Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0414/Э |
Дугаар | 2022/ШЦТ/402 |
Огноо | 2022-05-25 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/402
2022 05 25 2022/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
иргэдийн төлөөлөгч М.Ариунболд,
улсын яллагч Э.Бадрал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц,
шүүгдэгч Д.З түүний өмгөөлөгч Т.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0109 дугаартай, 3 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн _ дугаар хороо, _ тоотод амь хохирогч Л.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар 62см урттай, 4см өргөнтэй модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулсны улмаас Л.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэсэн;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай нөхөр ажлаасаа жаахан согтуу ирсэн байсан. Гаднаас Д.З архи барьж орж ирээд, хамт архи уусан. Гадаа гаръя зодолдъё гээд гарсан. Гадаа гараад юу болсныг нь хараагүй. Намайг гарахад газар унасан байсан. Бид 7, 14 насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд надаар овоглодог. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон, 500.000 төгрөг авдаг. Хоёр хүүхдэдээ насанд хүртэл нь мөнгөн тусламж авна гэж хүсэж байна. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн 221000000 0109 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дэх тал),
2. Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
3. Хүний биед 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн: ”...Л.Ц нь орон дээр их биеэр дээш харж хэвтсэн байдалтай, 165см өндөртэй, мах мариа дунд зэрэг, эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа эрэгтэй хүн байна. Л.Ц нь толгой хэсэгтээ үс байхгүй толгойны зүүн чамархай хэсэгт 0,2мм х З см урттай зулгаралттай, зулай хэсэгт 4см х З см хэмжээтэй арьс зулгаралттай, зүүн мөрийг дагуулан хажуу тийш харуулахад толгойны ар шил хэсэгт 6 см х7 см хэмжээтэй улаан өнгийн арьс зулгаралттай, үзлэгийн цааш үргэлжлүүлэхэд баруун сарвууны гадар хэсэгт буюу чигчий хуруунд 2 ширхэг, ядам хурууны үе дээр 1 ширхэг дунд хурууны завсар болон хойд хэсэгт нь 2 ширхэг 0,5 мм х0,6 мм хэмжээтэй цэг хэлбэртэй шарх, зүүн сарвууны ядам хурууны дээд үе болон тус үенээс дээш 2 см зайд З см х 2 см хэмжээтэй арьс зулгаралт, баруун гарын тохойны нугалмын дотор хэсэгт 2 см х З см хэжээтэй арьс зулгаралт, баруун гуяны гадар хэсэгт 7 см х 8 см хэмжээтэй хүрэн улаан өнгөөр хөхөрсөн байсныг шинжээч мэргэжилтэн маштабын шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Л.Цын толгойны зүүн дээд хэсгээрээ хавдаж томорсон байдалтай. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
4. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн дэслэгч Ж.Д-н 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн:
-дуудлага мэдээллийн дагуу _ тоотод очиход хашаанд монгол гэр, түүний ард тоосгон байшин байв. Гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр дуудлага өгсөн иргэн гурван хүүхдийн хамт, баруун талын орон дээр зодсон гэх З нь эхнэрийн хамт сууж байв. Зодуулсан гэх иргэн Л.Ц гэгч нь гэрийн хойморт хамар болон чихнээс нь цус гарсан байдалтай согтуу хэвтэж байсан.” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),
5. Хүний биед 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн: Д.З нь 180 см өндөртэй...45 настай гэх, эрэгтэй, ...биеийн дээд хэсгээр хөх өнгийн зузаан куртиктэй, цэнхэр өнгийн цамц, цагаан өнгийн футболктой, доогуур хөх өнгийн зузаан өмд, хар өнгийн гуталтай. Өмссөн хувцсыг тайлуулж, биеийг нүцгэлж үзэхэд биед ил харагдах ...гэмтэл шарх байгаа хэсгийг үзэхэд нүүр болон хүзүү орчим ...ил харагдах гэмтэл шархгүй, ...биеийн хоёр гарын шуу, мөр хэсэгт байх хээ угалз бүхий шивээснүүдийг шинжээч хэмжээст шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Биед ил харагдах ...гэмтэл шарх тогтоогдсонгүй. ...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-19 дэх тал),
6. 62см урттай прүүс /мод/ 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 191 дэх тал),
7. Хүний их эмч Ө.Б-н 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 45 минутад гаргасан: "Л.Ц 51 настай 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулсан гэх мэдүүлэгтэй 103-т ирсэн, биед тархины хүнд гэмтэлтэй ухаангүй яаралтай журмаар тархины м/з-д орсон. Одоо өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй. Амьсгалын аппараттай эрчимт эмчилгээгээр эмчлэгдэж байна." гэсэн тодорхойлолт ( хавтаст хэргийн 24 дэх тал),
8. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “нас барсан тухай” гэрчилгээ ( хавтаст хэргийн 23 дахь тал),
9. Цогцост үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд:
- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн _-р хороо _ тоотод нөхөр Л.Ц, охин А, Ө, хамгийн бага П, У нарын хамтаар амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны хагас сайн өдөр ажил дээрээ байхад манай нөхөр Л.Ц бага зэрэг архи уучихсан байдалтай ирсэн. Бид хоёр замаараа дэлгүүр орж хэвийн боов, жаахан хүнс авсан. Орой 18 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд хүүхдүүд байсан. Тэгсэн гаднаас төрсөн эгчийн нөхөр З нэлээн согтолттой орж ирсэн. Тэгээд өврөөсөө 0,75 литрийн ...дээд хэсгээс бага зэрэг уучихсан архи бариад орж ирсэн. Орж ирээд манайд байсан хүүхдүүдийг загнаад байсан. Тухайн үед манай нөхөр Л.Цтай хамт архинаасаа хувааж уусан, ууж байгаад З манайд байсан хүүхдүүдийг утсаар тоглоод та нар одоо боль гээд загнаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр хүүхдүүдээ өмөөрөөд, чи хүүхдүүд загналаа гээд, тэр хоёр маргалдаж эхэлсэн. Манай нөхөр Л.Ц З-г гэрээс гаръя зодолдъё, үзье гээд хамт гэрээс гараад явсан. Тэр хоёр гэрээс гарахаар нь би ардаас нь удалгүй гарсан чинь манай нөхөр газар уначихсан, З гартаа прүүс мод барьчихсан зогсож байсан. Би Зыг загнаад, чи яаж байгаа юм гээд, манай нөхөр газар ухаан алдсан байдалтай уначихсан байсан. Тэр үед чи манай нөхрийг яаж байгаа юм бэ, гээд тэгээд би өөрөө хоёр хүүхэдтэйгээ хамт гэр рүү өргөж оруулсан. Тэр үед манай нөхрийн хамраас, чихнээс цус гоожоод байсан. Ингээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Намайг хамт гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед очиж сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Энэ өдрөө яаралтай хагалгаанд орохоор болсон. Шөнийн 03 цаг өнгөрч байх үед хагалгаа бараг дууссан. Ингээд ерөөсөө сэргэхгүй ухаан орохгүй, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Эмнэлгийн зүгээс ер нь үзлэг хийгээд найдваргүй талаар хэлдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед дахиад хагалгаанд орсон боловч хагалгаа дийлээгүй нас барчихсан юм. ...Намайг гэрээс гарахад З нэлээн согтолттой, баруун гартаа дөрвөлжин, прүсс гэж нэрлэдэг уртавтар 1 ширхэг модыг барьчихсан зогсож байсан. Харин талийгаач гэрийнхээ амбаарын ойролцоо газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Намайг ардаас нь яг гарсан чинь л З баруун гартаа модоо барьчихсан манай нөхрийн ам хамраас нь цус гарчихсан байдалтай байж байсан. З барьсан модоороо цохих гээд дайраад байхаар нь би түлхээд холдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би талийгаач Л.Цын оршуулгын зардалд гарсан баримтуудыг нь өгөх ёстой гэхээр нь бүрдүүлж өгсөн. Тэрнээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн баримтуудыг хэрэгт заавал өгч хийдэг гэхээр нь өгсөн. Тухайн үед хүн болгон буяны мөнгө төгрөг өгсөн. Мөн Зы ар гэрээс мөнгө өгч байсан. Тэрнээс би нэхэмжлэх гэж өгөөгүй. Надад өөр хэлэх зүйл алга байна. Манай талийгаач Л.Ц нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүнд зодуулаад Гэмтэл согог судлалын гавал тархины тасагт хэвтэж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэс шалгаж байсан. Талийгаач өөрөө хэнд зодуулсан талаараа нуугаад, би мэдэж байгаа гэхдээ яах юм гээд байдаг байсан. Тухайн үед тархины гэмтэлтэй гэж байсан. Гэмтлийн эмнэлэгт 20 орчим хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед тархиндаа цус хуралттай, уйланхайтай гэж байсан. Эмнэлгээс гараад 1 сар орчим эмчилгээ гэрээрээ хийлгэсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сард ажил дээрээ ухаан алдаж очиж байсан. Талийгч бид хоёр хамт ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
11. Насанд хүрээгүй гэрч Ц.Аы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байхад аав, ээж гаднаас хүнс ..аваад орж ирсэн. Манай хашаанд амьдардаг З ах гаднаас 1 шил архи барьчихсан орж ирсэн. 0.75 литрийн багтаамжтай байсан байх, тэр архиныхаа талыг нь уучихсан байсан. Тэгээд манай аавтай архинаас миний харснаар 1 удаа л уусан гэж бодож байна. З ах аав хоёр гэрийн хаалга эвдсэн, эвдээгүй гээд маргалдаад байсан. Бид нарыг З ах гар утас оролдоод байна гээд загнахад аав уурлаад, чи яагаад манай хүүхдүүдийг загнаад байгаа юм гээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Ингээд 4-5 минутын дараа гэрээсээ гарсан чинь З ах гартаа нэг урт мод барьчихсан, аав урд хэсэгт газарт уначихсан байдалтай байж байсан. Аавын хамар, чихнээс нь цус гарчихсан байсан. Ингээд аавыг гадаа ухаан алдчихсан байхад ээж өргөөд гэр рүү оруулаад цагдаа дуудаад, З ахыг цагдаа нар ирээд аваад явсан. Тэр хоёрын зодолдож байхыг хараагүй. Манай гэрт ямар нэгэн зодоон цохион болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №440 дугаартай цогцост хийгдсэн:
-Талийгаачийн цогцост гавал тархины гэмтэл, зүүн зулай чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйхны дотор зүүн чамархай хэсэг ба зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чих, зүүн шанаа, дух, зүүн, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн сарвуу, баруун гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
-Талийгаач Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2 хоног эмчлэгдсэн тул спиртийн агууламж үзэх боломжгүй.
-Талийгаач хоёрдугаар бүлгийн цустай байна.
-Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-101 дэх тал),
13. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3-р зүйлд хамаарах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дүгнэлтэд тусгагдсан дух ясны голд хуучин трепиадтай гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Хуучин гэмтлүүд нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр учирсан шинэ гэмтлүүдтэй, шалтгаан болон байрлал, цус хуралт, няцралын хэмжээтэй хамаарахгүй гэмтлүүд байна. Би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн толгойн компьютер томографын шинжилгээтэй харьцуулан хариултыг өглөө. Тус гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ. Зүүн зулайн чамархай ясны цөмөрсөн хугарал нь, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиход үүснэ. Энэ гэмтлийн улмаас тархи дарагдал,тархины хаван үүсэж үхэлд хүргэсэн байна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 190 дэх тал),
14. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №191 дугаартай:
-Д.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.З нь
хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны
дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
-Д.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
-Д.З нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх
чадвартай байна.
-Д.З нь хэрэг хариуцах чадвартай байна.
-Д.Зд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах
шаардлагагүй байна.
-Д.З нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 104-105 дахь тал),
15. Шүүгдэгч Д.Зы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, _ тоотод хамтран амьдрагч Г.Ж, түүний гурван хүүхдийн хамтаар амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон шалтгаан гэвэл 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Хан-Уул дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хороололд очиж Дарханд хамт хорих ангид ял эдэлж байсан Ч гэх залуугийн гэрт нь очиж тэндээ 1 шил 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэндээс 16 цаг өнгөрч байх үед гарсан. ...Замаараа гэрийн ойролцоох дэлгүүр орж 1 шил ямар архи байсныг нь сайн мэдэхгүй байна, өндөр шилтэй архи байсан тэрнээс авсан. Тэгээд гэртээ орж хувцсаа сольчхоод, Л.Цын гэр рүү орсон. Тухайн үед гадаа харуй бүрий болоогүй байсан. Л.Цын гэрт эхнэр нь болох Ц, хүүхдүүд нь Л.Ц нар байсан. Би авч очсон архиа Л.Цд өгөөд, тэр архинаасаа хоёулаа ууж байсан чинь охин Ө тухайн архийг нь нуучихсан. Ингээд Л.Ц архи гаргаад ир гээд уурласан. Тэгэхээр нь би хажуугаас нь бас та нар утас байнга оролдох юм, наад утас чинь байнга оролдвол нүдний хараа муудна гээд хэлсэн чинь Цэвэлмаа “та яагаад хүүхдүүд загнаад байгаа юм бэ, ямар хүүхдүүдийн эцэг нь байгаа биш танд ямар хамаатай юм бэ, манай гэрээс зайл” гэсэн. Тэгсэн чинь талийгаач эхнэрийгээ өмөөрсөн үү, хүүхдүүдээ өмөөрсөн үү гэнэт уурлаад гадаа гарч хоёулаа зодолдъё гэсэн. Тэгээд би хойноос нь гараад, нэг сэргэсэн чинь Л.Ц газар уначихсан, баруун талаараа хэвтчихсэн байсан. Миний хажууханд тэгээд нэг мод байж байсан. Тэгээд Л.Цын эхнэр, хүүхэд нь гарч ирээд, тэгээд аваад гэр рүүгээ орсон. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Миний хувьд бас яг сайн санахгүй орж гараад байна. Ямар ч байсан Л.Цын гэрийнх нь гадна амбаар хэсэгт нь ойрхон түлээний хайрцаг байдаг, тэндээ модоо хагалдаг юм. Ер нь бол барилгын хаягдал мод энэ тэр л түлдэг. Тэнд байсан нэг модыг аваад баруун гартаа барьж байгаад, Л.Цын толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед Л.Цын эхнэр Цэвэлмаа ямар ч байсан харагдаж байсан. Яаж байгаа юм бэ гээд орилж байсан санагдаж байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал),
-2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Бадралын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 200 дахь тал),
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гаргаж өгсөн оршуулгын зардалд зарцуулсан 29 ширхэг, нийт 11.969.234 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 28-41 дэх тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвд Л.Цын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 181-188 дахь тал),
17. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Д.Зы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дахь тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 140 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 138 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 153, 155 дахь тал), Ажил олгогчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 158 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 137 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 132 дэх тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 159-174 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн _ дугаар хороо _ тоотод амь хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар 62см урттай, 4см өргөнтэй модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулсны улмаас Л.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй.” гэсэн ;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Тэгшмандал дүгнэлтдээ: З-гаас тухайн өдөр талийгаач приүс мод бариад дайрахад нь булааж аваад нэг цохисон, газар унахад нь цус гарч байгааг хараад хэрэг биш болсныг ойлгосон гэж мэдүүлж ирсэн. Дараа нь шинжээчийн дүгнэлтээр шагайн тус газар нь прүүс модны ором гарсан тухайд маргаагүй, энэ үйлдэл тодорхой байна гэж үзсэн болохоос дахин дахин дайрсан, зодсон, үйлдлээ төгсгөх гэж байсан нөхцөл байдал харагддаггүй. Талийгаач тодорхой хэмжээгээр архи уудаг нөхцөл байдал байдаг. 2021 оны 6 дугаар сард гудамжинд явж байгаад хүмүүст зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан байдаг. Энэ хоёр гэмтлээс ялгаа зааг гарах, эмнэлгийн тусламж авах эсэх дээр зүйлчлэл солих боломж байгаа эсэхийг ялгахын тулд өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч зүйлчлэл солигдоогүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй байсан. Үйлчлүүлэгчтэйгээ уулзаж хэргийн нөхцөл байдлын талаар ойлгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэж тохиролцсон. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирлын тухайд Д.Згийн ээж тэтгэврийн зээл авч, хамтран амьдрагч Жаргал нь хуримтлуулсан мөнгөө өгч хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хоёр хүүхдийг нь асарч, тусалж дэмжинэ гэдгийг тохиролцсон” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм бурууд маргахгүй гэх боловч “намайг гараад очиход талийгаач түрүүлээд цохихоор нь зөрүүлээд цохисон, унаад босож ирэхдээ гартаа мод бариад босоод ирэхээр нь модыг булааж аваад цохисон” гэж мэдүүлсэн.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Шүүгдэгч өмнө нь ял шийтгэл эдэлж байсан байна, мөн хохирогч шүүгдэгчээс согтуурлын хэмжээ илүү байсан байх тул хохирогчийн үйлдлийг шүүгдэгч зогсоох боломжтой байжээ. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Шүүгдэгч Д.З нь Хан-Уул дүүргийн _ дугаар хороо_ тоотод 2022 оны 01 дүгээр сарын 22-ны 19 цагийн орчим согтуурсан үедээ иргэн Л.Ц-тай маргалдан, түүнийг 62см урттай, 4см өргөнтэй модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж, бие, эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, зүүн зулай чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйхны дотор зүүн чамархай хэсэг ба зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чих, зүүн шанаа, дух, зүүн, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн сарвуу, баруун гуяны цус хуралт, зулгарал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дэх тал),
-Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн дэслэгч Ж.Д-н 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...дуудлага мэдээллийн дагуу 14-548-Г тоотод очиход ...Зодуулсан гэх иргэн Л.Ц гэгч нь гэрийн хойморт хамар болон чихнээс нь цус гарсан байдалтай согтуу хэвтэж байв“ гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),
-Хүний биед 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн: ”...Л.Ц нь ...толгойны зүүн чамархай хэсэгт 0,2 мм х Зсм урттай зулгаралттай, зулай хэсэгт 4 см х З см хэмжээтэй арьс зулгаралттай, ...толгойны ар шил хэсэгт 6 см х7см хэмжээтэй улаан өнгийн арьс зулгаралттай, ...баруун сарвууны гадар хэсэгт буюу чигчий хуруунд 2 ширхэг, ядам хурууны үе дээр 1 ширхэг дунд хурууны завсар болон хойд хэсэгт нь 2 ширхэг 0,5 мм х0,6мм хэмжээтэй цэг хэлбэртэй шарх, зүүн сарвууны ядам хурууны дээд үе болон тус үенээс дээш 2см зайд З см х2см хэмжээтэй арьс зулгаралт, баруун гарын тохойны нугалмын дотор хэсэгт 2см хЗсм хэжээтэй арьс зулгаралт, баруун гуяны гадар хэсэгт 7см х8см хэмжээтэй хүрэн улаан өнгөөр хөхөрсөн байсан. ...Л.Ц-ын толгойны зүүн дээд хэсгээрээ хавдаж томорсон байдалтай. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
- “62см урттай /мод/ 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 191 дэх тал),
- Хүний их эмч Ө.Б-н 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 45 минутад гаргасан “...Л.Ц 51 настай, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулсан гэх мэдүүлэгтэй 103-р ирсэн, биед тархины хүнд гэмтэлтэй ухаангүй яаралтай журмаар тархины мэс засалд орсон, өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй, амьсгалын аппараттай эрчимт эмчилгээгээр эмчлэгдэж байна" гэсэн тодорхойлолт ( хавтаст хэргийн 24 дэх тал),
-Л.Ц-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 181-188 дахь тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нас барсан тухай гэрчилгээ ( хавтаст хэргийн 23 дахь тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...З нэлээн согтолттой ...дээд хэсгээс бага зэрэг уучихсан архи бариад манай гэрт орж ирсэн. ...Л.Ц-тай хамт тухайн архинаасаа хувааж уусан. ...З ...хүүхдүүдийг утсаар тоглоод та нар одоо боль гээд загнаад байсан. Нөхөр хүүхдүүдээ өмөөрөөд чи хүүхдүүд загналаа гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Л.Ц З-ыг гэрээс гаръя зодолдъё, үзье гээд ...гараад явсан. ...Би ардаас нь удалгүй гарсан чинь манай нөхөр газар уначихсан. З гартаа прүүс мод барьчихсан зогсож байсан. ...Манай нөхрийн хамраас, бас чихнээс цус гоожоод байсан. ...гэмтлийн эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед очиж сэхээн амьдруулах тасагт хэвтээд ...хагалгаанд орохоор болсон. Сэргэхгүй, ухаан орохгүй, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед дахиад хагалгаанд орсон боловч хагалгаа дийлээгүй нас барчихсан. ...З нэлээн согтолттой баруун гартаа дөрвөлжин, прүсс гэж нэрлэдэг уртавтар 1 ширхэг модыг барьчихсан зогсож байсан. ...талийгаач гэрийнхээ амбаарын ойролцоо газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ...З барьсан модоороо цохих гээд дайраад байхаар нь би түлхээд холдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч Ц.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...З ах гаднаас 1 шил архи барьчихсан орж ирсэн. ...Бид нарыг З ах гар утас оролдоод байна гээд загнахад аав уурлаад чи яагаад манай хүүхдүүдийг загнаад байгаа юм гээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. ...4-5 минутын дараа гэрээсээ гарсан чинь З ах гартаа нэг урт мод барьчихсан, аав урд хэсэгт газарт уначихсан байдалтай байж байсан. Аавын хамар, чихнээс нь цус гарчихсан байсан. ...аавыг гадаа ухаан алдчихсан байхад ээж өргөөд гэр рүү оруулаад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
-Шүүгдэгч Д.З-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...архи Л.Ц-д өгөөд ...архинаасаа хоёулаа ууж байсан. Би ...та нар утас байнга оролдох юм, наад утас чинь байнга оролдвол нүдний хараа муудна гээд хэлсэн чинь Цэвэлмаа та яагаад хүүхдүүд загнаад байгаа юм,...танд ямар хамаатай юм, манай гэрээс зайл гэсэн. ...Талийгаач эхнэрийгээ өмөөрсөн үү, хүүхдүүдээ өмөөрсөн үү гэнэт уурлаад гадаа гарч хоёулаа зодолдъё гэсэн. Би хойноос нь гараад нэг сэргэсэн чинь Л.Ц газар уначихсан баруун талаараа хэвтчихсэн байсан. Миний хажууханд ...нэг мод байж байсан. ...нэг модыг аваад баруун гартаа барьж байгаад Л.Ц-ын толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал),
-Цогцост үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №440 дугаартай цогцост хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 93-101 дэх тал),
-Шинжээч Ц.О-мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Тус гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ. Зүүн зулайн чамархай ясны цөмөрсөн хугарал нь, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиход үүснэ. Энэ гэмтлийн улмаас тархи дарагдал,тархины хаван үүсэж үхэлд хүргэсэн байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 190 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул нотлох баримтуудыг хууль ёсны гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Зы гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
2. Хүнийг алах гэмт хэргийн объектив талын шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.З нь амь хохирогч Л.Ц-ын биед модоор цохиж газар унагасан, хохирогчийн ам, хамраас нь цус гарч, ухаангүй байдалтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж тархины хүнд гэмтлийн улмаас мэс ажилбарт орсон боловч амь нас нь аврагдаагүй нас барсан байна. Мөн шинжээчийн цогцост хийсэн 440 дугаартай дүгнэлтээр “талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан” талаар дүгнэсэн байх ба, шинжээч Ц.О-“...гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ. Зүүн зулайн чамархай ясны цөмөрсөн хугарал нь, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиход үүснэ. Энэ гэмтлийн улмаас тархи дарагдал,тархины хаван үүсэж үхэлд хүргэсэн байна” гэж мэдүүлсэн.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Д.З нь идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс талийгаач эхэлж намайг цохисон, мод авахаар нь булааж аваад модоор түүнийг цохисон гэж мэдүүлэх ба 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д.Зы биед үзлэг хийсэн тэмдэглэлээр ил харагдах гэмтэл шархгүй тухай тэмдэглэгдсэн, мөн гэрэл зургаар бэхжүүлсэн (хавтаст хэргийн 15-19 дэх тал) байх тул хохирогч түүний биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчтэйгээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэж тохиролцсон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгөх тухай хүсэлтийг гаргаж байсан боловч зүйлчлэлийг өөрчлөөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасанд дараах тайлбарыг хийх шаардлагатай гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээс ялгаатай юм.
Тодруулбал хохирогчийн биед учирсан гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлгийн тусламж авсан боловч тухайн үүссэн гэмтлийн улмаас нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас хохирогч нас барахаас ялгаатай юм. Түүнчлэн хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэсэн.
4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн санал, дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх дүгнэлтийг хүлээн авсан болно.
Дээрхээс нэгтэн дүгнэж шүүгдэгч Д.Зыг Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар тус тус хуульчилжээ.
Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх ба, хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан түүний эхнэр Г.Ц хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад хууль ёсны төлөөлөгч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргах” эрхтэй гэж заасан тул хор уршгийг хууль ёсны төлөөлөгч Г.Ц шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалд 11.969.234 төгрөгийг зарцуулсан талаарх баримтуудыг хууль ёсны төлөөлөгч нь хэрэгт ирүүлсэн байх ба, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “...Оршуулгын зардлын баримтыг гаргаж өгдөг гэхээр нь өгсөн, харин би нэхэмжлэх гэж өгөөгүй...” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “гомдол саналгүй, бид 7, 14 насны хоёр хүүхэдтэй, хүүхдүүд надаар овоглодог, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон, хоёр хүүхдэдээ насанд хүртэл нь мөнгөн тусламж авахыг хүсэж байна, өөр нэхэмжлэх зүйлгүй ” гэж мэдүүлсэн.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулаагүй бөгөөд энэ тогтоолоор хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон, насанд хүртэл нь шүүгдэгчээс мөнгөн тусламж авах тухай мэдүүлж байх боловч тэтгэлэг тогтоолгосон, мөн амь хохирогчийн авч байсан цалин хөлс, орлогыг тодорхойлсон талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон гаргах, шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Зд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 10 сар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 121 хоногийг эдэлсэн ялд нь оруулан тооцох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан модыг устгах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Тэгшмандал дүгнэлтдээ “Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх” зохицуулалт байдаг. Шүүгдэгч Д.З гэм буруугийн асуудалд маргаж байгаагүй, хүлээн зөвшөөрсөн, түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломж бүрдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан ба хэрэглэх эрхийг шүүхэд өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод ял нь 5 жил 3 сар, дээд ял нь 10 жил хүртэл хугацаагаар хорих ялыг сонгож хэрэглэх боломжтой. Мөн хууль ёсны төлөөлөгч ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөөч гэсэн саналыг тавьсан. Д.Зд холбогдох хэргийн болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн болон хохирогчийн хүсэж байгаа хүсэл зориг, 4 дүгээр ангийн сурагч Ө, 1 дүгээр ангийн Б нарын цаашид сурч боловсрох, өсөж хүмүүжих талд нь аль аль талаас нь анхаарч байна гэсэн нөхцөл байдлыг харгалзан ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Цаашид гарах гэм хорын зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хорих ангийн дэглэмийн хувьд энэ хүн мужаан мэргэжилтэй, 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байсан. Нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх юм бол ажил хийж ажлын хөлсөө хохирогч талд шилжүүлэх боломжтой тул хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийдвэр зэргээр 1998, 2001, 2004, 2012 онуудад ял шийтгэгдэж байсан ба сүүлд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хорих ялыг эдэлж дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Нөгөө талаар түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 191 дугаартай дүгнэлтээр Д.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Зыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амьд явах эрхийг зөрчиж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл хангагдаагүй гэж үзэж, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.
3. Бусад асуудлын талаар:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зы 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 40 см урт, 4 см өргөнтэй модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Зыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд оногдуулсан 9 (ес) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зы 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 121 (нэг зуун хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 40 см урт, 4 см өргөнтэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цд төлёөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧИД Х.ОДБАЯР
Д.АЛТАНЖИГҮҮР