Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

 

 

 

 

                                2022/ШЦТ/161

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, С.ПүрэвС

            Шүүгдэгч: Д.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ды Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Э багийн  ... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Ды Б /РД:.. /

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой А аймгийн И сумын Э багийн нутаг М гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Би хүний ятгалганд өртөөд дайрсан гэж хэлсэн нь үнэн. Амь хохирогчийг дайрсан хүн бол Т.О. Тэр үед Т.О намайг чи дайрсан болчих, чиний машин юм чинь гээд байхаар нь би дайрчихлаа гэж хэлсэн.  Анхнаасаа Т.О, Б, Д нар намайг уруу татаж хэрэг хүлээлгэсэн. Би дараа нь Т.Оийнд очиж үнэн зөвөөрөө явж дайрсан хэргээ хүлээ гэж хэлсэн чинь Т.О юм хэлэхгүй, уйлаад байсан. Тухайн өдөр Э намайг манайд очъё гэж хэлэхээр нь Эынд очсон. О машин баръя гээд байхаар нь би машинаа бариулсан чинь машин барьж яваад Тийг дайрсан. Би Тийг нас барна гэж бодоогүй байсан тул чиний машин юм чинь чи дайрсан болчих гэхээр нь би дайрсан гэж хүмүүст хэлсэн. Дараа нь цагдаа А машин ирээд аваад явахад нь би дайраагүй талаараа хэлж байсан. Үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.

Шүүхийн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж мэдүүлэхдээ: Миний нөхөр явГр замын хөдөлгөөнд оролцсон. Түүнээс тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, тээврийн хэрэгсэл жолоодсон зүйл биш. Ямар нэгэн байдлаар согтуугаар замын хөдөлгөөнд оролцоогүй, түүний улмаас амь насаа алдаагүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нь айлд байсан хүнийг дайраад чирч давхиад амь насыг нь хохироосон. Энэ нь бусад зам тээврийн ослоос ялгаатай. Хүнд гэмтлээ даахгүйгээс болж нөхөр маань нас барсан. Үүнээс болоод манай гэр бүлд томоохон хохирол учраад байна. Бага хүүхэд маань 11 настай. Бүтэн байсан биднийг хагас болгож өнчрүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа миний бие болоод үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсөд нь туйлын их гомдолтой байгаа. Тухайн үед манай нөхөр согтуу байсан эсэх нь энэ хэрэгт ямар ч холбоогүй. Эрүүл байсан ч гэсэн энэ мэтчилэн амь насыг нь хохироох байсан  байх. Энэ хүн надад би найзыгаа дайрсан, чи найздаа дансаа өгөөрэй, эмчилгээний зардал зэргийг найз нь өгнө гэсэн. Ингэж хэлж байсан хүн яагаад одоо би дайраагүй гээд зогсоод байгаа юм бэ.  Миний нөхөр надад сүүлийн үгээ хэлэхдээ хань нь их чирэгдсэн шүү, тэгэхдээ тэсээд гарна гэж хэлсэн. Үнэндээ ямар ч хүн тэсч чадахааргүйгээр бэртээсэн байсан. Энэ хүний гэм бурууд тохирсон ялыг оногдуулах саналтай байна. Би одоо нийт 38.036.692 төгрөгийг нэхэмжилж байна. Насанд хүрээгүй хүүгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр нэхэмжлэх саналтай байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012004060060 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жы мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхрийн хамт Архангай аймгийн төвөөс ирээд гэртээ үнээгээ саагаад байж байсан чинь манай нөхөр мотоцикль унаад доошоо яваад өгсөн. Би үнээгээ саагаад гэртээ ороод харсан чинь миний орон дээр байсан цүнх байхгүй байсан. Тэр цүнхэнд хүүхдэдээ өгөх гээд 100.000 төгрөг хийсэн байсан. Үзэхэд байхгүй байхаар нь би араас нь яваад хайсан чинь н.Э гэх айлын гадаа манай нөхрийн мотоцикль байхаар нь гэрт нь яваад орсон. н.Э ах гэрт хоёр шил архи тавьчихсан н.Ч, н.С эхнэрийн хамт н.Д, н.Онар байсан. Тэгэхээр нь би нөхрөө гараад ир наад мөнгийг чинь хот руу хүүхдэдээ өгөх гэж байгаа гэсэн чинь манай нөхөр надад 80.000 төгрөг өгөөд өөрөө 20.000 төгрөг авч, чи гэртээ харь гэхээр нь гэртээ харьсан бөгөөд хариад би үхэр малдаа яваад байж байсан чинь орой 17 цаг өнгөрөөд 18 цагийн орчим н.Н ах ирээд түлээгээ оруулчих гараад ир гэхээр нь гараад очсон чинь н.Тийг машин мөргөчихлөө, чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би н.Э ахын гэрт яваад очиход манай нөхрийг хөнжилд ороогоод орон дээр хэвтүүлсэн байсан. Би Ихтамир сумын эмнэлэгт дуудлага өгч түргэний машин эмч ирж үзээд машинд суулгаад тариа хийгээд аймгийн төв рүү авчирсан. Тухайн үед манай нөхрийн хувцсыг нь тайлчихсан байсан. н.Э гэх айлын хүний цамц өмсүүлээд түргэний тэргээр аймаг эмнэлэгт авчирсан. Түргэн тусламж үзүүлж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Талийгаачийг манай нутгийн ах н.Б гэх хүн машинаараа мөргөсөн талаар хэлж байсан. Би санаатай амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байна. Тухайн үед тэнд байсан хүмүүс болсон асуудлыг үнэн зөвөөр хэлээгүй. Намайг тайвшруулж машины урдуур орж мөргүүлсэн талаар хэлж байсан. Талийгаач нас барахаас өмнө нь надад би машинд нилээн чирэгдсэн талаар хэлж байсан. Би талийгаачийг машинаар дайруулж машины доор орж чирэгдсэн гэж үзэж байна. Тухайн үед өмсөж явсан хувцас урагдсан, сэмэрсэн байсан. Би санаатай автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэж үзэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 140-143 хуу/             

            Мөрдөн байцаалтын шатанд Д.Тийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Давааны ар ногооны талбайн хажууд танил хүмүүсийн хамт архи, согтууруулах ундаа уусан байсан үедээ “Бонго” маркийн автомашинд урдаасаа мөргүүлж унасан. Тухайн автомашиныг Д.Ч гэх хүн барьж яваад мөргөсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 7-8 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр өөрийн найз Эын хамт архи ууж байгаад муудаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь хүмүүс гадаа орилоод Тийг машинаараа Б дайрчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би босоод гэрийн гадаа гарахад Бы машины хойд талын хоёр дугуйн дунд талын бөгс чулак хэсгээр хажуу талаараа хэвтээд машин доор орсон байсан. Би машин дээр очоод жолооч Быг чи хүн аллаа гэж хэлээд саахалт айлд байдаг Нгийн гэр рүү гүйгээд гэрт нь очоод Т машинд дайрууллаа гэж хэлээд буцаад очиход машин доороос гаргаад Эын гэрийн баруун талын орон дээр хэвтүүлсэн байсан. Н ах мотоциклиороо эхнэрт нь хэл хүргэх гээд явсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нар аймагт нэгдсэн эмнэлэг дээр хүргэж авчирсан. Гэрээс гарч ирэхэд С, Г, Эгийн эхнэр Онар Быг чи хүн дайрчихлаа, хүн алчихлаа гэж хэлж байсан. Машины жолооч Б өөрийнхөө машин доороос дайруулсан Тийг гаргаж авах гээд машин доогуураа орчихсон, өргөдөг данхраадаар данхраадсан байсан. Би саахалт айл Н ахын гэрт очиж хэлээд өргөдөг данхраад аваад ирсэн чинь тэнд байсан хүмүүс машин доороос гаргаад гэртээ оруулаад орон дээр хэвтүүлсэн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 65-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр гэртээ байж байсан чинь Б, С, эхнэр Г, Д нар манай гэрийн урьд талын ногооны хашаан дээр ирээд танай гэрт оръё гээд манайд орсон. Манай гэрт манай нөхөр Э, найз Б хоёр архи хувааж уугаад согтоод унтаад өгсөн байсан. Манайд ирээд хүмүүс архи, пиво авчирсан байсан. Авчирсан архи, пиво уугаад байж байхад Т ирээд хамт бүгдээрээ архи согтууруулах ундаа уух болсон. Үдээс хойш орой болж байсан чинь гаднаас гэнэт Б би хүн дайраад алчихлаа, миний машины урдуур гүйж ороод даруулчихлаа гээд орилоод манай гэрт орж ирсэн. Манай гэрт байсан нөхөр Б, Сгийн эхнэр Г, бид нар гараад харсан чинь Бы машины хойд талын хоёр дугуйны доогуур ороод дарагдсан байсан. Бид нар нийлээд машины бөгс хэсгийг өргөж үзээд даагаагүй. Машины жолооч н.Б машиныхаа өргөгч данхраадыг гаргаж ирээд өргөж данхраадаж байгаад Тийг бид нар машин доороос гаргаж ирээд манай гэрийн орон дээр хэвтүүлээд түргэн дуудаж, цагдаад хэлсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 85-89 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оийн дахин мэдүүлсэн: ...Би тийм зүйл огт яриагүй. Би дайраагүй. Би машин яаж унах, яаж хөдөлгөх талаар юу ч мэдэхгүй. Машин барьж амьдралдаа үзээгүй. Манайх хэзээ ч машинтай байж үзээгүй. Тийм зүйл болоогүй. Намайг гэрт байхад Ч буюу Б гаднаас хүн дайрчихлаа гэж орж ирээд тэгээд бид нар гарцгаасан. Би тэр үед нилээн согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг орон гаран мэдээд байгаа. Нилээн халамцуу байсан учир нэг бүрчлэн тэнд байсан хүмүүсийн ярьсан хэлсэн бүхнийг мэдэхгүй байгаа. Тийм зүйл огт болоогүй. О гэх хүн тухайн үед огт байгаагүй. Харин намайг хүмүүс Огэж дууддаг. Тийм зүйл болоогүй. Би гараагүй. Д Бы үгээр орж л намайг гүтгэж байна гэж бодож байна. Би машинтай огт ойртоогүй. Би тухайн үед тийм зүйл огт хэлээгүй. Машин хөдөлгөж ч мэдэхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 39-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр өөрийн гэртээ байж байсан. Манай найз Б манай гэрт С, эхнэр Г, Б, Д, манай эхнэр нар адууны хашаан дээр байсан чинь эд нар ирээд манайд архи согтууруулах ундаа уусан байсан. Дараа нь манай гэрт талийгаач мотоцикльтой ганцаараа ирсэн. Нэг сэрсэн чинь Б орой 17 цагийн орчим дуудаад би Тийг машинаараа дайрчихлаа гэхээр нь гараад харсан чинь Т Бы машины хойд талын хоёр дугуйны гол бөгс доогуур дарагдсан байсан. Тэнд байсан хүмүүс машиныг өргөж данхраадаж байгаад машины доороос гаргаж манай гэрийн орон дээр хэвтүүлээд түргэн, цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 92-96 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Гын мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай гэрт Б өөрийн “Бонго жи-2” маркийн машинаа унаад хажуудаа Д ахыг суулгачихсан архи уучихсан ирээд манай нөхрийг Ихтамир сумын төв рүү ороод ирье гээд манай нөхрийг суулгасан. Тэгэхээр нь би нөхрөө хамт архи уугаад мөд ирэхгүй байж магадгүй гэж бодоод машинд суугаад хамт Ихтамир сумын төв рүү явсан. Сумын төв рүү орж дэлгүүрээс жолооч Б нэг том шилтэй архи, нэг том пиво аваад эргээд бид нар Эын гэрт ирж хамт хувааж уусан. Уугаад би тэдний гэрт нөхөртэйгөө унтаад өгсөн. Тэднийд байсан хүмүүс орж гараад яваад байсан. Нэг сэрсэн чинь Б гаднаас би хүн дайрчихлаа, миний машин доогуур Т ороод дайруулчихлаа гэсэн. Тэгээд бид нар гэрээс гараад харсан чинь Бы машины хойд талын хоёр дугуйны гол төмөр доогуур Т дарагдаад орчихсон байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 112-116 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дгийн мэдүүлсэн: ...Б орж ирээд Д.Б машинаараа Тийг дайрчихлаа гэхээр нь бид нар үнэмшээгүй байж байсан чинь гэрийн эзэн Н ах мотоциклио асаагаад Эын гэр рүү яваад өгсөн. За юу болсон юм бол гээд би Н ахын эхнэр Даваа эгчтэй алхаад очсон чинь Т машинд мөргүүлээд Э гэх айлын баруун талын орон дээр хөнжилд боогоод хэвтүүлсэн байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийг архи уулаа гээд аашлаад гэрээс Д.Бтай гараад асуусан чинь би машинаараа дайрчихлаа, ёстой баларсан, би мэдсэнгүй гэж хэлж байсан. Тэгээд эхнэр Жтай хамт машинаар нь Ихтамир сумын төв рүү түргэн дуудах гээд явж байгаад Ихтамир сумын Дэлийн үзүүр гэх газарт тусламжийн машинтай таараад Э гэх айлд ирээд бид нар Тийг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 166-170 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би хэрэг болох үед тэнд байгаагүй. Архангай аймгийн төвөөс хөдөө гэр рүүгээ харих гээд замын унаанд суугаад Нгэх айлд байж байхад Б Б амь хохирогч Тийг дайрчихлаа гээд сандарсан байдалтай ирээд Нгэх хүнийг аваад Э гэх айл руу явсан. Нгийн эхнэр Дтэй хамт би Э гэх айлд очсон. Д бид хоёрыг очиход Б гэрийн гадаа байсан. Тэгснээ би Тийг дайрчихлаа гээд байсан. Амь хохирогч тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас нас барсан гэж бодож байна. Би хэрэг болох үед байхгүй байсан болохоор яг хэн тээврийн хэрэгсэл жолоодож амь хохирогчийг дайрч амь насыг нь хохироосныг мэдэхгүй. Ямар ч байсан сүүлд Д, бид хоёрыг Э гэх айлд очиход Б өөрөө би Тийг дайрчихлаа гэж надад хэлсэн. Тээврийн хэрэгслээр амь хохирогчийг дайрч амь насыг нь хохироосон гэрч байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьж байна. Хэргийг шалгаж байсан мөрдөгч нараас тийм зүйл огт байхгүй. Т.О тээврийн хэрэгсэл жолоодож чаддаггүй. Тээврийн хэрэгсэл жолоодох нь байтугай тээврийн хэрэгсэлд сууж явахаараа бөөлжөөд байдаг хүн байгаа юм. Тийм болохоор тээврийн хэрэгсэл жолоодох оролдлого хийж байгаагүй. Би тэрийг сайн мэдэж байна. Олон жил айл саахалт явсан болохоор...гэх мэдүүлэг /3хх-ийн 15-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нгийн мэдүүлсэн: ...Тухайн үед намайг тэр айлд очиход Д.Б би машинаараа дайрчихлаа, баларсан гэж хэлж байсан. Юу болсон юм бэ гэж асуусан чинь бид нар өдөржингөө архи уусан, би машинаараа дайрчихлаа, баларсан гэж хэлж байсан. Өөр юм яриагүй. Тэнд байсан хүмүүс энэ талаар ярьж байсан. Би сүүлд очсон учраас нүдээрээ хараагүй. Э гэх айлд очиход Тийг Э гэх айлын баруун талын орон дээр хөнжилд боогоод хэвтүүлсэн, тэнд байсан хүмүүс талийгаачийг тойроод хөл, гарыг нь бариад талийгаач юм яриад байж байсан. Түргэн тусламж ирээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 191-194 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ӨДгийн мэдүүлсэн: ...Бы хөх өнгийн ачааны Портер машины хойд талын хоёр дугуйны дунд чулак төмөр бөгс хэсэг доор ороод дарагдсан ёолоод орилоод байж байсан. Тухайн үед гадаа Баас өөр хүн байгаагүй. Миний мэдэж байгаагаар бид нар гэрт унтах нь унтаад  хэвтэж байхад гадаа нар жаргаад орой болж байхад гэнэт Б би хүн машинаараа дайрчихлаа, надад туслаарай гээд орж ирсэн. Тэгээд бид нар гараад харсан чинь Бы машин доогуур Т дайруулаад доор дарагдсан байсан. Машинаасаа өргөгч данхраад төмөр гаргаж ирээд доогуур орж өргөж данхраадаад татаж гаргаад Э ахын гэрт өргөж оруулаад орон дээр хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 241-245 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ӨДгийн дахин мэдүүлсэн: ...Намайг Э ахынд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглээд унтаж байхад гаднаас нэг нь дуудсан бөгөөд яг хэнийг нь дуудсаныг санахгүй байна. Тэгээд гэрээс гарахад Бы эзэмшлийн машин арын дугуйны гол хэсэгт амь хохирогч байсан. Б машины хажууд байсан. Тэгээд амь хохирогчийг машин доороос татаж гаргах гэсэн чинь гарахгүй байсан бөгөөд Б өөрөө машиныг данхраадаж доороос нь гаргаж ирсэн. Амь хохирогч тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас нас барсан байх гэж бодож байна. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний бодлоор Бы өөрийнх нь эзэмшлийн автомашин болохоор өөр хэн нэгэн хүнд жолоо шилжүүлэх болон тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгөөгүй байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслээр амь хохирогчийг дайрах үед харсан гэрч байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байна. Хэргийг шалгаж байсан мөрдөгч нараас тэгж хэлсэн ямар нэгэн асуудал байхгүй. Т.Оийг тээврийн хэрэгсэл жолоодож чаддаг талаар мэдэхгүй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгааг харж байгаагүй...гэх мэдүүлэг /3хх-ийн 09-10

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Дийн дахин мэдүүлсэн: ...Намайг Л. Д гэдэг бөгөөд нутгийн бүх хүмүүс намайг Улаан банди гэж дууддаг. Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би тухайн үед өөрийн харсан мэдэх зүйлээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад ямар нэгэн байдлаар айж ичсэн, нууж хаасан зүйл бол байхгүй. Нууж хаагаад байх ч шаардлага байхгүй. Д.Т машинд дайруулж нас барсан гэж байсан. Би яг тухайн үед хамт байгаагүй болохоор мэдэхгүй. Би маргааш өглөө нь талийгаачийг Д.Б машинаараа дайраад Т нас барсан гэж сонсож мэдсэн. Тухайн үед тэнд байсан амтай болгон л тэгж ярьж байсан. Би тухайн өдөр Тамир сумаас ганцаараа мотоцикльтой харих гээд явж байгаад Э ахын гэрт очсон. Тухайн үед цаг 15 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд Э ахынд очоод тэнд байсан /өмнөх мэдүүлэгт дурдагдсан/ хүмүүст 2 шил архи хундгалж өгч байгаад гэртээ харихаар болоод ганцаараа мотоциклио унаад явсан. Намайг гэрт очиход 16 цаг дөнгөж өнгөрч байхаар нь би Э ахын гэрээс 15 цаг 50 минутын орчимд явсан байх гэж бодож байна. Намайг Э ахын гэрээс явах үед тэнд байсан хүмүүс бүгд л нэлээд муудсан, согтсон байсан. Миний мэдэхээр намайг байх үед Балдан ах, Д, талийгаач Т нар тасраад унтчихсан байсан. Би гэртээ хариад хэсэг байж байгаад 17 цаг өнгөрөөгөөд үхэртээ явсан. Би үхэртээ явах үедээ хэн нэгэнтэй огт таараагүй. Намайг Э ахынд байх үед бол хэн ч машин тэрэг хөдөлгөөгүй. Гэрийн гадаа бүгд суугаад архи ууцгаасан. Би тухайн өдөр Д.Б ахыг 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахыг хараагүй, таараагүй. Би Т.Оийг 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахыг хараагүй бас таараагүй. Тэр үед Д гэх хүн байгаагүй. Ихтамир сумын Тарианы мухар гэх газарт Д гэх хүн байдаггүй. Би тухайн үед архийг нь аягалж өгөөд л явсан. Түүнээс биш Т.Оийг 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үйл явдалтай огт таараагүй. Тийм зүйл болоогүй. Талийгаач намайг Эын гэрээс явах үед унтаад үлдсэн. Амьд сэрүүн байсан. Намайг явсны дараа л уг асуудал болсон байсан. Би гэртээ хариад өвөлжөөний эхээд Э ахын гэрээс бүүр хол, эсрэг чиглэлд малдаа яваад ирсэн. Манайх Э ахын гэрээс 4-5 км хол зайтай байдаг байсан. Өөр байдлаар гэрээс гараагүй. Надад Д.Б, Т.О нартай таарах боломж нөхцөл огт байгаагүй...гэх мэдүүлэг /3хх-ийн 06-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дгийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг гэртээ нөхөр Нгийн хамтаар байж байх үед Дманай гэрт аймгийн төвөөс ирсэн байсан. Тэгээд байж байх үед 18 цагийн үед Б манай гэрт ганцаараа орж ирээд Тийг Б машинаараа дайрчихлаа, машин доороос нь гаргахад данхраад хэрэгтэй байна, данхраадаа өгөөч гээд манайхаас данхраад аваад манай нөхөр Нг дагуулаад явсан. Түүний араас Д, бид 2 Э гэх айлд очсон юм. Намайг очих үед Эын гэрт Т бие муу байна, эмч дууд гээд орон дээр хэвтэж байсан. Би тэнд нэг их удаагүй харьсан ба тухайн үед тэнд байсан хүмүүс Б Тийг дайрчихлаа л гэж ярьж байсан. Би тухайн хэрэг болох үед хамт байгаагүй болохоор мэдэхгүй. Өөрийн сонссон, харсан зүйлээ л үнэн зөвөөр мэдүүллээ. Тухайн үед Т.Оийн гэртэй манайх бас л ойролцоо л байдаг байсан. Миний мэдэхээр манайх Т.Отэй айл саахалт болж амьдраад 4 жил болж байгаа. Энэ хугацаанд Т.О машин тэрэг мотоцикль жолоодож байсан зүйл байхгүй. Тэдний нөхөр Э л мотоциклио жолооддог байсан. Э миний мэдэхээр одоо хүртэл машин байхгүй айл байгаа юм...гэх мэдүүлэг /3хх-ийн 02-03 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын мэдүүлсэн: ...Хэрэг болсон цаг хугацаанаас хойш хэдий цаг хугацааны дараа тухайн хүний биеэс цус авснаас хамаарч цусанд спиртийн агууламж илрэхгүй байж болно. Тухайн хүний эрүүл мэндийн байдал, хэр их архи уусан, хэдэн жил архи хэрэглэснээс хамаарч уусан архи элгээр гүйцэт хоргүйжихгүй бол цусанд хадгалагдаж болно. Харьцангуй нас залуу бие эрүүл хүний бодисын солилцоо эрчимтэй бол элэг архийг шүүж цуснаас архи түргэн хугацаанд гарч цусанд спирт илрэхгүй болно... гэх мэдүүлэг /1хх-ийн 231-233 хуу/

            Шинжээч У.Лхагвадоржийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 65-00 АРХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашины жолооч Д.Быг Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.МягмарС нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутад жолоочийн согтуурал шалгах багажаар шалгахад 1.43 хувь гарсан байгаа нь Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Амь хохирогч Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, схем зураг фото зурган дээр тоормосны ул мөр байхгүй байгаа тул 65-00 АРХ улсын дугаартай дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашины жолооч Д.Б нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна. 4. Д.Быг /АА73123039/ регистрийн дугаараар жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд “В” ангиллын 675855 дугаарын жолооны эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич: Д.Бы тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэхийн хуулбарыг хавсаргав. 5. 65-00 АРХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашины жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Зам тээврийн осол, гарсан байх үндэслэлтэй байна. 6. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 7. Зам тээврийн осол болсон гэх газар нь хуурай, шороон замгүй газар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 180 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн, даавуун дугуй захтай цэнхэр өнгийн цамц, улаан өнгийн зах болон энгэр хэсгээрээ оруулгатай улаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн подволк, хөх өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн ноосон даавуун дотуур өмд, ногоон саарал өнгийн дотоож, зэрэгт урагдал гэмтэл үүссэн байна. 2. Хөх болон цагаан өнгийн судалтай зах болон энгэр хэсгээрээ улаан өнгийн оруулгатай 6 ширхэг товчтой цамцны ар талд зүүн хэсэгт гарсан 33 см хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Бусад гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Цэнхэр өнгийн дугуй захтай цамцны ар талд зүүн хэсэгт гарсан 43 см хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Бусад гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Цагаан өнгийн богино ханцуйтай цамцан дээрх гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Хөх өнгийн жинс мэт өмдний гэмтэл нь хуучин гогдолт байна. Хар саарал өнгийн өмдний гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин зүсэгдэлт байна. Дотоожинд үүссэн гэмтэл нь нэг удаагийн татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт байна. Урагдал үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хариулах боломжгүй. 5. Авто машин үзлэг хийх явцад хураан авсан хөх алаг өнгийн 1 ширхэг даавуун материалтай тасархай нь амь хохирогчийн өмсөж явсан гэх хөх болон цагаан өнгийн судалтай 6 ширхэг товчтой хувцасны хойд хэсгийн тасархай мөн. 6. Уг тасархай нь амь хохирогчийн өмсөж явсан хувцастай өнгө болон материалын ширхгээр тохирч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 102-109 хуу/

Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Д.Тийн цогцост, оношны 1-рт тусгагдсан цээжний хөндийн битүү гэмтлийн шинжүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.Б-д тусгагдсан архаг өвчин эмгэг, З.А-д тусгагдсан шинэ гэмтлүүд тогтоогдсон. 2. Оношны 1 ба З.А-д тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр, шинж байдлаараа нас барахаас өмнө, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Баруун дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы суганы урд шугамаар гялтан гэмтээсэн 1 шууд, зүүн талын 5, 6, 7-р хавирганы гялтан гэмтээгээгүй 1 шууд хугарал, уушиг авчилт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах байсан хүндэвтэр гэмтэлд, бусад биеийн гадаргуугийн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч нь цээжний хөндийн битүү хүнд гэмтлүүд, тэдгээрийн хүндрэлийн улмаас нас баржээ. НЭ-ийн Мэс заслын тасгийн эмчийн бичлэгээр 2020.11,09-ний 21 цаг 17 минутанд нас баржээ. 5. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон ба үхэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. 6. Амь хохирогчийн цус, Цоликлон системээр 3-р бүлэгтэй байна. 7. НЭ-ийн бичиг баримт  өвчний түү /-ээс харахад эмч эмнэлгийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. 8. Онош зөв тавьж оношийн дагуу эмчилгээ хийгдсэн байна. 9. Амь хохирогчийн амьд байх үед болон нас барсны дараах цусанд 2,0 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна...гэх дүгнэлт /1хх-ийн 25-28 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Оээс авсан гэх 6 ширхэг үс нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Автомашинаас авсан гэх №1 дугаартай 2 ширхэг үс, №2 дугаартай 2 ширхэг 2 үс нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 3. Асуулт №3-4-т хариулах боломжгүй байна...гэх дүгнэлт /3хх-ийн 25-28 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-06 хуу/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 10-12 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-40 хуу/

Дотор үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 34-40 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 146-149 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 164 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 174 хуу/

            Ослын газрын схем зураг /1хх-ийн 175 хуу/

Согтуурсан, мансуурсан, хүнийг саатуулах тухай тогтоол /1хх-ийн 176 хуу/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 177 хуу/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 179 хуу/

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 34-36 хуу/

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 70 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 227-233 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /1хх-ийн 184-189, 1хх-ийн 211-226, 2хх-ийн 05-10 хуу/

Зээлийн гэрээ /1хх-ийн 214-218 хуу/

Тодорхойлолт /2хх-ийн 07 хуу/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 10 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 161 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 165 хуу, 2хх-ийн 65 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 227-233 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3хх-ийн 41 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 122/а дугаартай яллах дүгнэлт /3хх-ийн 47-49 хуу/

Шүүх хуралдаан шинээр өгсөн Д.Бы мал тооллогын маягт 1 хуудас, Д.Бы хүсэлт 1 хуудас, “Хаан” банкны шилжүүлгийн мэдээлэл 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Ааймгийн И сумын Э багийн нутаг М гэх газарт зам тээврийн осол гарч, иргэн Д.Т нь автомашинд дайруулж, амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой А аймгийн И сумын Э багийн нутаг М гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхрийн хамт Архангай аймгийн төвөөс ирээд гэртээ үнээгээ саагаад байж байсан чинь манай нөхөр мотоцикль унаад доошоо яваад өгөхөөр нь би араас нь яваад хайсан чинь н.Э гэх айлын гадаа манай нөхрийн мотоцикль байхаар нь гэрт нь яваад орсон. н.Э ах гэрт хоёр шил архи тавьчихсан н.Ч, н.С эхнэрийн хамт, н.Д, н.Онар байсан. Тэгэхээр нь би нөхрөө гараад ир, наад мөнгийг чинь хот руу хүүхдэдээ өгөх гэж байгаа гэсэн чинь манай нөхөр надад 80.000 төгрөг өгөөд, өөрөө 20.000 төгрөг авч, чи гэртээ харь гэхээр нь гэртээ харьсан бөгөөд хариад би үхэр малдаа яваад байж байсан чинь орой 17 цаг өнгөрөөд 18 цагийн орчим н.Н ах ирээд түлээгээ оруулчих, гараад ир гэхээр гараад очсон чинь н.Тийг машин мөргөчихлөө, чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би н.Э ахын гэрт яваад очиход манай нөхрийг хөнжилд ороогоод орон дээр хэвтүүлсэн байсан. Би Ихтамир сумын эмнэлэгт дуудлага өгч түргэний машин эмч ирж үзээд машинд суулгаад тариа хийгээд аймгийн төв рүү авчирсан. Тухайн үед манай нөхрийн хувцсыг тайлчихсан байсан. н.Э гэх айлын хүний цамц өмсүүлээд түргэний тэргээр аймаг эмнэлэгт авчирсан. Түргэн тусламж үзүүлж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Талийгаачийг манай нутгийн ах н.Б гэх хүн машинаараа мөргөсөн талаар хэлж байсан”, “миний нөхөр явГр замын хөдөлгөөнд оролцсон. Түүнээс тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, тээврийн хэрэгсэл жолоодсон зүйл биш. Ямар нэгэн байдлаар согтуугаар замын хөдөлгөөнд оролцоогүй, түүний улмаас амь насаа алдаагүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нь айлд байсан хүнийг дайраад чирч давхиад амь насыг нь хохироосон. Энэ хүн надад би найзыгаа дайрсан, чи найздаа дансаа өгөөрэй, эмчилгээний зардал зэргийг найз нь өгнө гэсэн. Ингэж хэлж байсан хүн яагаад одоо би дайраагүй гээд зогсоод байгаа юм бэ.  Миний нөхөр надад сүүлийн үгээ хэлэхдээ хань нь их чирэгдсэн шүү, тэгэхдээ тэсээд гарна гэж хэлсэн. Үнэндээ ямар ч хүн тэсч чадахааргүйгээр бэртээсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-143/,               

            амь хохирогч Д.Тийн гэрчээр мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Давааны ар ногооны талбайн хажууд танил хүмүүсийн хамт архи, согтууруулах ундаа уусан байсан үедээ “Бонго” маркийн автомашинд урдаасаа мөргүүлж унасан. Тухайн автомашиныг Д.Ч гэх хүн барьж яваад мөргөсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 7-8/,

гэрч Ж.Бийн мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь хүмүүс гадаа орилоод Тийг машинаараа Б дайрчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би босоод гэрийн гадаа гарахад Бы машины хойд талын хоёр дугуйн дунд талын бөгс чулак хэсгээр хажуу талаараа хэвтээд машин доор орсон байсан. Би машин дээр очоод жолооч Быг чи хүн аллаа гэж хэлээд саахалт айлд байдаг Нгийн гэр рүү гүйгээд гэрт нь очоод Т машинд дайрууллаа гэж хэлээд буцаад очиход машин доороос гаргаад Эын гэрийн баруун талын орон дээр хэвтүүлсэн байсан. Н ах мотоциклиороо эхнэрт нь хэл хүргэх гээд явсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нар аймагт нэгдсэн эмнэлэг дээр хүргэж авчирсан. Гэрээс гарч ирэхэд С, Г, Эгийн эхнэр Онар Быг чи хүн дайрчихлаа, хүн алчихлаа гэж хэлж байсан. Машины жолооч Б өөрийнхөө машин доороос дайруулсан Тийг гаргаж авах гээд машин доогуураа орчихсон өргөдөг данхраадаар данхраадсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-69/,

гэрч Т.Оийн мэдүүлсэн “Үдээс хойш орой болж байсан чинь гаднаас гэнэт Б би хүн дайраад алчихлаа, миний машины урдуур гүйж ороод даруулчихлаа гээд орилоод манай гэрт орж ирсэн. Манай гэрт байсан нөхөр Б, Сгийн эхнэр Г бид нар гараад харсан чинь Бы машины хойд талын хоёр дугуйны доогуур ороод дарагдсан байсан. Бид нар нийлээд машины бөгс хэсгийг өргөж үзээд даагаагүй. Машины жолооч н.Б машиныхаа өргөгч данхраадыг гаргаж ирээд өргөж данхраадаж байгаад Тийг бид нар машин доороос гаргаж ирээд манай гэрийн орон дээр хэвтүүлээд түргэн дуудаж цагдаад хэлсэн”, “Намайг гэрт байхад Ч буюу Б гаднаас хүн дайрчихлаа гэж орж ирээд тэгээд бид нар гарцгаасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-89, 2хх-ийн 39-40/,

гэрч О.Эын мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь Б орой 17 цагийн орчим дуудаад би Тийг машинаараа дайрчихлаа гэсэн. Тэгэхээр нь гараад харсан чинь Т Бы машины хойд талын хоёр дугуйны гол бөгс доогуур дарагдсан байсан. Тэнд байсан хүмүүс машиныг өргөж данхраадаж байгаад машины доороос гаргаж манай гэрийн орон дээр хэвтүүлээд түргэн цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-96/,

гэрч Х.Гын мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь Б гаднаас би хүн дайрчихлаа, миний машин доогуур Т ороод дайруулчихлаа гэсэн. Тэгээд бид нар гэрээс гараад харсан чинь Бы машины хойд талын хоёр дугуйны гол төмөр доогуур Т дарагдаад орчихсон байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-116/,

гэрч Н.Дгийн мэдүүлсэн “Б орж ирээд Д.Б машинаараа Тийг дайрчихлаа гэхээр нь бид нар үнэмшээгүй байж байсан чинь гэрийн эзэн Н ах мотоциклио асаагаад Эын гэр рүү яваад өгсөн. За юу болсон юм бол гээд би Н ахын эхнэр Даваа эгчтэй алхаад очсон чинь Т машинд мөргүүлээд Э гэх айлын баруун талын орон дээр хөнжилд боогоод хэвтүүлсэн байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийг архи уулаа гээд аашлаад гэрээс Д.Бтай гараад асуусан чинь би машинаараа дайрчихлаа, ёстой баларсан, би мэдсэнгүй гэж хэлж байсан. Тэгээд эхнэр Жтай хамт машинаар нь Ихтамир сумын төв рүү түргэн дуудах гээд явж байгаад Ихтамир сумын Дэлийн үзүүр гэх газарт тусламжийн машинтай таараад Э гэх айлд ирээд бид нар Тийг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн”, “Архангай аймгийн төвөөс хөдөө гэр рүүгээ харих гээд замын унаанд суугаад Нгэх айлд байж байхад Б ирээд Б амь хохирогч Тийг дайрчихлаа гээд сандарсан байдалтай ирээд Нгэх хүнийг аваад Э гэх айл руу явсан. Нгийн эхнэр Дтэй хамт би Э гэх айлд очсон. Д бид хоёрыг очиход Б гэрийн гадаа байсан. Тэгснээ би Тийг дайрчихлаа гээд байсан. Амь хохирогч тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас нас барсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 166-170, 3хх-ийн 15-16/,

гэрч Ц.Нгийн мэдүүлсэн “Тухайн үед намайг тэр айлд очиход Д.Б би машинаараа дайрчихлаа, баларсан гэж хэлж байсан. Юу болсон юм бэ гэж асуусан чинь бид нар өдөржингөө архи уусан, би машинаараа дайрчихлаа, баларсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-194/,

гэрч ӨДгийн мэдүүлсэн “Бы хөх өнгийн ачааны Портер машины хойд талын хоёр дугуйны дунд чулак төмөр бөгс хэсэг доор ороод дарагдсан ёолоод орилоод байж байсан. Тухайн үед гадаа Баас өөр хүн байгаагүй. Миний мэдэж байгаагаар бид нар гэрт унтах нь унтаад  хэвтэж байхад гадаа нар жаргаад орой болж байхад гэнэт Б би хүн машинаараа дайрчихлаа, надад туслаарай гээд орж ирсэн. Тэгээд бид нар гараад харсан чинь Бы машин доогуур Т дайруулаад доор дарагдсан байсан. Машинаасаа өргөгч данхраад төмөр гаргаж ирээд доогуур орж өргөж данхраадаад татаж гаргаад Э ах гэрт өргөж оруулаад орон дээр хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 241-245, 3хх-ийн 09-10/,

гэрч Л.Дийн дахин мэдүүлсэн “Д.Т машинд дайруулж нас барсан гэж байсан. Би яг тухайн үед хамт байгаагүй болохоор мэдэхгүй. Би маргааш өглөө нь талийгаачийг Д.Б машинаараа дайраад Т нас барсан гэж сонсож мэдсэн. Тухайн үед тэнд байсан амтай болгон л тэгж ярьж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 06-08/,

гэрч Н.Дгийн дахин мэдүүлсэн “Тэгээд байж байх үед 18 цагийн үед Б манай гэрт ганцаараа орж ирээд Тийг Б машинаараа дайрчихлаа, машин доороос нь гаргахад данхраад хэрэгтэй байна, данхраадаа өгөөч гээд манайхаас данхраад аваад манай нөхөр Нг дагуулаад явсан. Түүний араас Дбид 2 Э гэх айлд очсон юм. Намайг очих үед Эын гэрт Т бие муу байна, эмч дууд гээд орон дээр хэвтэж байсан. Би тэнд нэг их удаагүй харьсан ба тухайн үед тэнд байсан хүмүүс Б Тийг дайрчихлаа л гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 02-03/,

шинжээч Б.Оын мэдүүлсэн “Хэрэг болсон цаг хугацаанаас хойш хэдий цаг хугацааны дараа тухайн хүний биеэс цус авснаас хамаарч цусанд спиртийн агууламж илрэхгүй байж болно. Тухайн хүний эрүүл мэндийн байдал, хэр их архи уусан, хэдэн жил архи хэрэглэснээс хамаарч уусан архи элгээр гүйцэт хоргүйжихгүй бол цусанд хадгалагдаж болно. Харьцангуй нас залуу бие эрүүл хүний бодисын солилцоо эрчимтэй бол элэг архийг шүүж цуснаас архи түргэн хугацаанд гарч цусанд спирт илрэхгүй болно” гэх мэдүүлэг /1хх-ийн 231-233/,

            зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээч У.Лхагвадоржийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 180/,

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 102-109/,

Согтуурсан, мансуурсан, хүнийг саатуулах тухай тогтоол /1хх-ийн 176/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 177/,

Д.Тийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 25-28/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны 108 тоот шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 25-28/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-06/,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 10-12/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Быг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой би амь хохирогч Д.Тийг дайраагүй, тухайн үед Т.О би машин барьж үзмээр байна, Ж машин бариад байхад би яагаад барьж болдоггүй юм бэ гээд байхаар нь жолоочийн суудалд суулгаад зааж өгч байтал Тийг дайраад тормозоо андуурч хаазан дээр гишгээд зогсоож чадаагүй.  Иймд Т.О уг авто ослын хэргийг үйлдсэн болохыг тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “шүүгчийн захирамжийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хэрэгт хувийн сонирхолтой буюу гэрч Дгийн хүү С.М криминалистикийн шинжээчээр оролцож, хамгийн сүүлд жолоочийн суудлын ард урт шар үс харагдангуут суудлыг гялс урагшлуулснаас болж уг үс олдохгүй болсон. Тухайн үед шинжээч С.М зөвхөн шугам, зургийн аппарат л авч очсон байсан. Би дараа нь гэрч Дгийн хүү гэдгийг мэдсэн тул тухайн үед татгалзах боломж байгаагүй юм. Мөн яллагдагч Д.Бд яллах дүгнэлтийг хуулбарлаж өгсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ба энэ нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болж байна. Осол болох үед Т.О машин барьж явсаныг нотлох бусад гэрчүүд ч гарч ирсэн тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, машинд дахин хуульд заасан журмын дагуу үзлэгийг хийлгэж, тэр урт шар үсийг олж, шинжлүүлэх, гэрч нараас мэдүүлэг авахуулах зайлшгүй шаардлагатай,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн “Т.О осол гаргаж Д.Тийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал байдаг. Амьд хүний үс яагаад шинжилгээнд тэнцэх боломжгүй байгааг гайхаад байна. Хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоох нь зүйтэй” гэсэн санал, дүгнэлтүүд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

 

Учир нь: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Бд холбогдох 2012004060060 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж 928 тоот шүүгчийн захирамжаар уг гэмт хэргийг Д.Баас өөр хүн үйлдсэн байж болзошгүй байдлыг шалгуулах өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Д.Б нарын хүсэлтийн дагуу холбогдох зарим ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.

 

Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн боловч шинэ нөхцөл байдал, өөрөөр хэлбэл Т.О нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Т.Бы 65-00 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож Д.Тийн амь насыг хохироосон байж болзошгүй нь нотлогдоогүй байна.

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Д.Бнь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ хэргийн оролцогч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж, түүний өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, гэрч Т.О, криминалистикийн шинжээч С.М, хөндлөнгийн гэрч Т.О, Д.А нарыг оролцуулан өдрийн 15 цаг 46 минутад эхэлж байгалийн гэрэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу оролцогч, гэрчүүдийн эрх, үүргийг тайлбарлан хийж, 35 ширхэг фото зургаар баталгаажуулсан ба тухайн үзлэгт холбогдсон санал, хүсэлт гараагүй байна.

 

Иймд тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийг хууль зөрчсөн гэж дүгнээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөөгүй, этгээдүүдийг шүүх таамаглаж, шинээр гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй, мөн тухайн хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн прокурор өөр газарт шилжин томилогдсоны улмаас яллагдагчид хуулбарлаж хувийг гардуулсан, энэ яллах дүгнэлт нь хэрэгт авагдсан яллах дүгнэлттэй үг үсэг, утгын зөрүүгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй тул өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “н.Э, н.Б” нарыг нэмж гэрчээр мэдүүлэг авахуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.

           Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

          2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ...хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус заажээ.

 

          Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, үлдэх хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.

Хохирлын тухайд шүүгдэгч Д.Баас 35.524.661 /гучин таван сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жд гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанаас завсарлага авч 5.000.000 /таван сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул үлдэх хохирол болох 30.524.661 /гучин сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жы нэхэмжлэлээс 2.512.031 /хоёр сая таван зуун арван хоёр мянга гучин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т овогтой Төмөрболдыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл шүүгдэгч Д.Баас тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх” гэсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирлыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж нь хохиролд нийт 38.036.692 /гучин найман сая гучин зургаа мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг нэхэмжилснээс

2020.11.10 - Бензиний үнэ - 30.000 төгрөг

2020.11.10 – Барааны үнэ – 225.950+1.310.000+900+1.100=1.537.950 төгрөг

2020.11.11 – Барааны үнэ

421.270+154.700+38.297+355.200+57.491+144.055+16.650+16.320+35.363+44.606+

11.363+560.500=1.855.815 төгрөг

2020.11.11 – Бензиний үнэ 83.200 төгрөг

2020.11.12 – Барааны үнэ 100.100+71.449+13.570+132.300+2.580+67.000+19.000+149.600+27.000= 590.700 төгрөг

2020.11.12 – “Өлзий гүн” ХХК-аас авсан барааны үнэ 600.000 төгрөг

2020.11.12 – Бензиний үнэ 70.035+39.765=109.800 төгрөг

2020.11.13 - Бензиний үнэ- 56.000 төгрөг

2020.11.13 – Барааны үнэ – 254.750 төгрөг

2020.11.14 – “Тэрх” худалдааны төвөөс авсан барааны үнэ – 2.056.000 төгрөг

2020.11.16 -  Барааны үнэ 89.000+193.300+1.200.000+800.000+250.000+250.000+200.000=2.982.300 төгрөг

2020.11.16 – Бензиний үнэ – 41.010 төгрөг

2020.11.17 – Барааны үнэ -15.700+89.000+71.400=176.100 төгрөг

2020.11.17 -  Бензиний үнэ – 80.000 төгрөг

2020.11.23 – Бензиний үнэ – 63.000 төгрөг

2020.11.24 -  Барааны үнэ- 168.500+327.700=496.200 төгрөг

2020.11.27 – Бензиний үнэ – 20.000 төгрөг

2020.12.05 - Бензиний үнэ – 20.000+20.000=40.000 төгрөг

2020.12.14 – Бензиний үнэ – 25.000 төгрөг

2020.12.14 - Бензиний үнэ – 53.000+20.025=73.025 төгрөг

2020.12.14 – Ганданд ном уншуулсан – 1.300.000 төгрөг

2020.12.23 - ”Хасу” худалдааны төвөөс авсан барааны үнэ -625.000 төгрөг

2020.12.26 – Барааны үнэ 87.000+780.000+163.900+28.600+6.900+5.020+390.900+8.600+78.000+6.400+182.500=1.737.820 төгрөг

2020.12.26 – Бензиний үнэ – 48.500 төгрөг

Дээс авсан малын үнэ – 920.000 төгрөг

“Хадат-2” дэлгүүрээс авсан барааны үнэ – 3.033.000 төгрөг

2020.11.09- Д.Тийн ор хоногийн эмчилгээнд төлсөн 400.000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ирсэн бензиний үнэ 38.670 төгрөг, нийт  19.273.840 /арван есөн сая хоёр зуун далан гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд, талийгаач Д.Тийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Хаан” банкнаас авсан 15.000.000 төгрөгөөс түүнийг нас барснаас хойш төлөгдөөгүй 14.750.821 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Д.Шыг малчнаар ажиллуулж төлсөн 1.500.000 төгрөг зэргийг хор уршигт тооцож, бүгд 35.524.661 /гучин таван сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жд олгуулах, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жы нэхэмжлэлээс давхардсан болон он, сар, өдөр харагдахгүй болсон, юу авсан нь тодорхойгүй, 126.400+ 20.000+ 9.750+ 26.190 +632.400 +30.500+8.030+ 12.550+73.000+91.600+48.000+14.000+5.250+20.000+10.000+20.000+29.870+7.380+154.700+355.200+817.211=2.512.031 /хоёр сая таван зуун арван хоёр мянга гучин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж нь талийгаач Д.Тийн төрсөн хүү 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т овогтой Төмөрболдыг тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэгт авагдсан Их тамир сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан одоогоор тэжээгчээ алдсаны тэтгэмж 288.000 төгрөг авч байгаа гэх тайлбар зэрэг нь зөрүүтэй байх тул үүнийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Д.Бы өмчлөлийн 65-00 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг хохирол нөхөн төлөхөд зарцуулах санал нь үндэслэлгүй бөгөөд дээрх автомашиныг жолоодож бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа тул дээрх автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд хамруулах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хувцасны өөдөс 1 ширхэг, цагаан хар өнгийн алаг даавууны сэмэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овогт Ды Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 30.524.661 /гучин сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ааймгийн И сумын Э багт оршин суух Б овогт Тийн Ж /РД:../-д олгож, түүний нэхэмжлэлээс 2.512.031 /хоёр сая таван зуун арван хоёр мянга гучин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жы нэхэмжлэлээс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т овогтой Төмөрболдыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл шүүгдэгч Д.Баас тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх” гэсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хувцасны өөдөс 1 ширхэг, цагаан хар өнгийн алаг даавууны сэмэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Д.Бы эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Бд буцаан олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ