Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 0189

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгч:  А.Гантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цогт овогт Алтангэрэлийн Гантамирт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн 201625013025 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цогт овогт Алтангэрэлийн Гантамир,1988  оны  9 дүгээр сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд   боловсролтой, эрх зүйч ч  мэргэжилтэй, Монголын Залуу Хуульчдын Хос дэнс клуб ТББ-гын тэргүүн , ам бүл 3, ээж, хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн 4 дүгээр хороо  15 дугаар хороолол 11-54 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй, РД: УП88091799,

       

Холбогдсон хэргийн талаар:

           А.Гантамир нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах ХААН банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-аар дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Айсулугаас нийгмийн даатгал нөхөн төлнө хэмээн худал хэлж үнэмшүүлэн 5.000.000 төгрөгийг авч итгэл эвдэн залилсан, мөн залилан мэхлэх гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  А.Гантамир  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Айсультай 2016 оны 04 дүгээр сард танилцсан. Бид хоёр найзууд хэвээрээ байгаа. Айсуль 2 хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Тухайн үед 8 хувийн зээлэнд орох сонирхолтой байна гэж байсан. Айсулийн ажилладаг компани нийгмийн даатгал төлдөггүй гэж хэлсэн. Би хуулиар нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажил олгогч болон ажилтан торгуулийн арга хэмжээ авахуулж нөхөн төлж болдог тухай хэлсэн. Тэр үед Айсуль “би нийгмийн даатгалаа нөхөн төлмөөр байна. Чамд нөхөн төлөх компани байгаа юу” гэсэн. “Миний нэр дээр бүртгэлтэй байдаг, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа компани байгаа” гэхэд “чиний компани дээр нийгмийн даатгалаа нөхөн төлчихье” гэсэн. Би таньдаг нийгмийн даатгалын байцаагчаас энэ талаар асуухад албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй компани байвал 10 гаруй сая төгрөгийн торгуулийн акт тавина гэсэн. Айсуль тухайн ажилтай холбоотой 5 сая төгрөгийг манай найзын дансаар шилжүүлсэн. Мөнгийг нь авчихаад харъяалах нийгмийн даатгалын мөнгийг нь авчихаад харъяалах нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад компани үйл ажиллагаа явуулаагүй тул өндөр торгууль тавигдана гэсэн. Энэ ажлыг хөөцөлдөх гэсэн боловч сонгуулийн дараа нийгмийн даатгалын ахлах байцаагч нар солигдоод байсан. Айсуль ажил юу болж байна гээд асуугаад байсан. Анх би Айсулийг өөрийнхөө мөнгийг өгсөн гэж ойлгосон. Гэтэл хүнээс хүүтэй мөнгө авсан байсан гэдгээ сүүлд хэлсэн. Хохирогч нийт 6 сая төгрөг нэхэмжилсэн. 1 сая төгрөг нь хүүний мөнгө гээд нэхэхээ больсон. Мөрдөн байцаалтын шатанд 2 сая төгрөг өгсөн. Шүүхийн шатанд 3 сая төгрөг нийт хохиролд 5 сая төгрөг өгсөн. Хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийн хувьд Айсульд нийгмийн даатгалаас 10 гаруй сая төгрөгийн торгууль гарсан гэдгээ хэлсэн. Айсуль бичиг хэрэгтэй байна. Айсуль өөрийн унадаг машинаа бенз машинаа байрны урьдчилгаанд тавьсан, яаралтай бүтээх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би Багшийн дээдэд байдаг интернет кафе ороод тэр нийгмийн даатгалын баримтыг хуурамчаар үйлдсэн. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруугаа ойлгож байна гэв.

         Шүүгдэгч  А.Гантамир хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сараас эхлэн Айсула гэх эмэгтэйтэй танилцсан. Танилцаж уулзах хугацаанд Айсула байрны 0.8 хувийн лизинд хамрагдмаар байна даанч надад Нийгмийн даатгал нөхөн төлсөн  зүйл байхгүй гэж ярихаар нь би өөрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Ротерс Медиа Групп гэх нэртэй өөрийн байгууллагын нэр дээр Айсулагийн нийгмийн даатгалыг нөхөн төлөхөөр тохиролцсон. Ийнхүү Айсуланд өөрийн байгууллагын нэр дээр хохирол нөхөн төлүүлэхээр болж байгаа тул хөлс  мөнгө нэхэж 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх өөрийн найзын дансаараа дамжуулан мөнгө авсан. Айсулагийн нийгмийн даатгалын торгуулийг төлөөд Нийгмийн даатгалыг бичүүлж өгөх гэтэл манай байгууллагын нэр дээр торгууль гарч ирсэн. Ингээд Айсулгаас авсан 5.000.000 төгрөгийг байгууллагын нэр дээр гарсан торгуульд зарцуулаад үлдсэн мөнгийг өөртөө зарцуулсан. Тэгээд худал ярьсан болчих гээд байсан тул зохицуулан өгөхөөр шийдэж Ротерс Медиа Групп-д гэж хандаад Нийгмийн даатгалын газрын дарга Мэндбаярын нэрээр интернетээс татсан зүйлээ Фотошопоор янзлан хуурамч бичиг баримт үйлдсэн. Өнөөдрийн байдлаар Айсулад 2.000.000 төгрөгний хохирол нөхөн төлсөн байна. Үлдсэн 3.000.000 төгрөгийг өгнө. Айсула намайг чи миний мөнгийг авчихсан юм чинь ямар үр дүнд хүрсэн бэ юу болж байна аа үнэнээ хэл гээд байхаар нь ажиллаж байна гэдгээ харуулах зорилгоор хуурамч бичиг баримтыг интернет кафед орж сууж байгаад үйлдсэн. Нийгмийн даатгалыг нь нөхөн төлж туслах зорилгоор мөн ашиг сонирхолын үүднээс 5.000.000 төгрөгийг Айсулагаас авсан гэжээ. /хх-ийн 35-36/

         Хохирогч О.Айсулу хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Маршел таун хотхонд байр авах зорилгоор өөрийн тээврийн хэрэгсэл болон эд зүйлээ зарж бусдаас зээл авч гэрээ хийн хөөцөлдөх болсон. Ийнхүү бичиг баримтаа бүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахаар материал бүрдүүлэн өгөхөд Нийгмийн даатгал дутуу төлөгдсөн хэмээгдэж удаашрах болсон. Ингээд нийгмийн даатгалын асуудлаа төлж шийдэх гэтэл надтай манай найзаар сонгуулийн ажлаар яваад танилцсан гэх танил болсон Гантамир гэх залуу би асуудлыг чинь шийдэж өгч туслаж чадна би их хурлын гишүүн Баянсэлэнгийн хуулийн зөвлөх гэж хэлээд намайг итгүүлж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх ХААН банкны дансаар найз Мөнх-Эрдэнэ гэх залуугийн дансаар 3.000.000 төгрөг, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.700.000 төгрөгийг тус тус авсан. Ингээд мөнгө авсанаасаа хойш таг чиг алга болсон. 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр бүтээж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад өгсөн ба 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр надад 2.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгөө авмаар байна. Гантамир миний ажлыг хөөцөлдөж байгаа удахгүй гээд намайг хуураад байхаар нь би яаж хөөцөлдсөн юм хэнтэй уулзсан юм харуул гэхэд энэ байна гээд нийгмийн даатгалын дарга Мэндбаяр гэх хүний гарын үсэгтэй тушаал үзүүлсэн. Ингээд би итгээд хэд хоног хүлээсэн ба огт үр дүн гарахгүй болохоор нь танил хүмүүсээс асууж лавлахад худлаа хуурамч бичиг баримт болж таарсан. Үүнийг нь өөрт нь хэлэхэд харин тиймээ би өөрөө үйлдчихсэн юмаа зүгээрээ гээд дахин уулзахгүй зугтаад байхаар нь би цагдаад хандсан гэжээ. /хх-ийн 11-12/

          О.Айсулу, А.Гантамир нараас асууж авсан тайлбар/ хх-н 5-6/

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 14-31/, эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол,бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-9/          

     А.Гантамирыг гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 32-33/      

          А.Гантамирыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 34-39/,

А.Гантамирын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 41-42 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 43/, зэрэг болно.

А.Гантамир нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах ХААН банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-аар дамжуулан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Айсулугаас нийгмийн даатгалыг нь  нөхөн төлнө хэмээн худал хэлж үнэмшүүлэн 5.000.000 төгрөгийг авч итгэл эвдэн залилсан, мөн О.Айсулуг чи хөөцөлдөж байгаа гэдгээ харуул гэхэд нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалыг хуурамчаар үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.Айсулугийн өгсөн … нийгмийн даатгалын асуудлаа төлж шийдэх гэтэл надтай манай найзаар сонгуулийн ажлаар яваад танилцсан гэх танил болсон Гантамир гэх залуу би асуудлыг чинь шийдэж өгч туслаж чадна би их хурлын гишүүн Баянсэлэнгийн хуулийн зөвлөх гэж хэлээд намайг итгүүлж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх ХААН банкны дансаар найз Мөнх-Эрдэнэ гэх залуугийн дансаар 3.000.000 төгрөг, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.700.000 төгрөгийг тус тус авсан. Ингээд мөнгө авсанаасаа хойш таг чиг алга болсон. Мөн би яаж хөөцөлдсөн юм хэнтэй уулзсан юм харуул гэхэд энэ байна гээд нийгмийн даатгалын дарга Мэндбаяр гэх хүний гарын үсэгтэй тушаал үзүүлсэн. Ингээд би итгээд хэд хоног хүлээсэн ба огт үр дүн гарахгүй болохоор нь танил хүмүүсээс асууж лавлахад худлаа хуурамч бичиг баримт болж таарсан. Үүнийг нь өөрт нь хэлэхэд харин тиймээ би өөрөө үйлдчихсэн юмаа зүгээрээ гээд дахин уулзахгүй зугтаад байхаар нь би цагдаад хандсан гэх мэдүүлэг

Шүүгдэгч А.Гантамирын өгсөн …Айсула байрны 0.8 хувийн лизинд хамрагдмаар байна даанч надад Нийгмийн даатгал нөхөн төлсөн  зүйл байхгүй гэж ярихаар нь би өөрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Ротерс Медиа Групп гэх нэртэй өөрийн байгууллагын нэр дээр Айсулагийн нийгмийн даатгалыг нөхөн төлөхөөр тохиролцсон. Ийнхүү Айсуланд өөрийн байгууллагын нэр дээр хохирол нөхөн төлүүлэхээр болж байгаа тул хөлс  мөнгө нэхэж 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх өөрийн найзын дансаараа дамжуулан мөнгө авсан. Айсулагийн нийгмийн даатгалын торгуулийг төлөөд Нийгмийн даатгалыг бичүүлж өгөх гэтэл манай байгууллагын нэр дээр торгууль гарч ирсэн. Ингээд Айсулгаас авсан 5.000.000 төгрөгийг байгууллагын нэр дээр гарсан торгуульд зарцуулаад үлдсэн мөнгийг өөртөө зарцуулсан. Тэгээд худал ярьсан болчих гээд байсан тул зохицуулан өгөхөөр шийдэж Ротерс Медиа Групп-д гэж хандаад Нийгмийн даатгалын газрын дарга Мэндбаярын нэрээр интернетээс татсан зүйлээ Фотошопоор янзлан хуурамч бичиг баримт үйлдсэн. Өнөөдрийн байдлаар Айсулад 2.000.000 төгрөгний хохирол нөхөн төлсөн байна. Үлдсэн 3.000.000 төгрөгийг өгнө. Айсула намайг чи миний мөнгийг авчихсан юм чинь ямар үр дүнд хүрсэн бэ юу болж байна аа үнэнээ хэл гээд байхаар нь ажиллаж байна гэдгээ харуулах зорилгоор хуурамч бичиг баримтыг интернет кафед орж сууж байгаад үйлдсэн. Нийгмийн даатгалыг нь нөхөн төлж туслах зорилгоор 65 сая төгрөг авсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

     А.Гантамир нь өөрийгөө Баянсэлэнгэ гишүүний хуулийн зөвлөх тул 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж итгэл төрүүлэн залилсан нөхцөл байдал, мөн өөрийгээ ажлыг нь хөөцөлдөж байгаа гэж итгүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалыг хуурамчаар  үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдсон түүнд  холбогдох үйлдлүүдийг зүйлчилсэн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залиалан мэхэлж авах гэмт хэрэг, мөн хуурамч бичиг баримт,тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт  тус тус заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нь 5.0  сая төгрөгийг хохирогч О.Айсулуд  бүрэн төлж барагдуулсан, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан хуульд заасан  торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар  торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НДЕГ-н даргын тушаал нэг ширхэг, 16 дугаар хуудас дах гар утсанд бичигдсэн мессэжын хамт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар  хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв. Дээрх зүйлсийг хавтас хэргийн 9, 16 дугаар хуудсанд үдсэн байгаа болно.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.       

        Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цогт овогт Алтангэрэлийн Гантамирыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас  бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг, мөн хуурамч бичиг баримт,тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар А.Гантамирыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.800.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар А.Гантамирыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Гантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар А.Гантамирыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.800.000 төгрөгөөр торгох ялд , мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 6.720.000 төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт заасныг журамлан А.Гантамир нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НДЕГ-н даргын тушаал нэг ширхэг /хх-ийн 9-р хуудас/, 16 дугаар хуудас дах гар утсанд бичигдсэн мессэжын хамт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар  хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, А.Гантамир нь   бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй    болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  А.Гантамирт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН