Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгч Г.Хунцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганпүрэвийн Хунцэнгэлд холбогдох эрүүгийн 201610010116 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг 16 дугаар байр 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржигон овгийн Ганпүрэвийн Хунцэнгэл /РД: МД73071778/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Хунцэнгэл нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Гаалийн 1 дүгээр гудамж 27 тоотод иргэн Б.Зулбадрахыг алаад өөрийгөө ална гэх зэргээр 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд сэтгэл санааны дарамт учруулж, түүний хүзүүнд нь хутга тулгаж хутганы ишээр цохих, үзүүрээр хатгах өвтгөх, шаналгах зэргээр биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан тарчлаах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Г.Хунцэнгэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Мишигийн Машбаттай 2007 онд танилцан бид хоёр хамтран амьдарч байгаад 2016 оны 03 сард тус тусдаа амьдрах болсон, яагаад тусдаа амьдрах болсон гэхээр Машбат надтай амьдарч байхдаа мэргэжлийн хяналтын байцаагч залуутай явалдаад байна гэдгийг нь мэдсэн учраас бид хоёрын дунд хэрүүл маргаан болж тусдаа амьдрах болсон. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Машбаттай уулзаад мөнгө төгрөг ойр зуурын юм ярьж байгаад тэндээс бид хоёр хөдлөөд газын клонк орж машиндаа түлш хийгээд наадмын талбай руу хойшоо хөдөө гарсан. Бид хоёр машин дотроо сууж байтал Машбатын гар утас дуугарахаар нь хэн залгаад байгаа юм бэ гэж асуухад Машбат “Чи танихгүй гэж хэлсэн, тэгээд дахиад залгахаар нь би Машбатын утсыг аваад ярьсан тэгтэл эрэгтэй хүн “Машбаттай ярьмаар байна” гэж хэлэхээр нь утсыг нь Машбатад өгтөл утасны цаанаас “Чи наад Цэнгэлтэйгээ зууралдаад яваад байгаа юм уу, нэг бол наадхаа сонго, нэг бол намайг сонго гэж хэлэхээр нь хэн бэ гэж Машбатаас асуухад Зулбадрах байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Зулбадрах руу утсаар би өөрөө залгаад хүрээд ир гэж хэлтэл Зулбадрах ирээгүй. Би Машбатад уурлан чи Зулбадрахтай сууж байгаа юм уу гэж асуухад Машбат “үгүй би суусан юм байхгүй, чи 7 сар хүртэл хүлээж бай, 7 сараас хойш болох байлгүй гээд байсан. Тэгээд би уурлаад машин дотор байсан уяаг гаргаж ирээд Машбатын хөлийг уяад би чамайг явуулахгүй гэж хэлсэн. Бид хоёр хэсэг наадмын талбайн хавьд машин дотроо маргаж хэрүүл хийж байгаад сумын төв рүү орж ээжийн хашаанд ирсэн ээжийнд  Машбат ирээд хүйтэн пиво уумаар байна гэж хэлэхээр нь би дэлгүүрээс хүйтэн пиво авч өгсөн. Машбат бид хоёр ээжийн хашаанд ирээд 3 цаг болсон байхаа, өдөр 16:00-17:00 цагийн үед ирээд орой 22:00 цаг болж байхад Зулбадрах хамт ажилладаг нэг залуутайгаа машинтай хүрч ирээд “би авгайгаа аваад явчихъя, ирэх жилийн цагаан сараар золгохдоо авч ирж өгье” гэж их бардам дээрэлхүү байдалтайгаар надад хэлэхээр нь Зулбадрахаа чи согтуу байна, чамтай эрүүл үед чинь ярьмаар байна чи явчих тэгэх үү гэж хэлсэн. Тэгтэл Зулбадрах би явахгүй “Заавал Машбатыг авч явна” гээд суугаад байсан үүнээс болж маргаан үүсээд би Машбат, Зулбадрах нартай маргаад байж байтал цагдаагийн ажилчид хүрээд ирэхээр нь гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад Зулбадрахыг нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Цагдаагийн ажилчид ирэх үед би хаалгаа дотроос нь түгжсэн тэр үед гэрт Машбат, Зулбадрахтай хамт ажилладаг бололтой албаны хувцастай залуу байсан мөн манай ээж Ганпүрэв, эрэгтэй дүү Батцэнгэл бид 5 байсан. Зулбадрахыг гаднаас орж ирэх үед манай ээж шууд зөрөөд гараад явсан. Тэгээд гэрт хэрүүл ч биш хэлцэл ч биш юм ярьцгааж байсан, тухайн үед Зулбадрах надад дээрэлхэж хандаад байсан учраас айлгах гэж тухайн үед би хутга гаргаж ирсэн тэгтэл гэрийн гадаа цагдаагийн ажилчид ирсэн байхаар нь би өөрөө айж сандраад намайг аваад явчих байх гэж бодоод гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн. Би гэрт байсан хүмүүсийг цонхоор гаргасан, тухайн үед Машбат хаалгаар гаргасан. Гэрт Зулбадрах бид хоёр үлдсэн би тэр үед Зулбадрахаас одоо чи яах гээд байгаа юм бэ гэж асуухад Зулбадрах “ахаа намайг уучлаарай, ёстой муухай юм боллоо, миний хоёр хүүхдийг бодооч намайг битгий алаач гээд уйлаад байсан. Тухайн үед Зулбадрах архи уусан согтүу байсан. Тэгээд хутга барьсан гарынхаа араар Зулбадрахын нүүр лүү 2-3 удаа цохисон. Гэрийн гадаа олон цагдаагийн ажилчид, ирсэн мөн олон хүмүүс шавчихсан байсан учраас би учраа олохгүй сандраад, шууд Зулбадрахыг явуулах гэхээр намайг цагдаагийнхан аваад явчих юм шиг санагдаад суусаар байгаад маргааш өдөр нь болгосон, маргааш өдөр нь би өөрөө угаасаа болих гэж байтал ашгүй цагдаагийн хоёр ажилтан гаднаас орж ирээд намайг боль хуулиа хар гэж хэлэхээр нь би ойлгож байгаа дүрийг үзүүлэн Зулбадрахыг явуулсан. Ер  нь орой манайд ирсэн цагдаагийн ажилчид хаалга үүдийг эвдээд ороод бариад гараад ир гээд байсан учраас би сандарч айсан, надад хүн алах санаа байгаагүй, зовоох санаа байгаагүй. Зулбадрахын хүзүүнд хутга тулгаад “энийг дуусгаад би өөрийгөө дуусгана” гэж Машбат, Зулбадрах нарыг айлгах гэж л сүрдүүлж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

        - Хохирогч Б.Зулбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 06 сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Итгэлбаяр гэх залуугийн хамт явж байтал миний гар утас руу үл таних юнителийн дугаараас би Машбат байна намайг гаалийн 1-27 тоотоос цагдаа нарын хамт ирж ав гэсэн мессеж ирсэн. Тэгээд намайг яваад очих үед Машбат урьд өмнө нь хамт амьдарч байсан Хунцэнгэл гэх залуугийн ээжийнх нь гэрт түүний 2 дүү болон хүргэн Амараа, Хунцэнгэл нарын хамт байж байсан ба намайг Итгэлбаярын хамт байшин руу орж очиход Хунцэнгэл надад хандаж чи яагаад гэр бүл үймүүлээд надаар оролдоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь, би түүнд хандаж Машбат та хоёр салаад бүтэн жил гаруй болчихлоо тэгээд ч гэрлэлтийн баталгаа байхгүй байсан шүү дээ гэж хэлсэн, тэр үед над руу уурлаж одоо чи эндээс хурдан зайл харин Машбат надтай энэ гэрт хононо гэж хэлсэн. Тэр үед нь би үгүй ээ наад хүнийг чинь одоо авч явна гэж хэлэхэд Хунцэнгэл над руу уурлаж намайг хараан зүхэж та нарыг бүгдийг чинь ална гэж хэлсэн, Тэр үед надтай хамт явж байсан Итгэлбаяр Хунцэнгэлд хандаж ахаа та их ууртай байх шиг байна, эр хүмүүс сайхан ярилцаад учраа олчих, Зулбадрах ax та буруутай бол эр хүн шиг энэ ахаар 2 цохиулчих уур уцаар нь багасна шүү дээ гэж хэлсэн. 1-2 цохихийг чинь би зөвшөөрнө гэж хэлэхэд өө тийм үү гэж хэлээд миний нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон, яг тэр үед Хунцэнгэл та нар цагдаа дуудсан байна гэж хэлээд байшингийн хаалга руу гүйж очоод дотроос нь түгжчихсэн. Цагдаа нар байшингийн цонхон дээр ирэх үед Хунцэнгэл гал тогооны тавиур дээрээс 2 хутга авч, 2 гартаа бариад цагдаа нар байшин руу орох гэвэл та нарыг бүгдийг чинь ална шүү, эхлээд би чамайг ална харин дараа нь Машбат чамайг ална гэж хутгатай гараараа заасан. Үүний дараа цагдаа нар Хунцэнгэлтэй ярилцаж байшинд байгаа хүмүүсийг гаргаж явуулчих гэж хэлэхэд тийм зүйл байхгүй та нарыг орж ирвэл байшинд байгаа хүмүүсийг бүгдийг нь ална гэж хэлж байсан, түүний дараа над руу ирж миний нүүр, толгой руу баруун зүүн гартаа барьсан хутганы ишээр ээлжлэн цохиж байсан. Хунцэнгэл цагдаа нартай нилээд ярилцсаны дараа 2016 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна байшин дотроос Итгэлбаяр болон Амараа нарыг байшингийн цонхоор гаргаж би байшин дотор Хунцэнгэл, Машбат, Хунцэнгэлийн 2 дүү нарын хамт үлдсэн юм. Нэг их удалгүй Машбат байшингийн хаалгаар зугтан гарсан ба түүнийг гарсны дараа Хунцэнгэл миний хоолойнд баруун гартаа барьсан хутгийг тулгаж, зүүн гартаа барьсан хутгаа нуруунд тулгаж хойноос чичиж, цагдаа нар байшин руу дайран орох үйлдэл хийвэл би чиний хоолойг хэрчиж ална дараа нь өөрийгөө ална одоо надад буцах зам байхгүй болсон, галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Энэ мэтээр намайг айлган сүрдүүлж 2016 оны 06 дугаар сарын 06-ны 01 цагийн орчмоос эхлээд 06 сарын 07-ны 12 цаг хүртэл үргэлжилсэн ингэж байх явцдаа өглөө үүр цайх үеэс эхлээд Машбатыг надад харуулаад өг би царайг нь нэг хармаар байна тэгвэл би энэ залууг нь явуулна гэж цагдаа нарт хэлж байсан гэхдээ ингэж хэлж байхдаа миний чихэнд чи бид 2-ын үхэж байгааг Машбат заавал харах ёстой эхлээд чиний хоолойг хэрччихээд би өөрийнхөө гүрээний судсыг ханана гэж шивнэж хэлж байсан. Тэгээд л энэ мэтээр намайг айлган сүрдүүлж байсны эцэст 12 цаг өнгөрсөн байх үед цагдаа нар Хунцэнгэлийг надаас салгаж авсан юм. Миний хоолойнд хутга тулгаснаас хойш намайг ална, чиний толгойг тасдана, мөн чиний биеийн эрхтнийг хиам шиг зүсээд тавина гэх мэтээр л айлган сүрдүүлж байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 20-21/,

            - Хохирогч М.Машбатын мөрдөн байцаалтанд өгөн: “... 2016 оны 06 сарын 06-ны өдөр 14 цаг 30 минутын үед Замын-Үүд сумын Биржийн хойд талд байх каргоны орчимд Хунцэнгэлтэй тааралдсан бөгөөд тухайн үед Хунцэнгэл 03-76 УНА улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд Хунцэнгэл намайг машиндаа суулгаж, машины газ аваад эргэж ирээд буулгая гэж хэлээд намайг машиндаа суу гэж хэлээд суулгаад машиндаа газ авчихаад Замын-Үүд сумаас баруун хойд зүгт хөдөө хээр гарч машинтайгаа зогссон. Машинаа зогсоогоод Хунцэнгэл жолоочийн суудал доороос 500 гр-ийн будаг шингэлэгч 1 ширхэг, 20 гр шиприз 2 ширхэг, хүрэн өнгийн хуйтай хутга мөн мяндсан уяа гаргаж ирсэн, эдгээр зүйлийг гаргаж ирээд одоо бол ямар ч арга байхгүй гэж хэлээд миний 2 гар, 2 хөлийг уяагаар хүлчихээд машиныхаа хаалгыг дотроос нь түгжээд 20 гр-ийн шприцийг будаг шингэлэгчээр дүүргээд, нэгийг нь өөртөө хийнэ, харин нөгөөхийг нь чамд хийж ална гэж хэлээд, хуйтай хутгаа гаргаж ирээд, миний утаснаас симийг нь сугалж аваад өөрийнхөө гар утсанд хийж одоо надтай хамт амьдардаг Зулбадрах руу залгаж надтай яриулсан. Утсаар яриулж байхдаа чи Зулбадрахад хандаж цаашдаа чамтай хамт амьдрахгүй би Хунцэнгэлтэй амьдарна, чи над руу битгий утсаар залгаад бай гэж надаар хэлүүлчихээд утсаа салгаж, чамайг илүү үйлдэл хийх юм бол ална шүү гэж хэлсэн. Түүнээс хойш би хэсэг хугацаанд Хунцэнгэлийг тайтгаруулж үзсэн боловч түүний уур бухимдал нь намдахгүй байсан. Тэгэж байгаад Хунцэнгэл машинаа асааж сумын төв рүү орж ирээд өөрийн төрсөн дүү болох Батцэнгэлийн гэрт очиж, би чамайг энд үлдээнэ харин Зулбадрах гэртээ ирсэн байвал түүнийг авч ирээд чамтай хамт ална би өнөөдөр та нарыг бүгдийг чинь алж дуусгана гэж хэлээд Хунцэнгэл машинаа асааж Замын-Үүд сумын 2 дугаар баг Гаалийн 1-27 тоотод байх өөрийн ээж Ганпүрэвийн хашааны гадаа 18:00 цагийн үед ирж зогссон. Түүнээс хойш 20:00 цагийн үед миний дугаар луу Зулбадрах залгасан бөгөөд тэр үед Хунцэнгэл утас аваад Зулбадрахтай ярьж чи муу хүрээд ир гэж хэлсэн, харин утсаар ярьж байхдаа би чамтай өнөөдөр орой 23:00 цагт танай гэрт очиж уулзана гэж хэлж байсан тухайн үед Зулбадрах би чамтай уулзахгүй би бага зэрэг архи уучихсан байна 2-лаа дараа уулзая гэж хэлж байсан. Би Хунцэнгэлийн гэрт орсноос хойш түүний гэрт нь байсан дүү нарт нь цаасан дээр Зулбадрахын дугаарыг бичиж энэ утас руу залгаад, цагдаа дуудаад гаалийн 1-27 тоотод хүрээд ир гэж бичээд өг гэж гуйж байгаад нэг дүүгээр нь бичүүлсэн юм. Түүнээс хойш нэг их удалгүй Зулбадрах өөрийн хамт ажилладаг Итгэлбаярын хамт ирээд Зулбадрах гэрт орж ирэх үед Хунцэнгэл түүнд хандаж чи яагаад хүний амьдралд хутгалдаад байгаа юм гэж хэлсэн бөгөөд тухайн үед Зулбадрах чиний амьдрал гэж юу байдаг юм, та 2 гэрлэлтийн баталгаатай юм уу, би эхнэрээ аваад явъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Хунцэнгэл би өнөөдөр явуулахгүй, гэж хэлээд түүн рүү уурласан, тэгсэн чинь Зулбадрах 2-уулаа эр хүн шиг ярья ганц шил архи аваад хуваагаад ууя гэж хэлсэн чинь, би архи уудаггүй харин чамайг хэд сайхан цохиод авъя гэж хэлсэн. Тэгсэн Зулбадрахын нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон. Тэр үед цагдаа нар байрны гадаа ирсэн бөгөөд тухайн үед Хунцэнгэл та нар цагдаа дуудсан байна гэж хэлээд, байшингийн хаалгыг дотроос нь түгжээд, гал тогооны шүүгээн дээр байсан 2 хутгыг авч, 2 гартаа нэг нэгээр нь бариад цагдаа нар луу та нарыг орж ирвэл байшинд байгаа хүмүүсийг бүгдийг нь ална гэх мэтээр орилж байгаад Зулбадрах руу очоод хутганы ишээр толгой нүүр хэсэг рүү нь цохиж эхэлсэн. Тухайн үед цагдаа нар байшин руу орох гэсэн боловч Хунцэнгэл оруулахгүй гээд шөнийг 01 цаг 30 минутын үед байшингийн хаалгаар биш цонхоор Итгэлбаяр, Амараа нарыг гаргаж явуулсан. Тэр үедээ Хунцэнгэл Зулбадрахын хоолойнд хутга тулгаад зогсох үед би зугтаж байшингийн хаалгаар гарсан юм. Тухайн үед Зулбадрах бага зэрэг архи уучихсан байсан харин Хунцэнгэл Зулбадрахын хоолойнд нь хутга тулгаж, хутганы ишээр толгой нүүр рүү нь цохиж байсан, ер нь бол түүнийг маш их зодсон... гэсэн мэдүүлэг /хx-ийн 24–25/,

- Гэрч Г.Уранзулын “...Би 2016 оны 06 сарын 06-ны өдөр 14 цагийн үед ээж Ганпүрэвийн гэрт Гаалийн 1-27 тоотод очсон, намайг очих үед Машбат ирчихсэн Хунцэнгэл ах тэр хоёр хоорондоо муудалцаад зогсож байхаар нь та хоёр одоо болиочээ жаахан хүүхдүүд биш муудалцаад байхдаа яадгийн бэ гэж хэлээд гэр лүүгээ явсан. Би гэртээ очоод амарч байтал 19-20 цагийн үед манай Ээж Ганпүрэв над руу утсаар залгаж “хүрээд ирээ манай гэрт хорио цээрийн байцаагч Зулбадрах нэг залуутай ирчихсэн Хунцэнгэлтэй муудалцах гээд байх шиг байна хүрээд ир” гэж хэлэхээр нь нөхөр Амарсайхантай хамт 22:00 цаг өнгөрч байхад очсон байхаа ээжийнд яваад ортол Хунцэнгэл ax гартаа эвхдэг жижиг хутга барьчихсан Зулбадрахыг нүүр лүү цохисон бололтой нэг талынх нь жавжнаас цус гарчихсан, хамт явсан залуу нь одоо болоо ш дээ Зулбадрах цохь гэж хэлээд өөрт чинь эр хүн шиг таньд цохиулчихлаа гээд байцгааж байсан. Тухайн үед цагдаа руу дуудлага өгчихсөн байсан, намайг очсоноос хойш цагдаа нар хүрээд ирсэн, цагдаа ирэх үед Хунцэнгэл ах гэрийн хаалгыг дотроос нь түгжээд гэрт байсан Зулбадрах, Машбат, танихгүй нэг залуу, Хунцэнгэл ах 4 байж байсан. Би дуудлагаар ирсэн 2 цагдааг ирэхээр нь “манай ах хутга барьчихсан байна цагдаа ирвэл гэрт байгаа залууг шууд дүрнэ гээд байна, та хоёр харагдахгүй түр байж байгаач гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар нэмэгдэж ирснийг Хунцэнгэл ax xарчихаад Зулбадрахын хүзүүнд хутга тулгаж хүн оруулж гаргахгүй байгаад байсан. Хунцэнгэл ах “Би Зулбадрахыг ална энэ манай эхнэрийг авч сууна гээд байна” гээд Зулбадрахын хүзүүнд хутга тулгаж маргааш өдрийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүзүүнд хутга тулгаж байсан. Зулбадрах манай ах Хунцэнгэлийг цохиж зодоогүй. Намайг байхад Зулбадрах “би ээжийг чинь танидаг хүндэлдэг, эхнэрийг чинь аваад явья ирэх жилийн цагаан сараар ирж золгоё” гэж хэлсэн. Тэр үгнээс болж ахын уур нь хүрсэн байх... гэсэн мэдүүлэг /хx-ийн 27-28/,

- Гэрч С.Ганпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17:00 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байтал манай том хүү Г.Хунцэнгэл Машбаттай хамт гэрт ороод ирсэн. Тухайн үед миний хажууд учиргүй уурлаж хоорондоо чи, би гэж учиргүй хэрүүл хийсэн зүйл байгаагүй, хоорондоо зодолдож цохилцоогүй. Тэгээд байж байтал Хунцэнгэлийн төрсөн дүү манай хүү Батцэнгэл гадаа хашаанд машин засаж байгаад дөнгөж орж ирээд гараа угаагаад зогсож байтал араас нь Зулбадрах манай гэрт ганцаараа ороод ирэхээр нь би зодоон цохион болох нь нэгнийгээ алах нь гэж бодоод бушуухан гэрээсээ гараад явтал үүдэн дээр Зулбадрахтай хамт явж байгаа бололтой нэг туранхай залуу зогсож байхаар нь чи Зулбадрахтай цуг яваа юм уу цагдаа дуудаач гэж хэлтэл миний өөдөөс хараад зогсоод байхаар нь цагдаа дууд гэж хэлээд цагдаагийн 9638-8802 гэсэн дугаарыг өгсөн. Дуудлагаар цагдаа нар 23:00 цагийн үед ирсэн, тэгтэл цагдаа ирэхэд Хунцэнгэл гартаа хутга бариад Машбат, Зулбадрах хоёрыг гэрийн хойд буланд хувцасны шүүгээний урд шахчихсан зогсож байсан ба цагдаа нар ирээд хаалгаа онгойлго, наад хутгаа хая боль гэж хэлсэн боловч үгэнд орохгүй, байшингийн хаалга дотроос нь түгжээд хүн оруулж гаргахгүй байсан. Тэгтэл тэр ирсэн хоёр цагдаа дээр нэмэгдэж олон цагдаа ирсэн, тэр цагдаагийн ажилчид бүгд л Хунцэнгэлийг боль гэж зөндөө янз бүрээр хэлсэн боловч огт үгэнд орохгүй байсан. Мөн Хунцэнгэлийн төрсөн дүү нар болох Батцэнгэл, Уранзул 2 хүртэл Хунцэнгэлийг “та одоо боль наадуулаа явуул” гэж олон удаа хэлсэн боловч үгэнд ороогүй. Тэгтэл 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01:00 цагийн үед байхаа Зулбадрахын хүзүүнд хутга тулгаад суугаад байхаар нь би байшингийн цонхоор толгойгоо оруулж байгаад “миний хүү боль наад хүнээ явуул наад хүний чинь буруу гэж юу байдаг юм бэ, Маашаагийн буруу” гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй, түүнээс хойш гэрээс Машбат буюу Маашаа зугтаагаад унаад гүйгээд гараад ирсэн. Хунцэнгэл Зулбадрахтай үлдсэн. Хунцэнгэл ярихдаа би 10 жилийн амьдралаараа хохироод үлдэх үү, Машбат, Зулбадрах хоёрыг зүгээр явуулах юм уу? Чиний буруу биздээ чи миний ээжид хэлдээ гээд Зулбадрахыг шаардаад миний үгэнд орохгүй болохоор нь дахиж би цонх руу ойртоогүй... гэсэн мэдүүлэг /хx-ийн 29-30/,

- Гэрч Г.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн үед ээж дээрээ ирээд дүү Батболдын хашаанд засварын газар нь машин засаж байгаад 12:00 цагийн үед дуудлагаар явж машин үзээд 14 цаг 30 минутын үед буцаж дүүгийн засварын газар иртэл манай төрсөн ах Г.Хунцэнгэл, бэр эгч Машбат хоёр ирчихсэн хашаанд байдаг овоолсон шороон дээр сууж байсан. Тэгээд нэг хартал байхгүй болчихсон харагдсан. Тэгтэл ах эгч хоёр ээжийн гэр лүү орсон байсан. Ажил дуусаад багажаа цуглуулж гражаа хаах гээд байтал хашаан дотор хар өнгийн жижиг суудлын машинтай хүмүүс орж ирсэн харахад албаны хувцастай мэргэжлийн хяналтын хоёр залуу “гаалийн 1-17 тоот нь хаана байна” гэж асуухаар нь би хашааны гадна талын 27 гэсэн дугаарыг харуулж “27 тоот нь энэ 17-н тоот нь зүүн тийшээ байгаа гэж зааж өгтөл нөгөө хоёр залуу “за баярлалаа” гэж хэлээд хашаанаас машинтай ухарч гараад явсан. Би ээжийн гэрлүү явж орсон, намайг ээжийн гэрт ороход Машбат эгч ах Хунцэнгэл, манай ээж Ганпүрэв 3 сууж байсан ба нөгөө хаяг асууж явсан хоёр залуу араас гэрт ороод ирсэн. Тэр хоёр залууг ороод иртэл Хунцэнгэл ах наашаа суу гэж хэлээд тэр хоёр залууд сандал авч өгтөл Зулбадрах нь суугаад нөгөө залуу нь суугаагүй, тэр хооронд ээж зөрөөд гараад явтал Хунцэнгэл ax гаднаас орж ирсэн Зулбадрах гэдэг залуутай хэрэлдээд эхэлсэн. Хунцэнгэл ах “за Зулаа энэ амьдрал юу болоод байнаа” гэж асуухад Зулбадрах дуугараагүй. Тухайн үед Зулбадрах архи уусан согтуу байсан. Хунцэнгэл ах за Зулаа чи архи уусан согтуу байна одоо харь би эхнэр Маашаагаа аваад үлдлээ гэж хэлтэл Зулбадрах “үгүй би Маашааг авч явна харин цагаан сараар ирж золгоё” гэж байсан. Тэр хоёрын ярьж байгаа хэрүүл нь Машбатыг булаацалдсан хэрүүл байсан. Тэгтэл Хунцэнгэл ах гэнэтхэн уурлаад л “Чи муу одоо доромжлоод байгаа юм уу” гээд босоод ирсэн тэгээд Зулбадрах, Хунцэнгэл хоёр өөд, өөдөөсөө босоод ирсэн тэр үед Зулбадрахтай хамт орж ирсэн залуу, Машбат, ах Хунцэнгэл бид 4 байсан ба Зулбадрахтай хамт байсан залуу гарч яваад цагдаа дуудсан. Тэр үед сүйдтэй цохилцож барилцсан зүйл байхгүй байж байтал цагдаа нар хүрээд иртэл Хунцэнгэл ах ухас хийж босож ирээд халбага сэрээний савнаас цэнхэр иштэй хутга авсан, тонгорог хаанаас авсныг нь мэдэхгүй өөрт нь байсан байхаа, тэгээд л Машбат, Зулбадрах хоёрыг нөгөө хамт ирсэн залуутай нь хамт ийшээ зогс хойшоо зогс гээд хутга тулгаад хорьж хөдөлгөхгүй гэрийн хаалгыг дотроос нь түгжээд байлгаад байсан. Эхлээд дуудлагаар хоёр цагдаа ирээд гэр лүү орох гэтэл гэрийн хаалга цоожтой байсан учраас цонхоор одоо боль Хунцэнгэлээ хаалгаа онгойлго наад хүнээ явуул гэж хэлтэл үгэнд нь орохгүй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагаас эхлээд хутга тулгаад гэрт байсан Машбат, Зулбадрах болон Зулбадрахтай хамт ирсэн залуу гурвыг хориод байсан, би хажуунаас нь та одоо яах гээд байгаа юм бэ наад залуугаа гарга гэж байж Зулбадрахтай хамт ирсэн залууг нь /Итгэлбаяр/ цонхоор гаргаж явуулсан. Тэгээд Машбат, Зулбадрах хоёр үлдсэн, би босож зогсоод цонхоор хоёр цагдаа Хунцэнгэлтэй юм ярьж саатуулж байгаад Машбатыг хаалгаар гаргаж зугтаалгасан. Гэрт Зулбадрах Хунцэнгэл ах бид 3 үлдсэн. Тэгтэл хашааны гадаа олон цагдаагийн ажилчид ирсэн байсан. Манай ах Хунцэнгэл Зулбадрахад хутга тулгаад хориод хөдөлгөхгүй байсан ба 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03:00 цагийн үеэс бүр хүзүүнд хутга тулгаад урдаа гаргаад тэврээд суучихсан, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагийн үед цагдаагийн ажилчид очиж ятгаж янз бүрээр хэлж байж Хунцэнгэл ахаас Зулбадрахыг салгаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 21:00 цагт эргүүлийн үүрэг аваад сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Гаалийн 1-27 тоотод согтуу хүмүүс хоорондоо маргаад хутга шөвөг болоод байна гэсэн дуудлага ирлээ, дуудлагын мөрөөр явж шалгаад эргээд яаралтай хариу мэдэгдээрэй гэж жижүүрийн оффицер ахмад Т.Цагааннохой үүрэг өгсөн. Би тэр үед цагдаагийн ахлах  ахлагч Х.Гэрэлбаатар, ахлах ахлагч Р.Адарсүрэн нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан учраас дуудлагын дагуу бид 3 хаяган дээр очиход байшингаас настай эмэгтэй хүн гарч ирээд ахлах ахлагч Р.Адарсүрэнтэй уулзсан, би байшингийн цонхоор очиж харахад байшингийн дотор Г.Хунцэнгэл, Зулбадрах, Машбат, мөн Хунцэнгэлийн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь байцгааж байсан. Бид 3 дуудлагаар очоод Хунцэнгэлийн байсан байшинд ороогүй, ер нь харагдалгүй байж байтал жижүүрийн оффицер Цагааннохой, эрүүгийн төлөөлөгч Гандаваа нар ирээд байж байтал байшинд байсан хүмүүсийг Хунцэнгэл гаргаад Машбат, Зулбадрах хоёр болон эмэгтэй дүү нь мөн үлдсэн, тэгэж байхдаа Хунцэнгэл гартаа хутга барьсан байсан. Ингэж байшинд байхдаа Хунцэнгэл Зулбадрахын нүүр лүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Түүнээс хойш Машбат гараад зугтаж байсан. Байшинд Хунцэнгэл, Зулбадрах хоёр үлдсэн тэр хоёрыг байшинд байхад Хунцэнгэлийн эрэгтэй дүү, эмэгтэй дүү хоёр одоо болиочээ гээд байшингаас орж гараад яваад байсан. Тэгээд Хунцэнгэл би аргаа барсан юм хийж байгаа хүн намайг ингэж ''доромжилж болохгүй биздээ, анх Замын-Үүдэд Зулбадрах ирээд манайд байдаг байсан гэх зэрэг юм яриад байсан. Машбат байшингаас гараад гүйснээс хойш л Хунцэнгэл гартаа барьсан хутгаа Зулбадрахын хүзүүнд тулгаад маргааш өдөр хүртэл суугаад байсан ба 2016 оны 06 дугаар сарын 07-ны 12:00 цагийн үед манай алба хаагч нарт байшинд орж байгаад Хунцэнгэлийг боль гэж хэлээд хууль тайлбарлаж өгтөл Хунцэнгэл өөрөө сайн дураараа татгалзаж Зулбадрахын хүзүүнд тулгаж байсан хутгаа газар хивсэн дээр шидэж Зулбадрахыг тавьж явуулснаар хэрэг асуудал дууссан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,

- Гэрч Д.Гандаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны орой 22 цаг 35 минутын үед цагдаагийн хэлтсийн жижүүрт Замын-Үүд сумын 2 дугаар баг Гаалийн 1-27 тоотод оршин суудаг Г.Хунцэнгэл нь согтуугаар эхнэрээ Зулбадрахтай хардсан шалтгаанаар барьцаалан гэрээсээ гаргахгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж ажилласан. Замын-Үүд сумын 2 дугаар баг Гаалийн 1-27 тоот хаяганд очиход Хунцэнгэл гартаа хутга барьсан, Хунцэнгэлийн эхнэр гэх Машбат гэдэг эмэгтэй, хилийн мэргэжлийн хяналтын албанд ажилладаг албаны дүрэмт хувцастай Зулбадрах, Итгэлбаяр нар байсан бөгөөд Хунцэнгэлийн дүү нар болох Уранзул, Батцэнгэл нар байсан. Хунцэнгэлийн төрсөн дүү болох Батцэнгэл, Уранзул хоёр байшингаас гарч ороод яваад байсан, бусад дотор байсан хүмүүсийг гаргахгүй гаднаас хүн оруулахгүй цагдаа орж ирэх юм бол би энэ Зулбадрахыг Машбатын хамт алчихаад өөрийгөө ална шүү гээд хүн оруулахгүй хориод байсан. Хунцэнгэл хутга барьчихаад Зулбадрахад хандан “Би чамайг яв гэж хэлээ биздээ, чи яагаад манай гэрт байгаад байгаа юм бэ, би чамайг сая яв гэж гуйсан биздээ, чи манай эхнэрийг авч яваад  цагаан сараар ирж золгоё гэж хүн доромжилдог чи одоо юу вэ? гэж хэлээд хутгатай гараараа Зулбадрахын нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Дуудлагаар очсон цагдаагийн ажилтан болон Хунцэнгэлийн төрсөн дүү нар нь одоо боль наад хүнээ явуул гэж тал талаас нь гуйх болон аргадах маягаар хэлж байсан. Байшинд байсан хүмүүсээс Машбат гараад зугтсан, Зулбадрахтай хамт ирсэн гэдэг Итгэлбаяр гэдэг залууг наад залуу чинь хамаагүй наад хүнээ гарга гэж хэлтэл Хунцэнгэл наадхаа цонхоор гарга гэж хэлээд Итгэлбаяр гэдэг залууг байшингийнхаа цонхоор гаргасан. Тэгээд байшинд Хунцэнгэл Зулбадрах хоёр хоёулаа үлдэж Хунцэнгэл хутгатай зүүн гараараа Зулбадрахыг хүзүүдэж хутга тулган байшингийн өрөөг голлож зогссон хэсэг зогсож байснаа сандал авч суугаад Зулбадрахыг урдаа шалан дээр суулгасан. Гаднаас хүн оруулахгүй байсан, харин хоёр дүүгээ гэртээ орж гарах үед нь зүгээр оруулж гаргаж байсан. Харин Хунцэнгэлийн хоёр дүү нь одоо боль наадхаа явуул гэж олон дахин хэлсэн. Хунцэнгэл энэ намайг доромжилсон би энийг явуулахгүй гэдэг үгийг ихэвчлэн хэлж байсаар байгаад маргааш өдрийн буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг хүргэсэн, энэ үед манай цагдаагийн алба хаагч нар байшинд орж та боль наад хүнээ явуул гэж хэлээд хууль тайлбарлаж өгөхөд Хунцэнгэл “за за уучлаарай би буруу зүйл хийсэн байна” гээд өөрөө сайн дураараа хийж байгаа үйлдлээсээ татгалзсан Зулбадрахын хүзүүнд тулгасан байсан хутгаа газар шидэж Зулбадрахыг тавьж явуулан хэрэг асуудал дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Гэрч Э.Итгэлбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надтай хамт ажилладаг Зулбадрах надруу утсаар залгаад хоёулаа хамт хойшоо айлд очоод ирье гэж хэлэхээр нь би галт тэрэгний зогсоол дээрээс Зулбадрахыг ирж аваад Замын-Үүд сумын Гаалийн 1-27 тоот хашаанд очиход Зулбадрахын эхнэр Машбат нь хуучин нөхөр Хунцэнгэл болон түүний дүү, ээж нарын хамт байцгааж байсан ба Зулбадрах гэрт нь явж ороод Машбатыг аваад явлаа гэж хэлтэл Хунцэнгэл явуулахгүй өнөөдөр хонуулаад явуулна гэж хэлтэл Зулбадрах үгүй хонуулахгүй гээд Хунцэнгэл тэр хоёр хоорондоо маргалдахаар нь би гараад явсан, намайг гадаа гараад тамхи татаад зогсож байтал Хунцэнгэлийн ээж болох настай эмэгтэй наана чинь бөөн юм болох байх шүү цагдаа дууд гэж хэлээд надад цагдааийн утасны дугаарыг өгсөн. Цагдаа дуудаад ээжээс нь хашааных нь хаягыг асууж цагдаад дуудлага өгсөн. Гэрийнх нь гадаа дуудлага өгөөд зогсож байтал, гэр доторх хэрүүл маргаан нь улам чангараад ирэхээр нь гэр лүү нь яваад ортол Хунцэнгэл нэг гартаа хутга барьчихсан Зулбадрахыг “заавал ална” гээд байхаар нь би урдуур нь орж та хоёр эр улсууд байна хоорондоо уулз наад хутгаа тавь гэж хэлтэл Хунцэнгэл гартаа барьсан хутгаа эвхээд өмднийхөө халаасанд хийгээд “би Зулбадрахыг хоёр л цохьчихоё” тэгээд та хоёр эндээс яв гэж Зулбадрах бид хоёрт хэлээд Зулбадрахыг хоёр удаа нүүр лүү нь цохитол Зулбадрах доошоо тонгойгоод суусан чинь Хунцэнгэл халааснаасаа дахиад хутгаа гаргаад ирэхээр нь “та одоо болиоч наад хутгаа далд хий” гэж хэлтэл гартаа барьсан хутгаараа Зулбадрахын өвдөг рүү нэг удаа чичлээд авахаар нь Зулбадрахыг явъя гэж хэлтэл Хунцэнгэл хутга бариад босоод ирсэн ба тухайн үед цагдаа нар гадаа ирсэн байсан. Тэгсэн чинь Хунцэнгэл хаалгаа дотроосоо түгжээд хойшоо эргэхдээ гал тогооны шүүгээнээс дахиж нэг хутга аваад хэрвээ цагдаа нар орж ирэх л юм бол би та нарыг ална шүү гэж хэлсэн. Цагдаа нар ирээд байшингийх нь цонхоор Хунцэнгэлтэй юм ярьж хутгыг нь тавиулах гэж оролдсон боловч үгэнд нь ороогүй, гэрт нь Машбат, Зулбадрах, Хунцэнгэлийн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү, хүргэн мөн миний бие тэнд байсан. Тэр үеэс гэрээс Хунцэнгэлийн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь мөн хүргэн дүү нь хамт гарцгаасан. Би Зулбадрах, Машбат, Хунцэнгэл нарын хамт үлдсэн, гэрт үлдээд байж байтал Хунцэнгэл Зулбадрахыг цонхон талынхаа булан руу шахаад нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод автал Зулбадрахын нүүр хамар амнаас нь цус гоожоод байсан. Цагдаа нар цонхоор Хунцэнгэлтэй ярилцаж байгаад намайг гаргахаар болоод би байшингийн цонхоор гарсан. Намайг гадаа гараад байж байтал Машбат миний араас гараад ирсэн. Зулбадрах Хунцэнгэл хоёр байшинд үлдсэн. Би тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй би тэндээс шууд харьсан, цагдаа нар намайг тийшээ ойртуулаагүй... гэсэн мэдүүлэг /хx-ийн 82-83/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 09-нийөдрийн 285 дугаартай “...Б.Зулбадрахын биед духны дунд хэсэгт зулгаралт, зүүн хөмсөг дээр зулгаралт, хамрын үзүүр хэсэгт ташуу зулгаралт, дээд уруулын дунд хэсэгт ташуу зулгаралт, баруун нүдний дор шарх, хүзүүний зүүн дээд талд зулгаралт, толгойн оройд зүүн зулай хэсэгт зудгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, баруун өвдөгөнд шарх, зүүн далны дор зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39/,

- Шүүгдэгч Г.Хунцэнгэлийн иргэний үнэмхлэний лавлагаа /хх-ийн 69/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискийг үзүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Хунцэнгэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Гаалийн 1 дүгээр гудамж 27 тоотод иргэн Б.Зулбадрахыг алаад өөрийгөө ална гэх зэргээр 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд сэтгэл санааны дарамт учруулж, түүний хүзүүнд нь хутга тулгаж хутганы ишээр цохих, үзүүрээр хатгах өвтгөх, шаналгах зэргээр тарчлаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Зулбадрахын “...Хунцэнгэл миний хоолойнд баруун гартаа барьсан хутгийг тулгаж, зүүн гартаа барьсан хутгаа нуруунд тулгаж хойноос чичиж, цагдаа нар байшин руу дайран орох үйлдэл хийвэл би чиний хоолойг хэрчиж ална дараа нь өөрийгөө ална одоо надад буцах зам байхгүй болсон, галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Энэ мэтээр намайг айлган сүрдүүлж 2016 оын 06 дугаар сарын 06-ны 01 цагийн орчмоос эхлээд 06 сарын 07-ны 12 цаг хүртэл үргэлжилсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, М.Машбатын “... Хунцэнгэл Зулбадрахын хоолойнд хутга тулгаад зогсох үед би зугтаж байшингийн хаалгаар гарсан юм. Тухайн үед Зулбадрах бага зэрэг архи уучихсан байсан харин Хунцэнгэл Зулбадрахын хоолойнд нь хутга тулгаж, хутганы ишээр толгой нүүр рүү нь цохиж байсан, ер нь бол түүнийг маш их зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Г.Уранзулын  “... Хунцэнгэл ах “Би Зулбадрахыг ална энэ манай эхнэрийг авч сууна гээд байна” гээд Зулбадрахын хүзүүнд хутга тулгаж маргааш өдрийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүзүүнд хутга тулгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч С.Ганпүрэвийн “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01:00 цагийн үед байхаа Зулбадрахын хүзүүнд хутга тулгаад суугаад байхаар нь би байшингийн цонхоор толгойгоо оруулж байгаад “миний хүү боль наад хүнээ явуул наад хүний чинь буруу гэж юу байдаг юм бэ, Маашаагийн буруу” гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Г.Батцэнгэлийн “...Хунцэнгэл Зулбадрахад хутга тулгаад хориод хөдөлгөхгүй байсан ба 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03:00 цагийн үеэс бүр хүзүүнд хутга тулгаад урдаа гаргаад тэврээд суучихсан, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагийн үед цагдаагийн ажилчид очиж ятгаж янз бүрээр хэлж байж Хунцэнгэл ахаас Зулбадрахыг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 /, гэрч Б.Ууганбаатарын “... Хунцэнгэл гартаа барьсан хутгаа Зулбадрахын хүзүүнд тулгаад маргааш өдөр хүртэл суугаад байсан ба 2016 оны 06 дугаар сарын 07-ны 12:00 цагийн үед манай алба хаагч нарт байшинд орж байгаад Хунцэнгэлийг боль гэж хэлээд хууль тайлбарлаж өгтөл Хунцэнгэл өөрөө сайн дураараа татгалзаж Зулбадрахын хүзүүнд тулгаж байсан хутгаа газар хивсэн дээр шидэж Зулбадрахыг тавьж явуулсанаар хэрэг асуудал дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Д.Гандаваагийн “...Хунцэнгэл Зулбадрах хоёр хоёулаа үлдэж Хунцэнгэл хутгатай зүүн гараараа Зулбадрахыг хүзүүдэж хутга тулган байшингийн өрөөг голлож зогссон хэсэг зогсож байснаа сандал авч суугаад Зулбадрахыг урдаа шалан дээр суулгасан. Гаднаас хүн оруулахгүй байсан, харин хоёр дүүгээ гэртээ орж гарах үед нь зүгээр оруулж гаргаж байсан. Харин Хунцэнгэлийн хоёр дүү нь одоо боль наадхаа явуул гэж олон дахин хэлсэн. Хунцэнгэл энэ намайг доромжилсон би энийг явуулахгүй гэдэг үгийг ихэвчлэн хэлж байсаар байгаад маргааш өдрийн буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг хүргэсэн, энэ үед манай цагдаагийн алба хаагч нар байшинд орж та боль наад хүнээ явуул гэж хэлээд хууль тайлбарлаж өгөхөд Хунцэнгэл “за за уучлаарай би буруу зүйл хийсэн байна” гээд өөрөө сайн дураараа хийж байгаа үйлдлээсээ татгалзсан Зулбадрахын хүзүүнд тулгасан байсан хутгаа газар шидэж Зулбадрахыг тавьж явуулан хэрэг асуудал дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хунцэнгэлийг бусдыг тарчлаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Хунцэнгэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь санал гомдолгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Хунцэнгэл нь 2016 оны 06 дугаар сарын 23-наас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 13 хоног цагдан хоригдсон ба уг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Зулбадрах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ хэргийн улмаас нүүрэндээ 3 сорви үүссэн. Гоо сайхны мэс засалд орно өвлийн улиралд хийлгэхээр болсон. Одоогоор эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжгүй учраас дараа шүүхэд хандахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн ба эмчийн бичгээр /хх-66/ нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганпүрэвийн Хунцэнгэлд бусдыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дүгээр зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганпүрэвийн Хунцэнгэлд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Хунцэнгэлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Хунцэнгэлийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.  Шүүгдэгч Г.Хунцэнгэл нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн мөрдөс 2 ширхэг, соёмбо дүрсэлсэн энгэрийн тэмдэг 1 ширхэг зэргийг хохирогч Б.Зулбадрахад олгож, СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, саарал туузан уяа 2 ширхэг, цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, төмөр бариултай эвхдэг хутга 1 ширхэг, хар хөх өнгийн хуйтай бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.

7. Хохирогч Б.Зулбадрах нь нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Хунцэнгэлд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Хунцэнгэлд авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ