| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1714001690142 |
| Дугаар | 2019/ДШМ/025 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2019/ДШМ/025
Я.Ц, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Я.Ц, Б.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******
Нарийн бичгийн дарга Д.Чимидцэрэн нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр Я.Ц, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1714001690142 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, Б.Т, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын иргэн, Я.Ц, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,
Б.Т, Я.Ц нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13-ны хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1251957 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 108680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Я.Ц, Б.Т нарын тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Санги тойн овогт Б.Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг таван мянга дөрвөн зуун /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /5400000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Тыг таван мянга дөрвөн зуун /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /5400000/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 300000 төгрөг төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Я.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгдэгч Б.Таас байгаль орчинд учруулсан хохирол 1360637 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алт, шаар гэх 7,9 грамм зүйлийг Я.Цд, “З Б” ХХК-ийн гэрчилгээг шүүгдэгч Б.Тт тус тус олгож, бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Тын эзэмшлийн “... угаалгын машин...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Я.Цын эзэмшлийн “... газрын гэрчилгээ...” битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Я.Цд буцаан олгож шийдвэрлэжээ.
Прокурор ******* 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхээс Я.Цыг Б.Ттай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн байхад прокурорын шатанд Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж өмнө нь хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж Я.Цыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэхэд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт байхгүй, авагдаагүй нотлох баримтыг байгаа мэтээр дүгнэсэн. Б.Т нь Я.Цыг техник хэрэгсэлийг түрээслэн ажиллуулсан талаар гэрээ болон бусад баримт байхгүй, мөн Б.Т нь түрээслээгүй хамтран ажиллаж байсан гэж мэдүүлсэн байхад шүүхээс Я.Цын эзэмшлийн техник хэрэгслийг түрээслэн ажилуулсан, Я.Ц нь уг хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэжээ.
Я.Ц өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд уурхайн үйл ажиллагаа ямар зөвшөөрөл бичиг баримтын дагуу явагдах болохыг мэддэг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Б.Т нь зөвшөөрөл аваагүй, засаг даргатай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсныг нь Я.Ц мэдэж байсан гэж мэдүүлсэн байхад мөн шүүхээс Я.Ц нь Б.Тыг аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл авч ажиллагаа явуулсан гэж ойлгон уурхайн ажлыг зохион байгуулж өөрийн техник хэрэгсэлийг хариуцан ажилуулж үйл ажиллагаа явуулсан байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байдлууд нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар Я.Ц, Б.Т нь хамтран нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан болох нь тогтоогдсон болно.
Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
...Я.Ц нь үйл ажиллагааг гардан зохион байгуулж оролцсон. Анхан шатны шүүхээс түрээсийн гэрээтэй хамтран ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Я.Цын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
...Прокурор яллах дүгнэлтэндээ эрэл хайгуул хийсэн гэж бичсэн, эсэргүүцэлдээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гээд байгаа нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
...Б.Т бичиг баримтын асуудлыг Я.Ц техникийн нөхцөл байдлыг тус тус хариуцаж хамтран ажилласан. Я.Ц нь бичиг баримт бүрдсэн гэдэг байдлаар хандсаныг бүлэглэн гэж харахгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь З Б ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг олох зорилгоор, Я.Цтай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт, Маанийн дэнж гэх газруудад тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Хэрэгт авагдсан 3559289 регистрийн дугаартай З Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З Б ХХК-д газрын хэвлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар олгож, мөн эрхийг мөн газраас 3 жилийн хугацаагаар сунгасан гэрчилгээ зэргээс харахад З Б ХХК нь нэг гишүүнтэй, захирал нь Б.Т байна. /1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дугаар тал/
Шүүгдэгч Б.Т нь З Б ХХК-ийн нэрээр, газрын хэвлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь З Б ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт хандсан хүсэлт /хх-99-101/,“...Ц нь манай компанийн ажилтан биш манай компанийн нэрэн дээр л надтай хамтарч ажиллаж байсан...” гэх Б.Тын мэдүүлэг /хэргийн 183 дугаар тал/, мөрдөгч удаа дараагийн тогтоол бүрдээ З Б ХХК-ийг заасан байхад прокурор хэргийн бодит байдлыг орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө хийсэн үйлдэл,эс үйлдэхүйгээрээ хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан “...З Б компани нь миний эзэмшлийн компани, би өөрөө нуур байгуулахаар ухсан нүхээ хариуцана. Ц нь манай компанийн ажилтан биш манай компанийн нэрэн дээр л надтай хамтарч ажиллаж байгаа иргэн хүн юм” гэх Б.Тын мэдүүлэг /хэргийн 183 дугаар тал/,
“...Б.Ттай утсаар ярьж би техник тоног төхөөрөмжөө Увс аймгаас авчираад ...” ... усан буу төхөөрөмж 1 ширхэг, 1 эксковатор, 1 ковш, 2 хово машин зэргийг авчирч хамтарч ажилласан, эдгээр нь миний эзэмшлийнх юм...” гэх Я.Цын мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар тал/ болон уурхайд ажиллахын тулд Я.Цтай ярьж тохирон Я.Цын уурхайд ажилласан талаар мэдүүлсэн гэрч Ц.Баяр, Б.Батзаяа, М.Мөнхбат, С.Цогжаргал нарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-210, 221-224 дүгээр тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Т, Я.Ц нар нь ашигт малтмал олборлож, ашиг олох зорилгоор санаатай нэгдэн ажилласан байхад анхан шатны шүүх Б.Т нь Я.Цын техник хэрэгсэлийг түр эзэмших, ашиглахаар түрээсийн гэрээгээр түрээслэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасныг зөрчжээ.
Прокурор яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт Б.Т, Я.Ц нарыг бүлэглэн 2 удаагийн үйлдлээр, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд нийт 1 360 637 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлсон. Харин тогтоох хэсэгтээ Б.Т, Я.Ц нарын үйлдсэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь үйл баримтаа тодорхойлж чадаагүйгээс гадна яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга нь гэмт хэргийн шинжтэйгээ зөрүүтэй, ойлгомжгүй болжээ.
Мөн хавтаст хэрэгт “...З Б ХХК-ийн уурхай дээр 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр очиход усан буугаа суурьлуулчихсан, усан бууныхаа хажууд 2 ширхэг том нүх ухчихсан байсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд очиж шалгахад 28-нд нь усан буугаа суурьлуулчихсан байсан маргааш нь очиход усан буу нь ажиллаж байсан талаар Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Д.Мөнх-Очир гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байхад яллах дүгнэлтэнд үйл ажиллагаа явуулсан цаг хугацааг бусад нотлох баримтуудаар нарийвчлан тогтоогоогүй, уурхайд ажиллаж байсан ажилчдын мэдүүлгээр тогтоосон.
Мөн хавтаст хэрэгт “...шороо угаасан” гэх экскаватор трактор ажилуулж байсан жолооч Ц.Баярын гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлэг /хх 208-209/, “...Энэ уурхай нь жолооч нарын зөөж өгсөн шороог хийгээд усан буугаа ажилуулж алт олборлосон. Энэ уурхай нь нэг л усан буутай...” гэх уурхайн жолоочоор ажиллаж байсан гэрч Б.Батзаяагийн гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 210-211 дүгээр тал/, “....Энэ уурхай нь жолооч нарын зөөж өгсөн шороог хийгээд усан буугаа ажилуулж алт олборлосон. ...6 хоногийн хугацаанд өдөрт дунджаар 10 удаа шороо зөөж усан буу руу нь хийж өгсөн гэх экскаватор тракторын жолооч М.Мөнхбатын гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 215-216/, “... бид нарын зөөсөн шороогоор усан буугаа ажилуулж, алт олборлосон. Миний жолоодож байгаа автомашин 25 тооннын даацтай, өдөрт дунджаар 10 удаа шороо зөөсөн...” гэх автомашины жолоочоор ажилласан С.Цогжаргал гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 222 дугаар тал/ зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр орхигдуулжээ.
Дээрх үйл баримтыг прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т тус тус заасан тусгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд тусгаагүй буюу яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Бичил уурхайгаар ашиг малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж тус тус хуульчилсан хэм хэмжээнүүдийн хүрээнд З Б ХХК, түүний захирал Б.Т, Я.Ц нар нь эвдэрсэн болон эвдрээгүй нийт хэдэн га , ямар газарт хууль бус ямар үйл ажиллагаа явуулсан, ашиг олсон зэргийг нарийвчлан тогтоогоогүй Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Т,Я.Ц нар нь байгаль экологид нийт 1 360 637 төгрөгийн хохирл учруулсан гэх ба уг хохирлыг буюу тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлүүдийг битүүмжлэх, цаашид хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хөрөнгө хамгаалах ажиллагааг хийгээгүй байгаа нь буруу байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч Я.Цыг техник хэрэгсэлээ Б.Тт түрээслүүлсэн гэх үндэслэлээр Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авч харин хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, 3 хавтас бүхий эрүүгийн 1714001690142 дугаар хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шат хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б. БОЛОР-ЭРДЭНЭ