| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/00410/И |
| Дугаар | 873 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 109-р гудамж 20 тоотод оршин суух, Турсага Санжаа Жаргалсайхан /РД: АЙ69032506/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 12а дугаар байр, 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Алтан амирлах сууц” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, лифтчин хийсэн цалин 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ш.Тунгалаг, гэрч В.Лхагва, Л.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороонд байрлах “Алтан амирлах сууц” СӨХ-д 2016 оны 7 сарын 16-ны өдхөөс эхлэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 12А, 12Б дугаар байрны 4 орцны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тус СӨХ-тэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жилээр байгуулсан боловч талуудын зүгээс гэрээг цуцлах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцох тул өдийг хүртэл ажиллаж ирсэн. Гэтэл тус СӨХ-ны захирал нь намайг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд орцыг бохир байлгасан гэсэн үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар ажлаас халсан. Миний бие орцыг цэвэр байлган, гадна орчныг цэвэр байлгаж ажилласан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалд намайг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсан байх боловч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хариуцлагатай хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас халсан боловч надад мэдэгдээгүй, тушаалыг гардуулж өгөөгүй тул би уг хугацаанд ажилласаар байсан. Харин 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тушаалыг надад гардуулсан. Түүнчлэн, тушаалд намайг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй гэж заасан нь үндэслэлгүй байна. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл лифтчин ажлыг давхар хийж байсан боловч уг ажлыг цалинг надад олгоогүй. СӨХ-ийн дээрх тушаалд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйлийг үндэслэж ажлаас халж байгааг заагаагүй. Би ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, намайг ажлаа хариуцлагатай хийгээгүй гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Иймд “Алтан амирлах сууц” СӨХ-ны захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18/01 дугаар тушаал нь үндэслэлгүй тул намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Лифтчин хийсэн цалин 100 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч “Алтан амирлах сууц” СӨХ-ны төлөөлөгч Ш.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Жаргалсайханыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс тус СӨХ-ны 12A дугаар байрны 1, 2 дугаар орцонд цэвэрлэгч үйлчлэгчээр ажилд авч, 2016 оны 6 тоот тушаалаар 360 000 төгрөгийн цалинтай ажилд томилон ажиллуулсан. Уг гэрээнд зааснаар С.Жаргалсайханд 1 сард 12A дугаар байрны 1, 2 дугаар орцны цэвэрлэгээнд 360 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон. Гэрээний 1.7-д гэрээг цуцлах санал гаргаагүй бол автоматаар сунгагдана гэж заасан, гэрээний 2.3-т зааснаар 3-аас дээш хоног шалтгаангүй ажил тасалвал шууд ажлаас хална гэсэн нөхцлүүдийг дурьдаж, С.Жаргалсайхан нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан зүйл заалтуудыг СӨХ-ны зүгээс баримтлан ажиллаж ирсэн ба С.Жаргалсайханыг удахгүй тэтгэвэр тогтоолгох учир өөрт нь хэрэгтэй юм гэж бодсоны үндсэн дээр СӨХ-ны зүгээс 2 хүний ажиллах орон тоо дээр С.Жаргалсайханыг ажиллуулж, 2016 оны 9 дүгээр сараас сарын 720 000 төгрөгийн цалин олгож, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 2017 оны 12 дугаар сарыг дуустал төлж нийгмийн даатгалын дэвтэрт нь тэмдэглүүлж ирсэн. Харин Хөдөлмөрийн гэрээнд 720 000 төгрөгийн цалин олгоно гэсэн ямар ч тохиролцоо байхгүй. Цалинг нь 720 000 төгрөг болголоо гэсэн захирлын тушаал байхгүй болно. С.Жаргалсайхан нь 12А, 12Б дугаар байрнуудын орцыг н.Сайхнаа гэдэг хүнээр угаалгадаг, орцны хогыг нөхрөөрөө юмуу эсвэл ямар нэг хүн дайчилж ажиллуулаад сарын урьдчилгаа болон сарын эцэст цалинг С.Жаргалсайхан нь хүлээн авдаг. Түүнд ажлаа өөрөө, сайн хийхгүй байна гэж хоёр удаа сануулж хэлж байсан. С.Жаргалсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд орцыг цэвэрлэхгүй, үндсэн ажлаа хийгээгүй учир гэрээнд заасны дагуу ажлаас халсан. Мөн Хөдөлмөрийн гэрээнд “тодорхой шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажлаа хийхгүй байвал хална” гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д тус тус заасны дагуу 3-аас дээш хоног ажил тасалвал ажлаас шууд хална гэсэн үндэслэлээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тийм учраас 2018 оны 01 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд ажил хийгээгүй буюу нойтон цэвэрлэгээ хийгээгүй, хүнээр хогоо авхуулчихаад байж байсан тул ажлаас халах тушаал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь хариуцагч “Алтан амирлах сууц” СӨХ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, лифтчины цалин 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нь “лифтчины цалин 100 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа татгалзажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хөдөлмөрийн гэрээнд заасан 3-аас дээш хоног ажил тасалсан, ажлаа хангалтгүй хийсэн” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “лифтчины цалин 100 000 төгрөг гаргуулах” хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэв.
Нэхэмжлэлд дурдсан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул шүүх түүнийг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд заасан зарим зүйл хэсэг нь хариуцагч талаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний зарим зүйл хэсэгтэй харилцан адилгүй байх боловч дээрх 2 хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
Гэтэл хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй тул хариуцагч нь уг гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан гарын үсэг зурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасантай нийцэж байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, уг гэрээний үндсэн дээр талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсжээ.
Хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 16/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 12А дугаар байрны үйлчлэгч жижүүрийн ажилд томилж, талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, улмаар 1 жилийн хугацаатай сунгагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч буюу ажилтан нь хариуцагч буюу ажил олгогч “Алтан амирлах сууц” СӨХ-д жижүүр үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч “Алтан амирлах сууц” СӨХ-ны захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18/01 дугаар тушаалаар ажилтан С.Жаргалсайханыг “хариуцсан ажлаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд хариуцлагатайгаар хийхгүй орцуудыг бохир байдалтай удаан байлгасан” үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үйлчлэгч жижүүрийн ажлаас халжээ. Хариуцагчийн төлөөлөгч нь уг тушаалын үндэслэлээ “нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу гэрээний 2.3-т заасан “3-аас дээш хоног шалтгаангүй ажил тасалсан”, хариуцсан ажилаа хийгээгүй тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийг санаачилгаар цуцалсан” гэжээ. Уг тайлбараас үзвэл тушаалын үндэслэлийг “нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу 3-аас дээш хоног ажил тасалсан” гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно. Талуудын харилцан гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон хөдөлмөрийн гэрээний 2.3-т ноцтой зөрчилд “архидаж согтуурвал халах” гэснийг тооцсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний 2.3-т заасан “архидаж согтуурсан” ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд ажил тасалсан гэх үйл баримт баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь татгалзалын үндэслэлээ шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан ноцтой зөрчил болох 3-аас дээш хоног ажил тасалсан гэх боловч уг гэрээнд хариуцагч тал гарын үсэг зураагүй байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагч уг гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, ажил олгогчийн ажилтанг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тушаал нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч энэ талаар тушаалд тодорхой заагаагүйгээс хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх шаардлагыг хангаагүй байна. Иймд тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалинг сарын 720 000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд харин хариуцагчаас гаргасан хөдөлмөрийн гэрээнд 360 000 төгрөг гэжээ. Шүүх хариуцагчаас гаргасан хөдөлмөрийн гэрээний дагуу талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн тул хариуцагчийн шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээгээр сарын цалинг 360 000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн, ажил олгогчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 16/06 дугаар тушаалын 3-т нэхэмжлэгчийн сарын цалинг 360 000 төгрөгөөр тогтоосон байх боловч нэхэмжлэгчийн 1041630 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт түүний 2018 оны 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлс 360 000 төгрөгөөс, 11, 12 дугаар сарын хөдөлмөрийн хөлс тус тус 720 000 төгрөгөөс хариуцагч нь шимтгэл төлсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 227 864 төгрөгийг /ажлаас халагдсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 3 дугаа сарын 20-ны өдрийг хүртэл нийт ажлын 44 хоног, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сүүлийн 3 сар болох 10, 11, 12 дугаар сарын хөдөлмөрийн хөлс 360 000 + 720 000 + 720 00 = 1 800 000 : 3 сар. 1 сарын дундаж цалин 600 000 төгрөг /21.5 хоног= 1 хоногийн 27 906 төгрөг х 44 хоног/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгав.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн лифтчингээр ажилласан хугацааны цалин 100 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 227 864 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Жаргалсайханыг хариуцагч “Алтан амирлах сууц” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүр үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Алтан амирлах сууц” Сууц өмчлөгчдийн холбооноос 1 227 864 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Жаргалсайханд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Хишигдэлгэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч “Алтан амирлах сууц” Сууц өмчлөгчдийн холбоонд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь хариуцагч “Алтан амирлах сууц” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулсан “лифтчингээр ажилласан хугацааны цалин 100 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 34 019 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН