| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/03707/И |
| Дугаар | 865 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 210 тоотод оршин суух, Монгол овогт Баньдсүрэнгийн Анхчимэг /РД: УВ89082208/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го-парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 104 дүгээр байр, 112 тоотод оршин суух, Боржигон овогт Болдбаатарын Мөнгөншагай /РД: ШГ88032010/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхчимэг, хариуцагч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Б.Мөнгөншагайтай үерхэж байгаад 2007 оноос нэг гэрт амьдарч, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 онд М.Мишээл, 2013 онд М.Амгаланбат нар төрсөн. Биднийг хамт амьдрах хугацаанд Б.Мөнгөншагай дуртай үедээ гар хүрч, элдэвээр хэлж доромжилдог байсан. Энэ бүх үйлдлийг нь 2 хүүхдээ бодон өдийг хүртэл тэсч амьдарсан. Б.Мөнгөншагайгийн зан харилцааны улмаас хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад нийлсэн боловч түүний занд өөрчлөлт орсонгүй. Хадам ээж болох н.Цэцэгээ нь байнга дарамталж, үл ойшоон бэлэн юман дээр ирж амьдарчихаад миний үгээр байх ёстой гэж чичилдэг. Энэ бүхнийг хүүхдүүд нүдээрээ харж, чихээрээ сонсч байна. Цаашид энэ 2 хүнд ингэж дарамтлуулж, доромжлуулж амьдрахыг хүсэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Анхчимэгтэй гэр бүл болж 10 гаруй жил нэг гэрт амьдарсан бөгөөд бид хүү, охинтой болсон. Миний бие Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 2 дугаар ангид шугамын механик хийдэг тул ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж хөдөө албан томилолтоор их явдаг. Энэ хугацаанд намайг хуурч өөр хүнтэй уулзаад байдаг болохоор маргалдаж, 2-3 удаа гар хүрч байсан боловч биед нь ямар нэгэн гэмтэл учруулж байгаагүй. Би ажил хийн эхнэр, хүүхдээ тэжээхийн төлөө зүтгэж ирсэн. Байрны зээлтэй тул ээж минь бидэнд байрны мөнгө, хоол унд бүх зүйлд тусалж хамт амьдарч байгаа. Харин Б.Анхчимэг үүнийг нь чамлан ээжийг минь байраа хүүдээ өгөөд зайлсангүй гэж загнан, намайг ээжийгээ орхи тэгэхгүй бол сална гэж дарамталж, аав нь мөн утсаар ярьж дарамталсан. Б.Анхчимэг намайг эзгүйд 2 хүүхдээ авч эмээгийндээ очиж амьдрах болсон. Өөрөө эх хүн байж намайг ээжээсээ сал гэж хэлж, зөвхөн өөрийгөө бодон цаашлаад 2 хүүхдийнхээ ирээдүйг бодолгүй ийм шийдвэр гаргаж байгаад харамсч, гомдож байна. Гэрлэлтээ цуцлуулж, тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. Нэг хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхчимэг нь хариуцагч Б.Мөнгөншагайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Анхчимэг болон хариуцагч Б.Мөнгөншагай нар нь 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.Амгаланбат нар төрсөн нь 1916 дугаар, 1122003632 дугаар төрсний гэрчилгээ болон 0117801 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтын амьдралын хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн бие махбодид гэмтэл санаатайгаар учруулж байсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
Талууд 2017 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа нь болон тусдаа амьдрах үеэс эхлэн 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.Амгаланбат нар эхийн асрамжинд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байхаас гадна хүүхдүүдийн хоорондоо ээнэгшин дассан байдлыг өөрчлөх шаардлаггүй, мөн насны онцлог болон өсөж торнисон орчин, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг үндэслэн охин М.Мишээл, хүү М.Амгаланбат нарыг нэхэмжлэгчийн буюу эхийн асрамжинд үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.
Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монгол овогт Баньдсүрэнгийн Анхчимэг, Боржигон овогт Болдбаатарын Мөнгөншагай нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Амгаланбат нарыг эх Б.Анхчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Амгаланбат нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Мөнгөншагайгаас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгөөс 62 466 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 7 734 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 62 466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН