Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/596

 

 

 

2022            6            07                                         2022/ШЦТ/596          

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,  

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ын У д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, Б  овогт Б ын У  /РД: ... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... фото студиас 10.154.000 төгрөгийн үнэ бүхий “Sony G-7 R2” загварын камер, “Tamaron” 28-75 мм линз 1 ширхэг, 3 ширхэг батерей, 1 ширхэг цэнэглэгч, “Sony GM 16-35мм загварын камерын дуран 1 ширхэг зэргийг 20 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч залилсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У с: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.У нь манай компанид ирээд Сони а-7 r2 tamaron 28-75 мм камерын дуран 1 ширхэг, 3 ширхэг батерей, 1 ширхэг цэнэглэгчийн хамт 1 өдрийн 110.000 төгрөгөөр, 20 өдөр түрээслэхээр тохиролцож өгсөн. Дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бас ирж Сони 16-35 мм GM маркийн 1 ширхэг камерын дуранг 1 өдөр түрээслэнэ гээд авч яваад алга болчихсон. Тэгээд Б.У ын ажилладаг гэх “... ” ХХК-д очиход манайх дуран түрээслээгүй, Б.У ажилдаа ирэхгүй байгаа гэхээр нь залилуулснаа мэдээд цагдаад хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч У.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б.У нь миний том хүү байгаа юм. Өөрөө сонирхлоороо зургийн чиглэлээр явна гээд байсан учраас ...  гээд хувцасны компанид реклам хийдэг зурагчнаар 2021 оны 9 дүгээр сард ажилд орсон. Тэгээд 2022 оны гараад гэртээ 3-4 хоног ирэхгүй болохоор нь цагдаад оршин суугаа газраасаа алга болсон гээд эрэн сурвалжлуулсан. Тэгтэл камер түрээслэх газраас над руу залгаад танай хүүхэд манайхаас камер аваад явсан, буцааж өгөхгүй хугацаа нь болсон гэхээр нь би ломбардуудаар хайж явж байгаад 2022 оны 02 дугаар сарын 20-доор Сансарт байрлах ... нэртэй ломбардад Сони маркийн камерыг 2.8000.000 төгрөгөөр тавьсан байгааг мэдсэн. Тэгээд камерыг нь авах гэтэл хүүтэйгээ 3.200.000 төгрөг болсон байна гэхээр нь би гуйсаар байгаад 3.100.000 төгрөгөөр аваад түрээсийн газрын залууд аваачиж өгсөн. Тэгэхэд нэг камерны дуран нь байхгүй байсан. Тэгээд У  нь олдохгүй байж байгаад 3 дугаар сарын 11-ний шөнө цагдаа дээр өөрөө очсон ба нөгөө үлдсэн камераа яасан талаар асуухад Компьютер Ланд дээр 3.800.000 төгрөгөөр зарчихсан гэхээр нь нөгөө хүнтэй нь очиж уулзахад бас өөр хүнд зарчихсан гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.У ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... фото студиас 10.154.000 төгрөгийн үнэ бүхий “Sony G-7 R2” загварын камер, “Tamaron” 28-75 мм линз 1 ширхэг, 3 ширхэг батерей, 1 ширхэг цэнэглэгч, “Sony GM 16-35мм загварын камерын дуран 1 ширхэг зэргийг 20 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч залилсан болох нь:

Шүүгдэгч Б.У ын өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.У нь манай компанид ирээд Сони а-7 r2 tamaron 28-75 мм камерын дуран 1 ширхэг, 3 ширхэг батерей, 1 ширхэг цэнэглэгчийн хамт 1 өдрийн 110.000 төгрөгөөр, 20 өдөр түрээслэхээр тохиролцож өгсөн. Дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бас ирж Сони 16-35 мм GM маркийн 1 ширхэг камерын дуранг 1 өдөр түрээслэнэ гээд авч яваад алга болчихсон. Тэгээд Б.У ын ажилладаг гэх “... ” ХХК-д очиход манайх дуран түрээслээгүй, Б.У ажилдаа ирэхгүй байгаа гэхээр нь залилуулснаа мэдээд цагдаад хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч У.Б ын өгсөн: ...Б.У нь миний том хүү байгаа юм. ...2022 оны гараад гэртээ 3-4 хоног ирэхгүй болохоор нь цагдаад оршин суугаа газраасаа алга болсон гээд эрэн сурвалжлуулсан. Тэгтэл камер түрээслэх газраас над руу залгаад танай хүүхэд манайхаас камер аваад явсан, буцааж өгөхгүй хугацаа нь болсон гэхээр нь би ломбардуудаар хайж явж байгаад 2022 оны 02 дугаар сарын 20-доор Сансарт байрлах ... нэртэй ломбардад Сони маркийн камерыг 2.8000.000 төгрөгөөр тавьсан байгааг мэдсэн. ...3.100.000 төгрөгөөр аваад түрээсийн газрын залууд аваачиж өгсөн. Тэгэхэд нэг камерны дуран нь байхгүй байсан. Тэгээд У  нь олдохгүй байж байгаад 3 дугаар сарын 11-ний шөнө цагдаа дээр өөрөө очсон ба нөгөө үлдсэн камераа яасан талаар асуухад Компьютер Ланд дээр 3.800.000 төгрөгөөр зарчихсан гэхээр нь нөгөө хүнтэй нь очиж уулзахад бас өөр хүнд зарчихсан гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.У нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.У нь ... фото студиас 10.154.000 төгрөгийн үнэ бүхий “Sony G-7 R2” загварын камер, “Tamaron” 28-75 мм линз 1 ширхэг, 3 ширхэг батерей, 1 ширхэг цэнэглэгч, “Sony GM 16-35мм загварын камерын дуран 1 ширхэг зэргийг 20 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.У ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Г д мөрдөн шалгах ажиллагаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-61/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.У ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж болох тул цаашид прокурор хэргийн бүрдлийг бүрэн хангаж хэргийг шүүхэд шилжүүлж байх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ын У ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН