Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

 

2022   01    17                                     2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал

шүүгдэгч Т.П, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Э.Уянга

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** тоот, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Гавьшгай 2 дугаар баг, Овоотын 7 Б гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы * дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, М овогт Сгийн А

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны **дүгээр сарын **-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг, Баяндалай сум, Наран 2 дугаар багт хаягийн бүртгэлтэй, Төмөр замын дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** дүгээр байр, ** тоотод орон сууцыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй,

*** дугаарын регистртэй, Б овогт Т-ийн П

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг, Сэврэй сум, Бүйлсэн 3 дугаар багт хаягийн бүртгэлтэй, МҮИС-ийн 4 дүгээр курсын оюутан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** дүгээр байр, ** тоотод орон сууцыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй,

*** дугаарын регистртэй, Н овогт Д-гийн Б

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг, Баяндалай сум, Наран 2 дугаар багт хаягийн бүртгэлтэй, МҮИС-ийн 4 дүгээр курсын оюутан, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, ** тоотод орон сууцыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй,

** дугаарын регистртэй, Б овогт Огийн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд явж байсан хохирогч Д.А-ын биед халдан хүч хэрэглэж, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-9 про загварын гар утсыг илээр хууль бусаар авсан гэх “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр Б-ын очоод гар утсаар тоглоод байж байхад Б гарах уу гэсэн санааг гаргасан. Тэгээд тэр санааг бүгдээрээ дэмжээд Өргөө рүү алхсан. Тухайн үед дээрэм хийх зорилго байгаагүй цагдаа дээр анх мэдүүлэг авахад тэгж авсан. Бид нарт дээрэм хийх зорилго байгаагүй. ТҮЦ-ний гадаа хоёр залуу зогсож байхаар нь дөрвүүлээ очсон чинь мэдүүлэг дээр бас намайг ганцаараа очсон гэсэн байна лээ. Тэгээд би очоод надтай ярьсан хүн мөн үү гээд хэлсэн чинь биш ээ та итгэхгүй бол миний утсыг шалга гээд надад өөрөө утсаа өгөөд дуудлагаа шалгуулсан. Тухайн үед кодтой байсан болохоор би энэ “ай пон 6” утасны кодыг гаргаж чадахгүй гээд Бд яаж гаргадаг юм бэ гээд өгсөн.  Тэгсэн чинь Б нөгөө залуу М, Г нарт кодоо тайлдаа гээд өгсөн. Би тухайн үед Отай уруудаад яваад өгсөн. Тэгээд Б хаана явна гээд хойноос залгахад О бид хоёр худгийн хажуу талд зогсож байна гэхэд хойноос П, Б нар Аыг дагуулаад ирсэн. Тэрийг бол танихгүй хараач үгүй байсан. Тэгээд Б утсаа гаргаад ир дээ гэхэд устаа гаргаад өгсөн. Би дахиад О П хоёрыг явъя гээд дагуулаад явсан. Хойноос Б хохирогч А-ын гар утсыг аваад ирсэн. Тухайн үед Б цохисон зодсон гэдгийг би мэдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Т.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэртээ гар утсаараа тоглож байх үед Б гарах уу гэхээр нь тамхи татах гээд дагаад гарсан. Гараад байж байхад Б ойрхон явчхаад ирье гэсэн. Тэгээд дөрвүүлээ ТҮЦ-ний хажууд зогсож байсан хоёр хүнийг А очоод та нар сая надтай утсаар ярьсан хүн мөн үү гэхэд бишээ гэж хариулсан. Тэгэхэд утсаа өгч бай гэж хэлээд Бд өгсөн. Тэгээд А Б нар доошоо яваад өгсөн араас нь явж байсан чинь О нөгөө хоёрыг дагуулаад явж байсан. А гар утсыг нь аваад Бд өгсөн. Б хохирогч Атой таараад дагаад яв гэж хэлсэн. Нөгөө хоёр дээрээ бөөнөөрөө очиход А ямар утастай юм гээд утсыг нь үзсэн. Тэгээд бид утсыг нь үзээд байж байхад нь доошоо явсан. Тэр замдаа би нөгөө хоёрын авсан “айпон 6” маркийн утсыг нь буцаагаад эзэнд нь өгсөн.  А “айпон 6” утсыг нь аваад Бд өгсөн. О бид хоёр гэр рүүгээ явж байхад А араас ирээд Б нөгөөдөх чинь яасан бэ гэхэд одоо араас ирж байгаа гэсэн. Тэгээд гэр рүү явж байхад удалгүй Б ирсэн. Маргааш нь Б дансаа өгчих гэж хэлээд миний дансанд 30.000 төгрөг орж ирсэн. Би гар утасны мөнгө гэж мэдээгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би П, О, А гуравтай гар утсаараа тоглож байгаад хэдүүлээ гарч дээрэм хийх үү гээд тоглоомоор хэлсэн чинь эд нар дэмжээд тэгээд бөөндөө хамт гарцгаасан. Өргөөгийн тэнд гудамжаар явж байсан чинь ТҮЦ-ний хажууд хоёр хүүхэд зогсож байсан. Тэд нар дээр очоод А чи надтай утсаар ярьсан уу гээд дуудлагаа шалгуул утсаа гаргаад ир гэсэн. Тэр хүүхдүүд утсаа гаргаж ирсэн. “Айпон 6”  маркийн гар утсыг нь А аваад надад өгсөн. Тэр утсыг нь аваад байж байтал А, О хоёр яваад өгсөн. Би утсыг нь эргүүлж өгөөд гэр рүү нь явуулчихъя гэр чинь хаана юм бэ гэхэд энүүхэн ойрхон байгаа гэсэн. Гэрээс нь хүн гараад ирэх вий гэж бодоод зайтай явж байгаад утсыг нь өгье гээд дагуулаад явж байсан чинь тэр хохирогч гэх эрэгтэй ирээд дагуулж явсан хүүхэдтэй гар барьсан. Тэгээд араас хамт дагаад явчих гэж хэлээд худгийн хажууд очсон. О, А хоёр худгийн хажууд байхаар нь хүрч очоод А Аоос утсаа өгч бай дуудлагаа шалгуул гэж хэлээд  гар утсыг нь аваад надад өгсөн. Би кодыг нь тайлах гэж байсан чинь утас нь цэнэг нь дуусаад унтарсан. Тэгээд утсыг нь аваад “айпон 6” утсыг нь Пд өгөөд наад хоёр хүүхдэдээ өгөөд явуулчих гээд өгсөн. Атой үлдээд надад зодож цохисон юм байхгүй зүгээр мөрөн дээр нь хүрээд л за за одоо чи яв утсыг чинь одоо буцааж өгөхгүй гэж хэлсэн. Тэр банди өөрөө явлаа гээд яваад  өгсөн гэв.

 

Шүүгдэгч О.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Б гарч тамхи татах уу гэхээр нь гараад явж байхад ТҮЦ-ний гадаа хоёр эрэгтэй залуу зогсож байсан. Бид 4 очсон чинь А чи надтай утсаар ярьж томорсон хүн мөн үү гээд нөгөөдөх нь үгүй ээ ахаа тийм юм байхгүй миний гар утсыг шалга гэсэн. Тэгээд байж байгаад ТҮЦ-с хойш гудамж руу дагуулаад А Б-д ”айпон 6” гар утсыг нь өгөөд тэгэхэд Б айди кодоо гаргаадах гэж хэлсэн. Нөгөө хүүхэд нь мэдэхгүй гэсэн би хэрэг бишидлээ гээд хол зайтай зогсож байсан. Тэгсэн чинь А хүрч ирээд явъя гээд бид хоёр нэлээн явж байгаад худгийн хажууд очоод зогсож байтал Б, П хоёр араас А-той хамт ирсэн. А ямар утастай юм бэ гэхэд “А-9” гэдэг утас гаргаж ирээд Б-д өгсөн. А бид хоёр цаашаа явъя гээд явсан. П энэ хоёр араас хүрээд ирсэн. Та гурав явж бай гэж хэлээд Б үлдээд, удалгүй Б араас хүрээд ирсэн. Бид нарыг байх үед Б хохирогчид огт гар хүрээгүй. Ийм л юм болсон гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ийн А “... 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цаг орчимд гэрээсээ гарч дэлгүүрийн худалдагч эгчид нүүрсний карт өгчихөөд гарч ирэхэд манай найз М 2 танихгүй хүнтэй дэлгүүрийн эсрэг талд зогсож байгаад намайг дуудаад би очиж уулзсан. Хажууд нь зогсож байсан 2 хүн чи М-ын найз юм уу гэж хэлээд худгийн арагшаа дагуулж ороод чи ямар утас барьдаг вэ, ямар дугаартай вэ гэхэд нь би Самсунг А-9 про барьдаг гээд дугаараа хэлсэн чинь утсаа өгч бай гээд гуйж аваад хэсэг харж байгаад над руу нэг хүн залгаад томорсон юм, тэгээд би чамайг гэж бодсон гээд миний утсыг өгсөн. Манай найзтай хамт явж байсан залуучууд ийшээ явья гээд харанхуй гудамж руу дагуулаад орох үед 2 танихгүй залуу байсан. Нэг нь утсаа өгч байгаач гээд миний утсыг аваад хоёулаа хамт эд нараас холдоё гээд 50 метр орчим холдсон. Тэнд очиж зогсоод миний утсыг халаасандаа хийгээд намайг зодоод дийлвэл утсаа аваарай гэж хэлээд намайг цохих үед би түлхээд цохиход үл таних залуу утсаараа найзууд руугаа залгаад би барахгүй юм байна та хэд хүрээд ир гээд хэлсний дараа 3 танихгүй залуу ирээд ахын дүү чи ийм юм мэдэхгүй юу, Улаанбаатар хотод ах нь зөндөө дээрэм хийсэн, ахын дүү одоо зүгээр яв гэж хэлээд намайг хэд цохисон. Би ганцаараа байсан учраас тэд нараас холдоод явсан.

Би гар утсаа 350.000  төгрөгөөр үнэлж байгаа. Миний гар утсыг дээрэмдэж авсан 4 залууг би одоо харвал танина. Миний гар утас хар хөх өнгөтэй, шилэн наалт нь хагарсан, арын таг нь хагарсан байсан. Намайг 4 эрэгтэй хүн дээрэмдсэн бөгөөд тухайн 4 эрэгтэй хүний нэг нь миний гар утсыг авчихаад өгөхгүй байхаар нь би тухайн эрэгтэй хүнээс гар утсаа авья гэтэл өгөхгүй гээд намайг зодсон. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл огт учраагүй.

М болон М-тай хамт байсан 2 эрэгтэй хүнийг явуулчихсан байсан болхоор яг намайг зодож гар утсыг маань авах үед хажууд хэн нэгэн байгаагүй. Миний хажууд М болон хамт явж байсан эрэгтэй хүнийг тухайн 4 эрэгтэй хүн цохиж зодож эд зүйлийг нь аваагүй. Надад цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 10-11, 95/ гэж,

гэрч О-ы Б “… 2021 оны 10 сарын эхээр миний бие өөрийн ашиглаж байсан гар утсаа алга болгочихсон бөгөөд гар утсаа алга болгосон өдрөөсөө 2-3 хонгийн дараа гар утас худалдаж авахаар хайж байгаад одоо амьдарч буй нийтийн байранд маань амьдардаг А гэх залуугаас би 120.000 төгрөгөөр А-9 про загвар, хар өнгийн, хойд талын шил нь хагарсан гар утсыг 2021 оны 10 сарын 11-ний өдөр худалдаж авсан. Намайг тухайн гар утсыг А-оос худалдаж авах үед гар утсанд шинэчлэл буюу өмнөх бүх зүйлсийг устгасан байдалтай өгсөн. Би А-оос авсан гар утсыг 2-3 хоног ашиглаж байтал А над руу залгаад “танд зарсан гар утсаа маш яаралтай буцааж авах хэрэгтэй байна” гэхээр нь би түүний надад зарсан А-9 про загварын гар утсыг эргүүлж өгөөд, түүнд өгсөн мөнгөө бас буцааж авсан.

Би одоо амьдарч буй ЧД-н 8 дугаар хороо, Баруун тасган  ** тоот нийтийн байранд 2021.09 сараас эхлэн амьдарч байгаа бөгөөд би уг байранд амьдарч эхлээд А гэх эрэгтэйг зүс таних болсон. А өөрөөсөө намхан нуруутай нэг найзынхаа хамтаар ирж надад тухайн гар утсыг зарсан. Надад зарахдаа тухайн гар утсыг найз нь А-оор заруулж байгаа гэж хэлсэн.

А-9 про загварын, хар өнгөтэй, ард талын шил нь хагарсан гар утас байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 13/ гэж,

насанд хүрээгүй гэрч Б-ийн М “… А бид нартай тааралдаад мэндэлтэл Г бид хоёрыг дагуулаад явж байсан 2 эрэгтэй хүн А-ыг хамт дагаад яв гээд бид нарыг дагуулаад усны худгийн хажууд очиход түрүүлж явсан хоёр эрэгтэй хүн хүлээж байсан ба ногоон яктай эрэгтэй нь А-ыг гар утас болон түрийвчээ өг гэхэд А А-9 маркийн гар утас, түрийвчээ гаргаад өгөхөд түрийвчийг нь ухтал дотор нь ямар нэгэн юм байхгүй байхаар нь түрийвчийг нь эргүүлж өгөөд гар утсыг нь эргүүлж өгөөгүй. А-ын гар утсыг авсан эрэгтэй хүн А-ыг гар утсныхаа дэлгэцний кодыг тайл гэж тайлуулаад гар утсан дээр нь хадгалагдсан файлуудыг нь устгах гэтэл цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгтэл тухайн 4 залуугийн нэг нь Г-ийн Ай фоне 6 маркийн гар утсыг Гэд эргүүлж өгөөд бид хоёрыг хурдан гүйгээд яв гэхээр нь бид хоёр А-ыг тухайн 4 залуутай үлдээгээд гүйсээр байгаад холдоод гэр гэртээ харьсан. Тэгээд маргааш нь А-той уулзахад тухайн 4 эрэгтэй хүн Аын хаашаа гэдгийг нь надад хэлээгүй ч бие рүү нь цохиод А-9 маркын гар утсыг нь аваад явсан гэж хэлсэн. Тухайн 4 эрэгтэй хүн Г бид хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй. Аоос авсан гар утас А-9 загварын, хар өнгийн гар утас байсан. Тэр 4 залуу надаас болон Гээс ямар нэгэн эд зүйл аваагүй, Г-ийн гар утсыг аваад эргүүлээд өгсөн. Надад ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтууд нь “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Э.Уянга “... шүүгдэгч О.От холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт, өмгөөлөгч М.Алтанцэцэг, Д.Амаржаргал, Э.Уянга нар “... шүүгдэгч С.А, Д.Б, Т.П нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай, ... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлгийн /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх/ зохицуулалтыг хэрэглэх тухай” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Учир нь, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг, заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээрийн үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн аль аль шинжийг нь бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч О.О-ын хувьд дээрэмдэж авсан гар утсыг зарж борлуулсан мөнгөнөөс хувьдаа аваагүй, мөн дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлд идэвхитэй оролцсон гэхээргүй байх боловч тэрээр нэр бүхий бусад шүүгдэгч нартай хамт байснаар гэмт хэрэг үйлдэгдэж буйг мэдэж байсан, тухайн цаг хугацаанд хохирогч тал, гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн хоорондын хүчний харьцаанд харагдах байдлаараа нөлөөлөхөөр, хохирогчийг айдастай байлгах, түүний сэтгэл зүйд дарамт үүсгэхээр, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилгоороо нэгдсэн нь тухайн цаг үе, нөхцөл байдалд нөлөөлөхүйц байдалтай байжээ.

 

Бусад шүүгдэгч нарын хувьд мөн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоороо нэгдсэн үүнд; шүүгдэгч Д.Б “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэх санаачилгыг гаргасан, шүүгдэгч С.А, шүүгдэгч Т.П нарын идэвхитэй оролцоо, цаашлаад дээрэмдсэн гар утсыг зарж борлуулан мөнгийг нь хувааж авч байгаагаар илэрнэ.

 

Нөгөөтэйгүүр нэр бүхий шүүгдэгч нар зөвхөн хохирогч Д.А-ын гар утсыг дээрэмдэж авснаас гадна, өөр хүний эд хөрөнгийг авахаар санаархсан, тухайлбал н.Г-ээс Ай фоне 6 маркийн гар утсыг авах гэж байгаад буцааж өгч байгаа байдал нь тэдгээрийн үйлдэл тохиолдлын шинжтэй биш, анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байжээ гэдгийг нотолж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэг буюу Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэхийн тулд тухайн шүүгдэгчийн бие, сэтгэхүйн хөгжлийн талаар тусгайлсан мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гарсан байх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар хохирогч Д.А-т учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч С.А 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн /хх-н 171-174/ байх ба

ялтан С.А 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлсэн талаарх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10-1/1515 тоот албан бичигт тусгагдсан байна. /хх-н 176/

 

Шүүхээс шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ бүлэглэн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ялын санкцыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон ба гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарна.

Гэвч шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтласан болно.

 

Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нэр бүхий шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

М Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. М овогт С-гийн А, Б-ээс овогт Тийн П, Н овогт Д-гийн Б, Б овогт О-гийн О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Аыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар,

шүүгдэгч Т.Пыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

шүүгдэгч Д.Быг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар,

шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар бусдад төлбөх төлбөргүй, хохирогч Д.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.А, Т.П, Д.Б, О.О нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ