Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0510/З |
Дугаар | 221/МА2016/0179 |
Огноо | 2016-03-17 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0179
“Х и ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн захирал Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн захирал Б.Б гаргасан давж заалдах гомдлоор, “Х и ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Х и ” ХХК-ийн захирал Н.Ганболд 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах-ыг” хүсчээ.
Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард шатахуун түгээх станц, авто засварын үйлчилгээний зориулалттай 600 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн A/390 дүгээр захирамжаар уг газрын эзэмших хугацааг сунгасан. Сунгахдаа зориулалтыг хэвээр үлдээсэн бөгөөд мөн 6 жилийн дараа хугацааг сунгасан байдаг.
“Х и ” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийг зөрчиж олгогдсон байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн A/535 дугаар захирамж хуулийн дагуу зөрчигдсөн хууль тогтоомжийг дурдсан байгаа бөгөөд 2014 оны A/195 дугаар захирамж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дүүргийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан болон байрлуулсан объектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх, төрийн өмчийн газрыг чөлөөлөх, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг хууль болон бусад дүрэм, журмыг хэрэгжүүлж шалгах, зөрчлийг арилгуулах зорилготой юм.
Иймд “Х и ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн захирал Б.Б 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 32 тоотод 600 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/233 тоот захирамжаар эзэмшдэг бөгөөд өөрийн эзэмшил газар дээрээ 4 одтой зочид буудлын үйл ажиллагааг эрхэлж байна.
Бид тухайн газрыг 2006 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд 2007 онд манай урд “Х и ” ХХК ил задгай ёмкосттой шатахуун түгээх станц ажиллуулж эхэлсэн бөгөөд бидний зүгээс болон орчны иргэд гомдол гаргаж, үүний дагуу мэргэжлийн хяналтын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09/36/374, 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09/36/326, 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 09/36/336 тоот улсын байцаагчийн акт, албан шаардлагууд гарсан.
Улсын байцаагчийн актуудаар тухайн газар эзэмших эрх олгосон захирамж нь хууль бус гэдгийг тогтоож, нийслэлийн болон дүүргийн Засаг даргад тухайн эрхийн актыг хүчингүй болгуулах талаар даалгасан байдаг боловч тухайн үеийн Засаг дарга нар биелэлтийг нь хангуулаагүйгээс энэ байдал одоо ч гэсэн үргэлжилсээр байна.
Газар эзэмших эрх олгосон 2006 оны 361 дүгээр захирамж нь хууль зөрчсөн талаар мэргэжлийн хяналтын газраас “С м” ХХК-ийн дэд захирал Н.Ганболдын нэр дээр хаяглан хүргүүлсэн албан бичиг байдаг.
2007-2009 оныг 5 сар хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагуудын акт, дүгнэлтийг биелүүлэхгүй байж байгаад 2009 оны 5-6 сард буулгангуутаа тухайн газраа цэнхэр хашаагаар хүрээлүүлэн барихдаа манай орц, гарцыг хаасан. Бид өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө саадгүй эзэмших, орц гарцаа чөлөөтэй байлгах үүднээс тухайн компанид хандаж байсан боловч хамгаалалтын компанийн хүмүүсээр хүч түрэн бидний үйл ажиллагаанд саад болж байсан. Энэ талаар дүүргийн Газрын албанд удаа дараа амаар болон бичгээр хүсэлт тавьж байсан боловч энэхүү асуудлыг шийдэхгүй байж байгаад 2011 оны 8 дугаар сарын 12-ны газар чөлөөлөх шаардах хуудас өгсөн байдлаар манай компанийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэдэг.
Бид 2012 онд 4 одтой зочид буудлыг ашиглалтад өгснөөс хойш, 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл бүтэн 1 жил хагасын хугацаанд дүүргийн Засаг даргад 2 удаа, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 3 удаа, нийслэлийн Засаг даргад 2 удаа, Улсын мэргэжлийн хяналтын газарт 1 удаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 1 удаа нийт 9 удаагийн албан бичгийг тус тус хүргүүлж холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Тухайн газар эзэмших эрх олгосон захирамж нь хууль бус талаар удаа дараагийн албан бичгүүдэд энэ талаар дурдсан байдаг. Дээрх өргөдөл гомдлын дагуу бидний газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй ашиглах эрхийг ханган Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар “Х и ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож 2014 оны 5 дугаар сард тухайн газрыг чөлөөлсөн.
Иймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А32, 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А195 дугаар захирамж нь хуулийн дагуу гарсан тул “Х и ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х и ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамж, 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Тав. Гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн захирал Б.Б 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 32-т байрлах 600 м.кв газрыг анх дүүргийн Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон. Уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан тул бид Газрын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/223 тоот захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулан сунгуулсан.
2006 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн газар дээрээ зочид буудлын барилга барихаар зураг төслөө зохиолгон Улаанбаатар хотын ерөнхий аркитектороор батлуулсан. Энэхүү ерөнхий төлөвлөгөөний дагуу манай зочид буудлын төв хаалга буюу орц, гарц нь ертөнцийн зүгээр урагшаа буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газарт хамаарч байгаа юм. Үүний дагуу бид барилгаа бариад одоо 4 одтой зочид буудлын үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга манай газар эзэмших эрх олгосон, барилгын зураг төслийг баталсан ерөнхий төлөвлөгөөний дараа буюу 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр зочид буудлын орц, гарц дээр давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм. Энэхүү хууль бус захирамжаа 2012 онд А/390 дүгээр захирамжаар мөн хууль бусаар сунгасан байдаг.
Аливаа газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцын зорилго нь тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахын тулд л гаргадаг. Гэтэл ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан манай газрын буюу үл хөдлөх хөрөнгийн орц, гарцыг хааж Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь хууль бус байсан бөгөөд үүний улмаас бид өөрийн эзэмшлийн газар дээрх зочид буудлаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдалд хүрсэн.
Бид удаа дараа холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хандсаны үр дүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/353, 2014 оны А/915 дугаар захирамжуудаар өөрсдийн хууль ёсны эрхээ хамгаалуулсан юм. Гэтэл нэхэмжлэгч эдгээр актуудыг хүчингүй болгуулахаар маргасныг нь шүүх хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичигт “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.5-д “бүрэн эрхтэй” гэж үзсэн байхад нотлох баримтыг үнэлээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн.
Түүнээс гадна шүүх нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн нь “...хэдийгээр маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт хамаарч байгаа боловч тухайн үед дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм...” гэж дүгнээд хариуцагчийн алдаагаа зассан шийдвэрийг нь буруутгаж, харин хууль зөрчсөн шийдвэрийг нь зөвтгөсөн.
Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсгийг тайлбарлахдаа “...Баянзүрх дүүргийн 2006 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3.12-т “...4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 0.1 га газар эзэмшүүлэх”-ээр төлөвлөгдсөн байна. Уг 0.1 га газрын хил заагийг тодорхойлсон баримт байхгүй болох нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул маргаан бүхий газар нь тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан буюу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан субъектив дүгнэлт болжээ.
Учир нь “хил заагийг тодорхойлсон баримт байхгүй” гэдэг нь маргаан бүхий газар нь уг хэмжээнд хамаарна, эсвэл хамаарахгүй гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож буй хэрэг биш, харин ч эсрэгээрээ алиныг нь ч тогтоохгүй гэсэн үг байлтай.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн бус харин хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Эндээс дүгнэвэл шүүх хуулийн уг заалт нь газар эзэмшигчид огт хамааралгүй буюу түүнд үүрэг үүсэхгүй, харин түүнийг зөрчиж болох эрхтэй мэтээр хуулийн зорилго, агуулгыг буруу тайлбарлажээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж гаргасан байдаг бөгөөд түүний дагуу өөрийн газар дээрээ барилга барих хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх байдлаар өмнө нь дуудлага худалдаа явагдахгүй олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хэвээр байлгах, харин бусдыг нь хүчингүй болгохоор энэхүү журмыг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй нь уг журам болон хуулийг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрт “...“А п ” ХХК-иас орц, гарцыг хаасан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий актын улмаас уг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, зочид буудлын эскиз зураг зэргээс үзэхэд орц, гарц хаасан байдал нь тогтоогдохгүй байна” гэсэн товчхон дүгнэлтийг өгсөн. Гэтэл шүүх эскиз зургийг яаж үнэлсэн болоод манай орц, гарц нэхэмжлэгчийн газартай давхцахгүй байгаа, энэ нь шүүхийн үзлэгээр яагаад тогтоогдохгүй байгаа нь үнэндээ ойлгомжгүй байна. Энэ дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд манай газрын үндсэн зориулалт болох үйлчилгээний газрын төв хаалга буюу орц, гарцыг төлөвлөсөн байсан газар дээр хуулиар олгогдсон эрхгүй байж нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна гэдгээ хариуцагч өөрөө зөвшөөрөөд түүнийгээ хуульд заасан үүргийнхээ дагуу хүчингүй болгосон байтал шүүх ийнхүү бодит байдал болон нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн хууль ёсны шийдвэрийг нь үгүйсгэж, харин хууль бус шийдвэрийг зөвтгөсөн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Зургаа. Нэхэмжлэгч “Х и ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан хариу тайлбартаа:
“...“Х и ” ХХК анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасны дагуу 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. 2012 оны А/390 дүгээр захирамжийн дагуу 2017 он хүртэл газар эзэмших эрхийн хугацааг сунгасан.
Гэтэл дүүргийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг дагуу “газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр манай компанид уг газрыг эзэмшүүлсэн 2006 оны 42 дугаар захирамж, хугацааг сунгасан 2012 оны А/390 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс “Х и ” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, шийдвэр болсон гэж үзэж, хуульд нийцэхгүй үндэслэлээр болон захиргааны алдаатай, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт хуульд нийцэхгүй байгаа талаар тайлбар, нотлох баримтыг хангалттай цуглуулж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 577 дугаар шийдвэр, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар магадлалаар тус тус хянаад дахин актыг тал бүрээс нь судалж нотлох баримтыг үнэлж дүгнэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн юм.
Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд хэрэг маргааныг шалгаж нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргадаг.
Ийнхүү шийдвэрлэгдсэн тус шүүхийн шийдвэрт хариуцагч Баянзүрх дүүргийн удирдлага, газрын албанаас гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт “Х и ” ХХК-ийн эзэмшлийн газар ямар ч давхцал байхгүй бөгөөд тус компаний орц, гарцыг хаасан гэх “А п ” ХХК-ийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдалд очиж үзсэн газрын үзлэгээр үгүйсгэгддэг тул энэхүү гомдол хууль зүйн үндэслэлгүй, хуулийг дур зоргоороо тайлбарласан байх бөгөөд эрх зүйн ёс суртахуунд үл нийцэх гомдол болсныг дараах байдлаар тайлбарлая.
1.Гуравдагч этгээд гомдолдоо инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших эрх олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг дурдалгүй 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарласан байна. Гэтэл шүүхээс инженерийн шугам сүлжээ бүхий газар бус тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хуулийн дагуу тусгагдсан эсэхийг шалгаж Баянзүрх дүүргийн 2006 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3 дугаар зүйлийн 3.13-д 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 0.1 га газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн тул дүүргийн Засаг дарга “Х и ” ХХК-д маргаан бүхий газрыг эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлсэн болох талаар тайлбарлан бичсэнийг зөвөөр ойлгох нь зүйтэй юм. “А п ” ХХК шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж өөрийн хувийн ашиг сонирхлыг урдаа барин тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд ингэж тайлбарлах нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байна.
“А п ” ХХК-ийн эзэмшлийн газар мөн адил инженерийн шугам сүлжээ бүхий газар болон нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан учир бид ямар ч асуудалгүй мэтээр тайлбарлан бичсэн. Гэтэл мөн адил “А п ” ХХК-ийн эзэмшлийн газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар юм бол 2006 онд мөн адил дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олж авсан нь тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгох, тус компанид Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгогдохоор байна.
Харин үүнийг шүүхээс зөв дүгнэж хэдийгээр тухайн газар инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт хамаарч байгаа боловч тухайн үед дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэсэн нь үнэн зөв шударга дүгнэсэн дүгнэлт болсон. Манай компанийн зүгээс газар эзэмших хүсэлтээ тус дүүргийн газрын албанд гаргаснаас бус бид тухайн газар инженерийн шугам сүлжээнд холбогдсон газар байна гэж доорхыг судалж мэдэх боломжгүй юм. Тэгээд ч Газрын тухай хуульд зааснаар тухайн иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж болох эсэхийг төрийн байгууллага судалж, Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд эзэмших эрх олгохоор заасан ба манай компанийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж эрх зүйн хувьд шударгаар дүгнэсэн гэж үзэж байна.
2.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-ыг хэт нэг талыг барьж дүгнэсэн гэжээ. Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг л Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр заасан бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2006 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалтаар 0.1 га газар олгохоор төлөвлөсөн нь хуульд нийцсэн бөгөөд “Х и ” ХХК-ийн газрын зориулалт өөрөө үйлчилгээний зориулалттай 0.06 га газар тул батлагдсан 0.1 га газар дотор багтаж байгаа билээ. Хэдийгээр 0.1 га газар хаанаас хаа хүрсэн талаар хил заагийг хариуцагчаас тодорхой заасан зүйл байдаггүй хэдий ч үйлчилгээний зориулалттай газар гэдэг утгаар манай эзэмшлийн газар бүрэн багтах бөгөөд тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хил хязгаарыг тогтоогоогүй байдлыг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мэт гуравдагч этгээд тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Харин энэхүү байдлыг шүүхээс зөв дүгнэж нэгэнт хил хязгаарыг тогтоох боломжгүй байгаа бодит байдлыг харгалзан үзэж “Х и ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг харгалзан Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна. Байхгүй нотлох баримтыг хуурамчаар хийх боломжгүй бөгөөд хариуцагчийн тухайн үеийн хил заагийг тодорхойлоогүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ийнхүү хөндөж байгаа нь өөрөө төрийн байгууллагын хууль бус үйлдлийн мөн нэг илрэл билээ.
3.Гуравдагч этгээд мөн л хуулийг буруу тайлбарлаж өөрийн эрх ашигт нийцүүлэх, улмаар хуулийг буруу хэрэглэсэн байдлаар бичжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журам, арга хэмжээний талаар, харин 33 дугаар зүйлийн 33.1.2-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байдаг. Эндээс үзэхэд хэн дуудлага худалдаа төсөл, сонгон шалгаруулалт явуулах эрхтэй болон ямар журмаар хэн тэр журмыг тогтоохыг заасан байна. Түүнээс иргэн, аж ахуйн нэгж өөрөө сайн дураар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах боломжгүй, хуульд ийм зохицуулалт байхгүй.
Гуравдагч этгээд нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж гарсан талаар дурдсан байдаг. Энэхүү захирамж ямар нэг дутагдлыг залруулах үүднээс гарсан байгаа нь илэрхий бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн бус хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг гэж тайлбарласантай дүйцэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч дээрх нийслэлийн Засаг даргын захирамж гарсны даруйд төлөх үүрэг хүлээх боловч өнөөдрийн байдлаар бидэнд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнийг төл гэсэн байдлаар албан бичиг, нэг ч шаардлага ирээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
4.“А п ” ХХК-ийн эзэмшлийн газар болоод зочид буудлын орц, гарц хаасан талаар шүүхээс өгсөн дүгнэлт шударга бөгөөд хуульд нийцсэн. Бид тухайн газарт бодит байдал дээр үзлэг хийхэд байлцсан бөгөөд үзлэгийн зургаар ч зочид буудлын урдуур явах зам талбай хангалттай байдаг бөгөөд “А п ” ХХК-ийн ерөнхий төлөвлөгөөгөөр ч орц, гарцыг тодорхой харуулсан эскиз зураг батлагдсан байдаг. Энэхүү зурганд “А п ” ХХК-ийн эзэмшлийн зочид буудлын урд мансарттай хаалга байх бөгөөд түүний урд машин зам байна. Зочид буудал байрлаж байгаа газрын хашаа руу зүүн талаас нь орох гарах, баруун урд талаас нь орох гарах орц, гарц нээлттэй байгааг үзэж фото зургаар баталгаажуулсан. Үүний хаагуур нь манай эзэмшлийн газар зочид буудлын орц, гарцыг хаагаад байгааг ойлгохгүй байна. Орц, гарц хаах гэдэг нь “А п ” ХХК-ийн эзэмшлийн зочид буудал руу хүмүүс орох боломжгүй байхыг бид ойлгож байна. Гэтэл бодит байдал дээр хүн байтугай бүхэл бүтэн автомашины ордог гардаг зам талбай байхад бидний орц, гарцыг хаасан гэх байдлаар тайлбар хийж байгаа бусдын эзэмшлийн газарт шунаж бусдын эрхэд халдаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” 21.2-т “Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул “А п ” ХХК нэгэнт бие даасан шаардлага гаргаагүйгээс хойш тавьсан үндэслэлүүд утгагүй хэдий ч шүүхээс нотлох баримтыг бүрэн цуглуулж гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгсөн төдийгүй, ийнхүү дүгнэхэд “А п ” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар “Х и ” ХХК-д анх газар эзэмшүүлсэн, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан дүүргийн Засаг даргын 2006 оны 361, 2012 оны А/390 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо үндэслэсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-ын “инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх”, 33 дугаар зүйлийн 33.4-ийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглох”, 33.1.2-ын “газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх” зэрэг зохицуулалт нь нэхэмжлэгчийн бус харин тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ баримтлах зарчим бөгөөд нэгэнт газар эзэмших эрхийг олгосноос хойш 7 жилийн дараа дээрх зөрчлөөр, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дараа сунгуулах хүсэлтийг гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж буй нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгчийн тухайд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын музейн хойд талд 600 м.кв газрыг шатахуун түгээх станц, авто засварын үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж, 2007 оны 5 дугаар сарын 3-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, мөн өдөр нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд харин сунгуулах хүсэлтийг 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан болох нь өргөдлийг хүлээн авсан бүртгэл хяналтын картаар тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон мэт боловч дүүргийн Газрын албаны даргын нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 5.5-д “газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заажээ. Иргэний эрх зүйн харилцаанд, талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагддаг бус нэг талын хүсэл зорилгын илэрхийлэл болсон захиргааны гэрээнд ийнхүү тусгагдсан нь талуудын тохиролцоо биш юм.
“Х и ” ХХК нь олгосон газартаа зориулалтын дагуу ил ёмкостой шатахуун түгээх станц ажиллуулж байгаад эрх бүхий мэргэжлийн байгууллагын удаа дараагийн албан шаардлага, актыг үндэслэн 2009 онд үйл ажиллагаагаа зогсоосон, түүнээс хойш газраа хашаалж, цаашид худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр төлөвлөж, мөн газрын төлбөрөө төлж байсан, хариуцагчийн зүгээс ч гэрээг цуцлах санал тавьж байгаагүй зэргээс үзэхэд гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргасан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр захирамжид зориулалтыг урьдын адил “шатахуун түгээх станц, авто машины засвар үйлчилгээ” гэж гаргасан ч нэхэмжлэгчээс тухайн үед газраа худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр хүсч байсан, мөн захирамжийн дагуу олгогдсон гэрчилгээ, байгуулсан гэрээнд газрын зориулалт хүсэлтэд дурдсанаар тусгагджээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад газрын зориулалт ийнхүү өөрчлөгдсөнөөр захирамжид дурдсан мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актаар тогтоогдсон “...Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж зөрчсөн...” гэх үндэслэл үгүй болсон гэж үзэхээр байна. Гэхдээ анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн талаар дүгнэснээс бус цаашид тухайн газарт барилга байгууламж барихтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Харин шүүхийн шийдвэрт дүүргийн Засаг даргын 2006 оны 361 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 600 м.кв газар нь “...тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3.13-т тусгагдсан 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 0.1 га газарт хамаарна...” гэсэн нь хэт нэг талыг барьсан субъектив дүгнэлт болсон талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, тэр тусмаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй гуравдагч этгээдийн гомдлоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Үндсэндээ “Х и ” ХХК болон “А п ” ХХК-ийн тухайд анх хөрш залгаа газрыг аль аль нь дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрхтэй болсон, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн тухайд дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар олгогдсон газраа нийслэлийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар баталгаажуулж авснаар, эсхүл түрүүлж үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулснаараа нэхэмжлэгчээс илүү давуу эрх үүсэх учиргүй.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар газрын ямар нэгэн давхцалгүй, энэ талаар ч талууд маргаагүй, түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталсан ерөнхий төлөвлөгөөнд /ХХ-2, 50 дахь хуудсанд буй/ нэхэмжлэгчийн эзэмшил газарт ямар нэгэн төлөвлөлт тусгагдаагүй, харин 51, 52 дахь хуудсанд авагдсан баригдах зочид буудлын нүүр тал, харагдах байдалд нэхэмжлэгчийн эзэмшил газарт ногоон байгууламж, явган зам, автомашины зогсоол байхаар тусгасан ч өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлж зураг төсөл хийлгэх эрх хэмжээ гуравдагч этгээдэд олгогдоогүй, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “барилга байгууламжийн зураг төсөл нь ...олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасан байдаг.
Одоогийн бодит байдалд ч гуравдагч этгээдийн эзэмшил газар болон үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй ашиглах эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал үүсээгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гуравдагч этгээдийн тухайд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газрыг албадан чөлөөлсний дараа, зохих зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт явган зам талбайн зохих тохижилт хийсэн байх тул энэхүү шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Иймд хариуцагчаас, өмнө гаргасан захирамжуудаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосноор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүргээ зөрчөөгүй байхад нь нэхэмжлэгчийн уг зүйлийн 35.1-т заасан заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг шууд хязгаарлаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдол үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үр дагаварт хүргэж буй нь хууль бус болно.
Харин анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэж тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг хууль бус болохыг тогтоохдоо энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт, мөн тухайн маргааны шийдэлд үл хамаарах заалтыг баримталсан байх тул хууль хэрэглээний талаар зохих өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн асуудалд хамааралгүй буюу 33.1, 37.1 гэсэн заалтыг, түүнчлэн уг хуульд байхгүй 39.1.1, 40.1.1, 61.1 гэсэн заалтыг баримталсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х и ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжийг хүчингүй болгон, тус компанийн эзэмшил газраас эд хөрөнгийг /хашаа/ албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “А п ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН