| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0557/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/594 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/594
2022 6 06 2022/ШЦТ/594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ц.Шагдар,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний бүртгэлээр ... оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон;
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолд заасан ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосон;
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 3 сар 02 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 04 жил 3 сар 02 хоногийн хорих ялаар тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 03 жил 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор сольж, 10 сар 28 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, М овогт А ийн Б , /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ... тоотод байрлах нүүрс борлуулдаг цэгт “гэр рүү нүүрс зөөж оруулж өгөөгүй” гэх шалтгааны улмаас О.Ц тай маргаан үүсгэж, улмаар аливаа биетийг устгах зориулалттай хурц иртэй төмрөөр түүний цээжний зүүн хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б өөс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр манай эхнэр О Ц т нүүрсний мөнгө өгөөд “боломжтой бол оруулаад өгөөрэй” гэж хэлээд гэртээ орж ирсэн. Тэгтэл Ц нүүрс оруулж өгөөгүй ба манай эхнэр дахиж гараад “чи оруулаад өгчихөөч” гэсэн чинь “тэр нөхрийгөө гарч ирж ав гэж хэл, би оруулж өгч чадахгүй” гээд янз бүрээр хэлэхээр нь би өөрөө гараад “чи хонож өнжөөд идэж уух болохоороо орж ирчихээд ганц нүүрс оруулаад өгчихгүй” гээд маргалдаж байгаад гэртээ орсон. Тухайн өдөр би гэртээ нэг шил архи уусан байсан. Орой дахиад нэг шил архи аваад гэртээ уугаад сууж байсан чинь гадаа хашааны хаалга цохиод байхаар нь гарсан чинь Ц нэг залуутай нилээн халамцуу байхаар нь бид хоёр маргалдаад би хогийн тэнд байсан нарийн төмрийг аваад Ц ыг хатгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч О.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны орой 20:00 цаг болж байхад миний ажилладаг цэгийн урд талын айлын хүн гарч ирж 2 шуудай нүүрс аваад “намайг хашаа руу оруулж өгсөнгүй” гэж надад агсам тавихаар нь би “танай хашаа руу оруулж өгөх ёсгүй” гэж хэлэхэд тэр хүн “ахыгаа мэдэхгүй л байна даа, ах нь чамайг хөөрхөн шоглож чадна, ах нь эдэлдгээ эдэлсэн хүн” гэж хэлээд ...хашаа руугаа яваад орсон. Тэгээд шөнө 02:00 цаг өнгөрч байхад би контейнорт галын хажууд сууж байхад урд орой нүүрс авдаг ах орж ирээд ...хоёулаа явган хүний зам дээр уулзъя гээд хураасан модны дэргэд очоод тонгорогныхоо ишээр миний зүүн талын шанаа руу нэг удаа цохихоор нь би “та одоо яагаад байгаа юм бэ” гээд хоёр мөрнөөс нь барьсан чинь намайг шууд хавирсан ба би хойш унахад тэр ах миний зүүн суган доогуур хутгалаад “чамайг алчих юм бол хэн ч олж чадахгүй шүү” гэж хэлээд гэр рүүгээ орсон. ...Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
-дахин өгсөн: “...Тухайн хүн ...миний суга руу нэг юмаар хатгасан. Түүний улмаас би гэмтэж 2 ширхэг оёдол тавиулсан. Би хутга гэж бодоод байсан болохоос яг нүдээр хараад хутга гэж хэлээгүй. Манай эгч надад эм авч өгсөн. ...Ойролцоогоор 100.000 төгрөг гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч М.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Б ийн хамт гэртээ байж байгаад архи уугаад тасраад уначихсан байсан. Тэгтэл шөнө Б орж ирээд “би хүн хутгалчихлаа, хоёулаа явъя” гэхээр нь “хэнийг вэ” гэж асуухад “Ц г хутгалчихлаа” гэж хэлээд Б гарч яваад орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2891 дугаартай “...О.Ц ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд /хх-ийн 62-81 дүгээр хуудас/, ялын тооцоо /хх-ийн 94 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ... тоотод байрлах нүүрс борлуулдаг цэгт “гэр рүү нүүрс зөөж оруулж өгөөгүй” гэх шалтгааны улмаас О.Ц тай маргаан үүсгэж, улмаар аливаа биетийг устгах зориулалттай хурц иртэй төмрөөр түүний цээжний зүүн хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нар нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ... тоотод байрлах нүүрс борлуулдаг цэгт “гэр рүү нүүрс зөөж оруулж өгөөгүй” гэх шалтгааны улмаас О.Ц тай маргаан үүсгэж, улмаар аливаа биетийг устгах зориулалттай хурц иртэй төмрөөр түүний цээжний зүүн хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь “цээжинд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Б ийн өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Орой дахиад нэг шил архи аваад гэртээ уугаад сууж байсан чинь гадаа хашааны хаалга цохиод байхаар нь гарсан чинь Ц нэг залуутай нилээн халамцуу байхаар нь бид хоёр маргалдаад би хогийн тэнд байсан нарийн төмрийг аваад Ц ыг хатгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч О.Ц ын өгсөн: “...Тухайн хүн ...миний суга руу нэг юмаар хатгасан. Түүний улмаас би гэмтэж 2 ширхэг оёдол тавиулсан. Би хутга гэж бодоод байсан болохоос яг нүдээр хараад хутга гэж хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч М.О ын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Б ийн хамт гэртээ байж байгаад архи уугаад тасраад уначихсан байсан. Тэгтэл шөнө Б орж ирээд “би хүн хутгалчихлаа, хоёулаа явъя” гэхээр нь “хэнийг вэ” гэж асуухад “Ц г хутгалчихлаа” гэж хэлээд Б гарч яваад орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2891 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч О.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч А.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нь прокурорын дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, харин ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч А.Б “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал тус тус гаргаж оролцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгаа нь түүнд торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчид оногдуулах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг хүлээж аваагүй болно.
Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор сольж, 10 сар 28 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ЦХШЗ/209 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.Б ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиас 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих шийдвэр гарсан байх боловч тус өдрөөс хэрэгжээгүй, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр хүргэгдэж, ялын тооцоог гаргасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Б д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 22 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт А ийн Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч А.Б д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ХМШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 /гуч/ хоногийн буюу 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 09 /ес/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН