарын 19-нд төрсөн, 27 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 3 сар баривчлах, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сарын баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЗ89051996 регистртэй, Оймууд овгийн Төмөрийн Ренчиндорж.
       
Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:

    Шүүгдэгч Т.Ренчиндорж нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Жаахан шарга” театрын баруун хойд талд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ж.Даваажаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Т.Ренчиндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Даваажаргал бид хоёр уулзаад 1 жил гаруй болж байгаа. Бид хоёр гэрлэх гэж байсан юм. 2016 оны 08 сарын 22-нд Даваажаргал бид хоёр хамт унтаад өглөө явахдаа намайг сэрээчихээд яваарай гэж хэлсэн. Тэгтэл намайг сэрээхгүй явсан байсан. Би очоод намайг сэрээхгүй яасан юм бэ гээд түлхсэн чинь босож ирэхдээ над руу шороо цацсан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би нүүр рүү нь өшиглөе гэж бодоогүй. Даваажаргал надаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжилбэл би төлнө. Бид одоо эвлэрсэн... гэв. 

           - Хохирогч Ж.Даваажаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Т.Ренчиндорж гэдэг залуутай танилцаад бараг жил болж байгаа бөгөөд хамтран амьдарч өөр өөрсдийн гэр орноор ирж очоод явдаг. Гэтэл 2016.08.21-ний шөнө 23 цагийн орчимд манай гэрт Ренчиндорж согтуу ирчихээд намайг янхан, гичий, завхай эм хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд хэл амаар доромжлоод, дарамтлаад байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед “Мөнгөн зуузай” худалдааны төвийн лангуун дээр сууж байхад Ренчиндорж ажил дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь гараад “Жаахан шарга” театрын баруун хойд талын сандал дээр сууж байхад мөн хэл амаар доромжлоод байхаар нь босоод явах гэтэл Ренчиндорж миний гар цүнхийг булаагаад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод цүнхээ авах гэтэл намайг түлхэж унагаад хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Өмнө нь намайг зодож байсан би гомдол гаргаж байгаагүй. Ренчиндоржид зодуулахад хажууд хүн байгаагүй. Намайг зодохдоо бол архи уугаагүй харин түрүү өдөр нь архи уусан байсан. Т.Ренчиндорж надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон гэх мэдүүлэг. /хх-3,6/
    
    - Гэрч Ж.Нямцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016.08.21-ний өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Харин шөнө 3 цагийн үед унтаж байхад манай хойд талын байшинд Даваажаргал, Ренчиндорж нар шөнөжингөө хэрэлдэж муудалцаад байхаар нь би очоод хаалгыг нь тогшиход хаалгаа тавихгүй чимээгүй болохоор нь цонхны цаанаас нь та хоёр яагаад байгаа юм хэрэлдэж муудалцаад байвал хоёулаа эндээс яв гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа дахиад хэрэлдэж муудалцаад байсан. Маргааш нь манай Замын-Үүдэд байдаг дүү Амаржаргал утасдаж Даваажаргал зодуулсан байна гэж хэлсэн. Даваажаргал дуу муутай, хүйтэн царайтай ямар ааш араншинтайг мэдэхгүй. Түүнийг дүү Даваажаргалаас холдуулмаар байна гэжээ. /хх-07/  
        
           - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 370 тоот актын дүгнэлтэнд: 1.Ж.Даваажаргалын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ... гэжээ. /хх- 09/

-    Т.Ренчиндоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх- 21/

    - Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016.08.31-ний өдрийн 176 тоот тодорхойлолт. /хх-18 /

    -  Т.Ренчиндоржийн иргэний үнэмлэхний хуулбар. /хх-19/

    - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-22-23/

     - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хх-24-30/

    - Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамж /хх-34-35/

-    Т.Ренчиндоржийн зан байдлын тодорхойлолт. /хх-38/

-   Суллагдсан хүмүүст олгодог справка. /хх-36-37/

    - Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал. 2016.09.09 /хх-33/ зэрэг болно.


    Шүүгдэгч Т.Ренчиндорж нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр 10.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Жаахан шарга” театрын хойд талд хамтран амьдрагч Ж.Даваажаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэнд өшиглөж бие махбодид нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл “ бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ренчиндоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Даваажаргал, гэрч Ж.Нямцэцэг нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 370 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
    Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Т.Ренчиндорж нь хамтран амьдрагч Ж.Даваажаргалыг “өглөө явахдаа сэрээсэнгүй” гэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогчийн “ 2016.08.21-ний шөнө 23 цагийн орчимд манай гэрт Ренчиндорж согтуу ирчихээд намайг янхан, гичий, завхай эм хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд хэм амаар доромжлоод дарамтлаад байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед Мөнгөн зуузай худалдааны төвийн лангуун дээр сууж байхад Ренчиндорж ажил дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь гараад “Жаахан шарга” театрын баруун хойд талын сандал дээр сууж байхад мөн хэл амаар доромжлоод байхаар нь босоод явах гэтэл Ренчиндорж миний гар цүнхийг булаагаад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод цүнхээ авах гэтэл намайг түлхэж унагаад хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн ” гэх, шүүгдэгч Т.Ренчиндоржийн “ 2016.08.21-ний орой хөдөөнөөс найз ирээд гадуур явж байгаад 2 шил 0.5 литрийн Ерөөл архи уучихаад хадмынх руу 23 цагийн үед очоод маргалдаж байгаа унтсан. Маргааш өглөө нь сэрэхэд эхнэр Даваажаргал намайг сэрээлгүй явчихсан байхаар нь уур хүрээд араас нь очоод ажил дээр нь маргалдаж байгаад над руу шороо цацаад хэл амаар доромжлоод байхаар нь би түлхчихсэн чинь газар унаад өгөхөөр нь уурандаа нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм” /хх-15/ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна. 
    Т.Ренчиндорж нь гэмт хэргийг хамтран амьдрагчтайгаа маргалдсан хоорондын маргааны улмаас буюу хувийн, тодорхой сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлджээ.

Шүүгдэгч Т.Ренчиндоржид холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Шүүгдэгч Т.Ренчиндоржийн ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
    Тухайлбал, энэ хэргийн хохирогч Ж.Даваажаргал нь “ Т.Ренчиндорж надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон ” гэж мэдүүлэх ба тэрээр урьд нь хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж хорих ялыг биечлэн эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн байна.
    Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлджээ.  
                
    Шүүгдэгч Т.Ренчиндорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, хохирогч Ж.Даваажаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.


    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Оймууд овгийн Төмөрийн Ренчиндоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Ренчиндоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нээмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.152.000 / нэг сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

    4. Ялтан Т.Ренчиндорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.Даваажаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
        
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ренчиндоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН