| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/00808/И |
| Дугаар | 1142 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 1142
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2018/01142 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан Уул аймаг дугаар баг дугаар байр тоотод оршин суух, 19 онд төрсөн настай, Борлууд овогт Ц.Ц
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо Гранд плаза цогцолбор 11 давхар 1105 тоот АФ ХХК
Хохиролд 7.739.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч АФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Ж.З, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц миний бие 2016 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох ёстой байсан боловч АФ ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2018 оны 01 дүгээр сард тогтоолгосон. АФ ХХК-нд ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсан. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, цалин 2.921.751 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 1.128.328 төгрөг, 5, 6 сарын цалингийн алданги 891.279 төгрөг, нийт 4.941.358 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. АФ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2015, 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, дэвтэр бөглөгдөөгүй тул шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хүртэл хугацааны цалинг дахин нэхэмжилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Ингээд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 8.178.425 төгрөг гаргуулж, шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Энэ байдал шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын бичилт хийгээгүй болох нь хэрэгт нотариатаар батлуулж өгсөн нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдоно. АФ ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. АФ ХХК нь нийгмийн даатгалын тайлангаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр явуулсан боловч буруу гаргах, тайлан нь буцах, засварлах, дахин явуулах гэсээр өчнөөн хугацаа өнгөрсөн. АФ ХХК нь 2015 оны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын акт гарсан хоёр нь цаг хугацааны хувьд ойролцоо байгаа. АФ ХХК-ийн шимтгэл төлсөн тайлан болон 2015 оны 06-08 дугаар сарын тайлан, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гээд яг Дархан Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэст очихдоо 2017 оны 08 дугаар сарын 01 нь буюу гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа очсон. Зөрүүтэй тайлан хүргүүлснээс болж 2017 оны 11 дүгээр сар хүрсэн. Оны эцэст Нийгмийн даатгалын газарт очиход он дуусч байна, бүх программ хаагдсан, тэтгэвэр тогтоолгох баримтыг оны дараа авна гэсэн хариу өгсөн. Би 2012, 2013 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрийн авч байсан цалингаар тооцон нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага гаргаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж байсан. Энэ талаар АФ ХХК-нд хяналт шалгалт хийх ажлын удирдамж гарч шалгалт хийгдэн акт тавигдсан. Миний тэтгэвэр 2018 оны 01 дүгээр сард 595.372 төгрөгөөр тогтоогдсон. АФ ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2016 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарч чадаагүй тул 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны тэтгэврийн мөнгө 595.372 төгрөгийг 13 сараар үржүүлж 7.739.836 төгрөгний хохиролыг хариуцагч АФ ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч АФ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц нь 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд авч байсан бодит цалингаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэх гаргаж шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг үндэслэл болгон хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсаныг Нийслэлийн шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэн шийдвэрийг үндэслэлтэй гэж хэвээр үлдээсэн. Ц.Ц дээрх асуудлаар нийгмийн даатгалыг ажил олгогчоор бүрэн нөхөн төлүүлэх гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газарт дахин гаргаж гомдлын дагуу Дархан Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн болон Чингэлтэй дүүргийн 2017 оны 11 дүгээр сарын 10, 27-ны өдрийн улсын байцаагчийн акт бичигдсэн. Актын хэрэгжилтийг АФ ХХК даруй хангаж 2017 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын татвар төлбөрүүдийг бүрэн нөхөн төлж тайланг холбогдох бүхий л бичилтүүдийг нийгмийн даатгалын байгууллагаар хийлгэж өгснөөр түүний цалин хөлс, даатгалтай холбоотой гаргасан шаардлагыг актын дагуу бүрэн хангасан. Ц.Ц 2015 оны 06 дугаар сар хүртэл тус байгууллагад ажиллаж байхдаа 2012, 2013 оны нөхөн бичилт хийлгэх болон аливаа эрх зөрчигдсөн асуудлаар санал хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. 2017 онд цалин хөлстэй холбоотой гомдол гаргасанг шүүх хянаж шийдсэн, актыг хариуцагч биелүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар иргэн тэтгэврээ тогтоолгон авах нь даатгуулагчийн өөрийн эрх. Нэхэмжлэгч өөрөө хэзээ, хэрхэн шийдвэрээ гаргаж улмаар хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох нь өөрийнх нь эрх юм. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж тэтгэврээ тогтоолгож чадаагүй гэсэн нэхэмжлэл гаргасан боловч Ц.Ц нь шүүх, Нийгмийн даатгалын ерөнхий газруудад 2012, 2013 оны нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх талаар нэхэмжлэл, гомдол гаргаж шийдвэрлүүлсний эцэст 2017 оны 12 дугаар сард Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Тэтгэвэр, тэтгэмж тогоолгох, өргөдөл гаргах нь даатгуулагчийн өөрийн шийдэх асуудал. Ц.Ц нь өргөдлөө гаргаж 2018 оны 01 дүгээр сард тэтгэврээ тогтоолгосон. 2016, 2017 оны нөхөн бичилт хийгдээгүйгээс тэтгэвэр тогтоолгож чадаагүй юм биш, 2012, 2013 оны нөхөн бичилтээ хөөцөлдөж энэ талаар шүүхийн шийдвэр, байцаагчийн акт гарсны дараа тэтгэврээ тогтоолгосон. 2012, 2013 оны нөхөн бичилттэй холбоотой гомдлоо ажиллаж байх хугацаандаа гаргаж байгаагүй тул хариуцагчийн буруугаас хохирол учирсан гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч АФ ХХК-нд холбогдох хохиролд 7.739.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ц.Цийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч АФ ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “2016 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох байсан боловч АФ ХХК нь нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүйгээс хугацаандаа тэтгэвэр тогтоолгож чадаагүй”, хариуцагч “2012, 2013 оны нөхөн бичилттэй холбоотой шүүх, Нийгмийн даатгалын газар гомдол гаргаж шийдвэрлүүлэн 2017 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгохоор хандсан байдалд хариуцагч буруугүй” гэж тайлбарлан тус тус маргажээ.
Нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 05-наас 2013 оны 07 дугаар сар дуустал хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрийн авч байсан цалингаар тооцон нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасанг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ талаар Ц.Ц шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасанг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн магадлалаар шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.
Ц.Ц нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж түүний 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн актаар хариуцуулсан байна.
Үүгээр нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааг сонгож 2017 оны 12 дугаар сарын 20, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар сард олгох тэтгэврийн хэмжээг 595.372 төгрөгөөр тогтоосон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т 4 хүүхэдтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 6 дугаар зүйлд даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авснаас өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр олгохоор заажээ.
Нэхэмжлэгч нь 2012, 2013 оны шимтгэл төлөлттэй холбоотой гомдлоо шүүх, Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж шийдвэрлүүлсэн явдалд хариуцагчийг шууд буруутгах боломжгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бичгээ тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа гаргасанг Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авч өргөдлийн дагуу 2018 оны 01 дүгээр сараас тэтгэвэр олгохоор шийдвэрлэсэн тул 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгө 7.739.836 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч АФ ХХК-нд холбогдох хохиролд 7.739.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч АФ ХХК-нд холбогдох хохиролд 7.739.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.790 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ХАНГАЛ