Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

  2022           01            19                                         2022/ШЦТ/57

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Б-д холбогдох эрүүгийн ****************дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “****************” ХХК-д ажилладаг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт ************************ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ********************* тоотод оршин суух,  

- урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Б овогт Б-ийн Б /РД: *******************/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7-р сарын 05-ны өдөр 17 цагийн
үед согтуугаар Баянгол дүүргийн ********************- тоот гэртээ
Ц.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед баруун 9,
12 дугаар хавирганы хугарал, баруун тохойд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажлаасаа ирээд О-ыг дуудсан. О нь манайд халамцуу ирэхээр нь архи авч өгсөн. Улмаар О буйдан дээр унтаж байхдаа шээчихээр нь уураа барьж чадаагүй зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О мэдүүлэхдээ: “...Б.Б-ээс эмчилгээний төлбөрт 400.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй бид 2 учраа олсон...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.О-ын:

“...Би 2021 оны 6-р сарын 20-ны үед Б гэдэг залуутай таксинд явж байхдаа 10-р хорооллоос 25 дугаар эмийн сангийн хойно байдаг 3 өндөр ногоон байранд хүргэж өгч анх танилцаж байсан. Байрных нь тоотыг мэдэхгүй байна. Тэгээд тэрнээс хойш 4-5 хоногийн дараа ************ дугаараас миний *********** залгаад “би мөнгөгүй гэрээсээ гараад Саппорогийн хойд талын автобусны буудлын ойролцоо алхаад явж байна ирж аваад намайг ажил руу хүргээд өгөөч” гэж ярихад нь “Би нэг удаа тус болъё гээд очсон”. Тэгээд Саппорогийн автобусны буудал дээс уулзаад хуучин 22-ын товчооны тэр хавьд хүргэж өгсөн. Тэр үед “ажилдаа 10-аад хоног явдаг юм. Ирж байгаад 30.000 төгрөг өгье” гэж хэлээд салсан юм. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2021 оны 7-р сарын 05-ны өдөр 11 цагийн үед залгаад “Манайд хүрээд ирээч ойрхон явж байвал, дээрийн 30.000 төгрөгөө ч гэсэн авахгүй юу” гэж ярихаар нь би Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Өргөө” кино театрын орчимд алхаж явсан болохоор шууд очсон. Намайг очиход дөнгөж хөдөөнөөс орж ирсэн гээд үс толгойгоо угаагаад “чамд банкны карт байвал би мөнгө шилжүүлчихье, чи гараад архи аваад ирээч” гэж хэлээд 25.000 төгрөг шилжүүлэхээр нь байрных нь доор байдаг дэлгүүрээс жижиг соёрхол архи, 3 лааз сэнгүр пиво аваад хамт уусан. Би сахрын өвчтэй болохоор архинаас нь уугаагүй пиво уусан. Бид хоёрыг хамт Бийнд ууж байхад нэг найз нь орж ирээд удалгүй гараад явсан. Бид 2 ууж байгаад дахиж би дэлгүүр гарч 0,5 литрийн савлагаатай соёрхол архи 2 лааз сэнгүр пиво аваад нэмж уусан. Архи ууж сууж байгаад би согтоод нэг мэдэхэд буйдан дээр нь шээчихсэн байсан. Би алкохолны төрлийн зүйл хэрэглэхээр мэдээгүй болоод өөрийн мэдэлгүй тийм үйлдэл гаргачихсан. Өмнө нь бас хэд хэдэн удаа тийм зүйл болж байсан удаа байдаг юм. Тэрнээс болоод Б “чи миний гэрт шээлээ манайхыг доромжиллоо” гээд намайг толгой руу цохиод дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би “уучлалт гуйсан, цэвэрлээд өгье” гээд өвдөг сөгдөж гуйхад уурлаад намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь нойлынхон нь өрөө рүү мөлхөж зугтаж орсон чинь араас орж ирээд толгойгоор минь нойлын почкон мөргүүлэхээр нь би гараад зугтаахад намайг араас хөөсөн. Би шууд Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод байх гэртээ автобусанд сууж очсон. Намайг гэртээ очиход харанхуй арай болоогүй 6 цаг болж байсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад 102 утсаар дуудлага өгсөн. Тэгээд над руу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж “юу болсон талаар асууж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө өг” гэж хэлсний дагуу би маргааш нь болох 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөдлөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2. “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографын оношилгоо /хавтаст хэргийн 39 дэх тал/, 

3. Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн
634 дугаартай шинжээчийн:

“...Ц.О-ын биед баруун 9, 12 дугаар хавирганы хугарал, баруун тохойд
шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун 9, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

4. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 6-р сарын сүүлээр ангийнхаа уулзалт руу явж байхдаа таксинд суугаад О гэх залуутай танилцсан ажил дээрээ байж байхад согтуу “найз нь хэд хоног гадуур машиндаа хонож байна, танайд найз нь очъё” гээд байнга гуйгаад залгаад байхаар нь ажлаасаа бууж ирээд Баянгол дүүргийн 2-р хороо, 71а-43 тоотод гэртээ дуудсан манай гэрт 5 лаазтай пиво, 1 ширхэг 0.5-тай архи миний мөнгөөр авч уусан. Би ажлаасаа бууж ирсэн болохоор ядраад унтаад өгсөн О ч гэсэн унтсан. Өдрийн 17 цагийн орчимд сэрээд харсан чинь О буйдан дээр шээчихсэн байхаар нь босгосон чинь шээс нь дуслаад байсан би уурлаад О-ыг блокон дээр хөөж гаргаад баруун гараараа цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь О би явлаа гэхээр нь би гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.О-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь:

2021 оны 7-р сарын 05-ны өдөр 17 цагийн үед согтуугаар Баянгол дүүргийн 2-************** тоот гэртээ Ц.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүний биед баруун 9, 12 дугаар хавирганы хугарал, баруун тохойд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.О-ын “...би согтоод нэг мэдэхэд буйдан дээр нь шээчихсэн байсан. Би алкохолны төрлийн зүйл хэрэглэхээр мэдээгүй болоод өөрийн мэдэлгүй тийм үйлдэл гаргачихсан. Өмнө нь бас хэд хэдэн удаа тийм зүйл болж байсан удаа байдаг юм. Тэрнээс болоод Б “чи миний гэрт шээлээ манайхыг доромжиллоо” гээд намайг толгой руу цохиод дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би “уучлалт гуйсан, цэвэрлээд өгье” гээд өвдөг сөгдөж гуйхад уурлаад намайг үргэлжлүүлж зодоод байхаар нь нойлынхон нь өрөө рүү мөлхөж зугтаж орсон чинь араас орж ирээд толгойгоор минь нойлын почкон мөргүүлэхээр нь би гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн
634 дугаартай шинжээчийн “...Ц.О-ын биед баруун 9, 12 дугаар хавирганы хугарал, баруун тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографын оношилгоо зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт баримтгүйгээр мөнгө нэхэмжилснээс шүүгдэгч Ц.О нь 400.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ц.О нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                               М.ДАЛАЙХҮҮ