Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 536

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр                       Дугаар 102/ШШ2018/00536                       Улаанбаатар хот 
                       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  дүгээр хороо Голден парк дугаар байр  тоотод оршин суух, Г.С

 Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗ

            Ажилд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч  Б.Э, хариуцагчийн  төлөөлөгч И.Б, Б.Г, Д.М, гэрч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                 

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.С нь УТЗд 2001 оноос эхлэн Зүтгүүрийн засварчин, токарчин хийж байгаад УТЗын МСҮТ-д 2008 оноос мастер багш, багшаар ажиллаж байгаад 2016 оноос хойш сургалтын менежерийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 162 захирлын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, удирдах ажилтны болон багшийн ёс зүйг зөрчсөн, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь Улбаанбаатар төмөр замын дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар тогтоогдсон гэсэн зөрчлийг гаргасан гэж үзсэн. Аудитын дүгнэлтээр сургалтын төлбөрийг бэлэн мөнгөөр авсан, 2 багшаас бэлнээр 390.000 төгрөг авч хувьдаа ашигласан зөрчлийг тогтоож, мэргэжлийн үнэмлэхэд буруу бичилт хийсэн гэсэн үндэслэлээр халсан байдаг. Г.С тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан. Тухайн үед Г.С өөрийгөө энэ асуудал дээр гэм буруутай эсэхээ мэдэхгүй байсан. Г.С нь 2017 оны  7 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт байх хугацаанд цагдаагийн байгууллагаас Г.Сд хандаж таны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж хянагдаж байгааг мэдэгдсэн.  Цагдаагийн байгууллагаас Г. Сэргэлэнг байгууллагад хохирол учруулсан, компьютерыг сольсон, цэнэглэгчийг хүлээлгэж өгөөгүй, багш нараас мөнгө авсан зэргээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж шалгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 233 дугаар Тээврийн прокурорын газрын тогтоолоор Г.Сгийн асуудалд хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн эрүүгийн хэргийг хаасан. Иймд Г.С нь 2017 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан гаргасан тайлбарыг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн өдөр хөөн хэлэлцэх хугацаа үүснэ гэж заасан. Г.С өөрийнхөө эрхийг зөрчигдсөнийг мэдсэн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.   Г.Сгийн гаргасан зөрчил нь тухайн тушаалын эрх зүйн үндэслэлтэй нийцсэн байх талаар Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан. Гэтэл үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг нь Г.Сд хамааралгүй, ямар үүрэгт ажилдаа хэрхэн хариуцлагагүй хандсан нь тушаал дээр байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам, удирдах ажилтны болон багшийн ёс зүйг зөрчсөн гэдэг боломжгүй. Харин хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.4 дэх заалтууд нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журамд байдаггүй. Ийм учраас Г.Сг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэдэг гомдол нь үндэслэлгүй. Г.Сг санхүүгийн ноцтой зөрчил гаргаж, байгууллагад хохирол учруулсан гэдэг боловч санхүүгийн хохирол учруулаагүй. Г.Сгийн тушаалын хууль зүйн үндэслэл нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.14, 40.1.5, дахь заалтуудыг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл Улсын дээд шүүхийн тайлбар болон Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлахдаа Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль тохирох үндэслэлийг баримтална гэж байгаа. Гэтэл 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, дахь заалтуудын аль үндэслэлээр Г.Сгийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа баримталдаг заалт. Г.С мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Мөн хариуцагч нь төгсөлтийн үнэмлэх буруу бичсэн гэдэг боловч 400 ширхэг үнэмлэх буруу бичээд “Үнэт цаас” ХХК-иас УТЗ нийгэмлэгт учруулсан хохирлыг Г.С хариуцахаар болсон байгаа.  Ажилтны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэгтэй нь Г.Сгийн гаргасан зөрчил холбогдох ёстой. Гэтэл Г.Сгийн ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн үнэмлэх бичих талаар үүрэг олгоогүй. Нэгэнт ажилтанд ийм үүрэг олгоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Мөн н.Энхриймаа сургалтын төлбөрт 550.000 төгрөг, 200.000 төгрөг, 600.000 төгрөг нийт 1.150.000 төгрөгийг багш н.Гэрэлдэлгэр, захирал О.Э, сургалтын менежер Г.С нарт өгсөн гэдэг. Гэтэл Г.С сургалтын төлбөрийн мөнгө бэлнээр авсан хариуцлагыг ганцаараа үүрдэг. Энэ асуудал дээр захирал О.Э, багш н.Гэрэлдэлгэр нар хамааралтай. Сургалтын төлбөрийг захирал, нягтлан бодогч нар хариуцах ёстой. Г.Сгийн ажлын байрны тодорхойлолт дээр сургалтын төлбөрийг хураах, бэлнээр авах талаар зохицуулсан заалт байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар гэрч н.Гэрэлдэлгэр, Батцэцэг нар тухайн мөнгийг О.Э захиралд өгсөн гэдэг. Гэрч нарт хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авахад сургалтын төлбөрийн мөнгийг  Г.С аваагүй нь тогтоогддог. Энэ 1.150.000 төгрөгийг  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сандал, ширээнд зарцуулагдсан. Энэ асуудлыг Г.Стэй холбож ярьж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр зүйлүүдэд заасан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар хүлээсэн үүрэгт хамаарахгүй байна. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа ангиудын урсгал засварын мөнгийг суралцагч нараас гаргуулан гүйцэтгэсэн нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь заалтыг зөрчсөн гэж хариуцагч хариу тайлбар дээрээ ирүүлсэн. Энэ үед Г.С захирлын үүргийн түр орлон гүйцэтгэж байсныг хариуцагч болон гэрч нар хүлээн зөвшөөрдөг. Харин Г.Сгийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь сургалтын менежер Г.Сд хариуцлага ногдуулж байгаа. Гэтэл энэ захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үетэй хамааруулсан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулахдаа хамааралгүй асуудлыг үндэслэл болгосон. Мөн Г.Сгийн давтан зөрчлүүдийг ярьж байгаа бол зөрчлүүд нь зөрчил байх ёстой. Гэтэл эдгээр асуудлууд Г.Сгийн хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй. Иймд Г.Сг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэг өдрийн дундаж цалинг 58.733 төгрөгийг ажлын 169 хоногоор тооцож 9.925.877 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, О.Ганчулуун нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Стэй хөдөлмөрийн гэрээг  2017 оны  6 дугаар сарын 16-ны өдрийн  62 тоот тушаалаар цуцалсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, 131 дүгээр зүйлийн 131.3, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.4 дэх  заалтуудыг үндэслэл болгосон. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г.Сг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гарч хувийг   Г.Сд өгч гарын үсэг зуруулсан. Тухайн ажилтан ажлаас халагдсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байдаг тул нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл Г.С хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь гомдол гаргагч хүндээр өвчилсөн буюу хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан хугацааг олгоно гэж тайлбарласан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтын дагуу тухайн иргэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн өвчтэй байсан хугацааны эмнэлгийн магадлагаа болон эмнэлгийн карттай танилцсан. Энэ хугацаагаар тооцсон ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаад нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн эсэх талаараа мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн цаг хугацаа нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан дээрх эд хөрөнгийн хариуцлага тооцох үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудын үндэслэл нь Г.С ажлаас халагдахад сургалтын менежерийн ажил эрхэлж байсан. Энэ албаны ажлыг эрхэлж байх үедээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг түр орлон гүйцэтгэж байхдаа байгууллагад хохирол учруулсан. УТЗын дотоод аудит хяналтын албаны шалгалтын дүгнэлтээр зөрчил илэрсэн. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн журам болон удирдах ажилтан, багшийн ёс зүйг зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан гэдэг нь дээрх эрхэлж байсан ажилтай нь холбоотой. Г.Сгийн ажлын байрны тодорхойлолтод сургалтын төлбөрийг бэлнээр авч, мөнгө хөрөнгө захиран зарцуулах тухай заалт байдаггүй. Түүнд 2016 оны 11 дүгээр сарын 04, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн замын даргын тушаалаар сахилгын шийтгэл тус тус ногдуулсан. Тухайн үед ч дээрх зөрчлүүд давтагдан гарсан байдаг. Ажилтан сахилгын зөрчлийг буруу ногдуулсан талаарх гомдлыг зохих шатны байгууллагад нь хандаж шийдүүлэх ёстой байсан боловч гомдол гаргаагүй. Дээрх хоёр тушаал нь тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтын дагуу дотоод аудит хяналтын шалгалтаар илэрсэн зөрчилд нь дахин сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэл тогтоогдож байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг байхгүй ч Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.6, 4.7 дахь заалтуудад хөдөлмөрлөх явцдаа хүлээх үүргийг заасан. Үүнд байгууллагын өмч хөрөнгийг ашиглаж, үрэгдүүлсэн мөн удаа дараа ажил тасалсан зөрчлүүд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар буюу сахилгын шийтгэл ногдуулж эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа. Төгсөлтийн үнэмлэх буруу бичиж байгууллагад 1.000.000 төгрөгийн хохирол учруулснаа Г.С өөрөө төлнө гэж тайлбар бичиж өгсөн. Мөн суралцагч нарын төлбөрийг бэлнээр авч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сандал ширээ авч өгөхөд зарцуулсан гэдэг. Гэтэл сандал ширээ авахдаа өөрийн таньдаг аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулсан мэдээлэл байдаг. Тэгэхээр УТЗын эд хөрөнгө худалдан авах талаарх журмыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрчээр Э.Энхриймааг оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Г.Сд холбогдуулж байгууллагад учруулсан хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрчээр шүүх хуралдаанд МСҮТ-ийн захирал байсан О.Э оролцож мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр татан авч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговорт 9.925.877 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

УТЗын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төвийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 62 ажлаас халах тухай тушаалаар Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, удирдах ажилтны болон багшийн ёс зүйг зөрчсөн, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулсан, сахилгын тогтоогдсон тул сургалтын менежер Г.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Г.С нь нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэг сарын дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргах эрхтэй, гомдол гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэгч Г.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд дурьдагдсан зөрчлийг үндэслэн Төмөр зам дахь Цагдаагийн газарт 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргаж байсан нь түүний нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэдслэл болохгүй юм.

Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч Г.Сгийн нэхэмжлэлийн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговорт 9.925.877 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗ нь нэхэмжлэгч Г.Сд холбогдох байгууллагад учруулсан хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчид буцаан олгож, хариуцагч нь гэрчээр Э.Энхриймааг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг тус тус удирдлага болгон  

                                              

                                                ТОГТООХ нь:          

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговорт 9.925.877 төгрөг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           3. Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗ нь нэхэмжлэгч Г.Сд холбогдох хохиролд 1.340.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.390 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 данснаас гаргуулж хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗд буцан олгосугай.

           5. Хариуцагч нь гэрчээр Э.Э-г оролцуулах хүсэлтээс татгалзсаныг дурдсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

                                

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА