Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 24

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагч Ж.Д,

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Нарийн бичгийн дарга Д.Чимидцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот эсэргүүцлээр Ж.Дд холбогдох эрүүгийн 1914000100036 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, Ж.Д, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Ж.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Дг хохирогч Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Ж.Дд холбогдох хэргийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 168 дугаар захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд уг захирамжид хохирогч Г.Эгийн биед нэмэлт шинжилгээ хийлгэж гэмтлийн зэргийг дахин тоггоолгох, шүүх эмнэлгийн шинжээч эмчээс мэдүүлэг авах талаар заасан бөгөөд прокуророос энэ заалтыг биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь яллагдагч Ж.Д хохирогч Г.Эгийн биед хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдсон гэж тайлбарлаж байгаа ч яллагдагчийн мэдүүлж байгаагаар уг гэмтэл үүссэн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Энэ талаар урьд захирамжид дурдаж нэмэлт шинжилгээ хийлгэх талаар заасан бөгөөд прокурорын зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын таван өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрх нь нээлттэй байсан боловч өмнөх 168 дугаар захирамжид эсэргүүцэл бичээгүй нь  буцаасан хэргийг прокурор зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх. хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нотолно” гэж хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Ж.Дд холбогдох хэргийг Баянхонгор аймгийн прокурорт буцаахаар шийдвэрлэв гэжээ.

 

Прокурор Э.Гантулга 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэлдээ:

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад Ж.Дгийн үйлдлийн улмаас хохирогчид  гэмтэл  үүссэн болох нь тогтоогдсон буюу  хэрэг гарахаас өмнө хохирогчийн эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол, гэмтэлгүй байсан талаар гэрчүүд мэдүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар  сарын 21-ний өглөө Ж Д нь хохирогч Г.Эг зодож тухайн газраас дагуулж яван эмнэлэгт үзүүлчихээд шууд цагдаагийн газарт хүргэж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгчийн захирамжид зааснаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой,  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар  захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ;

Хохирогч Г.Эгийн биед хохирол учирсан талаар  дахин шинжээч томилж шинжилгээний дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж  байна гэв.

 

Өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч нь хохирогч Г.Эг нэг л удаа алгадсан байдаг. Шүүхээс хэргийг  буцаахад прокурор  эсэргүүцэл бичээгүй, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

 

Ж.Д нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Дгийн хохирогч Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад  сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай, тэдгээрийг шүүх үнэлэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэтэл анхан шатны шүүх  яллагдагч Ж.Дгийн зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт  гэм буруугаа  хүлээн зөвшөөрөөгүй мэдүүлэгт үндэслэн дахин шинжилгээний дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй буюу хавтаст хэрэгт авагдсан  “ ...намайг өөр хүн зодоогүй, Ж.Д нь зодсон ...миний толгой руу хүн өшиглөхөөр нь харахад эмэгтэй хүн байсан..., ...машинаас үсдэж буулгаад газар унагааж толгой руу олон удаа өшиглөсөн,... машинд буцаж суухад цээж болон нүүр рүү бас өшиглөсөн, ...машинд чирж оруулаад, оруулахдаа баахан алгадсан...” гэх хохирогч Г.Эгийн мэдүүлэг /хэргийн 9-16 дугаар тал/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Эгийн ил харагдах нүүр хэсэг нь зүгээр байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Ш, Д.Б, Э.О нарын мэдүүлэг /хэргийн 23, 33-34, 44-45 дугаар тал/ харин 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Э нь ил харагдах нүүр хэсэг нь бусдад зодуулсан байдалтай нүд нь хөхөрсөн, үс нь сэгсийсэн уйлж нүд нь хавдсан байсан талаар мэдүүлсэн  гэрч Э.Ш, Б.О нарын мэдүүлэг/хэргийн 18-19, 30-32 дугаар тал/

...би үсдэж байгаад өшиглөсөн чинь миний хөл машины хаалгыг шүргэж цохиод эрч нь буурч, нүүрэнд нь хүрч өшиглөсөн... гэх яллагдагч Ж.Дгийн  мэдүүлэг /хэргийн 41, 65-66 дугаар тал/, Г.Эгийн биед тархи доргилт, дух хөмсөг, хэвлий, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 53 тоот дүгнэлт /хэргийн 48-49 дүгээр тал/, Г.Э нь  2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны өдрийг дуустал 6 хоног хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх,эмчлүүлэгчийн хянах хуудас /хэргийн 80-98/ зэрэг нотлох баримтуудтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн  1.3-т  тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Дд холбогдох 1914000100036 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхэд 1914000100036 тоот хэрэг шилжих хүртэл яллагдагч Ж.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  М. МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                     Б. БОЛОР-ЭРДЭНЭ