Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/162

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баттөр /онлайнаар/

Шүүгдэгч: Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Гын Оад холбогдох 2212000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт А аймгийн Ц сумын Т багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/92 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Бовогт Гын О /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Ц сумын Т багийн нутаг Н гэх газарт Б.Жыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000148 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн төвөөс Цэнхэр сум руу бөхийн барилдаан үзэх гэж өөрийн үеэл ах Тийн хамт явсан бөгөөд Цэнхэр суманд очоод бөх үзэж байгаад Т ах болон түүний найз болох Ч гэх залуутай гурвуулаа “Ауруг” гэх нэртэй 0.75 литрийн савлагаатай 2 шил архи хувааж ууж дуусаад сумын төвийн урд Нуга гэх газарт байх морь уядаг Огэж дууддаг залуугийн гадаа очоод бид нар гэр рүү нь ороход Огэж дууддаг залуу байхгүй байсан. Би эргээд гэрээс нь гарч ирэхэд Огэж дууддаг залуу ирсэн байсан бөгөөд би гарч ирээд Отой маргалдсан. Яг юу ярьж маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч гэсэн би Огэж дууддаг залууд хандаж хоёулаа маргалдаад яах юм, сууж байгаад ярилцъя гэж хэлээд газар суутал Огэх залуу миний хамар руу өшиглөсөн бөгөөд тухайн үед нь би хэсэг манараад юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд Огэх залууг нэг хүн цааш нь аваад явж байсан. Би шууд машинд суугаад цагдаа дуудсан юм. Тэр үед гэрийн гадаа Огэж дууддаг залуу бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй гэж санаж байна. Гэр дотор бол хүмүүс байсан. Огэж дууддаг залуу миний хамар руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би манараад өөр хэрхэн зодсоныг нь мэдээгүй. Одоо миний цээж болон толгой их хөндүүр өвчтэй байна. Би Огэж дууддаг залууг зодож, цохисон асуудал гаргаагүй, эв зүйгээ олъё гээд газарт суух үед Огэх залуу миний хамар руу өшиглөсөн. Архи уусан байсан эсэхийг нь би сайн мэдээгүй. Намайг цагдаа дуудаж байхад танд байсан хүмүүс Охаана архи уучихаад ирсэн юм гээд яриад байсан. Би гэрт нь хэн, хэн байсан талаар сайн мэдэхгүй байна. Надтай хамт явсан Т, Ч нар хэн, хэн байсан талаар нь мэдэж байгаа. Миний хамар руу өшиглөх үед нь би хэсэг хугацаанд манараад буцаад сэргэх үед нэг хүн Огэх залууг цааш нь аваад явж байсан бөгөөд тэр үед Огэж дууддаг залуу нь нөгөө хүндээ хандаж хутга аваад ир, би энийг ална гээд орилоод байсан. Тэр Огэх залууг цааш нь авч явж байсан хүнийг хэн болохыг би мэдээгүй. Учир нь би архи нэлээд уучихсан, согтуу байсан. Мөн Огэх залууд өшиглүүлээд манарсан байсан тул мэдээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж, гэмтлээ тогтоолгож байж эмчилгээний төлбөрөө нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жын дахин мэдүүлсэн: ...Би хохирлоо барагдуулж аваагүй байна. Гомдол, санал байхгүй. Би хамрынхаа эмчилгээнд 800.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. “Эм жи жи” чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт зураг авахуулсан. Хамрын таславчийн муруйг хагалгаа хийж эмчилнэ гэж хэлсэн тул тухайн эмчилгээ хийлгэхэд 3.500.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр мөнгө нэхэмжлэхгүй. Одоо хагалгаанд ороогүй байгаа тул надад баримт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Тийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг дээр Ж, Ч нарын хамтаар 2 шил архи хувааж уучихаад Нуга гэдэг газарт Оынд орсон. Оынд ороод сууж байтал О, Ж 2 хоорондоо маргалдаад барьцалдаад авахаар нь боль, боль гээд салгасан чинь О, Ж хоёр гэрээс гараад гадаа хоорондоо цохилцсон юм шиг байна лээ. Гараад харсан чинь Жын хамраас цус гарчихсан, салфеткаар арчаад О, Ж 2 хоорондоо салчихсан хэрэлдээд зогсож байсан. Ж тэгээд цагдаа дуудчихсан. Ж тэгээд аймаг руу яваад өгсөн. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна. Би нэг их тоогоогүй. Хоорондоо хэрэлдэж байгаад л гэрээс гарсан. Намайг араас нь гарахад Жын хамраас цус гарчихсан, О цохьчихсон байсан. Ж, О 2 гадаа байсан. Ч бид 2 Оын гэрт байсан. Жын хамраас цус гарчихсан, гэмтсэн байсан. Яаж гэмтэл учруулсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн төв дээр бөхийн барилдаан үзчихээд рамын хашаанаас зах банз татаж авах гээд машин хайгаад явж байгаад Оын гадаа очиход гэрт нь Т, Ч, Ж гурав чи би, чи би гээд маргалдах гээд байгаа ч юм шиг тоглоом, шоглоом хийгээд сууж байсан. Гаднаас О орж ирээд гэрт битгий хэрэлдээд бай гэсэн чинь Ж Оын шанаа руу цохиод авсан бөгөөд дундуур нь би орж салгаад гаргасан. О, Ж 2 гэрийн гадаа юм яриад зогсож байхаар нь би арай ч зодоон хийчихгүй байх гэж бодоод гэрт нь ороод хууч хөөрөөд сууж байсан. Удалгүй гэрээс гараад ирсэн чинь Жын хамраас цус гарчихсан, О хамар руу цохьчихлоо гээд цусаа гоожуулаад зогсож байсан. Ж, О 2 юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Нэг их маргалдахаар зүйл болоогүй. Намайг гэрт нь ороход л О битгий гэрт хэрүүл хийгээд бай гэж хэлсэн. Ж нэг цохьсоноос болоод л гараад явсан. Намайг араас нь гарахад Жын хамраас цус гарчихсан Оыг цохьчихлоо гээд цусаа гоожуулаад байж байсан. Ж, О 2 гадаа байсан. Ч, Т, бид нар байсан. Жын хамар гэмтсэн, цус гарчихсан байсан. Оыг гараараа цохьсон гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Чын мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын эхээр, хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Нуга хороололд Оын гэрийн ойрхон 2 шил 0.75 литртэй архийг Т, Ж, бид 3 хувааж уучихаад Оынд орсон. Оынд ороход О морь унадаг хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд юм ярьцгааж сууж байгаад Ж жоохон буруу зөрүү юм ярих гээд байхаар нь О Жт хандаж манайх архины оромж биш шүү, та болохгүй бол манайхаас гар гэж хэлтэл Ж босч ирээд Оыг нүүр хэсэгт нь цохичихоор нь Г, Т 2 салгаад гэрийнх нь гадаа гаргаад байж байтал сүүлдээ маргалдахаа болиод гайгүй болчихоор нь Ж, О хоёрыг үлдээгээд гэр рүү нь ороод байж байгаад гараад иртэл О, Ж 2 хоорондоо зодолдсон бололтой Жын хамраас цус гарчихсан сууж байсан. Тэгээд бид нар гарч ирээд нэг их удаагүй байтал цагдаа ирсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Миний санаж байгаа зүйл энэ л байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Оын мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Надад ямар нэгэн гэмтэж, бэртсэн зүйл байхгүй. Гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Жын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирогчийн хүсэлт 1 хуудас, хохиролтой холбоотой баримтууд 10 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Ц сумын Т багийн нутаг Н гэх газарт Б.Ж нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

шүүгдэгч Г.О нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Ц сумын Т багийн нутаг Н гэх газарт Б.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Жын мэдүүлсэн “Ямар ч гэсэн би Огэж дууддаг залууд хандаж хоёулаа маргалдаад яах юм, сууж байгаад ярилцъя гэж хэлээд газар суутал Огэх залуу миний хамар руу өшиглөсөн бөгөөд тухайн үед нь би хэсэг манараад юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд Огэх залууг нэг хүн цааш нь аваад явж байсан. Би шууд машинд суугаад цагдаа дуудсан юм. Одоо миний цээж болон толгой их хөндүүр өвчтэй байна. Би Огэж дууддаг залууг зодож, цохисон асуудал гаргаагүй, эв зүйгээ олъё гээд газарт суух үед Огэх залуу миний хамар руу өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 58/,

 

гэрч Х.Тийн мэдүүлсэн “Оынд ороод сууж байтал О, Ж 2 хоорондоо маргалдаад барьцалдаад авахаар нь боль, боль гээд салгасан чинь О, Ж хоёр гэрээс гараад гадаа хоорондоо цохилцсон юм шиг байна лээ. Гараад харсан чинь Жын хамраас цус гарчихсан, салфеткаар арчаад О, Ж 2 хоорондоо салчихсан хэрэлдээд зогсож байсан. Ж тэгээд цагдаа дуудчихсан” мэдүүлэг /хх-ийн 12-13/,  

гэрч Б.Гын мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн төв дээр бөхийн барилдаан үзчихээд рамын хашаанаас зах банз татаж авах гээд машин хайгаад явж байгаад Оын гадаа очиход гэрт нь Т, Ч, Ж гурав чи би, чи би гээд маргалдах гээд байгаа ч юм шиг тоглоом, шоглоом хийгээд сууж байсан. Гаднаас О орж ирээд гэрт битгий хэрэлдээд бай гэсэн чинь Ж Оын шанаа руу цохиод авсан бөгөөд дундуур нь би орж салгаад гаргасан. О, Ж 2 гэрийн гадаа юм яриад зогсож байхаар нь би арай ч зодоон хийчихгүй байх гэж бодоод гэрт нь ороод хууч хөөрөөд сууж байсан. Удалгүй гэрээс гараад ирсэн чинь Жын хамраас цус гарчихсан, О хамар руу цохьчихлоо гээд цусаа гоожуулаад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,  

 

гэрч Г.Чын мэдүүлсэн “Тэгээд юм ярьцгааж сууж байгаад Ж жоохон буруу зөрүү юм ярих гээд байхаар нь О Жт хандаж манайх архины оромж биш шүү, та болохгүй бол манайхаас гар гэж хэлтэл Ж босч ирээд Оыг нүүр хэсэгт нь цохичихоор нь Г, Т 2 салгаад гэрийнх нь гадаа гаргаад байж байтал сүүлдээ маргалдахаа болиод гайгүй болчихоор нь Ж, О хоёрыг үлдээгээд гэр рүү нь ороод байж байгаад гараад иртэл О, Ж 2 хоорондоо зодолдсон бололтой Жын хамраас цус гарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

хохирогч Б.Жын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.О нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.О 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Ц сумын Т багийн нутаг Н гэх газарт Б.Жыг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Г.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

           Шүүгдэгч Г.О нь хэдийгээр энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

 

           Шүүгдэгч Г.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялд тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.О нь хохирогчид учирсан “ЭМЖЖ”-д өгсөн шинжилгээнүүдийн үнэ, эмчилгээний төлбөр, үзлэгийн үнэ, эмийн үнэ 28.000+140.000+35.000+200.000+5.000+44.900+=425.900 төгрөг, ”Петростар” ХХК-аас авсан шатахууны үнэ 50.000 төгрөг, барааны үнэ 50.000 төгрөг, “Ази Фарма-Сүлжээ” эмийн сангаас авсан эмийн үнэ 17.000 төгрөг, эмийн үнэ 36.300 төгрөг, нийт 606.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Оаас 606.200 /зургаан зуун зургаа мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жт олгож, хохирогч Б.Жын нэхэмжлэлийн шаардлагаас баримт нь давхцаж байгаа 35.000 /гучин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Жын цаашид гарах эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Бовогт Гын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногийн хорих ялд тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оаас 606.200 /зургаан зуун зургаа мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар 38 дугаар байрны 26 тоотод оршин суух Гэзэгт овогт Болдбаатарын Ж /РД:АО89040510/-т олгож, хохирогч Б.Жын нэхэмжлэлийн шаардлагаас 35.000 /гучин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Жын цаашид гарах эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ