Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 924

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00924

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ХБХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр  тоотод оршин суух, 19 онд төрсөн Урианхан овогт Д.Бо

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр  тоотод оршин суух, 19 онд  төрсөн Урианхад овогт Д.Б

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр  тоотод оршин суух, 1 онд төрсөн Боржигон овогт Б.С

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр тоотод оршин суух, 1 онд төрсөн Урианхан овогт Б.Б

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                
                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ХБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Ж, Б.Э нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХБнь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Дтай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн  8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахаар тохирсон. ХБнь уг Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв тайлбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ү-2205003253 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэтэл өмнөх өмчлөгч түлхүүрийг банкинд хүлээлгэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг өмчлөгчийн хувьд эзэмшилдээ авч чадахгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу ХБнь өмчлөгч болохын хувьд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Хариуцагч Б.Бнь орон сууцны өмчлөгч нарын нэг байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сард бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг Г.М-т, Г.М нь 2014 оны 11 дүгээр сард орон сууцын өмчлөх эрхээ Б.Дд орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр,  Б.Д 2016 оны 09 дүгээр сард өмчлөх эрхээ үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр Хас банкинд тус тус шилжүүлсэн. Энэ улсуудын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон зүйл байхгүй учир хариуцагч хууль бус хэлцэл гэж ярьж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрх шилжсэнээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Иймд хариуцагч Д.Б, Д.БА, Б.С, Б.Бнарын хууль бус эзэмшлээс Хас банкны өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууц нь Д.Б, Д.БА, Б.БА, Б.С нарын гал голомт. Энэ орон сууц анх 1997 онд Б.БА, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын дээр өмчлөл нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2012 оны  10 дугаар сарын 29-ний өдөр С.Содбаяраас Г.Мт бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн. Г.М орон сууцыг зээлийн барьцаанд тавьж 77.000.000 төгрөг зээлдэж аваад зээлээ төлөөгүй. Орон сууц Г.Мын өмчлөлөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Дгийн өмчлөлд шилжсэн. Б.Дгаас Г.Мт ямар нэг төлбөр төлсөн талаар баримт байдаггүй. Г.М, Б.Д нар хуйвалдаж Хас банкны зээлийг төлөхөөр орон сууцыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв. 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ХБХХК нь хариуцагч Д.Б, Д.БА, Б.БА, Б.С нарт холбогдох Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийг гаргажээ.

Төрөөс хувьчилсан Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууц анх Б.БА, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын өмчлөлд 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаарт бүртгэгдэж, Б.БА, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр нар нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр орон сууцыг бусдад бэлэглэх бүрэн эрхийг С.Ст олгож, С.С нь 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг Г.Мт шилжүүлж, мөн өдөр Г.М үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны  өмчлөгчөөр улсын эрхийн бүртгэлийн Ү-2205003253 дугаарт бүртгэгдэж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Б.Дд шилжүүлж, Б.Д үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн, Б.Д 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн  Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг ХБХХК-нд худалдаж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож хууль ёсны өмчлөгч болсон болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй болно.

Хариуцагч нь “Маргаан бүхий орон сууц анхнаасаа хариуцагч нарын гал голомт. Г.М, Б.Д нар хуйвалдаж Хас банкны зээлийг төлөхөөр орон сууцыг шилжүүлсэн” гэж тайлбарлан маргасан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, маргааны зүйл болох орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, улмаар өмчлөх эрхтэй болохоо нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заажээ.

Хариуцагч нарын эзэмшиж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтууд дээрх хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ХБХХК байх тул Улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаартай 40 мкв талбайтай Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.БА, Б.БА, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч ХБХХК-ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээс татгалзсан болно.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаартай 40 мкв талбайтай Баянгол дүүрэг  дугаар хороо  дүгээр хороолол  дугаар байр  тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.БА, Б.БА, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

       

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.БА, Б.БА, Б.С нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБХХК-нд олгосугай.

        

           3. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.

      

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА