Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0120/Э |
Дугаар | 2022/ШЦТ/134 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Д.,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Д.*******, А.******* нарыг нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******, А.******* нарт холбогдох эрүүгийн 2215000000069 дугаартай, 163/2022/0120/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ******* тосгоны Үйлдвэрийн 4 дүгээр гудамжны 405ж тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг, 20 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ын *******, Булган аймгийн ******* суманд 2003 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ******* тосгоны 3 дугаар гудамжны 326 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, *** сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт амьдардаг, 19 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.
Холбогдсон хэргийн талаар:
Булган аймгийн ******* сумын ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоотод үйл ажиллагаа явуулж буй иргэн Д.ийн эзэмшлийн “” зоогийн газарт 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө шүүгдэгч Д.*******, А.******* нар нь бүлэглэн хууль бусаар нэвтрэн орж лангуун дээр өрөөтэй байсан хүнсний бараа, эд зүйл хулгайлж 351,120 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоотод үйл ажиллагаа явуулж буй Д.ийн эзэмшлийн “” зоогийн газрын арын хаалганы замган түгжээг эвдэн хууль бусаар нэвтэрч тус зоогийн газарт зарагдаж байсан архи, согтууруулах ундааны зүйл болон тамхи, ундаа зэрэг 351,120 төгрөгийн эд зүйл алдагдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Д.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хоёр хүүхэд удаа дараа буруу хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Би нэг нутагт амьдардаг учир энэ хүүхдүүдийн амьдралыг мэднэ. ******* хөгжлийн бэрхшээлтэй эмээтэйгээ амьдардаг. Өөрсдөө удаа дараа надаас уучлалт гуйгаад буруугаа ухамсарлаж байсан. Цаашид хэрэг төвөгт холбогдохгүй байх хэрэгтэй. Хэрэглэсэн архийг мөнгөөр нь төлж, бусад авсан зүйлээ биет байдлаар нь буцаан өгч намайг хохиролгүй болгосон. Тухайн үед хулгай хийсэн хүн нь энэ хоёр хүүхдийг гэж мэдээгүй. Буруу юм хийсэн байна гээд удаа дараа ирж уучлалт гуйсан, хаалганы цоожийг ирж янзалж өгсөн. Би гомдол саналгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоотод үйл ажилллагаа явуулдаг нэрийн зоогийн газарт болсон байв. ...Дотогш ороход хоёр хаалгатай байх бөгөөд урд талын хаалга, цонх ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, баруун талын хаалга нь хүрэн өнгийн төмөр хаалга байх ба гадагш онгойсон ...дотогш ороход дотор талын төмөр замган түгжээ хугарч эвдэрсэн байдалтай ...байв. зоогийн газрын хяналтын камер ажиллахгүй байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
*******ын гэрээс эд зүйл хураан авсан: 0.7 литрийн хэмжээтэй Ауруг нэртэй задлаагүй архи нэг ширхэг, 1 литрийн хэмжээтэй Nomad нэртэй задлаагүй архи нэг ширхэг, нэг литрийн хэмжээтэй Balliantines нэртэй задлаагүй архи нэг ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй задлаагүй архи нэг ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Eden нэртэй задлаагүй архи нэг ширхэг, нэг литрийн хэмжээтэй Jack Daniels нэртэй задалсан шилэндээ 5 см орчим үлдэгдэлтэй архи нэг ширхэг, хоёр литрийн савлагаатай Моя семья нэртэй задалж хэрэглэсэн ундааны сав, Change Esse нэртэй задлаагүй хоёр хайрцаг тамхи, LD нэртэй задлаагүй нэг ширхэг тамхи зэрэг эд зүйлийг түр хураан авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
Хохирогч Д.ийн өгсөн: Би Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоотод байрлах зоогийн газрыг ажиллуулдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа ирэхэд гал тогооны арын хаалга онгойсон байдалтай байсан ба яваад ороход лангуу буюу тейкны тавиур дээр байсан үнэтэй гэсэн 6-7 шил архи алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай зоогийн газраас 1 литрийн хэмжээтэй Jack Daniels нэртэй виски 1 шил, Ballentines нэртэй виски 1 шил, Nomad нэртэй архи 1 шил, 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи 2 шил, Ауруг архи нэртэй 1 шил, Ерөөл нэртэй архи 1 шил, Esse change нэртэй тамхи 4 хайрцаг, Club LD нэртэй тамхи 2 хайрцаг, дундын Майлед тамхи 2 хайрцаг, 2 литрийн хэмжээтэй Моя семья нэртэй ундаа 1 сав алдагдсан. ….Надад гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 28-29 дэх тал/,
Гэрч Т.ын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй Сэрүүн гэх нэртэй пивоноос хоёр савыг хувааж уусан. Ингээд *******, , Эрхэмбаяр нарыг дуудсан чинь 0.75 литрийн хэмжээтэй нэг шил Хараа гэх нэртэй архи авч ирсэн. Эрхэмбаяр нь орж ирээд буцаад гараад явсан. Бид хэдтэй нийлж яваагүй. Тэр авчирсан архийг нь бид хэд хувааж уугаад би унтчихсан байсан. Тэгтэл , *******, ******* гурав гарч яваад архи олоод ирсэн байсан. Тэгээд намайг дуудаж сэрээгээд нэг шил Jack Daniels нэртэй 1 литрийн хэмжээтэй вискиг хувааж уугаад би буцаад унтчихсан. Хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цагдаа нар орж ирээд сэрээсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Гэрч Э.гийн өгсөн: *******, ******* бид гурав *******ын гэр лүү явж байхад ******* надад хандан энэ архи, виски, тамхи зэргийг ээс хусчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? баригдвал яанаа гэж хэлсэн. …Тэгээд *******ын гэрт очоод ыг унтаж байхаар нь нэг нь сэрээсэн чинь сэрсэнээ юун баахан архи аваад ирсэн юм хаанаас авчирсан юм бэ? гэж асуухад ******* зоогийн газраас хусчихлаа гэж хэлсэн. Тэгсэн уурлаад яаж байгаа юм бэ? та нар баригдвал яана гэхэд ******* гайгүй байхаа малгай өмсөөд маск зүүгээд орсон гэж хэлсэн чинь за, за гээд *******, *******, бид дөрөв зоогийн газраас авсан нэг шил Jack Daniels нэртэй 1 литрийн хэмжээтэй вискиг уугаад ууж байхдаа мөн тэр газраас авсан тамхийг нь татсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 220092 дугаартай дэлгүүрээс алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүний үнэ нийт 351,120 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-61 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой усанд орох гээд халуун усны газарт очиход найз *******тай таарсан. Бид хоёр таараад дэлгүүрээс нэг шил архи аваад манай гэрт очсон. Гэрт очиход манай хуурай ах байсан ба бид гурав архиа хувааж уугаад байж байтал манай найз ирсэн ба бид дөрөв нөгөө архиа хувааж уусан. Архи уугаад дуусах гэж байхад миний нойр хүрээд хэсэг унтсан. Хоёр цаг гаран унтаад сэрэхэд нөгөө гурав дахин нэг шил архи ууж байсан ба би тэр архинаас гурван хундага уугаад архи авахаар , ******* бид гурав гарсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тус зүйл анги нь миний хийсэн үйлдэлд тохирч байна. … нэртэй баарны гадна хаалгыг татаад нүдэж үзэхэд тус баарнаас хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь ар талын цонх хэсэгт нь очиход зэрэгцээ гурван цонх байсан. Уг цонхнуудыг нь түлхэж үзэхэд цонх нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь би цааш тойроод явж байтал хажуу талд нь хаалга байсан ба уг хаалгыг түлхэхэд онгойхоор би хаалгаар дотогш орсон. Дотогш ороод баарны тек хэсгээс нь дөрвөн ширхэг архи, нэг ширхэг ундаа, найман хайрцаг тамхи авсан. Миний араас ******* бааранд орж ирээд гурван ширхэг архи аваад бид хоёр баарнаас гарсан. Баарнаас гарахад гар утсаар яриад зогсож байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-131 дэх тал/,
Шүүгдэгч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой ******* тосгонд үйл ажиллагаа явуулдаг халуун усны газарт хүүхдэд хувцасаа өгөх гээд хүлээж байтал 19 цагийн орчимд найз *******тай таарсан. Бид хоёр таараад дэлгүүрээс нэг шил архи аваад *******ын гэрт очсон. *******ынд очиход түүний дүү байсан ба бид гурав тэр нэг шил архиа хувааж уугаад сууж байтал гаднаас гэх залуу орж ирсэн ба бид дөрөв архиа хувааж уусан. Тэгэхэд гарч яваад дахин нэг шил архи авчирч ууцгаасан. Архиа хувааж уугаад дуусч байхад , ******* нар дэлгүүрт утсаа тавиад архи авна гээд намайг цуг явъя гэсэн. Ингээд бид гурав гарсан. Гадуур явтал онгорхой дэлгүүр байхгүй байсан.Тэгтэл ******* манай нэг хамаатан баар ажиллуулдаг юм тэндээс архи авъя гэж хэлсэн. …Ингээд гэх бааранд очиход баар хаалттай байсан. ******* баарны цонхны торыг татаж үзэхэд тор нь унахгүй байсан. Тэгээд ******* баарны араар тойрсон ба би араас нь дагаад тойрч явсан. Тэгтэл баарны ар талд нэг хаалга байсан ба уг хаалга хаалттай байсан. Тэр хаалгыг ******* татаж онгойлгоод орсон ба би араас нь дагаад орсон. Бааранд ороход ******* өвөртөө архинууд хийсэн байсан. Тэгэхээр нь би араас нь тек хэсэгт байх архинуудаас хоёр шилтэй архи аваад баарнаас гарсан. …Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д., гэрч Т., Э. нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 41, 57-61 дэх тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 7-14 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 220092 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-61 дэх тал/, Баруун тайга хязгаарлагдмал хувьцаат компанийн улсын бүртгэлийн болон тохирлын гэрчилгээ, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /хавтаст хэргийн 95-97 дахь тал/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэрчээр болон яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад шүүгдэгч Д.*******, А.******* нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Д.ийн согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий баарны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу Булган аймгийн ******* сумын ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг баарны арын хаалганы замган түгжээг эвдлэн хууль бусаар дотогш нэвтэрч зоогийн газрын лангуун дээр байсан архи, согтууруулах ундааны зүйл болон жүүс, тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авсан гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй юм.
Хэрэг, үйл баримт болсон газар буюу Булган аймгийн ******* сумын ******* тосгоны төв дэлгүүрийн 12-01 тоот нь хохирогч Д.ийн согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий баарны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр бөгөөд шүүгдэгч нарын замган цоожийг эвдлэн орж буй нь хохирогчийн орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Шүүгдэгч Д.*******, А.******* нарын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлттэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******, А.******* нарыг 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Д.ийн согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий баар, зоогийн газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч лангуун дээр байсан архи, согтууруулах ундааны зүйл болон жүүс, тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын төлөвшил, гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлаагүйгээс гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.*******, А.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.д 351,120 төгрөгний хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.*******ын гэрээс хураан авсан 20,340 төгрөгийн үнэлгээ бүхий Ауруг архи нэг ширхэг, 33,500 төгрөгийн үнэлгээ бүхий Nomad архи нэг ширхэг, 93,600 төгрөгийн үнэлгээ бүхий Balliantines архи нэг ширхэг, 40,680 төгрөгийн үнэлгээ бүхий Соёрхол архи нэг ширхэг, 31,400 төгрөгийн үнэлгээ бүхий Eden архи нэг ширхэг, 8,000 төгрөгийн үнэлгээ бүхий Change Esse тамхи хоёр хайрцаг, 3200 төгрөгийн үнэлгээ бүхий LD тамхи нэг хайрцаг буюу нийт 230,720 төгрөгийн эд зүйлийг хохирогч Д. биет байдлаар буцаан авч, хохирлын үлдэгдэл 120,400 төгрөгийг бэлнээр хүлээн авснаар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******, А.******* нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.*******, А.******* нарын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байгаа хэдий ч шүүгдэгч нар нь өсвөр насандаа байгаа, зан төлөв, хүмүүжлийн хувьд бүрэн төлөвшөөгүй, гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлах түвшинд хүрээгүйгээс өөрсдийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож ухамсарлаагүй хөнгөмсгөөр найдаж гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал харагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч нарын сэтгэл зүйн байдал, сэтгэхүйн болон гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлах хэмжээний түвшинд хүрсэн эсэхийг тогтоолгох зорилгоор Булган аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйчийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд /хавтаст хэргийн 65-81дэх тал/ шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэд шүүгдэгч А.*******, Д.******* нарыг өсвөр насны хүүхдийн хөгжлөөс бүрэн гараагүй, бие хүний төлөвшил бүрэн олоогүй, гэмт хэргийн хор уршиг, асуудлыг бүрэн ойлгож төлөвшөөгүй байна гэжээ.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 99-113 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн ******* тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, Монгол Улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Булган аймаг, ******* сум, ******* тосгоны Үйлдвэрийн 4 дүгээр гудамжны 405ж тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч А.******* нь ам бүл 3, аав, дүүгийн хамт Булган аймаг, ******* сум, ******* тосгоны ын 3 дугаар гудамжны 326 оршин суудаг, Монгол Улсын Их сургуулийн Эрдэнэт сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон тэдний нас бие, сэтгэхүйн онцлог, бага наснаас өнчин өссөн амьдралын бодит байдал, нийгэмд өөрийн байр суурийг олох, боловсрол эзэмших нөхцөл боломж зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн зүгээс гомдол саналгүйгээ илэрхийлж тэдэнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргаж байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчим хэрэгжих үндэслэл болно гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийг заахдаа энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.”, 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба хорих ялын доод хэмжээг 2 жилээр тогтоосон нь энэ хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.” гэсэн заалтад хамаарахгүй байна.
Иймд Д.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв
Шүүгдэгч Д.*******, А.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.*******, А.******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******, А.******* нарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД