Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00042

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2018/00042

Орхон аймаг

                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Ө-н нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Б-д  холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б-тай 1993 онд гэр бүл болж 2011 он хүртэл амьдарсан боловч хоорондоо таарч тохирохгүй, байнгын зөрчилтэй маргаантай байсан болохоор 2011 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд иргэний шүүхээр шийдвэрлэж гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Ө.С нь одоо надтай цуг амьдарч байгаа, цаашдаа охиноо өөрийнхөө асрамжинд байлгана. Бид нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Б бид хоёр тус тусдаа өөр өөр хүмүүстэй хамтран амьдарч байгаа. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Ө-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охиноо аавынх нь асрамжид байлгахыг хүлээн зөвшөөрч байгаа. Анх бид хоёр 1993 онд гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2008 онд ажил хийхээр Чех улс руу яваад тэр үеэс бидний хоорондын харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болсны улмаас 2011 оноос эхэлж тусдаа амьдрах болсон. Одоо хэн хэн нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, эвлэрэх боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү .” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Т.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.Б гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Ө, Т.Б нар нь 1993 оны 5 дугаар сарын 1-нд гэр бүл болж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, охин Ө.Сыг 2001 оны 8 дугаар сарын 2-нд төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн 00 тоот регистртэй 00 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Г дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч Ч.Ө, Т.Б нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар буюу 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, мөн тус тусдаа өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарч байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч охин Ө.Сыг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин Ө.Сыг нэхэмжлэгч Ч.Өын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул охин Ө.Сыг эцэг Ч.Өын асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.Ө, Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ө.Сыг нэхэмжлэгч Ч.Өын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ